Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 28

 

А.А- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                           Я.Туул

Шүүгчид                                        Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Оролцогчид:

Прокурор                                  А.Оргилбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ж.Туяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 88 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ын Ц-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-ийн А-, Э-ийн Б-, Х-гийн Б- нарт холбогдох эрүүгийн 201609000048 дугаартай, 171/2017/0005/Э индекстэй, 3 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 16-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд:

-2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 22 дугаар шүүхийн 17 дугаартай шийтгэх тотоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзах ял,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овгийн Э-ын Ц- /РД: МФ94081615/,

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 07-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, 3 дүүгийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сум 02 дугаар баг Октябрийн 02-07 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд:

-2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймгийн Дархан сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 167 дугаартай шийтгэх тогоолоор эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар тус тус шийтгүулсэн, Боржигон овгийн А-ийн А- /РД: ТА94030736/,

3. Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 02-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, эмээ, эхнэр хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сум 02 дугаар баг Октябрийн 06- 02а тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд:

- Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлсэн, Монгол овгийн Э-ийн Б- /РД:ТА91110235/,

4. Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 19-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, эгч, 3 дүүгийн хамтаар Дархан сум 02 дугаар баг, Октябрийн 03-10 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Х-гийн Б- /РД: МВ91071915/

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 88 дугаартай шүүгчийн захирамжаар:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Монгол овогт Э-ийн Б-, Боржигон овогт Х-гийн Б-, Боржигон овогт А-ийн А-, Эрүүгийн хуулийн тусгаи ангийн 147 дугаар зуйлийн 147.1, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Э-ын Ц- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000048 тоот эрүүгийн хэрэгт А.А-, Э.Б- нарт холбогдох эруүгийн 201601000230 дугаартай хэргийг нэгтгүүлэхээр Дархан Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

-Хэргийг прокурорт очтол Монгол овогт Э-ийн Б-, Боржигон овогт А-ийн Алггантулга нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Боржигон овогт Х-гийн Б-, Боржигон овогт Э-ын Ц- нарт авсан батлан даалтанд өгөх таслан       сэргийлэх       арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр...тус тус заажээ.

Улсын яллагч А.Оргилбаяр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

“...Дээрх шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул дараах үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй байна.

Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтанд баримталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлд хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлүүдийг хуульчилж өгсөн байдаг хэдий ч шүүх шийдвэр гаргахдаа тухайн хэргийн нөхцөл байдлаас хамаарч дээрх зүйл ангийн заалтуудыг зөв сонгож хэрэглэх нь зүйтэй юм.

Шүүхийн хэргийг прокурорт буцаасан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл нь “мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэсэн үндэслэл байх бөгөөд, тухайн эрүүгийн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэхийн тулд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх ямар ч боломжгүй, мөрдөн байцаалтад буцааж нэмэлт ажиллагааг явуулснаар уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх тохиолдлыг зохицуулсан зүйл заалт юм. Гэтэл анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа 201609000048 тоот хэргийг Цагдаагийн газарт мөрдөн байцаалт хийгдэж байгаа 201609000230 тоот хэрэгтэй нэпггэн шалгуулах шаардлагатай гэж үзэж дээр дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-д заасан үндэслэлээр прокурорт буцаасан ба хэргийг буцаах үндэслэл, шаардлага нь баримталж байгаа хуулийн зүйл заалтын агуулгатай нийцэхгүй байна.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч нь нотлох баримтаар гаргаж хэлэлцүүлсэн мөрдөн байцаалтын ажиллагаа нь дуусаагуй байгаа 201609000230 тоот хэргийн эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, Э.Б-, А.А- нарыг уг хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сэжигтнээр тооцсон тогтоол зэрэгт шүүх ач холбогдол өгч, захирамжиндаа “ 201609000048 дугаартай хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээс өмнө Э.Б-, А.Аптантулга нарын 2016 оны 04 сарын 18-ны өдөр бусдын эд хөрөнгө хулгайлсан хэрэгт 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 201609000230 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Э.Б-, А.А- нарыг сэжигтнээр тооцож, уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа нь эрүүгийн хэрэг үүсгэсэн болон сэжигтнээр тооцсон тогтоол зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Иймд өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, 201609000048 дугаартай хэргийг 201609000230 дугаартай хэрэгт нэгтгүүлэхээр буцаах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна. Учир нь:

- 201609000230 дугаартай хэрэг нь хулгайн хэргийг үйлдсэн сэжигтэн, яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзээтэй байсан хэрэг бөгөөд, Э.Б-, А.А- нар нь уг хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн учраас тэднийг уг хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцож, шалгах ажиллагааг явуулж байгаа хэрэг бөгөөд, зөвхөн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хэрэг үүсгэсэн болон сэжигтнээр тооцсон тогтоолууд нь Э.Б-, А.А- нар нь 2016 оны 04 сарын 18-ны өдөр бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт биш, мөн уг хэргийн мөрдөн байцаалт дуусч, прокурорын шийдвэр гаргаагүй байхад хийсвэр дүгнэлт хийж таамаглалд үндэслэн хэргүүдийг нэтгүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн дуусгаж, хэргийг прокурор хянаад, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж прокурорын яллах дүгнэлт үйлдэгдэж, хэрэг шүүхэд шилжсэний дараа шүүхийн шатанд дээрх хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх бүрэн боломжтой болно.

Эрүүгийн хэргүүдийг нэгтгэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлд заасныг баримтлахаас гадна прокурорын хяналтын ажилд мөрдөгдөж байгаа аргачилсан зааврын дагуу адилхан хүндэвтэр хэргийн хувьд эхэлж эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэг нь нэгтгэдэг. Иймээс захирамжинд зааснаар 201609000048 тоот хэргийг 201609000230 тоот хэрэгт нэгтгэх биш, харин 201609000048 тоот хэрэгт 201609000230 тоот хэргийг нэгтгэн шалгах ёстой болж байгаа ба ингэж нэгтгэлээ гэхэд нэгтгэн шалгасны дараа хэргийн материалыг бүх хохирогч нарт дахин заавал танилцуулах дуудан ирүүлэх, цагдан хорих болон хэргийн хугацааг сунгах зэргээр 201609000048 тоот хэргийн шийдвэрлэлт удааширч, хэргийн оролцогчдын эрх зүйн байдал дордох болж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “ шүүхэд хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан заалт зөрчигдөөд байна, Прокуророос 201609000048 тоот хэргийг шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн тул шүүх хуралдаанаар шүүгдэгчийн хувьд зөвхөн уг хэргийн хэмжээний дотор л хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэн хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний 88 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Улсын яллагч А.Оргилбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь үндэслэлгүй. Хэргийг нэгтгэж шалгана гэж заасан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокурор шийдвэр гаргаагүй байхад анхан шатны шүүх хэргийг нэгтгэнэ гэж шийдвэр гаргасан гэж улсын яллагч ярьж байна. Хүндэвтэр хэрэгт хорьж мөрдөх хугацаа 4 сараас илүүгүй байх бөгөөд уг хугацаа өнгөрсөн тул ялтан нарыг бусдын батлан даалтад гаргаж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 88 дугаартай  шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий…” байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос Э.Ц-ыг урьд хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Россия” зочид буудлын гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй иргэн С.Сод-Оргилын эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж 20.000 төгрөгийг нь дээрэмдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар, мөн ялтай байх хугацаандаа яллагдагч Э.Б-, А.А- нарын хулгайлж авсан иргэн Д.Болдын эзэмшлийн 32 инчийн Тошиба загварын телевизорыг хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж зарж борлуулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар

-Э.Б-, А.А- нарыг урьд хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа, давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сумын 2 дугаар баг Октябрийн 4-1 тоотод оршин суух иргэн Д.Болдын гэрт нэвтрэн орж 32 инчийн Тошиба загварын телевизорыг бүлэглэн хулгайлан авч 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, Х.Б-, Б.Булганбаатар нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 3 дугаар баг Хараагийн 3-15 тоотод оршин суух иргэн О.Мягмарсүрэнгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж 32 инчийн БСБ загварын телевизорыг хулгайлан авч 210.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, Б.Булганбаатартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдер Дархан-Уул аймаг Дархан сумын 2 дугаар баг Хушаатын 7-15 тоотод оршин суух иргэн Н.Оюунтунгалагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 42 инчийн Самсук загварын телевизорыг хулгайлан авч 450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар,

-Х.Б- нь Э.Б-, А.А- Б.Булганбаатар нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 3 дугаар баг Хараагийн 3-15 тоотод оршин суух иргэн О.Мягмарсүрэнгийн гэрээс 32 инчийн БСБ загварын өнгөт зурагт, орны бүтээлэг зэргийг хулгайлан авч 210.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “Хэрэг нэгтгүүлэхээр прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар 201609000230  тоот эрүүгийн хэрэгт А.А-, Э.Б- нарт холбогдох эруүгийн 201609000048 тоот хэргийг нэгтгүүлэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А-, Э.Б- нарыг 201609000230 тоот хэрэгт сэжигтнээр тооцож, хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Гэвч 201609000048 тоот хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзээд хэргийг нэгтгүүлэхээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Туяа нь “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасан яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа хүндэвтэр хэрэгт 4 сараас хэтэрч болохгүй гэж заасны дагуу А.А-, Э.Б- нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд гаргаж өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэх хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүх А.А-, Э.Б-, Э.Ц-, Х.Б- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6 дахь хэсэгт заасан журмын дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул яллагдагч нарыг хорьж мөрдөх хугацаа дууссан үндэслэлээр өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 88 дугаартай “Хэрэг нэгтгүүлэхээр прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч А.А-, Э.Б- нарт урьд цагдан хорихоор авсан, шүүгдэгч Х.Б-, Э.Ц- нарт урьд бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                            Я.ТУУЛ

                                                  ШҮҮГЧИД                                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                               Б.МАНЛАЙБААТАР