Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1212

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 дугаар сарын 24                   Дугаар 1212                                    Улаанбаатар хот

 

В.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03034 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч В.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Ууганбаярт холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгөөс          73 737 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бид 2008 онд гэр бүл болж 2010 онд гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд бидний дундаас 2011 оны 4 дүгээр сарны 13-ны өдөр охин Энхжин, 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүү Энхочир нар төрсөн. Г.Ууганбаяр гадуур явж, намайг зодож, айлган сүрдүүлж, харгис авир гаргах болсон бид 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулна, хоёр хүүхдээ би өөрийнхөө асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно, дундын эд хөрөнгөөс өөртөө болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулна. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 48-А байрны 1094 тоот 3 өрөө орон сууцыг авахад урьдчилгаанд төлсөн 31 728 000 төгрөг, авто машины үнэ 8 300 000 төгрөг, Г.Ууганбаярын машин худалдаж олсон орлого 23 700 000 төгрөг, хадам ээж н.Оюунтуяад шилжүүлсэн 5 309 000 төгрөг нийт 69 037 000 төгрөгөөс өөрт болон хоёр хүүхдэдээ ногдох хэсгийг авна. Би өнөөдөрч их айж байна. Надад ямар нэгэн юм тохиолдвол энэ хүнтэй шууд холбоотой. Шүүхээс тогтоосон хугацаанд гэртээ очиход Г.Ууганбаяр би чамд хайргүй, тэжээж чадахгүй бол хүүгээ өгчих гэсэн, би гэрлэлтээ цуцлуулна, хоёр хүүхдээ аваад салмаар байна. Амьдралын шаардлагаар охиноо хадам ээжид харуулж байсан нь үнэн, хүү Монголд ирснээс хойш байнга өвддөг болсон. Хүү маань цусны фактер гэдэг өвчтэй, намайг хүүхдээ аваад эмнэлгээр явж байхад санаа тавьдаггүй. Би Солонгост байхдаа байнга ажил хийдэг байсан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2008 оны 6 дугаар сард В.Дэлгэрмаатай танилцаад 8 дугаар сарын 8-нд Солонгос яваад 2010 онд ирээд бид гэрлэлтээ батлуулан хамт Солонгос явсан үеэс хойш хамт амьдарч байна. Бидний том охин Энхжин 2011 онд төрсөн, хүүхдүүд маань Солонгос улсад төрсөн. бөгөөд 3 сартайгаасаа миний ээж н.Оюунтуяагийн асрамжид Булган аймагт өсөж байгаа, хүү Энхочир 2012 онд төрсөн байгаа. Бидний муудалцах шалтгаан бол В.Дэлгэрмаагийн харьцаа, хардалтаас болдог. Бид Солонгос улсаас ирэхдээ 5 000 000 төгрөгийн хуримтлалтай ирсэн ба 2014 онд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 48-А байрны 1094 тоотыг миний ээж н.Оюунтуяагийн хөрөнгө оруулалтаар худалдаж авахад хүнээс 30 000 000 төгрөг зээлсэн, миний ээжийн машиныг зарж байр авах эх үүсвэрийг гаргаж тухайн үед би хөдөө орон нутгийн харъяалалтай байсан тул В.Дэлгэрмаагийн нэр дээр байр худалдан авах гэрээ хийсэн, 8 хувийн зээлд хамрагдах зорилгоор авсан байраа ээж н.Оюунтуяагийн нэр дээр шилжүүлж зээлд хамрагдаж хүнээс авсан зээлээ төлсөн. Өвчтэй байнгын эмчилгээтэй, эмчийн хяналтад байдаг хүүхдээ ойшоож үзэхгүй өөрийн эрх ашиг, хөрөнгө мөнгөний сонирхолд автан хүүхдээ авч асрахгүй Увс аймаг явуулан эцэг Г.Ууганбаяртай нь уулзуулахгүй байгаад гомдолтой байна. Гэр бүл болсноос хойш тоёото примо машинтай болсон, өөр хөрөнгө байхгүй. Том охин Энхжин ээжээсээ айгаад гэртээ ирэх дургүй болсон. Би цаашид гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эрхэмлэн эхнэр хүүхдээ тэжээн тэтгэж, эвтэй сайхан амьдрахыг хүсэж байгаа тул бидэнд эвлэрэх хугацаа гаргаж өгнө үү.

В.Дэлгэрмаагийн зан ааш хэцүү байдаг, миний тэвчээрийг их бардаг. Намайг 10 гаруй удаа цагдаа дуудсан, байнга мөнгө нэхэж дарамталдаг. Надад салах сонирхол алга, нэхээд байгаа мөнгийг ойлгохгүй байна. Энэ байрыг ээж бид хоёрт авч өгсөн, би ажил хийгээд олсон мөнгө байхгүй. Надад 31 728 000 төгрөг байгаагүй, машин дундын хөрөнгө мөн, надад 23 700 000 төгрөгийн орлого байхгүй, би н.Булганд их өртэй, эдгээр мөнгийг ээжээсээ авсан, Орон сууцны 8 хувийн зээлд хамрагдах гээд н.Оюунтуяад 5 309 000 төгрөг шилжүүлсэн, энэ дундын хөрөнгө биш гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан В.Дэлгэрмаа, Г.Ууганбаяр нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн Энхжин, 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Энх-Очир нарыг эх В.Дэлгэрмаагийн нь асрамжид байлгаж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Энхжин, Энх-Очир нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Ууганбаяраас нь тэтгэлэг гаргуулан тус бүрийг сар бүр тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Ууганбаяраас 39 358 500 төгрөгийг гаргуулан В.Дэлгэрмаад олгож, үлдсэн                        21 059 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Г.Ууганбаярт, энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг В.Дэлгэрмаа нарт тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Дэлгэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн     70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ууганбаяраас 70 200 төгрөгийг гаргуулан В.Дэлгэрмаад олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Отгонжаргалд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд орон сууцны урьдчилгаанд өгсөн 31 728 000 төгрөг, тоёота примо маркийн автомашины үнэ 8 300 000 төгрөг, Г.Ууганбаярын машин худалдаж олсон орлогыг түүний Ш.Үүрцайх, Б.Мягмарсүрэн нартай хийсэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнүүдийн дүн 12 450 000 төгрөгөер тооцож нийт 52 478 000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө байна гэж үзэж энэхүү үнийн дүнгийн 4/3 хувь болох 39 358 500 төгрөгийг нэхэмжлэгч болон 2 хүүхдэд ногдох хэсэгт тооцож Г.Ууганбаяраас 39 358 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэд судлаагүй нь шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн Энхжин, 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Энх-Очир нарыг эх В.Дэлгэрмаагийн асрамжинд байлгасугай гэсэн нь зохигчийн хүүхдээ өөр өөрийн асрамжид авах хүсэлтэй байхад харъяа дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс шинжээч томилохгүйгээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт "эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэхь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх, боломж нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж хэргийн зохигчдын хэн аль нэг нь хүүхдийг асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлэх нөхцөл бололцоог тогтоогоогүй нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч В.Дэлгэрмаа нь хариуцагч Г.Ууганбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгөөс 73 737 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Шүүх зохигчийн гэрлэлтийг цуцалж, У.Энхжин, У.Энх-Очир нарыг эхийн асрамжид үлдээн, хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар Г.Ууганбаяраас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 48-А байрны 1094 тоотод байршилтай, 3 өрөө орон сууцны үнэнд банкны зээлд 61 728 063 төгрөгийг төлж, нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан үйл баримтуудын талаар талууд маргаагүй байх тул орон сууцыг хэний эзэмшилд үлдээхийг шийдвэрлээгүй, энэ талаар зохигчоос тодруулаагүй, уг орон сууцны үнийн урьдчилгаанд нэхэмжлэгчийн төлсөн гэх 31 728 000 төгрөгийг орон сууцнаас тусд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнэн хуваасан нь ойлгомжгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зохигчийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваан шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлоос эд хөрөнгөтэй холбогдох хэсгийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03034 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 355 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

 

                       ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                             М.НАРАНЦЭЦЭГ