Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/01813

 

 

 

 

 

 

2024             09             25                                           210/МА2024/01813

 

 

 

Б.О ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/03020 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О ын хариуцагч “Б” ХХК, “Д” ХХК, Э.Д нарт холбогдуулан гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,019,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Б.О нь Баянгол дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” нэртэй салонд 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж гоо сайханчаар ажилд орсон. Уг салоныг хариуцагч Э.Д ажиллуулдаг байсан. Б.О 2023 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж байхад салбар хариуцсан менежер болох Э.Хийг мөнгө завшсан асуудалд намайг холбож ажлаас халсан. Нэхэмжлэгч нь мөнгө завшсан асуудалд хамаагүй, дансанд нь ямар ч илүү мөнгө орж байгаагүй, энэ талаараа тайлбарласан боловч үндэслэлгүйгээр гүтгэж ажлаас халсан.

Нэхэмжлэгч нь энэ талаарх шийдвэрийг эс зөвшөөрч Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хандахад ажил олгогч компани болох “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.П тай тохиролцсоноор гомдлоо буцаан авсан. Гэвч Э.П нь бонус цалин болох 400,000 төгрөгөөс өөр юм өгөөгүй.

Ингээд нэхэмжлэгч нь 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дахин Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч гүйцэтгэх захирал болох Э.П нь хурал дээр эвлэрэх боломжгүй гэж мэдэгдсэн учир нэхэмжлэгч нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, жирэмсний тэтгэмж гаргуулах, цалингаас суутгаж байсан эрсдэлийн сангийн 10 хувийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил олгогч нь өөр хүн, хуулийн этгээд байх боломжтой нөхцөл байдал илэрсэн учир хэрэгт хамтран хариуцагчаар Э.Д , “Д” ХХК-иудыг тус тус татан оролцуулсан боловч хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагч “Б” ХХК болон “Д” ХХК-иудад холбогдох шаардлагаасаа татгалзсан.

Э.Д нь нэхэмжлэгчтэй байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ заавал байгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Мөн нэхэмжлэгчийг хууль бусаар өөрийн ажиллуулдаг Д салоны гоо сайханч ажлаас чөлөөлсөн болно.

Иймд Б.О ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоолгох, гоо сайханчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,019,000 төгрөгийг гаргуулах, 2022 оны 9 дүгээр сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Э.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.О ыг гоо засалчаар хөлсөөр ажиллуулах болсон. Тухайн үед Б.О ад нийгмийн даатгалын шимтгэл төлж чадахгүй гэдгээ хэлж, түүнтэй тохиролцон  хөлсөөр ажиллуулахаар болсон. Ингээд өдрийн хөлсийг гоо засалчаар ажиллахдаа үйлчилгээ /багц гоо сайхны эмчилгээний/-ний хөлсний 15 хувийг, курс эмчилгээ, бараа бүтээгдэхүүн борлуулсан тохиолдолд тухайн үнийн дүнгээс 20 хувийн урамшуулал авах, ажлын болон курс эмчилгээ, бараа бүтээгдэхүүн борлуулсны урамшууллын хөлсийг нь 15 хоногт нэг удаа тооцож олгож байхаар тохиролцсон.

Манай салонд хөлсөөр ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө хүсвэл курс болон бараа бүтээгдэхүүн борлуулсны урамшуулал 20 хувийг өдөрт нь олгох тохиолдол байсан. Энэ нь Э.Х, Э.П нарын мөнгө шилжүүлж байсан дансны хуулгаар батлагдана.

Б.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан гэж үзэж Б.О ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 19,019,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэг тус тус хүлээнэ” гэсний дагуу Э.Д Б.О нарын хооронд бичгээр хийгээгүй боловч хөлсөөр ажиллах талаар тохиролцсон байгаа нь мөн зүйлийн “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэсэнтэй нийцэж байгаа. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Амаар хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ”, 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” гэснээс үзэхэд ажлын хөлсийг хэрхэн яаж олгох талаар Б.О тай тохирсон. Бидний хооронд хийсэн хэлцэлд тодорхой хугацаа тохироогүй. Ямар нэг байдлаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хөлсийг цаг тухайд нь олгож явсан.

Нэхэмжлэгч нь 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх орлогоос курс эмчилгээ, бүтээгдэхүүн борлуулсны урамшуулал болох 20 хувиар тооцож 1,553,000 төгрөгийг дансаар болон бэлнээр дүү Э.Хтэй хуйвалдаж авсан болохыг олж мэдсэн учир цаашид ажиллуулахгүй гэдгийг дүү Э.П аар хэлүүлсэн.

Б.О нь надтай тооцоо нийлж эрсдэлийн сангаас 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нийт 881,600 төгрөгийг суутгаж авсан байснаас 400,000 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын ажлын хөлс болох 423,010 төгрөгийн хамт нийт 823,000 төгрөгийг өгөөд ажлын хөлсний тооцоогүй болсон.

Иймд Б.О ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Буд ирээдүй” ХХК болон “Д” ХХК-иудад холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Э.Д д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,019,000 төгрөг гаргуулах, 2022 оны 9 дүгээр сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.О ын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/03020 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “хэрэгт цугларсан дээрх баримтуудыг нэхэмжлэгчийн шүүхэд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Э.Д ыг татан оролцуулсан цаг хугацаатай харьцуулан судлахад нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд гомдол гаргаагүй гэж үзнэ. Иймд хариуцагч Даваажаргалд холбогдох Б.О ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн хугацаа тоолох зарчмыг зөрчсөн байна. Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэвэл Б.О нь 2022 оны 9 дүгээр сарын 15-нд “Д” гэх гоо сайхны салонд гоо сайханчаар ажилд орсон нь нэхэмжлэгчийн тайлбар, дансны хуулга, хариуцагч Э.Д , Э.П нарын тайлбараар нотлогддог. Энэ асуудалд хариуцагч маргадаггүй. Шүүх талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн болно. Харин тус харилцаа нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “цэцэйхэн” гэх Facebook хаягаар чат бичиж “ажилдаа ирэх шаардлагагүй болох” талаар мэдэгдсэн цаг хугацааг дуусгавар болсон гэж ойлгож байна. Хавтас хэргийн 82-85 дугаар талд чатад үзлэг хийж нотлох баримтыг хуулийн дагуу бэхжүүлсэн болно. Нэхэмжлэгч Б.О нь тус мэдэгдлийг хүлээн   аваад   3  дугаар   сардаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосон гэх гомдлыг Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд гаргасан байдаг. Энэ нь 2023 оны 06 сарын 20-ны өдрийн тус хорооны хуралдааны тэмдэглэл болон Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2024 оны 03 сарын 12-ны өдрийн №115 тоот албан бичгээр нотлогддог.

Ийнхүү 2023 оны 03 сард Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны хуралд Б ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж өөрийгөө танилцуулсан Э.П тай эвлэрч гомдлоосоо татгалзсан болно. Гэсэн хэдий ч хариуцагч эвлэрэн хэлэлцсэн тохиролцооны дагуу амлалтдаа хүрээгүй тул 2023 оны 06 сард дахин тус хороонд тухайн асуудлаар хандсан байдаг. Маргаан таслах хорооны хурал 2023 оны 06 сарын 20-ны өдөр болсон бөгөөд тус хуралд талууд эвлэрээгүй бөгөөд 06 сарын 26-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байдаг. Эндээс харвал нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Э.Д ыг татан оролцуулсан цаг хугацаатай харьцуулан судлахад нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан...бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тул 03 сарын 27-нд хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороонд хандаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болохыг хэрэгт авагдсан баримтууд харуулдаг. Мөн Д гоо сайхны салон нь Б ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг гэж нэхэмжлэгч Б.О ад ойлгуулсан. Тиймээс анх хариуцагчийг  Б гэж нэхэмжлэлээ гаргасан байдаг. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны хурлын 2023 оны 06 сарын 20-ны өдрийн тэмдэглэлд хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч Э.П “... би Б ХХК-ийн гүйцэтгэх захирал, манай компанид ажиллаж байгаад ажлаас халагдсан. Б.О ыг ажилд авсан тушаал, шийдвэр олдохгүй байна.” гэж мэдүүлсэн бол 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа “ “Б” ХХК бол барилгын засал чимэлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Д салонтой огт хамаагүй, би тус компанид ямар нэг албан тушаал эрхэлдэггүй, харин гоо сайханч Э.Д тай хөдөлмөрийн гэрээ хийж, Д салонд зохион байгуулагчаар ажилладаг” гэх зэргээр нэхэмжлэгчийг санаатай төөрөгдөлд оруулсан. Хариуцагч Э.Д нь “Б”, “Д” гэх өөр хуулийн этгээдийн нэр ашиглаж, хууль бус үйлдэл гаргасан, ажилтантай гэрээ байгуулдаггүй, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлдөггүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдсон.

Хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйл ажиллагаа, санаатай төөрөгдүүлсэн үйлдлээс хамаарч тус хэрэг маргаанд хариуцагчийг тодорхойлоход хүндрэл учирсан. Нэхэмжлэгч талын зүгээс дансны хуулга, Э.Д , Э.П нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтыг үндэслэн Э.Д ыг хариуцагчаар татах хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангасан. Энэ цаг хугацаа бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан цаг үе байсан тул хуулийн хугацаа тоологдохгүй гэсэн Иргэний хуулийн заалтыг шүүх зөрчжээ.

Хариуцагч Э.Д нь тайлбартаа Б.О тай хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаанд оролцсон, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, гэрээ хийгээгүй, харилцааг дуусгавар болгоход хуулийн дагуу тушаал гаргаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иймээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06  дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/03020 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүсэж байна гэжээ. 

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх утгаар гомдол гаргасан боловч энэ нь уг хэрэгт хамааралгүй. Э.Д ыг хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Д” ХХК, Э.Д нарыг “Б” ХХК-тай хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч, нэхэмжлэгчийг жинхэнэ хариуцагч, нэхэмжлэгчээр солих гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих хүсэлт гаргаагүй, эсвэл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж заасан. “Б” ХХК-тай холбогдуулан Э.Д ыг хамтран хариуцагчаар татаж, “Б” ХХК-иас татгалзсан. Нэхэмжлэгч нь “Б” ХХК-ийг нэхэмжлэлийг хариуцах этгээд биш гэж үзэж хамтран хариуцагчаар татсан Э.Д аас нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад хувиараа хөдөлмөр эрхлэгч Э.Д нь “Д” оноосон нэр бүхий гоо сайхны газрыг ажиллуулж байгаа гэж тодорхойлсон. Шүүх талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж дүгнэснийг бид хүлээн зөвшөөрсөн. 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой заасан. Б.О “Б” ХХК-ийн асуудлыг Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд гаргасан. Тухайн үед зохион байгуулагчаар ажиллаж байсан Э.П нь Б.О тай тохиролцож дутуу мөнгөө өгч, ажилд орохгүй гэсэн яриа хэлцэл хийж дуусгасан. Э.Д д холбогдуулаад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.2-т заасны дагуу гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                    

                                                                      ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Б” ХХК, “Д” ХХК, Э.Д нарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,019,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч “Б” ХХК, “Д” ХХК-иудад холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

 

            3. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Э.Д ын эрхлэн ажиллуулдаг “Д” гоо сайханы газарт 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд гоо сайханчаар ажиллаж байсан болох нь талуудын тайлбар, Хаан банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулга, фэйсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогджээ. /1-р хх-ийн 1, 54-71,196, 2-р хх-ийн 13-14/

Энэ хугацаанд нэхэмжлэгч Б.О нь нийт 4,389,000 төгрөгийн цалин хөлс авсан боловч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлж байгаагүй талаар зохигч хэн аль нь тайлбарласан байна.

 

            4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч талтай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэсэн, цалин хөлс авч байсан, хариуцагч тал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосон” гэж тодорхойлсон. Харин хариуцагч нь “Б.О тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, ажлын хөлсийг цаг тухайд нь олгосон” гэж татгалзлаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл нь талуудын хооронд ямар төрлийн гэрээ байгуулагдсан тухай байх бөгөөд гэрээний харилцааг хэрхэн тодорхойлох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

5.а. Шүүх талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байна.

Хэдийгээр зохигч бичгийн гэрээ байгуулаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ажил олгогч нь иргэн хүн байх боломжтой боловч талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, хөдөлмөрийн гэрээ нь байнгын ажлын байранд тогтвортой үргэлжлэх үүрэг үүсгэдгээс гадна цалин хөлс, ажиллах цаг харьцангуй тодорхой байдаг. Харин хөлсөөр ажиллах гэрээ нь хэлцлээр тохиролцсон үндсэн үүргийн хүрээнд холбогдохоос бусад харилцан хамааралтай шинж байдаггүй буюу өдөр тутамд байнгын хэрэгцээ үүсдэггүй, тодорхой хэрэгцээт ур чадварыг шаарддагаараа хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай.

 

5.б. Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.О нь хариуцагч байгууллагад ажиллах хугацаанд хөдөлмөрийн гэрээний дагуу харьцангуй тогтвортой үргэлжлэх үүрэг гүйцэтгэж байсан эсэх нь эргэлзээтэй, ажиллах цаг, захирах, захирагдах шинжтэй харилцааг үүсгэсэн гэж үзэхээргүй байна. Түүнчлэн хэргийн 54-71 дүгээр талд авагдсан Хаан банк дахь нэхэмжлэгч Б.О ын дансны хуулгаас үзэхэд “цалин” гэсэн утгаар нийт 62 удаагийн орлого орсон байх боловч энэ нь цаг хугацааны хувьд тодорхой давтамжгүй, тогтмол биш дүнгээр шилжүүлэг хийгдсэн байх тул хөдөлмөрийн гэрээний дагуу цалин, хөлс авч байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

5.в. Хариуцагчийн менежер Э.Пагамдуламаас нэхэмжлэгч Б.О ад мессеж илгээн гэрээг цуцлах талаар мэдэгджээ. /1-р хх-ийн 82-84/

Нэхэмжлэгчийн гаргасан гэх үүргийн зөрчлийн улмаас гэрээ цуцлагдсан гэж талууд  тайлбарласан ба хэрэгт авагдсан баримтуудаар уг зөрчил тогтоогдоогүй боловч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан журмаар хариуцагчийн санаачилгаар гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон.

Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй.

 

5.г. Хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон тул түүнээс хойшхи үр дагаврыг талууд шаардах эрхгүй. Талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй учраас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2022 оны 9 сараас хойших хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага нь мөн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ. Талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгээгүй, хөлсөөр ажиллах гэрээний харилцааг үүсгэсэн тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоолох журам зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

6. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үнийн дүнд хамаарах улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, улсын төсвийн дансанд оруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/03020 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Д д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,019,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2022 оны 9 сараас хойшхи хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Б.О ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 253,045 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөх 253,045 төгрөгийг Б.О аас гаргуулж, улсын төсвийн 100200700941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНДИЙМАА

 

                                               ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.ДАВААДОРЖ