| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/04992/и |
| Дугаар | 5115 |
| Огноо | 2016-08-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 5115
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Чингис оффис 9 давхарт байрлах, регистрийн дугаар 5255961, Нэткапитал Банк Бус Санхүүгийн Байгууллагын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Тээвэрчдийн гудамж Урбанек төвийн 203 тоотод байрлах, регистрийн дугаар 5108411, Глобалбридж ХХКомпанид холбогдох
Авто машин гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунбилэг, Ж.Гунгаа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нэткапитал Банк Бус Санхүүгийн Байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ж.Гунгаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Буяндэлгэр, С.Отгонтуяа нар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр TOYOTA HILUX маркийн, 36-46 ДГО улсын дугаартай, RZN1850039154 аралын дугаартай автомашин барьцаалж 5 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 4.4 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно.Гэтэл Э.Буяндэлгэр 2016 оны 1 дүгээр сарын төлбөрөөс эхлэн хуваарийн дагуу төлөхгүй өнөөдрийн байдлаар 90 хоног хугацаа хэтэрсэн зөрчилтэй, зээлийн гэрээний үүрэг дуусаагүй байна. Зээлдэгч Э.Буяндэлгэртэй зээлийн эргэн төлөлтийг хийх талаар уулзаж, ярилцахад зээлээ төлөх боломжгүй, барьцаа хөрөнгөө худалдан борлуулж төлөх санал тавьсан.Бид зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авч фидуцийн гэрээний дагуу худалдан борлуулах гэсэн боловч Э.Буяндэлгэр нь Глобалбридж ХХКомпанитай төлбөр тооцооны асуудалтай байгаа тул авто машинаа хураалгасан байгаа талаар бидэнд мэдэгдсэн юм.Глобалбридж ХХКомпанитай бид тохиролцоонд хүрэх зорилгоор удаа дараа утсаар холбогдож, зээлдэгчтэй хамт уулзаж тохиролцоонд хүрэхээр оролдсон боловч бидний хүсэлтийг хүлээж аваагүй, тохиролцоонд хүрч чадсангүй. Глобалбридж ХХКомпани нь Э.Буяндэлгэрээс авах авалгандаа тус компанийн өмчлөлийн авто машиныг мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүй эзэмшиж ашиглаж байгаа нь бидний эрх ашгийг зөрчсөн хууль бус үйлдэл болоод байна.Нэткапитал Финанс Корпораци Банк Бус Санхүүгийн Байгууллага нь Глобалбридж ХХКомпани, иргэн Э.Буяндэлгэр нарын хоорондын тооцооны асуудалд хамааралгүй бөгөөд өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр хариуцлага хүлээх үүрэггүй.Зээлдэгч Э.Буяндэлгэрийн хүсэлтйг үндэслэн фидуцийн гэрээнд заасны дагуу зээлийн барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийг хангуулах зорилгоор авто машиныг өөрийн эзэмшилд авах шаардлагатай байна.Иймд Глобалбридж ХХКомпаниас TOYOTA HILUX маркийн, RZN1850039154 аралын дугаартай, 36-46 ДГО улсын бүртгэлийн дугаартай, авто машиныг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан тайлбартаа болон төлөөлөгч Д.Ариунболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай компани Ану Шанд ХХКомпанитай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүн нийлүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 12 дугаар сараас хойш бараа бүтээгдэхүүний үндсэн төлбөр 32 077 150 төгрөг, алданги 16 038 552 төгрөг нийт 48 115 702 төгрөгийн төлбөр тооцоог төлөхгүй байгаа.Тухайн үед С.Отгонтуяа, Э.Буяндэлгэр нар хамтран ажиллаж байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр компани дээр ирж бичиж өгсөн хүсэлтэндээ Toyota Hilux маркийн 36-46 ДГО улсын дугаартай машиныг түр барьцаалуулан үлдээж байгаагаа тэмдэглэн үлдээсэн байдаг.Авто машиныг барьцаанд үлдээхдээ Нэткапитал Банк Бус Санхүүгийн Байгууллагын барьцаанд байдаг тухай хэлээгүй бөгөөд бидэнд бичиг баримтыг нь үзүүлээгүй. Манай зүгээс иргэн Э.Буяндэлгэрийн авто машинийг хүчээр хурааж авсан зүйлгүй бөгөөд өөрийнхөн бичгээр гаргасан хүсэлтийнх нь дагуу түр хадгалж байгаа тул машиныг өгөх боломжгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нэткапитал Банк Бус Санхүүгийн Байгууллага хариуцагч Глобалбридж ХХКомпанид холбогдуулан Toyota Hilux маркийн 36-46 ДГО улсын дугаартай машин гаргуулах тухай шаардлага гаргасан байна.
Нэткапитал Банк Бус Санхүүгийн Байгууллага нь Э.Буяндэлгэртэй 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 101200570 тоот гэрээ байгуулан 6 500 000 төгрөгийг, сарын 4,50 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, мөн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Э.Буяндэлгэртэй гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 4,40 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн болох нь тэдний хооронд хийгдсэн зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Нэткапитал Банк Бус Санхүүгийн Байгууллага нь Э.Буяндэлгэртэй 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай 101201187 тоот гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээнд дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж байгаа хөрөнгийг ХХКомпаниас TOYOTA HILUX маркийн, RZN1850039154 аралын дугаартай, 36-46 ДГО улсын бүртгэлийн дугаартай, авто машин гэж талууд тохирсон байна.
TOYOTA HILUX маркийн, RZN1850039154 аралын дугаартай, 36-46 ДГО улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэл 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Нэткапитал Банк Бус Санхүүгийн Байгууллагын нэр дээр шилжиж бүртгэгдсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн тодорхойолт, лавлагаа болон уг авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Нэткапитал Банк Бус Санхүүгийн Байгууллага нь тухайн авто машиныг хариуцагч байгууллагын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үнийг 9 000 000 төгрөгөөр тооцож улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага болон Э.Буяндэлгэр нарын хооронд хийгдсэн Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидукцийн гэрээнд уг авто машиныг 6 000 000 төгрөгөөр үнэлсэн байх тул энэ үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцох нь үндэстэй байна.
Иймд нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгөөс 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 48 000 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 110 950 төгрөгийг хариуцагч байгууллагаас тус тус гаргуулан Нэткапитал Банк Бус Санхүүгийн Байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасныг баримтлан Глобалбридж ХХКомпаниас TOYOTA HILUX маркийн, RZN1850039154 аралын дугаартай, 36-46 ДГО улсын дугаартай авто машиныг гаргуулан Нэткапитал Банк Бус Санхүүгийн Байгууллагад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгөөс 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 48 000 /дөчин найман мянган/ төгрөгийг, хариуцагч Глобалбридж ХХКомпаниас 110 950 /нэг зуун арван мянга есөн зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН