| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/05926/и |
| Дугаар | 5106 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 5106
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 45 дугаар гудамжны 968 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ДЮ 79021671, Монгол овогт Доржын Баярсайханы нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден Парк-2 хотхоны 301 дүгээр байрны 185 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар НУ 78031512, Боржигин овогт Банзрагчийн Тэгшээд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6 675 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.Баярсайхан нь Япон улсад сурч ирээд Б.Тэгшээтэй таарч мөнгөний тусламж үзүүлэх хүсэлт удаа дараа тавьж байсны дагуу түүнтэй 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 590 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулж 660 000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 24-ны өдөр гэрээ байгуулж 2 200 000 төгрөг нийт 4 450 000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд эргүүлэн ямар ч мөнгө төлөөгүй байна.Иймд Б.Тэгшээгээс үндсэн зээлийн 4 450 000 төгрөгийг алдангийн 2 225 000 төгрөгийн хамт нийт 6 675 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Баярсайхан хариуцагч Б.Тэгшээд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн төлбөрт 4 450 000 төгрөг, алдангийн 2 225 000 төгрөг нийт 6 675 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Б.Тэгшээ нь Д.Баярсайханаас 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1 590 000 төгрөгийг, 21 хоногийн хугацаатай, хүүгүй, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 660 000 төгрөгийг, 17 хоногийн хугацаатай, хүүгүй, 2014 оны 2 дугаар сарын 24-ны өдөр 2 200 000 төгрөгийг, 24 хоногийн хугацаатай, хүүгүйгээр тус тус зээлж авсан болох нь тэдний хооронд хийгдсэн зээлийн гэрээнүүдээр нотлогдож байна.
Зохигчдын хооронд хийгдсэн дээрх зээлийн гэрээнүүдэд зээлдэгч зээлийн мөнгийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор талууд тохирсон байна.
Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн захирамжийн дагуу хариуцагч Б.Тэгшээг шүүхэд албадан ирүүлж түүнд нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гардуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг нь танилцуулсан боловч хариу тайлбараа, нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн хугацаа өнгөрсөн байх тул хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.Тэгшээ шүүх хуралдааын товыг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Д.Баярсайхан улсын тэмдэгтийн хураамжид 750 төгрөг илүү төлсөн байгааг буцаан гаргаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 121 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Банзрагчийн Тэгшээгээс 6 675 000 /зургаан сая зургаан зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулан Доржийн Баярсайханд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 500 төгрөгөөс 121 750 /нэг зуун хорин нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 750 /долоон зуун тавин/ төгрөгийг улсын орлогоос, мөн 121 750 /нэг зуун хорин нэгэн мянга долоон зуун тавин/төгрөгийг хариуцагч Б.Тэгшээгээс тус тус гаргуулан Д.Баярсайханд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН