| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01170/И |
| Дугаар | 01167 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 01167
2016 оны 09 сарын 23 өдөр Дугаар 142/ШШ2016/01167 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сумдундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 55 настай эмэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Ургацын 01 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух, Сартуул овгийн Түдэвийн Даваасүрэнгийн /регистрийн дугаар ИЭ61082869/ хүсэлттэй Завхан аймгийн Улиастай хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох, 514574 тоот хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Миний бие Т.Даваасүрэн нь 1981 онд Завхан аймгийн Улиастай хотын нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчноор орон тасралтгүй 26 жил ажилласан. Гэтэл тэтгэвэрт гарах гэтэл 1981 оны 07 дугаар сарын 05-наас 1990 оны 01 дүгээр сарын 01 хүртэл ажиллаж байсан үеийн архивын баримт байгаа боловч тухайн үеийн тушаал нь буруу гарсан байна. 1981 оны 07 сарын 05-наас 1990 оны 01 сарын 01 хүртэл оёдолчноор ажиллаж байсныг нотлох баримт болон тухайн үед хамт ажиллаж байсан 3 хүн байгаа болно. Иймд тухайн үед ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.Мөн миний хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг Пүрэв гэж буруу бичсэн байх тул намайг 1981 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Даваасүрэн нь 1981 оны 07 дугаар сарын 05-наас 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан байдлаа, мөн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Завхан аймаг Улиастай хотын Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1971 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаартай ТМС төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалд “...Түдэвийн Даваасүрэнг оёдолчноор томилсугай” гэжээ.
2. Завхан аймаг Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тушаалд “...хамт ажиллаж байсан мастер Б.Норовоо, оёдолчин Т.Даваасүрэн, Б.Жавзан нарын тодорхойлолт, архивын магадлагаа зэргийг үндэслэн....” гэжээ.
3.1981 оны 06 дугаар сарын 23-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “1981 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Оёдлын тасагт оёдолчноор томилон ажиллуулав, 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийнх нь хүсэлтээр өөр газар ажиллуулахаар оёдлын ажлаас чөлөөлөв” гэжээ.
4.Гэрч Б.Нямхүү шүүхэд мэдүүлэхдээ: “Даваасүрэн 1981 онд Оёдлын ТМС төгсөж ирээд Завхан аймгийн Улиастай хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажилд ороод 1995 он хүртэл ажилласан. Би 1979-1995 он хүртэл хамт нэг тасагт оёдолчноор ажиллаж байсан” гэжээ.
5.Гэрч Б.Нямхүүгийн хөдөлмөрийн дэвтэрт “1978 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Комбинатад оёдолчноор авч ажиллуулав, 1991 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул оёдолчны ажлаас чөлөөлөв” гэжээ.
6.Гэрч Л.Энхтуяа шүүхэд мэдүүлэхдээ: “Намайг 1983 онд Оёдлын ТМС төнгсөж ирээд Нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажилд ороход Даваасүрэн тэнд оёдолчноор ажиллаж байсан, 1995 онд нийтийн аж ахуйн үйлчилгээ тарахад бид бүгд ажилгүй болж байсан” гэжээ.
7.Гэрч Л.Энхтуяагийн хөдөлмөрийн дэвтэрт “1983 оны 07 дугаар сарын 15-ны өдөр оёдолын тасагт оёдолчноор томилон ажиллуулав” гэжээ.
8.Гэрч Н.Дашдулам шүүхэд мэдүүлэхдээ: “Би 1970 онд Завхан аймгийн Улиастай хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд гутлын эсгүүрчнээр ажиллаж байгаад 1976 оноос оёдлын эсгүүрчнээр ажиллаж эхэлсэн. Даваасүрэн 1981 онд Оёдлын ТМС төгсөж ирээд оёдлын тасагт оёдолчноор ажилд орж байсан, бид дараа нь гэр ахуйн эсгүүрчнээр хамт ажиллаж байсан” гэжээ.
9.Гэрч Н.Дашдуламын хөдөлмөрийн дэвтэрт “1971 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн үйлдвэрийн холбооны төвийн үйлдвэрийн гутлын тасагт нормчноор авч ажиллуулав, 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдөр оёдлын тасгийн эсгүүрчний ажлаас чөлөөлж өндөр насны тэтгэвэрт гаргав” гэжээ.
Нэхэмжлэгч Т.Даваасүрэн нь 1981 оны 07 дугаар сарын 05-наас 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан болох нь Завхан аймаг Улиастай хотын Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1971 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаартай ТМС төгсөгчдийг ажилд томилох тухай тушаал, Завхан аймаг Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тушаал, 1981 оны 06 дугаар сарын 23-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, гэрч Б.Нямхүү, Л.Энхтуяа, Н.Дашдулам нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Нямхүү, Л.Энхтуяа, Н.Дашдулам нарыг гэрчээр асуусан ба гэрч Б.Нямхүү, Л.Энхтуяа, Н.Дашдулам нар нь Завхан аймгийн Улиастай хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчоноор хамт ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.
Завхан аймаг Улиастай хотын Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1971 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаартай тушаалд ТМС төгсөж ирсэн доорхи хүмүүсийг мэргэжлийн дагуу хувиарлаж 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай.Үүнд 1.Түдэвийн Даваасүрэнг оёдолчноор гэсэн байх ба энэ нь хүсэлт гаргагч Т.Даваасүрэнд 1981 оны 06 дугаар сарын 23-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичсэн тушаалтай тохирч байх тул 1981 оны 06 дугаар сарын 23-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт Даваасүрэнгийн овгийг Пүрэв гэж ташаа бичсэн байх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Түдэвийн Даваасүрэн нь 1981 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Т.Даваасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1981 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Сартуул овгийн Түдэвийн Даваасүрэн мөн болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Даваасүрэнг 1981 оны 07 дугаар сарын 05-наас 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Даваасүрэнгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА