Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 869

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,                           

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г холбогдох эрүүгийн 1806 08321 1002 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.Г, 1980 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, “Урага Эки” ХХК-нд галч хийдэг, ам бүл 1, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, 40 дүгээр гудамж 641 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, 

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 40 дүгээр гудамжны 641 тоотод хохирогч Д.Галбадрахтай маргалдаж, улмаар түлхэж газар унагааж, хөлөөрөө зүүн шилбэ, нүүрэн тус газар нь өшиглөж  эрүүл мэндэд нь “баруун, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Д.Галбадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2018 оны 10 сарын 11-ний өдөр намайг гэртээ байж байхад манай төрсөн дүү Пүрэвсүрэн 12 цагийн орчим ганцаараа ирсэн. Манай гэрт нэг шил 0.5 литрийн Хараа архи байсныг бид хоёр хувааж уугаад Пүрэвсүрэн гарч нэг шил 0.5 литрийн Хараа архи авчираад бид хоёр хувааж уусан. Тэгээд 15 цагийн үед гэрээс гараад Ботаникийн эцэс рүү Эрдэнэ толгойн гудамжаар уруудаад явж байхад согтоод би явж чадахгүй байхаар нь замын хажууд суухаар машинд дайруулчих гээд байхаар нь нэг онгорхой хашаа байхаар нь ороод байшингийн шатан дээр суугаад унтаж байтал нүүрэн тус газар нэг зүйл цохих шиг болохоор нь сэртэл нэг залуу намайг цохиж байсан. Сэрээд харахад Пүрэвсүрэн бас миний хажууд байсан. Тэр залуу бид хоёрыг зодож байгаад яваад өгсөн Эхлээд миний хамар руу цохиход би сэрсэн. Тэгээд хамараас цус гарахад хоёр хөлөөрөө ээлжлэн миний хөлийн хоёр шилбэ рүү өшиглөөд байсан. I эр залуу минии унтаж оаисан оаишин луу орох ши1 болсон. Шинжээч эмчийн дүгнэлтэд дурьдсан гэмтлийг тухайн залуу хамар руу нэг удаа цохиж, миний хөлийн шилбэ рүү өшиглөж учруулсан. Би эмчилгээ хийлгээгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг нэхэмжилж байна. Харин эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

Яллагдагч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг гүний худгийн урд талд байдаг гурван давхар нийтийн байр, мөн халуун усны газарт галч хийж тэндээ амьдардаг байсан. Тухайн өдөр ажил дээрээ байж байхад манай нийтийн байрны хашаан дотор 50 гаран насны хоёр эрэгтэй согтуу орж ирээд хашаанд архи уугаад байхаар нь би очоод "та хоёр хашаанаас гар" гэж хэлсэн чинь настай нэг ах нь "танай гэрт орж архи уусан юм уу, юун сүртэй юм" гээд байхаар нь би шилтэй архийг нь булааж аваад газар шидэж хагалсан чинь нөгөө ах "чи муу хүний ууж байга архи хагалдаг хэн бэ" гээд босоод ирхээр нь би "чиний ууж иддэг газар биш" гэж хэлээд би нөгөө ахыг нэг алгадаад цааш нь түлхэж газар унагаагаад дээрээс нь хөлөөрөө 2-3 удаа хүчтэй өшиглөсөн. Тэгтэл нөгөө ахтай хамт байсан 40 гаран насны залуу тасарчихсан босохгүй байхаар нь "энэ хүнээ ав" гэсэн чинь нөгөө ах тасарчихсан байсан залуугаа чирээд гарсан. Хохирогч Д.Галбадрахыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргээ хүлээж байна, миний буруу..." гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12357 дугаартай дүгнэлт:

  1. Д.Галбадрахын биед баруун, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 28/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35/, эрүүгийн хариуцлаг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 40 дүгээр гудамжны 641 тоотод хохирогч Д.Галбадрахтай маргалдаж, улмаар түлхэж газар унагааж, хөлөөрөө зүүн шилбэ, нүүрэн тус газар нь өшиглөж  эрүүл мэндэд нь “баруун, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Д.Галбадрахын: "...2018 оны 10 сарын 11-ний өдөр ...Эрдэнэ толгойн гудамжаар уруудаад явж байхад согтоод би явж чадахгүй байхаар нь замын хажууд суухаар машинд дайруулчих гээд байхаар нь нэг онгорхой хашаа байхаар нь ороод байшингийн шатан дээр суугаад унтаж байтал нүүрэн тус газар нэг зүйл цохих шиг болохоор нь сэртэл нэг залуу намайг цохиж байсан. Сэрээд харахад Пүрэвсүрэн бас миний хажууд байсан. Тэр залуу бид хоёрыг зодож байгаад яваад өгсөн Эхлээд миний хамар руу цохиход би сэрсэн. Тэгээд хамараас цус гарахад хоёр хөлөөрөө ээлжлэн миний хөлийн хоёр шилбэ рүү өшиглөөд байсан. Тэр залуу миний унтаж байсан байшин луу орох шиг болсон” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Г+ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Г хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Д.Галбадрах нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Г-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Г нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

            5. Хохирогч Д.Галбадрах нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР