Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0614

 

“Э Б С” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З, өмгөөлөгч Ч.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0720 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн  гаргасан давж заалдах гомдлоор “Э Б С” ХХК-ийн гомдолтой, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Д.Б-д холбогдох зөрчлийн хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0720 дугаар шийдвэрээр: Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 22 дугаар зүйлийн 22.1, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан  “Э Б С” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч Д.Б-ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1453004 дугаар шийтгэлийн хуудсаар “Э Б С” ХХК-нд оногдуулсан 5.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх Иргэний хуулийн 42.2, 71, 204.2, 480 дахь заалт болон гэрээний хугацаа хэзээ дууссан талаар буруу дүгнэсэн болно. “М т” ХХК нь гэрээ цуцлах мэдэгдлээ нөгөө тал болох “Э Б С” ХХК-нд гэрээний 5.3-т заасны дагуу гэрээ цуцлахаас 14 хоногийн өмнө буюу 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дотор хүргүүлэхээр заасан ба харин “Э Б С” ХХК нь уг мэдэгдлийн хариуг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор буюу 2012 оны 08 дугаар сарын 16-ны дотор “М т” ХХК-нд хүргүүлсэн байхаар тус тус гэрээнд маш тодорхой заасан байдаг. Гэрээнд заасан энэхүү хугацаанд “М т” ХХК нь гэрээ цуцлах тухай мэдэгдлийг “Э Б С” ХХК-д хүргүүлээгүй байгаагаас үзвэл уг гэрээний хугацаа гэрээний 2.2-т заасны дагуу 2014 оны 08 дугаар 20-ны өдрийг хүртэл сунгагдсан бөгөөд тухайн өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан болно. Иргэний хуулийн 204.2-т заасны дагуу “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж заасны дагуу хууль буюу гэрээнд заасан хугацаанд гэрээ цуцлах тухай хүсэлтийг ирүүлээгүй бөгөөд уг гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсан бөгөөд гэрээнээс татгалзах эрхээ алдсан байдаг. Тиймээс “М т” ХХК-ийн 1/557 дугаар албан бичигт “...уг гэрээний нөхцлөөр цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжгүй байгаагаа илэрхийлж байна” хэмээн хүргүүлсэн нь гэрээний шинэ нөхцөл гэж үзэх үндэслэлтэй юм. Ингээд талууд уг гэрээний нөхцлөөр үргэлжлүүлэх шаардлагагүй болсон бөгөөд өөрөөр хэлбэл талуудын хооронд шилэн кабель татагдаж телевизийн сигналыг агаарын бус утсан сүлжээгээр дамжуулан явуулах боломж бололцоо бүрдсэн нь хэргийн материалд авагдсан байдаг. “М т” ХХК нь хэдийгээр манай компани шилэн кабель татахыг зөвшөөрөөгүй, энэ талаар албан ёсны бичиг байдаггүй гэж маргадаг боловч үнэн хэрэгтээ тухайн шилэн кабелийн шугамыг “Э Б С” ХХК-ийн хөрөнгөөр “М т” ХХК болон “Монголын Харилцаа Холбоо” Төрийн Өмчит Хувьцаат компанийн Хотын сүлжээний газрын тус тусын зөвшөөрлийн үндсэн дээр 2013 оны 10 дугаар сараас эхлэн барьж 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 115/14 дугаар актаар хүлээн авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Талуудын хооронд татагдах шилэн кабелийг “М т” өөрийн толгой станцад холболт хийхийг татгалзаагүй бөгөөд үүний үр дүнд шилэн кабель татах зөвшөөрлийг Монголын Харилцаа Холбоо Төрийн Өмчит Хувьцаат компанийн Хотын сүлжээний газар “Э Б С” ХХК-д олгож байсан ба үүний дагуу ажлын гүйцэтгэлийг улсын коммисс хүлээн авч акт үйлдсэн байгаа нь тодорхой байна. Учир нь 2 компанийн хооронд шилэн кабель татах, харилцан холболт хийх ажлыг талуудын харилцан тохиролцолын хүрээнд зөвшөөрөл олгодог журамтай. Мөн түүнчлэн “Э Б С” ХХК-аас “М т” ХХК-д албан бичгээр явуулсан хүсэлт болгон нь техникийн шинэ нөхцөл байдал бий болсон тул хамтран ажиллах гэрээг байгуулах талаар хүргүүлсэн гэрээний санал болно. Мөн Иргэний хуулийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. Хүчин төгөлдөр хэлцлийн үр дүнд “Э Б С” ХХК болон “М т” ХХК-ийн хооронд “шилэн кабель” татаж холболт хийгдсэн байдаг. Түүнчлэн өөрийн төв серверт байгаа сүлжээг сайн дураар салгах бүрэн боломжтой атал өнөөдрийг хүртэл салгаагүй байгаа нь уг кабелийн шугамаар өөрийн сигналыг дамжуулахыг хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл бөгөөд “Э Б С” ХХК нь зөвшөөрөлгүйгээр дамжуулалт хийсэн гэх хууль зүйн үндэслэлгүй юм. М тийн нэвтрүүлгийг хуулбарласан, нийтэд түгээсэн, дахин дамжуулсан талаарх огт дүгнэлт хийдэггүй, хэргийн материалд энэ талаарх баримтыг бэхжүүлж хавсаргаагүй байдаг. “Э Б С” ХХК нь техник технологийн хувьд ямарваа нэгэн телевизийн нэвтрүүлгийг хуулбарлах, ухраах, нөхөх, дахин дамжуулах хүчин чадалгүй гэдгээ удаа дараа тайлбарласан. Гэтэл шүүх ямар нэгэн баримт нотолгоонд суурилаагүй, хэрэгт авагдаагүй нөхцөл байдалд шууд дүгнэлт хийж “Э Б С” ХХК нь М т-ийн нэвртүүлгийг хуулбарлаж дахин дамжуулалт хийсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. “Э Б С” ХХК нь нэвтрүүлгийн бичлэг хийх, нэвтрүүлгийн бичлэгийг хуулбарлах, нэвтрүүлгийг утсан бус холбоо ашиглах замаар дахин дамжуулах, нэвтрүүлгийг нэгэн зэрэг дамжуулсан тохиолдол байхгүй бөгөөд ийнхүү дамжуулалт хийх техник технологийн шийдэл байхгүй. Учир нь нэвтрүүлгийн бичлэг хийх гэдэг нь тухайн телевизээр гарч буй нэвтрүүлгийг камер ашиглан бичлэг хийж авахыг ойлгоно. Нэвтрүүлгийн бичлэгийг хуулбарлах гэж “М т” ХХК-ийн төв серверээс болон өөр бусад сүлжээний оролтоос флаш, СD ашиглаж хуулбарлан авч ашиглахыг, нэвтрүүлгийг утсан бус холбоо ашиглах замаар дахин дамжуулах гэдэг нь агаарын тоон системийг ашиглаж сигналыг хүлээн авч дахин дамжуулахыг, нэвтрүүлгийг нэгэн зэрэг дамжуулах гэдэг нь жишээлбэл М тийн сувгаар албан ёсоор дамжуулах эрх авсан ямар нэгэн нэвтрүүлгийг өөр телевизийн сувгаар яг тухайн цаг хугацаанд нь албан ёсны эрхгүйгээр зэрэг дамжуулахыг ойлгоно. Гэтэл манай компани нь Монголд үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн телевизүүдийг утсан холбоогоор буюу шилэн кабелиар дамжуулалт хийж хэрэглэгчдэд хүргэдэг бөгөөд ингэхдээ “М т” ХХК-ийн телевизийн нэвтрүүлгийг хуулбарласан, дахин дамжуулсан, нэвтрүүлгийн бичлэг хийсэн, нэгэн зэрэг дамжуулсан үйлдэл огт байхгүй байхад хэргийн бодит нөхцөл байдлыг шинжлэн тогтоолгүйгээр дүгнэлт хийж буруутгасанд гомдолтой байна. Шүүх Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын 3.1.2.2, 11.10-т заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн боловч уг нөхцөл шаардлагын холбогдох заалтыг “М т” ХХК биелүүлж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй болно. Сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журмын 2.2, 2.4, 3.1, 3.2, 3.3, 8.1, 8.3.2, 8.3.3, 8.3.4, 8.3.5, 8.3.6, 9.1, 9.4, 9.6-д тус тус заасны дагуу талуудын хэн алинд нь үүрэг хүлээлгэсэн байтал зөвхөн “Э Б С” ХХК нь гэрээ байгуулаагүй гэж дүгнэн буруутгасан нь хуульд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч Д.Б-ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1453004 тоот шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч “Э Б С” ХХК-ийг Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 5.000.000 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсаныг зөрчилд холбогдогч хуулийн этгээд эс зөвшөөрч хүчингүй болгуулахыг хүссэн гомдол гаргажээ.

1. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 “Энэ хуулийн зорилт нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.11 “зохиогчийн эрхэд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээл" гэж бүтээлийг шууд тоглосон тоглолт, дуу авиа, дүрс бичлэг, дуу авиа бүхий дүрст бүтээлийн анхны бичлэг болон радио, телевизийн байгууллагын нэвтрүүлгийг” гэж зааснаас үзвэл “М т” ХХК-ийн урьдчилан бэлтгэсэн хөтөлбөр бүхий нэвтрүүлэг нь энэ хуулиар хамгаалагдах объект буюу зохиогчийн эрхэд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээл байна.

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ”, 12.2-т “Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна: 12.2.1 “бүтээлийг хуулбарлах”, 12.2.2 “бүтээлийг нийтлэх”, 12.2.3 “бүтээлийг нийтэд түгээх”, 12.2.4 “үүсмэл бүтээл болгон өөрчлөх”, 12.2.5 “түрээсээр ашиглуулах”, 12.3-т “Энэ хуулийн 12.1 дэх хэсэгт заасан эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ”, 19 дүгээр 19.1-д “Зохиогчийн эрхэд хамаарах эрхийг энэ хуулийн дагуу дараахь этгээд эдэлнэ: 19.1.3 “Монгол Улсын нутаг дэвсгэрт байрладаг дамжуулагчаас дамжуулсан нэвтрүүлгийн хувьд тус улсын нутаг дэвсгэрт байрладаг радио, телевизийн төв байгууллага” гэж заасанд нийцүүлвэл “М т” ХХК нь зохиогчийн эрхэд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлээ нийтэд түгээхийг хориглох онцгой эрхтэй байх бөгөөд гагцхүү гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлэх боломжтой гэж ойлгоно.

Гэтэл олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч /цаашид ОСДҮЭ гэх/ “Э Б С” ХХК нь зохиогчийн эрх эдлэх “М т” ХХК-тай гэрээ байгуулаагүй, бүтээлийг нийтэд түгээх онцгой эрхийг шилжүүлэн аваагүй атлаа “Хамтран ажиллах гэрээ” цуцлагдсан 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш одоог хүртэл  М т-ийн нэвтрүүлгийг дамжуулж байгаа нь дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн зөрчил болно.

Харин Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Радио, телевизийн байгууллага өөрийн нэвтрүүлэгтэй холбоотой дараахь үйл ажиллагааг хориглох болон зөвшөөрөх онцгой эрхтэй”, 22.1.1-д “нэвтрүүлгийн бичлэг хийх”, 22.1.2-т “нэвтрүүлгийн бичлэгийг хуулбарлах”, 22.1.3-д “нэвтрүүлгийг утсан бус холбоо ашиглах замаар дахин дамжуулах”, 22.1.4-д “нэвтрүүлгийг нэгэн зэрэг дамжуулах” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл баримтаар нотлогдоогүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэстэй байх боловч хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2-т заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэл ногдуулсаныг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй.

2. Нэхэмжлэгч “Э Б С” ХХК нь “М т” ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Хамтран ажиллах” гэрээ байгуулж өөрийн тоног төхөөрөмжөөр дамжуулан Улаанбаатар хот болон алслагдсан дүүргийн айл өрх, албан байгууллагад телевизийн нэвтрүүлгийг түгээж байсан байх бөгөөд уг гэрээний 2.2-т зааснаар гэрээг нэг жилийн хугацаагаар буюу 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан гэж ойлгож болох ч  “М т” ХХК-иас 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/557 дугаар албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдэл өгсөнөөр  гэрээний 5.3-т заасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болон гэрээ цуцлагдсан байна.

Түүнчлэн, “Э Б С” ХХК-ийн хөрөнгөөр “М т” ХХК болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй шилэн кабель татаж холболт хийгдсэн /бусад телевизийн байгууллагууд руу мөн адил шилэн кабель татсан/, “М т” ХХК нь өөрийн төв серверт байгаа сүлжээг сайн дураар салгах бүрэн боломжтой атал өнөөдрийг хүртэл салгаагүй гэж маргасан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа ч энэ тохиолдолд шилэн кабелийг салгах боломжтой эсэхээс үл хамаарч нэхэмжлэгч нь телевизийн нэвтрүүлгийг дамжуулахгүй байх үүрэгтэй гэж ойлгох ба тусгайлсан зохицуулалттай хуулинд бүтээлээ нийтэд түгээхийг гагцхүү гэрээгээр бусдад шилжүүлэхийг хуульчилсан тул “М т” ХХК-ийг онцгой эрхээ “Э Б С” ХХК-д шилжүүлсэнтэй адилтгах боломжгүй.

Нэхэмжлэгч “Э Б С” ХХК нь  “М т” ХХК-тай гэрээ байгуулаагүй болох нь тэрээр “Телевизийн нэвтрүүлэг дамжуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах тухай” хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан үйл баримтуудаар тогтоогдсон байна.

Нөгөөтэйгүүр, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 11.10-т “ОСДҮЭ нь дотоодын болон гадаадын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудтай гэрээ хийж дамжуулах бөгөөд хэрэглэгчийн гэрээгээр дахин дамжуулахгүй” гэж заасан нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиар зохицуулсан онцгой эрхийг гагцхүү гэрээгээр шилжүүлэх үзэл баримтлал тусгагдсан, үүрэгжүүлсэн байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан “өөрийн төв серверт байгаа сүлжээг сайн дураар салгах бүрэн боломжтой атал өнөөдрийг хүртэл салгаагүй байгаа нь уг кабелийн шугамаар өөрийн сигналыг дамжуулахыг хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл, зөвшөөрөлгүйгээр дамжуулсан гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлыг хангах боломжгүй бөгөөд харин “М т” ХХК-ийг холбогдох дүрэм журмаа зөрчсөн гэх агуулгаар гаргасан гомдлоо эрх бүхий байгууллагад хандаж гаргах эрхтэй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                    Ц.Цогт

                ШҮҮГЧ                                                                    О.НОМУУЛИН