Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 181/2023/01018/И |
Дугаар | 210/МА2024/01857 |
Огноо | 2024-10-04 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/01857
2024 10 04 210/МА2024/01857
О.С ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/02636 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.С ын хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гаргасан хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2011 оноос эхлэн “О” ХХК-д Уурхайн үйл ажиллагааны хэлтсийн хөдөлгөөнт хүнд машин механизмын оператороор 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилласан. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа явах гэтэл манай ажлын газраас та битгий ирээрэй танд цалинтай амралт олгож байгаа дуудахаар ирээрэй гэсэн. Ингээд компанийн төв оффис дээр дуудсаны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр очиход намайг ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн. Намайг ажлаас халсан тушаалтай танилцахад, О.С нь 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 06-ны хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр удаа дараа хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хяналт шалгалтын тайлангаар тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байсан. Манай ээлжинд 30-аад ажилчин байдаг. Намайг хамтран ажиллаж байдаг хүмүүсийнхээ хэн хэнд ямар үйлдлээр бэлгийн дарамт удаа дараа үзүүлж байсныг тушаалдаа тодорхой заагаагүй хамтран ажиллагчдаа гэж олон тоон дээр дүгнээд байгааг би ойлгохгүй, гайхаж байна. Би нас тогтсон өвгөн хүн, энэ хавар тэтгэвэртээ гарах байсан. Би маш их гомдож байна. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь хуулийн шаардлага хангаагүй, үндэслэлгүй шийдвэр байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 272,615,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч О.С нь 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 6-ны хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр удаа дараа хамтран ажиллагчдаа бэлгийн сэдлээр үгээр, мөн хүсээгүй байхад нь биеийн тодорхой хэсгүүдэд хүрэх зэрэг үйлдлээр тус тус илэрхийлж хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчлийг гаргасан болох нь хянан шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Гүйцэтгэх захирлын 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/424 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь дараах үндэслэлээр үндэслэл бүхий гарсан. Хэрэгт авагдсан О.С тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.и-д “...компанийн бодлого, дүрэм, журам, стандарт (үүнд: ..Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Ажлын гүйцэтгэл болон хариуцлагын журам ...гэх мэт)-д “Ноцтой зөрчил” гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар заасан зөрчил гаргасан” гэж заасны дагуу бусдад аливаа хэлбэрээр бэлгийн дарамт учруулах нь Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Сахилгын шийтгэл ногдуулах журамд заасны дагуу ноцтой зөрчилд тооцогдоно. Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.13-д “...9.1.13.2. “Шүлэнгэтэн ширтэн харах, биед нь хүрэх, шалтгаангүйгээр танимхайрах байдал гаргах зэрэг бие махбодын зохисгүй үйлдлүүд гаргах”, 9.1.13.3. “Хүсээгүй байхад бэлгийн харилцаанд орохыг санал болгох, хүсэлт тавих”, 9.1.13.8. “Өөр бусад бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд” гэж заасан зөрчлийг гаргасан нь мөн журмын 19.3, 19.4-д заасны дагуу ноцтой зөрчилд тооцож, тухайн зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Хэрэгт авагдсан компанийн Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2, 17.2.9.2-д “...бусдад аливаа хэлбэрээр бэлгийн дарамт учруулах” үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан. Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлогын 5.1-д “...бэлгийн дарамт гэдэг бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдэлтэй үйлдэл, дайралт хийх, бэлгийн сэдэл бүхий хүсэлт тавих, эсвэл бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлэх, дээрх үндэслэл бүхий шалтгаанаар хүнийг доромжилсон, гутаасан, айлгасан сүрдүүлсэн нөхцөл байдалд оруулах зэрэг үйлдлийг хамааруулж ойлгоно” гэж, 5.7-д “...нөхцөл байдлаас хамааран дараах зан хандлага, үйлдлүүд нь бэлгийн дарамтад тооцогдох бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй: ...в. Зориудаар болон шаардлагагүй үед биед нь хүрэх, мөрийг нь алгадах, чимхэх, зориудаар шүргэх, үнсэх гэж оролдох, д. Бүдүүлэг буюу секс агуулга бүхий үг хэллэг, наргиа, онигоо ярих, нэр хоч өгөх, и. Бэлгийн дур сонирхлын үүднээс хүсэлт, шаардлага тавих, секс эсвэл сүрдүүлсэн шинж чанартай дохио зангаа, биеийн хөдөлгөөн хийх” гэж заасан. Хэрэгт авагдсан Хянан шалгах ажиллагааны тайланд “...О.С нь 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 6-ны хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр удаа дараа гомдол гаргагч Ж.Бд бэлгийн сэдлээ үгээр, мөн хүсээгүй байхад нь биеийн тодорхой хэсгүүдэд хүрэх зэрэг үйлдлээр тус тус илэрхийлж хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан болох нь хянан шалгалтын ажиллагааны явцад тогтоогдсон” гэж хянан шалгах ажиллагаагаар илэрсэн зүйл, холбогдох баримтуудыг хянан шалгах ажиллагааны тайланд тусган бичсэн байна. Хэрэгт авагдсан Ж.Быг гэрчээр асуусан тэмдэглэлээр гэрч нь “...Тийм зүйл болсон. Бэлгийн дарамттай холбоотой ёс суртахуунгүй үг, үйлдэл, удаа дараа гаргасан. Жишээлбэл, миний дүүгийн утасны дугаар хэд вэ, хуучин дугаараа барихаа больсон юм уу, ямар дугаартай болсон бэ, дугаараа өгчих гэсэн. Миний дугаараар яах гэсэн юм бэ гэхэд хот орох уу хамт оръё, Сүхбаатарын талбайгаар хөтлөлцөөд хамт алхъя, буудалд оръё гэдэг зүйлсийг хэлсэн. Хамгийн дарамттай зүйл нь би чамайг бавмаар байна гэж хэлсэн. Миний хувьд шууд айсан. Айдас түгшүүртэй байсан. Шоконд орсон. Удаа дараа хөхөнд хүрсэн, хөхнөөс базсан. Миний цээж, бэлхүүс хэсгээр маш олон удаа зөвшөөрөлгүй тэвэрсэн. Хайртай шүү, сайхан амьтан шүү гэх мэтээр хацар дээр үнссэн. ...олон хоног орон гэрээсээ хол ростероор ажилдаг эмэгтэй хүний хувьд ажлын байрны бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал маш хүнд байсан. Миний хувьд хүнд цохилтод орсон” гэж хэлсэн болох нь тогтоогдож байна. Хэрэгт авагдсан С.Мыг гэрчээр асуусан тэмдэглэлээр гэрч нь “...Бын нүүр царай түнтийж улайсан, айсан сандарсан байсан. ...араас тэвэрсэн, үнссэн, хоёр мөөмнөөс барьсан. ...би хурлын өрөөнд байж байгаад наряд аваад ажилд томилогдоод гарсан. Баруун эргэхэд 2 цонх байдаг. Эхний цонхоор харахад Быг араас нь элдээд байсан. Б зугтаагаад байсан. Тэгээд би цааш явсан. ...шууд хэлж чадахгүй байсан. Хоолой нь зангираад тэгээд уйлсан. ..танай ээлжийн Сэмшадав намайг оролдоод байна. Өмнө нь намайг тэвэрсэн, үнссэн, миний хоёр хөхнөөс барьсан. Тоглоод байгаа юм болов уу гэж бодсон чинь одоо бүр намайг сайхан амьтан шүү, нэг бавчих юмсан гэж хэлсэн. Одоо арай хэтэрлээ гэж надад хэлээд уйлаад байсан” гэж хэлсэн болох нь тогтоогдож байна. Хэрэгт авагдсан Б.М ийг гэрчээр асуусан тэмдэглэлд “...Ж.Бтай уулзсан. Тэр үед надад Ж.Б нь О.С намайг өөрийг нь оролдсон талаар хэлсэн. Б нь Сэмшадав гуай намайг оролдсон гэж хэлсэн. ...харин ярьж байх үедээ уйлж байсан.” гэж хэлсэн болох нь тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан Хянан шалгах ажиллагааны явцад О.С тай хийсэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ярилцлагын тэмдэглэлд О.С нь “...энд нь хүрсэн, одоо тэр хацар дээр нь. ...өөр юм байна уу одоо? Яахав гар хөл гээд бид нар явж л байдаг ш дээ. Бөгс хаанд нь бол хүрээгүй шүү. ...Бын хөхөнд хэдэн удаа хүрсэн бэ гэж асуухад -1 юм уу 2 л байгаа байхдаа. 2 л байхдаа. ...бэлхүүс ээ хүрсэн хүрсэн 2 л байгаа байх. ...Сайхан амьтан шүү гэж хэлж байсан тохиолдол байгаа юу гэж асуухад -Хэлж л байсан байна даа. 1 л удаа хэлсэн байх. Та ямар дүрэм журам зөрчсөн гэж бодож байна гэж асуухад Түрүүний яриад байсан, эмэгтэйчүүд рүү ширтэх, хөх. биед нь хүрэхгүй байх зэрэг журмуудаа бүгдийг зөрчсөн” гэж хэлсэн болох нь тогтоогдож байна. Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь ажилтан Ж.Бд хэд хэдэн удаагийн үйлдлээр удаа дараа бэлгийн сэдлээр үгээр, мөн хүсээгүй байхад нь биеийн тодорхой хэсгүүдэд хүрэх зэрэг үйлдлээр тус тус илэрхийлж бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил бүхий үйлдлийг гаргаж Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.и, Кэмпийн дотоод журам ёс зүйн дүрмийн 9.1.13.2, 9.1.13.3, 9.1.13.8, 19.3, 19.4, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2, 17.2.9.2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь нотлогдож байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан “Оюу толгой” ХХК-д холбогдох тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч О.С ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “О” ХХК-ийн захирал 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/424 тоот тушаалдаа Хөдөлмөрийн гэрээ, компанийн кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Сахилгын шийтгэл ногдуулах журам гэх баримтуудын маш олон заалтуудыг үндэслэн, “О.С нь 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 06-ны хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр удаа дараа хамтран ажиллагчдаа бэлгийн сэдлээ үгээр, мөн хүсээгүй байхад нь биеийн тодорхой хэсгүүдэд хүрэх зэрэг үйлдлээр тус тус илэрхийлж хамтран ажилагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс тасалбар болгон цуцалсугай” гэсэн хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын гарын үсэгтэй тушаал гарсан байдаг. Үүнийг нэхэмжлэгч нь хүлээн авч тус тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж түүний нэхэмжлэлийг бүтэн 2 жил 4 сарын хугацаанд шалгаад 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж дүгнэхдээ:
Зөрчлийг хянан шалгасан талаархи ажлын тайланд бэлгийн дарамт учруулсан гэх үйл баримтууд нь хэрэгт авагдсан ажилчидтай хийсэн ярилцлагын тэмдэглэл, хуульд заасны дагуу асууж авсан гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон, мөн Сэмшадавтай 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2,10.2.1-д хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчлийг кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэмд тусгайлан зохицуулсан гэж үзнэ гэж дүгнээд Сэмшадавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. “О” ХХК-ийн захирлын тушаал, мөн шүүхийн шийдвэр нь хууль зөрчиж гарсан. “Оюу толгой” ХХК-ийн захирал нь нэхэмжлэгчийг тус компанид ажиллах хугацаанд түүнтэй 2014, 2016 онд хоёр удаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажиллагсаддаа бэлгийн сэдлээ үгээр, мөн хүсээгүй байхад нь биеийн тодорхой хэсгүүдад хүрэх зэрэг үйлдлээ хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн шалтгаанаар 2014 оны хөдөлмөрийн гэрээний 10.2, 10.2.1-т заасан ноцтой зөрчлийг гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс тасалбар болгон цуцалсан байдаг. “О” ХХК-ийн захирлын зүгээс гаргасан тушаалдаа О.С ыг “ажиллагсаддаа” гэж олон тоонд хамааруулан зөрчил гаргасан гэж дүгнэсэн мөртлөө хэзээ хаана хэн хэнд бэлгийн дарамт учруулсан тухай тодорхой заагаагүй, мөн түүнтэй 2014, 2016 онд хоёр удаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд 2016 онд дахин түүнтэй дахин шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулснаар 2014 оны хөдөлмөрийн гэрээ нь 2016 онд хүчингүй болсон байхад 2014 оны гэрээний заалтыг барьж 2023 онд түүнтэй хийсэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуулийг илт зөрчиж гарсан хуулийн үндэслэлгүй тушаал гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн 9-р хуудсанд байгаа үндэслэх хэсэгт “Дээрхи зохицуулалтаас үзэхэд 2014 онд О.С тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.2.1 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлийг Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм”-д тусгайлан нэрлэн зааж зохицуулсан гэж үзнэ” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт ноцтой зөрчил гэдгийг ажилтан, ажил олгогч хоёрын хооронд хийсэн хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэхээр тодохой заасан түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх тухай тайлбарласан байдаг. Гэтэл түүнтэй байгуулсан 2014 оны хөдөлмөрийн гэрээнд ямар, ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэх талаар тодорхой заагаагүй байж түүнтэй хийсэн хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хуулийн үндэслэлгүй тушаал гаргасан байна гэж дүгнэлтэнд хүрч байна. Мөн кемпийн дотоод журам, Сахилгын дотоод журам нь 2021 онд тус компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдан 2021 оны 4,11 дүгээр сараас тус тус компанид мөрдөгдөж ирсэн. Хариуцагч тал, түүний өмгөөлгчийн зүгээс гаргаж буй тайлбар болон анхан шатны шүүхийн дүгнэлтэд, “2014 онд О.С тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.10.2.1-д заасан заалтыг тайлбарлахдаа: Компанийн кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлогод ноцтой зөрчлийг тусгайлан заасан байгаа гэж хариуцагч тал тайлбарлаж, шүүх дүгнэсэн байдаг. Гэтэл дээрхи эрх зүйн баримт бичгүүд нь 2021 онд батлагдаж дагаж мөрдсөн байдаг. Хариуцагч талын гаргаж өгч байгаа дээрх бичиг баримтууд нь 2014 онд хөдөлмөрийн гэрээ хийх үед мөрдөгдөж байгаагүй, харин 2014 онд тус компанид мөрдөгч байсан бичиг баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй тус бичиг баримтууд байсан ч тэр баримтууд нь 2021 онд хүчингүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдана. Иймд тус компанийн хуулийн зөвлөх, өмгөөлөгч нар нь тушаал төлөвлөхдөө ноцтой алдаа гаргасан эсвэл нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа. Мөн анхан шатны шүүх нь үүнийг хараагүй байж дүгнэлт хийсэн нь хардалт сэдэлт, гайхшралыг төрүүлж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн өмгөөлөгч компаниас гарч байгаа акт Монгол, Англи хэл дээр 2 хувь үйлдэгдэж гардаг гэсэн. Тэгвэл “О.С ыг ажлаас чөлөөлсөн тушаалын англи хэл дээр гаргасан хувь нь хаана байна гэхэд хариулт хэлээгүй. “О” ХХК-ийн захирал Д гэгч хүн монгол хэл, бичгийг уншиж монгол хэлээр тушаал гаргаж чадах хүн мөн үү” гэх асуултанд хариулаагүй. Харин 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал гаргах үедээ тус компанийн гүйцэтгэх захирал Д гэх хүн Монгол улсад байсан юм уу гэж асуухад хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс тэр хүн монголд байсан гэж хэлдэг. Гэтэл гүйцэтгэх захирал Д гэх хүн монгол мэдэхгүй, тухайн үед Монгол улсад байгаагүй, ер нь ихэнх тохиолдолд гадаадад байдаг гэсэн албан бус мэдээлэл байдаг юм. Иймд, нэхэмжлэгчтэй хийсэн хөдөлмөрийн гэрээг Б/424 тоот тушаалыг тус компанид ажилладаг компаний хуулийн зөвлөх, өмгөөлөгч, болон өөр албан тушаалтан үйлдэж гүйцэтгэх захирлын гарын үсгийг дуурайлган зурж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байж болох ба тэр хуурамч нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байж магадгүй гэх хардлагыг төрүүлдэг. Учир нь, хэргийн 23-р хуудсанд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн 2516/1 тоот итгэмжлэл дээр зурсан гүйцэтгэх захирал Д ийн гарын үсэг, О.С тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/424 тоот тушаал дээр зурсан гарын үсэг хоорондоо өөр өөр байгаа нь тус нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байх магадлал маш өндөр, мөн тус нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын буруутай ажиллагаа байна. Иргэн О.С ын гаргасан зөрчлийг компанийн зүгээс шалгаж тогтоосон нь хуульд нийцсэн эсэх, хэрхэн явагдсан талаар нэхэмжлэгч өөрийн өмгөөлөгчдөө тус асуудлыг тайлбарлахдаа, “нэг өдөр намайг компанийн захиргааны зүгээс дуудсан очиход огт танихгүй манай компанийн хүмүүс биш бололтой хүмүүс байсан юм. Манай ажилтан Н.Э бид хоёрыг оруулж ирээд Н.Э ийг чи дэмжигчээр сууж бай гэж суулгаад надад хандаж таны гаргасан зөрчлийн талаар иргэн Ж.Б гэгч хүнээс гомдол ирсэн үүний дагуу бид таны зөрчлийг шалгаж тогтооно гэсэн би ч тухайн үедээ яасан юм бол гэж гайхаж байсан. Тэд хүмүүсийн зүгээс надад асуулт тавьж би тухайн үед асуултанд тийм асуудал болоогүй гэж хариулж байсан юм. Гэтэл тэр үед тэр хүмүүсийн зүгээс та бид нарын асуултанд үнэн зөв хариулна шүү, Ж.Бын ярьж байгаатай зөрөөтэй хариулах юм бол ажилгүй болно гэдгээ мэдэж байна уу гэж тулгаж шаардаж сүрдүүлсэн. Би тэр тухайн үед хэдийгээр айж сандарч байсан боловч тийм асуудал болоогүй би Ж.Быг таньдаг болохоор түүнд С.М та хоёрын эр эмийн асуудлаар компани даяар ярьж байна миний дүү больсон нь дээр гэж түүнд ахмад хүний хувьд хэлсэн гэж мэдүүлсэн өөр зүйлгүй гээд хамгийн сүүлд гарын үсэг зуруулаад яв гэсэн юм. Гэтэл шүүхэд гаргаж өгсөн ярилцлагын тэмдэглэлд миний хэлж яриагүй зүйлсийг бичсэн байна” гэж хэлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт, компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, байр болон албан тасалгаа гудамж талбай бүгд эргэн тойрон камертай гэж мэдүүлдэг, мөн гэрч С.Б, Н.Э , Ц.Б нар гэрчийн мэдүүлэг өгөхдөө, “манай компани бол энд тэндгүй камерын хяналттай хэн хаана юу хийж яваа нь харагдаж байдаг.” гэдэг. О.С тэр хол очиж мэдүүлэгт сууж чадахгүй талаараа тайлбарласан. Уг нь хотод гэрч нар ирж мэдүүлэг өгвөл тус ажиллагаанд оролцмоор байна гэж хэлсэн юм. Харин манай зүгээс мэдүүлэг авахуулахаар гаргасан гэрч нарыг хотод дуудаж хоёр талыг оролцуулан мэдүүлэг авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 42.3 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна, гэрчээр дуудсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл шүүхийн зүгээс хариуцагчийн асуулгах гэсэн гэрч нарыг дуудсан баримт хэрэгт байгаагүй, мөн хуулийн 43.5-д гэрч шүүхийн дуудсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албадан ирүүлэхийг шүүхээс цагдаагийн албанд даалгаж болох заалттай ч хавтаст хэрэгт авагдсан баримтанд дээрх гэрч нарын хүндэтгэн үзэх шалтгаантай гэсэн холбогдох баримт байгаагүй. Мөн шүүх хуралдааны явцад манай зүгээс хариуцагчийн асуулгасан гэрч нарын мэдүүлэг, хянан шалгалт хийсэн процесс нь хууль зөрчсөн тул нотлох баримтаар үнэлэхгүй байхаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй, мөн гүйцэтгэх захирал тухайн үед монголд байсан, эрх зүйн ач холбогдол бүхий баримт дээр байгаа гарын үсэг зөрөөтэй маргаантай байхад шүүх нь, Иргэний хэрэг шүүхэд хяанан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх нь шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болох заалт байсаар байхад хойшлуулаагүй шүүх хуралдааныг цаашид үргэлжлүүлэн манай үйлчлүүлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэртээ, шүүх хуралдаан дээр хэлсэн нэхэмжлэгчийн тайлбар, мөн нэхэмжлэгчийн зүгээс асуулгасан гэрч нарын тайлбар, болон түүний өмгөөлөгчийн хариуцагчийн тайлбар, нотлох баримтын талаар хийсэн дүгнэлтүүдийг дурдаагүй мөртлөө тэдгээрийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа дүгнэлтээ бичээгүй мөртлөө хариуцагч нарын тайлбарыг шүүхийн шийдвэрт илүү тодорхой зааж тэгш бус хандаж хуулийн шаардлага хангаагүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд хянаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч маргаан бүхий тушаал хуульд нийцэхгүй байна. Хэнд бэлгийн дарамт учруулсан нь тодорхойгүй, гомдол хэзээ гаргасан талаар хугацаа заагаагүй байна гэх агуулгаар гомдол гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа хамт ажилладаг эмэгтэй ажилтан болох Ж.Бд бэлгийн дарамт учруулсан үйл баримт нь хяналт шалгалтын ажиллагаа болон тайлангаар тогтоогдсон. Уг тайлан хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тушаалд Ж.Бын нэрийг бичээгүй нь тушаалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. Нөгөө талаар, хүний хувийн эрх зүйн байдал, нэр төртэй холбоотой асуудал учраас тухайн хүний нэрийг бичээгүй. Ярилцлагын тэмдэглэлд “хамт ажилладаг хүнээ тэвэрсэн, хөхнөөс нь барьсан, хүсээгүй байхад нь бэлгийн дарамтын хандлагатай үг хэллэг хэлсэн” гэдэг нь бичигдсэн бөгөөд өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “нэхэмжлэгчид тулгаж, хүчээр асуусан” гэж ярьсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хяналт шалгалт хийсэн хүмүүсийг гэрчээр оролцуулсан, уг хуралд нэхэмжлэгч тал мөн адил байсан. “Тулган шаардсан зүйл байгаа юу” гэхэд “тийм зүйл байхгүй, шууд гарын үсэг зурсан” гэдэг. Нэхэмжлэгч ярилцлагын тэмдэглэлийг хангалттай буюу 40 минут уншиж гарын үсэг зурсан гэж тайлбарласан. Шүүхэд Ж.Быг гэрчээр дуудаж хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан. Уг мэдүүлэгтээ “ажиллахад маш дарамттай байна. Гурван сар ийм зүйл болсон. Хамгийн сүүлд 12 дугаар сарын 06-ны өдөр зааварчилгаа өгдөг газар асуудал болсон” гэдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуусан гэрч С.М, Б.М , Ж.Б нар хөдөө орон нутагт хаягтай учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн гэрчүүдийг шүүхийн даалгавраар асуух хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч талын гэрч нар Улаанбаатар хотын хаягтай байсан бөгөөд нэхэмжлэгчийн зан байдлын талаарх үйл баримтыг гэрчилдэг. Ж.Б мэдүүлэгтээ “Нэхэмжлэгч миний хөхнөөс барьдаг, байнга тэвэрч авдаг, үнсдэг нь хэтэрлээ, би үнэхээр ажиллаж чадахгүй байна, сэтгэл зүйн байдал хүнд байна” гэж мэдүүлдэг. Үүнээс харвал, нэхэмжлэгч “О” ХХК-д мөрдөгддөг дүрэм, журмыг зөрчсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хэнд, хэзээ учруулсан нь тодорхойгүй байна” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Маргаан бүхий тушаалд тодорхой туссан. 2014 онд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний дагуу маргаан бүхий тушаалыг гаргасан. 2016 онд гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримтаас харвал, нэхэмжлэгч, хариуцагч, ажилтан, ажил олгогч нарын хооронд 2011, 2014 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хамгийн сүүлд буюу 2014 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу тухайн гэрээнд заасан холбогдох заалт, компанид мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг үндэслэж маргаан бүхий тушаалыг гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ямар гэрээний талаар ярьж байгааг ойлгохгүй байна. Хэрэгт 2016 оны гэрээ гэж байхгүй. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулсан хуучин хөдөлмөрийн гэрээг талууд хүсвэл үргэлжлүүлээд явах боломжтой зохицуулсан. Иймд, талуудын хооронд байгуулсан 2014 оны гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Хүчингүй болсон гэрээний дагуу маргаан бүхий тушаалыг гаргасан гэх гомдол үндэслэлгүй.
Нэхэмжлэгч талаас уг гаргасан зөрчил нь 2014 оны гэрээнд тусгагдаагүй, хөдөлмөрийн гэрээнд нэг бүрчлэн тусгах ёстой гэж тайлбарладаг. 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “хөдөлмөрийн харилцаа, ажил эрхлэлтэд бэлгийн дарамтыг хориглоно” гэж заасан. Уг Хөдөлмөрийн тухай хууль батлахаас өмнө “О” ХХК гэрээсээ хол ажиллаж байгаа 15000-16000 ажилтнуудад бэлгийн дарамттай холбоотой дүрэм, журмуудыг мөрдөж ажиллуулдаг. Хөдөлмөрийн гэрээнд нэг бүрчлэн заах боломжгүй. “О” ХХК-д ажиллаж байгаа бүх ажилтан Хөдөлмөрийн гэрээний 8б-д зааснаар “О” ХХК-д мөрдөгдөж байгаа бүх дүрэм журмыг мөрдөж ажиллах үүрэгтэй”, уг гэрээний 8г-д ““О” ХХК-д мөрдөгдөж байгаа бүх дүрэм, журамтай өөрөө танилцах үүрэгтэй.” гэж заасан. Үүнээс гадна “О” ХХК-д холбогдох дүрэм, журмыг байнга танилцуулж сургалт явуулдаг. Нэхэмжлэгч уг журмыг мэддэг, удаан ширтэж болохгүй гэдгийг мэдэж байгаа. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1и-д дүрэм, журмуудад заасан холбогдох дотоод журам, сахилгын шийтгэл ногдуулах журам, ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх гэх 3 журам байгаа. Гэрээний 10.2.1и буюу бусад гэх заалт дотор “ноцтой зөрчил” гэснийг зөрчсөн байвал сахилгын шийтгэл оногдуулна гэж тодорхой заасан. Иймд нэхэмжлэгч талын “ямар журам зөрчсөн нь тодорхойгүй байна” гэх тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “О” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагатай холбоотой бичиг баримт хуурамч гэдэг агуулгаар тайлбар гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн маргаан бүхий тушаалыг нотариатаар батлуулж өгсөн. Тухайн маргаан бүхий тушаалд гарын үсэг зурагдаж, компанийн тамга тэмдэг дарагдсан. Уг тушаал хүчин төгөлдөр маргаан бүхий акт. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хэрэгт байхгүй зүйлийг ярьж байгаа нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс “хянан шалгах ажиллагааг “О” ХХК-д ажилладаггүй хүнээр хийлгэсэн” гэдэг. “О” ХХК-ийн Сахилгын шийтгэл оногдуулах журмын 11-т хянан шалгалтыг багаар буюу 3 хүний бүрэлдхүүнтэй, “О” ХХК-ийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс, тухайн компанийн ахлах ажилтан С.Ц оролцсон. Сахилгын шийтгэл оногдуулах журам болон Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт, дээрэлхэлтийг үл тэвчих бодлогын 10-т бэлгийн дарамт учруулахтай холбоотой зөрчлийг хянан шалгах ажиллагааг гуравдагч этгээдээр хийлгүүлнэ гэж заасан. Хянан шалгалтын багийн 3 хүний хоёр нь “О” ХХК-ийн ажилтан, нэг нь гуравдагч этгээдээр оролцуулна гэж заасны дагуу “М” ХХН-ийн холбогдох ажилтан Б.Д оролцсон. Өөрөөр хэлбэл, “О” ХХК-тай хамтран ажиллах эрхтэй эсэх агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй. “О” ХХК-ийн журмын дагуу бэлгийн дарамтын асуудлыг хянан шалгах багийн гишүүн гуравдагч этгээд байж болно. Холбогдох этгээдийн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэдэг утгаар гуравдагч этгээд оролцож байгаа. Маргаан бүхий гомдолд холбогдож байгаагүй нэхэмжлэгчийн удирдах ажилтан, хөдөлмөрийн харилцааны ажилтан, гуравдагч этгээд гэх 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр хянан шалгалт явуулсан. Нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч О.С нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Нэхэмжлэгч О.С нь хариуцагч “О” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, хөдөлгөөнт хүнд машин механизмын оператороор ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/424 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 1, 29, 102, 77, 86-р тал/
4.а. Хариуцагч “О” ХХК нь нэхэмжлэгч О.С ыг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалдаа “О.С нь 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 06-ны хооронд хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлийг заасан байна.
4.б. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.
4.в. Талууд хөдөлмөрийн гэрээний 10.2.1-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг тохиролцсон ба ажилтан уг зөрчлүүдээс нэг буюу түүнээс дээш зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан байна.
Тодруулбал, 10.2.1-ийн И-д Компанийн аливаа бодлого, дүрэм, журамд “ноцтой зөрчил” гэж тооцсон, ... бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцална” гэжээ. Үүнд: Компанийн дотоод журам, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах стандарт, Ажлын гүйцэтгэлийн мемежмент болон хариуцлагын журам, Ажилд авах болон сонгон шалгаруулах журам, Ажлаас гарах журам, Бидний ажлын арга барил, Бизнесийн ёс зүйн стандарт, Залилан мэхлэхийн эсрэг стандарт болон зааварчилгааны тэмдэглэл, Мэдээллийн нууцлалын стандарт, Бизнесийн үйл ажиллагаа ба ёс зүйн журам, Компанийн үнэт цаасны арилжааны бодлого, Цахим хэрэгслийн зөвшөөрөгдөх хэрэглээний стандарт, Мэдээллийн аюулгүй байдлын стандарт гэх мэт дүрэм, журмуудыг хамааруулан тусгасан байна.
Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.13.2-т заасан шүлэнгэтэн ширтэн харах, биед нь хүрэх, шалтгаангүйгээр танимхайрах байдал гаргах, 9.1.13.3-т заасан хүсээгүй байхад бэлгийн харилцаанд орохыг санал болгох, хүсэлт тавих зэрэг өөр бусад бэлгийн дарамтын шинжтэй зохисгүй үйлдлүүд гаргах нь 9.1.13-т заасан бусдад аливаа хэлбэрээр бэлгийн дарамт үзүүлэх, бэлгийн дарамтын шинжтэй үйлдэлд тооцогдох бөгөөд энэ журмын 19.3, 19.4-т зааснаар дээрх үйлдлийг гаргасан бол ноцтой зөрчилд тооцон зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулжээ./хх-ийн 51-62-р тал/
4.г. Нэхэмжлэгч О.С нь хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг тогтоохдоо хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, Ялгаварлан гадуурхах бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Сахилгын шийтгэл ногдуулах журам, хянан шалгах ажлын тайлан зэрэг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна. /хх-ийн 77-82, 36-48, 51-62, 64-75, 114-133-р тал/
5. Нэхэмжлэгч О.С нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил буюу бусдад бэлгийн дарамт үзүүлэх, бэлгийн дарамтын шинжтэй үйлдэл гаргасан болох нь “О” ХХК-ийн зөрчил хянан шалгах ажиллагааны явцад гомдол гаргагч Ж.Б болон тус компанийн ажилтан С.М нараас авсан ярилцлагын тэмдэглэл, хянан шалгах ажиллагааны тайлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч Ж.Б, С.М, Б.М , Б.Д нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон. Үүнээс гадна нэхэмжлэгч О.С нь хянан шалгах ажиллагааны явцад өгсөн ярилцлагад “... зүгээр тоглож байгаад л үнссэн”, “Бын хөхөнд хэдэн удаа хүрсэн бэ” гэсэн асуултад “1 юмуу 2 л байгаа байх даа”, “Бэлхүүсэнд нь хэдэн удаа хүрсэн бэ” гэсэн асуултад ”... хүрсээн хүрсэн, 2 л байх”, “Та Бд сайхан амьтан шүү гэж хэлж байсан уу” гэсэн асуултад “хэлж л байсан байна”, “Та ямар буруу зүйл хийсэн бэ” гэсэн асуултад “Би одоо эмэгтэй хүний хүрдэггүй газар хүрсэн, ийм үйлдэл үзүүлсэн, түүндээ уучлал хүсэж байна” гэх агуулга бүхий хариулт өгсөн байх тул нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хамтран ажиллагчдаа үзүүлсэн түүний энэхүү үйлдэл нь өртөгч этгээд болон бусад хөндлөнгийн хүмүүсийг ичгэвтэр байдалд оруулж, буруу ойлголт төрүүлэхийн сацуу бусдын эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан үйлдэл тул ноцтой зөрчилд тооцно. Түүнчлэн талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажилтан нь компанийн аливаа хууль ёсны заавар, тушаал, шийдвэр, бодлого, дүрэм, журмыг баримтлан ажиллаж, дагаж мөрдөх, бодлого журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх стандартыг хангаж ажиллах, бодлого, журам, стандарт болон бусад баримт бичгүүдтэй өөрөө танилцах үүрэгтэй байхаар харилцан тохиролцжээ. “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийг шинэчлэн баталж, ажилчдад танилцуулсан талаар хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. Иймээс нэхэмжлэгч О.С нь 2014 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхад 2021 онд батлагдаж гарсан дүрэм, журмуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй.
Нөгөө талаар, Монгол Улсын Их хуралаас Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөх, Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байхаар хуульчилсан. Талууд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй байгаа нь ажил олгогч байгууллагын дотоод журам, дүрмийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ.” гэж заасан.
Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар хариуцагч “О” ХХК нь нэхэмжлэгч О.С т түүний гаргасан ноцтой зөрчлийн талаар тайлбар авч, сахилгын зөрчлийн шинжийг харгалзан ажлаас чөлөөлөх шийтгэл ногдуулсан байх тул ажилтны мэдэх болон тайлбар гаргах эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. /1-р хх-ийн 115-133-р тал/
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлсөн тухай тушаал нь хууль бус буюу хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй байхад шүүх тодруулаагүй, хуурамч нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Нэхэмжлэгч О.С нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын тушаалыг эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргахдаа дээрх үндэслэлийг заагаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргадаг тул анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй асуудлыг давж заалдах шатны шүүх хянах хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолдоо хүчингүй болсон буюу 2014 оны гэрээний заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн, 2016 онд дахин хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх боловч хавтаст хэрэгт 2016 онд байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээ авагдаагүй. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийн шаардлагыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу гэрчээс мэдүүлэг авахдаа нэхэмжлэгчийг байлцуулаагүй, гэрчийг шүүхэд дуудан ирүүлж мэдүүлэг аваагүй гэх гомдлын тухайд:
Хариуцагч талын хүсэлтийг үндэслэн 2023 оны 10 сарын 09-ний өдөр шүүгчийн захирамжаар Ж.Б, Б.Д, Б.М , С.М нараас гэрчийн мэдүүлэг авахуулахаар шийдвэрлэсэн. Дээрх гэрчүүд нь Өмнөговь болон Сэлэнгэ аймгуудад оршин суудаг байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 80 дугаар зүйлийн 80.1.8-д тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн, шүүхийн даалгавар гүйцэтгүүлж, гэрчийн мэдүүлэг авсан байна. Шүүх даалгавар гүйцэтгүүлэхдээ, эдгээр гэрчүүдээс асуух асуулт бий эсэхийг тодруулахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй холбогдоход “... асуулт байхгүй, даалгавраа явуулж болно.” гэсэн хариу өгсөн талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргажээ./хх-ийн 191/ Түүнчлэн шүүхийн даалгавар гүйцэтгүүлэх тухай хариуцагчийн хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар биечлэн оролцсон байна. Харин С.Б, Л.Ононхүү, Ц.Б, Н.Э нарыг гэрчээр оролцуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба гэрч асуух ажиллагаанд талуудыг оролцуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 205-212, 228-239-р тал/ Иймээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, гэрчүүдээс мэдүүлэг авах ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасантэй нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/02636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ