Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 151/2023/00324/И |
Дугаар | 223/МА2024/00017 |
Огноо | 2024-05-30 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 223/МА2024/00017
2024 5 30 223/МА2024/00017
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 151/ШШ2024/00288 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 67 дугаар байр, 21 тоотод оршин суух Г овогт Д.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг Угтаалцайдам сум Асгат 1 дүгээр багт оршин суух Х овогт П.Б-т холбогдох
“Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулах” үндсэн нэхэмжлэлтэй, “Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудын дагуу 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэг,
Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.М-ийннэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “Д.М миний бие П.Бхарилцан тохиролцож 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хээр зүсмийн хурдан морийг “эрүүл, уралдах чадвар өндөр, ямар нэгэн асуудал байхгүй” гэж баталгаа гаргасан тул 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээний үнэ болох 30,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдсэн 30,000,000 төгрөгийг машин оролцуулан бартераар төлөхөөр тохиролцож, хурдан морь худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан. 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрөө 30,000,000 төгрөгийг О.Хүрэлбаатарын Хаан банкны 5071227230 тоот данснаас П.БХаан банкны 5749464841 тоот дансанд munkherdene 80111131 гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Үлдэгдэл 30,000,000 төгрөгийн машиныг шилжүүлээгүй болно. Хээр зүсмийн хурдан морио авсны маргааш нь буюу 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдсан хурдан морины уралдаанд оролцуулахад 9 дээр давхиж ирсэн. Тус уралдаанд П.Бөөрөө ч ирсэн байсан. Барианд орж ирснийхээ дараа хээр морь цустай шээсэн. Шинжилгээнд оруулахад зүрх, элэг, бөөр өөрчлөлттэй үрэвсэлтэй байснаас цусаар шээсэн гэсэн. Эмчилгээ хийлгэх шаардлагатай тул 500,000 төгрөгийн эмчилгээг тухайн өдөр хийлгэсэн. Үүний дараа П.Бхолбогдож надад зүрх, элэг, бөөр өөрчлөлттэй үрэвсэлтэй морийг эрүүл, уралдах чадвартай гэж зарсан байна, наймаагаа буцаая гэхэд уурлаж хэл амаар доромжилж байсан. Хээр морио буцааж авна гэж байсан тул 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр аваачиж өгөхөд хүлээгээд авсан. Гэтэл одоог хүртэл миний төлсөн 30,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан. Иймд Д.М би хариуцагчтай 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хээр зүсмийн хурдан морь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул уг гэрээний үр дагавар 30,000,000 төгрөгийг хариуцагч П.Бгаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...Хариуцагч хээр морио буцаан авсан тул гэрээний дагуу 35,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
2. Хариуцагч П.Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбарын агуулга: “Д.Мд зарсан хээр морь маань их хурдан байсан. 20 хоногийн дотор 3 түрүүлж, 2 аман хүзүүдсэн байсан. Хурдалж байхад нь маш олон хүн морийг маань худалдан авах санал тавьж байсан. Манай нэг танил хээр морийг маань 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр болох уралдаанд түрүүлчих юм бол 60,000,000 төгрөгөөр бүү хэл 100,000,000 төгрөгөөр авна гэж хэлж байсан. Гэтэл уралдаан болохоос 2 хоногийн өмнө Д.М гэх хүн, уяач гэх хүнтэй, бас нэг үл таних хүн 3-лаа ирж, миний морийг худалдан авъя, бид том наадамд уралдуулна, жижиг наадамд бүү уралд гэх зүйл ярьсан. Тэгэхээр нь та бүхэн сайн үзэж хараарай, таалагдаж байвал ав, миний морийг улс бүсийн наадамд сайн давхиулаарай, би өөрөө дээшээ уралдуулж чадахгүй байх, тийм учраас 70,000,000 төгрөгөөр зарна гэдгээ хэлсэн. Гэтэл Д.М наймаа юм чинь ярих байлгүй гэж хэлээд 30,000,000 төгрөгийг миний данс руу хийсэн. Үлдэгдэл төлбөрт машин /мосттой Бонго/ оролцуулахаар харилцан тохиролцсон. Ингээд мөнгө нь орчихсон тул хээр морио хүргээд өгсөн. Морио аваад очиход Д.М ...хурдан морь авсан баяраа тэмдэглээд Улаанбаатар хотод шоудаад явж байна, хашаанд үлдээчих... гэж хэлсэн. Би морио үлдээгээд явсан. Тухайн үед би морь надад байж байг, уралдах болбол та бүхний нэр дээр уралдаг гэж хэлсэн боловч Д.М том наадамд уралдуулна, тэгэх шаардлагагүй гэж хэлсэн. Улмаар 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр болох уралдаанд уралдуулахын тулд 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хээр морийг “Морьтон” эмнэлэгт шинжилгээнд оруулахаар нойрсуулах тариа хийсэн байсан. Шинжилгээний дараа Д.М надад ...Морийг шинжилгээнд хамруулсан, ямар ч асуудалгүй байна. Маргаашийн наадамд уралдуулна.. гэх зүйл ярьсан. Би маргааш нь наадам дээр очиж морио хэрхэн уралдаж байгаа талаар харсан. Хээр морь тархинд уралдаж байсан ба тухайн уралдаанд 8 билүү 9 дүгээр байрт орсон ба Д.Мэс хээр морийг яагаад хойгуур уралдчихав аа гэж асуухад Д.М ...Морь хэдэд орох нь хамаагүй, энд чи, бидний буруу байхгүй. Монгол хүн наймаа хийсэн тул би үлдэгдэл тооцоог нь хийнэ, чи гэртээ хариад байж бай... гэж хэлсэн. Ингээд би гэртээ харьсан. Үүний маргааш өдөр нь морь цусаар шээгээд байна, “Морьтон” эмнэлэг дээр тариа хийлгээд байж байна гээд зургийг нь над руу явуулсан. Уг морь маань 3 дугаар сарын 09-ний уралдаан болохоос хэдхэн хоногийн өмнө хол түрүүлчихсэн, маш хурдан байсан. Яагаад ийм зүйл болсныг мэдэхгүй, учир битүүлэг л зүйл болчихсон. Би морио авъя, чи 30,000,000 төгрөгөө эргүүлэн ав гэж хэлээгүй, наймаа нэгэнт хийгдсэн, морь маань янз бүр болчихсон байвал яах юм бэ. Тэрнээс үнэтэй зарах байсан морь, би үлдэгдэл мөнгөө авахын тулд морийг Д.Мэс хүлээн авсан. Ийм л зүйл болсон. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин гэрээний дагуу нэхэмжлэгчээс 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч П.Бхудалдах-худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгийг болон нэхэмжлэгч Д.Мд холбогдох "Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах тухай" хариуцагч П.Бсөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,000 төгрөг, хариуцагч П.Булсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б282,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Молгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Д.М-ийндавж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх "...Үүнийг нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас өмнө мэдэх боломжтой буюу тэрээр шалгаж авах үүргээ хэрэгжүүлээгүй, мөн өөрийн зорилгод нийцүүлэн морийг уралдуулж ашигласан, уралдаанд оролцуулахаас өмнө нойрсуулах үйлчилгээтэй тариа тарьсан зэргээс дүгнээд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан хохирол учирсан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлага 30,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 25,000,000 төгрөгийг хариуцагч П.Бгаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн" хэмээн дүгнэж хэргийг хянан шийдвэрлэжээ.
Гэтэл морийг худалдан авах үед зүрх, элэг, бөөр өөрчлөлттэй, үрэвсэлтэй байсныг шууд хараад мэдэх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл морь уралдсаны дараа нь л гаднах байдлаар илрэх шинж тэмдэг нь мэдэгдэх юм. Нөгөөтэйгүүр нойрсуулах тариа бус тайвшруулах тариа хийснээр морины эрүүл мэнд хийгээд уралдах чадварт ямар ч нөлөөлөл үзүүлэхгүй гэдгийг шинжээчийн зүгээс дүгнэлтээр гаргаж өгсөн байдаг. Мөн түүнчлэн 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан хурдан морины уралдаанд оролцуулахад тухайн морийг Д.М миний нэр дээр бус П.Бнэр дээр уралдуулсан. Тус уралдаанд П.Бөөрөө ч ирсэн байсан. Барианд орж ирснийхээ дараа хээр морь цустай шээсэн. Шинжилгээнд оруулахад зүрх, элэг, бөөр өөрчлөлттэй үрэвсэлтэй байснаас цусаар шээсэн гэсэн. Эмчилгээ хийх шаардлагатай гэсэн тул 500,000 төгрөгийн эмчилгээг тухайн өдөр хийлгэсэн. Үүний дараа П.Бхолбогдож надад зүрх, элэг, бөөр өөрчлөлттэй үрэвсэлтэй морийг эрүүл, уралдах чадвартай гэж зарсан байна наймаагаа буцаая гэхэд уурлаж хэл амаар доромжилж байсан. Хээр морио буцааж авна гэж байсан тул аваачиж өгөхөд хүлээгээд авсан. Энэ нь гэрээнээс татгалзсан гэж үзнэ. Хээр моринд П.Бөөрөө л өмнө нь гэмтэл хохирол учруулснаас бус Д.М миний зүгээс гэмтэл хохирол учруулсан зүйл байхгүй зүрх, элэг, бөөр өөрчлөлттэй үрэвсэлтэй байсныг илрүүлсэн төдий болно. Гэтэл миний буруу байсан мэтээр намайг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д "Хуулъ буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй." гэж заасан. Хээр морийг хүлээн авснаар надад үр шим гараагүй харин ч шинжилгээ, эмчилгээний зардал гарсан байдаг.
Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 сарын 29-ний өдрийн 151/ШШ2024/00288 дугаар шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг хангаагүй хэсгийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдлын агуулга: “...анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 151/ШШ2024/00288 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Талууд 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр уралдах чадвар бүхий, хээр зүсмийн морийг 65,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож худалдагч буюу хариуцагч П.Бнь тухайн өдөр морийг хүлээлгэж өгөх, худалдан авагч буюу нэхэмжлэгч Д.М нь 30,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр шилжүүлэх, үлдэгдэл төлбөрийг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэхээр тохиролцсон байдаг.
Хариуцагч П.Бнь тохиролцсон ёсоор тухайн өдрөө морийг нэхэмжлэгчийн заасан газар хүлээлгэж өгсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын "....морийг хүлээж аваад маргааш нь буюу 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр нойрсуулах тариа хийж морьтон эмнэлэгт үзүүлсэн, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр "Toп дүнжингарав уралдаанд уралдаж 9-р байрт орсон" гэх тайлбараар тогтоогддог.
Харин нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон үлдэгдэл төлбөрөө төлөөгүй үүргээ зөрчсөн байна. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар талуудын аль нэг нь гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд нөгөө тал нь үүргээ зөрчсөн байхыг шаарддаг бөгөөд хариуцагчийн зүгээс үүргээ зөрчөөгүй болох нь нэхэмжлэгч хурдан морийг хүлээн авч уралдуулсан, ингэж уралдуулахын өмнө нойрсуулах тариа хийж шинжилгээнд хамруулсан, хурдан морь уралдаанд оролцож 9-р байр эзэлсэн зэрэг үйл баримтаар тогтоогддог.
Мөн Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-т "...худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухай эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ." гэж заасан бөгөөд худалдан авагч буюу нэхэмжлэгчид эрсдэл шилжсэн, нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө болох хурдан морийг идэш хоол, уяа сойлго, эм тариаг зохих журмын дагуу хэрэглээгүй, зориулалтын дагуу ашигласан буюу уралдаанд уралдуулсан, ашиглах боломжтой эд хөрөнгө шилжүүлсэн байхад хариуцагчийг үүргээ зөрчсөн, нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Хариуцагч нь гэрээний зүйл болох хурдан морийг 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр буцааж авсан байдаг бөгөөд энэ нь талуудын тохиролцсон үлдэгдэл төлбөр төлөх 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш буюу нэхэмжлэгчийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй үүргийн зөрчилтэй шууд холбоотой байхад анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар талуудыг гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлж нэхэмжлэгчид морийг хүлээлгэн өгсөн хэдий ч нэхэмжлэгч нь заасан хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй, гэрээний үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөх эсэх талаар эргэлзээ төрүүлж үүргийн гүйцэтгэлийг саатуулах нөхцөл бүрдсэн байгаад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийлгүй "...,хээр зүсмийн морийг буцаан хүлээн авсан тул тэрээр нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсаныг үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг "хариуцагч нь надад зүрх, элэг, бөөр, өөрчлөлттэй үрэвсэлтэй морийг эрүүл, уралдах чадвартай гэж зарсан" болох нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн "Морьтон" үндэсний адууны эмнэлгийн шинжилгээний хариу болон 2022 оны 4 дүгээр 04-ний өдрийн үзлэгийн хуудсаар тогтоогдсон гэж тайлбарладаг.
Гэтэл дээрх шинжилгээний хариу нь гадаад хэл дээр үйлдэгдсэн, үзлэгийн хуудас нь талууд тохиролцож гэрээ байгуулахаас өмнө хийгдсэн нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байсан бөгөөд хариуцагч талын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир шинжээч томилуулахаар шүүхэд хандаж шүүх хүлээн авсан боловч шинжээчийн зүгээс тухайн моринд үзлэг хийлгүйгээр хийсвэрээр дүгнэж, хуульд заасан шаардлагыг хангаагүй дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байдаг.
Хариуцагчийн зүгээс талуудын худалдахаар тохиролцсон хурдан морь нь өнөөдөр ч уяа сойлгыг нь тааруулбал уралдах чадвартай эрүүл саруул байгаа талаар тайлбарладаг бөгөөд энэ тайлбар татгалзалаа нотлохоор шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх уг боломжоор хангаагүй байна.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгч нь моринд гарсан эрүүл мэндийн шинжилгээ оношилгоонд заагдсан өөрчлөлтийг худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас өмнө мэдэх боломжтой буюу тэрээр шалгаж авах үүргээ хэрэгжүүлээгүй, мөн өөрийн зорилгод нийцүүлэн морийг уралдуулж ашигласан, уралдаанд оролцуулахаас өмнө нойрсуулах үйлчилгээтэй тариа тарьсан гэж үзсэн боловч гэрээнээс татгалзах эрхтэй мэтээр дүгнэсэн нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасантай нийцэхгүй байна.
Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 151/ШШ2024/00288 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүх Д.Машиг хүртсэн гэж үзсэн. Гэтэл морийг уралдуулж байр шагнал авсан уу гэвэл үгүй. Морь нь П.Бнэр дээр уралдсан. Анхан шатны шүүх дээр тариа тариад гэмтээсэн мэтээр тайлбарлаж байсан. Хөл нь хугархай байсан тул гэмтсэн байсан байж болзошгүй гээд хөлийн зураг авхуулах үед нойрсуулах тариаг хийж өгсөн. Энэ нь ямар нэгэн байдлаар эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар малын эмчийн дүгнэлт гарсан. Тийм учраас тухайн моринд гэмтэл учруулаагүй, ашиг шим хүртээгүй. Цусанд илрээд байгаа кератин гэдэг нь уралдсаны дараа бөөр, зүрх, булчинд ачаалал үүсэхэд цусанд илэрдэг бодис юм. Булчин, бөөр, зүрхний гэмтлийн улмаас цусанд илэрдэг нь шинжилгээгээр тогтоогдсон. Эхнээсээ уралдах чадваргүй морь байсан. Тухайн морийг буцааж өгөхөд нь өөрөө хүлээгээд авсан. Энэ нь гэрээний үр дагавар буюу татгалзлыг хүлээн зөвшөөрсөн байгаа. Үүнд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгийн шаардлагын хүрээнд 30,000,000 төгрөгийг олгосон шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч П.Бөмгөөлөгч Ц.Эрдэнэбилэг, нэхэмжлэгч Д.М нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд нэхэмжлэгч П.М гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч П.Бөмгөөлөгч Ц.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.М нь "Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг буцаах" тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч П.Бнаймаа хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Хэрэгт зохигчдын гаргасан нотлох баримтаар 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Д.М, хариуцагч П.Буралдах чадвар бүхий хээр зүсмийн морийг 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, тухайн өдрөө хариуцагчид 30,000,000 төгрөгийг шилжүүлж, морийг 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан, үлдэх 30,000,000 төгрөгт “Бонго” маркийн автомашин тооцон шилжүүлэхээр тохиролцсон, улмаар нэхэмжлэгч нь уг хээр зүсмийн морийг хүлээн авсны маргааш буюу 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд болсон уралдаанд уралдуулсан, ингэж уралдахдаа 9 дүгээр байрт орсон, мөн уралдаж ирсний дараа цустай шээж, шинжлүүлэхэд элэг, бөөрний үрэвсэлтэй, зүрхний өөрчлөлттэй болох нь шинжилгээгээр тогтоогдсон үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, морийг буцаан хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.
4. Дээрх үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
5. Нэхэмжлэгч нь хээр морийг худалдан авсны маргааш нь буюу 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд болсон уралдаанд оролцоход уралдаж ирсний дараа хээр морь цустай шээж байсан учир “Морьтон үндэсний адууны эмнэлэг”-т үзүүлж шинжлүүлэхэд биохимийн шинжилгээгээр /хх-н 5-6/ шингэн алдалттай, бөөрний үрэвсэлтэй, ясанд бүтэц өөрчлөлттэй, элэг, давсаг бодисын солилцооны өөрчлөлттэй, үйл ажиллагаа алдагдсан, зүрхний булчин өөрчлөлттэй, булчингийн хатанхайралтай онош тогтоогдсон тул худалдах худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж эд хөрөнгийн доголдолтой холбоотой гэрээг цуцлах талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
6. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасны дагуу аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэж үздэг тул зохигч талуудын хоорондох маргааны зүйл болох хурдан хээр морь нь эд хөрөнгөд хамаарч байна.
7. Хариуцагч П.Бнь нэхэмжлэгч Д.Мд худалдах-худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй ба Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.
8. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг худалдах худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзсан нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
9. Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь буруу байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
9.1. Тухайлбал анхан шатны шүүх нэхэмжлэгчийг худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас өмнө мэдэх боломжтой буюу тэрээр шалгаж авах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгажээ. Гэтэл нэхэмжлэгч гэрээ байгуулахаас өмнө эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байсан, шалгаж авах үүргээ биелүүлээгүй гэж хариуцагч талаас маргаж, мэтгэлцээгүй.
9.2. Мөн гэрээний зүйл болох морийг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр уралдуулсан, уралдуулахаас өмнө нойрсуулах үйлчилгээтэй тариа тарьсан нь гэрээнд заасан ямар үүргийг зөрчсөн, үүнээс ямар хохирол учирсан нь ойлгомжгүй, хариуцагч өөрт хохирол учирсан талаар нотлоогүй байхад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирол учирсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн байна.
Сөрөг нэхэмжлэлийн талаар.
10. Хариуцагч П.Бнь нэхэмжлэгч Д.Мэс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргасан бөгөөд нэгдүгээрт, гэрээний үнийг 65,000,000 төгрөг болохыг баримтаар нотлоогүй, хоёрдугаарт, гэрээний зүйл болох хээр зүсмийн морийг буцаан хүлээн авсан тул тэрээр нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсаныг үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн гэж анхан шатны шүүх үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
11. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэгдэгдэх журамтай. Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар талууд морийг 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүлээлцсэн, нэхэмжлэгч Д.М буцаагаад морио 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч П.Бхүлээлгэн өгсөн, энэ талаар зохигчид маргаагүй.
12. Гэрээний зүйл болох хурдан гэх хээр зүсмийн морийг 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр буцаан авсан нь худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй үүргийн зөрчилтэй холбоотой гэж хариуцагч нь тайлбарлаж байх боловч энэ талаар нотолж чадаагүй байна.
13. Иймд нэхэмжлэгч Д.М-ийнгаргасан давж заалдах гомдлыг хангаж, түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
14. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул шийдвэрийн тогтоох хэсгийн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 151/ШШ2024/00288 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч П.Бхудалдах-худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгийг болон нэхэмжлэгч Д.Мд холбогдох Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч П.Бсөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч П.Бхудалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгож, нэхэмжлэгч Д.Мд холбогдох Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35,000,000 /гучин таван сая/ төгрөг гаргуулах тухай хариуцагч П.Бсөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дугаар заалтын “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.000 төгрөг, хариуцагч П.Булсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б282.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгосугай.” гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.000 /гурван зуун найман мянга/ төгрөг, хариуцагч П.Булсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б308.000 /гурван зуун найман мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгосугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Д.М-ийнгаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М-ийндавж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэгийн давж заалдах гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 /дөрвөн зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
Р.МӨНХ-ЭРДЭНЭ