| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2019/0046/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2019-05-05 |
| Зүйл хэсэг | 24.3.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А,
Улсын яллагч Э.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.С, М.Д,
Шүүгдэгч Ө.У, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ө.У,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д..Б нарт холбогдох эрүүгийн 1820000990058 тоот хэргийг 2019 оны 05 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 12-р хороонд оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д.Б,
Монгол Улсын иргэн, Дундговь аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, Т овогт Ө.У,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.У нь Д.Б-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 09- ний өдөр Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт орших хилийн боомтын автомашин шалган нэвтрүүлэх цэгийн импорт талаар ... улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар нэвтрэхдээ 1 бүр нь 25 кг жинтэй 40 шуудай кальцийн гипохлоритийг Байгаль орчин аялал жуучлалын яамны “Химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл”-гүйгээр тээвэрлэсэн,
Мөн шүүгдэгч Ө.У нь Д.Б-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт орших хилийн боомтын автомашин шалган нэвтрүүлэх цэгийн импорт талаар ... улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар нэвтрэхдээ 1 бүр нь 25 кг жинтэй 40 шуудай кальцийн гипохлоритийг Байгаль орчин аялал жуучлалын яамны “Химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл”-гүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт орших хилийн боомтын автомашин шалган нэвтрүүлэх цэгийн импорт талаар ... улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар 1 бүр нь 25 кг жинтэй 40 шуудай кальцийн гипохлоритийг Байгаль орчин аялал жуучлалын яамны “Химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл”-гүйгээр авсан,
Шүүгдэгч Д.Б нь Ө.У-тэй бүлэглэн 1 бүр нь 25 кг жинтэй шуудай кальцийн гипохлоритийг Байгаль орчин аялал жуучлалын яамны “Химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл”-гүйгээр тээвэрлэсэн. Мөн яллагдагч Д.Б нь ялагдагч Ө.У-тэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт орших хилийн боомтын автомашин шалган нэвтрүүлэх цэгийн импорт талаар ... улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар нэвтрэхдээ 1 бүр нь 25 кг жинтэй 40 шуудай кальцийн гипохлоритийг Байгаль орчин аялал жуучлалын яамны “Химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл”-гүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ө.У мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто шалган нэвтрүүлэх боомтоор ариутгалын бодис нэг тоон болох 40 шуудайг оруулж ирж Монголын хил дээр гаалийн байцаагч Н гэдэг хүнд шалгуулан хураагдсан. Би Эрээнээс нэг удаагийн бараа ачдаг газраасаа бараа авах гээд очиход 40 шуудай хлорамин байна ачих уу гэхээр нь нэг нь хэдэн юань бэ гэхэд нэг шуудайг нь 23 юанаар гэхээр нь ачсан. Ачаад Монголын хил дээр орж ирээд баригдсан. Гаалийн байцаагч бараа чинь хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлтэй орж ирэх ёстой гээд шалгаж эхэлсэн. Гаалийн байцаагчийн өмнө Хорио цээрийн байцаагчид би бараагаа шалгуулаагүй шороо салхитай байсан учир байцаагч нь дотроо өрөөндөө байж байгаад хилээр гарах ягаан бичгээ бичиж өгсөн. Намайг юу ачиж явсанг тэр байцаагч мэдээгүй би тэр байцаагчийг хэн гэдгийг би мэдэхгүй. БНХАУ-ын Эрээн хотын нэг удаагийн бараа үйлдвэрлэдэг үйлдвэрийн эзэн ачуулсан. Хэн хүлээж авахыг нь надад хэлээгүй бодис хийсэн шуудайн дээр утас нь байгаа тэр утсаар ачаа тээшинд өгчих гэж хэлсэн. Ачаа тээш авдаг газар утсаар нь холбогдоод Улаанбаатар луу явуулдаг. Би нэг удаагийн бараагаа ч мөн адил ачаа тээш авдаг газар өгөөд тэр газар хүмүүстэй нь холбогдоод л хүргүүлдэг. Одоо миний ачиж ирсэн бодис Замын-Үүдийн хорио цээрийн агуулахад байгаа. Миний тухайн үед унаж явсан ... улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшилийнх биш Л гэдэг хүний нэр дээр байдаг тэр хүний тээврийн хэрэгсэл. Энэ хэрэг гарснаас хойш би айгаад тэр хүнд машиныг нь буцаагаад өгсөн. Өдрийн 100 юанаар түрээслэн унадаг байсан. 25 кг-ийн 40 шуудай бодис байсан. Өөрөөр хэлүүл 1 тонн гэсэн үг. Уг бодисыг би өөрөө тээвэрлэн улсын хилээр орж ирсэн. Тухайн үед би ганцаараа явж байсан. Би энэ хэргийг санаатай хийгээгүй бөгөөд өөрийн болгоомжгүйгээс болж ийм хэрэгт холбогдлоо хэрэв хориглосон ачаа мэдсэн бол тээвэрлэхгүй байсан ...Би ачааны эзэн гэх ... дугаартай хүнийг танихгүй, тэр хүнд зөвшөөрөл байдаг эсэхийг мэдэхгүй, надад тусгай зөвшөөрөл байхгүй, бид нар Эрээн хотоос 1 удаагийн бараа ачдаг газраас хятадуудаас очоод л бараа аччихсан юм. Би дээрх бодисийг тээвэрлэсэн нь үнэн л юм чинь хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй. Хязгаарласан бодис гэдгийг нь мэдээгүй ачсандаа харамсаж байна. Эрээн хотоос Замын-Үүд рүү ачаа ачаад орж ирэхэд 8 км орчим байдаг юм, нийт 40 шуудайтай бодис байсан ба би 1 шуудайг нь 30 юань буюу 10,000 төгрөгөөр нийт 400,000 төгрөгөөр тээвэрлэсэн юм. Өөр бараа байгаагүй. Ахуйн бараа ачихад хайрцагны овор хэмжээнээс хамаарч хамгийн хямд нь 3 юань тэгээд дээшээ ханш нь өсөөд 50 юань ханштай байдаг байсан одоо өнгөрсөн 6 сарын 15-наас УАЗ-469 машинаар ачаа ачуулахаа больчихсон. Тэр хүнийг танихгүй, харин БНХАУ-ын Эрээн хотоос Хятад авгай барааг ачуулахдаа энэ дугаарыг тавиад Улаанбаатар хот орох каргонд тавиад явуулаарай. Эзэнтэй ачааг бол эзэн нь өөрөө гаалийн байцаагчид ачаагаа үзүүлээд татвараа төлөөд гардаг, харин эзэнгүй ачааг бол жолооч өөрөө хариуцаж гаргадаг юм... Тусгай зөвшөөрөлтэй байж оруулдаг гэдгийг сайн ойлгож мэдсэн. Хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 130-131, 132-136/,
- Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би урд нь хлорамин болон өөр төрлийн бодис оруулж ирж байгаагүй. Анх удаа л оруулж ирж байгаад баригдсан. Би Замын-Үүдийн хил боомтоор оруулж ирдэг. Би хлораминыг их эрсдэлтэй импортын барааны жагсаалтанд ордог гэж мэдээгүй, сая л баригдаад мэдэж авч байна. Надад ийм тусгай зөвшөөрөл байхгүй. Тусгай зөвшөөрөлтэй байж оруулж ирдэг гэдгийг нь сая мэдлээ. Би бол гаалийн бүрдүүлэлт хийгээгүй. Улаанбаатар хотод байсан болохоор барааны үнэ гэж 1,080,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний юань Л-н данс руу юань гуйвуулгын газраас цагаан сарын үеэр л шилжүүлсэн юм. Би Л-тай ярихад 1 шуудай нь 25 кг-тай 40 шуудай хлорамин явуулаарай гэж захисан юм. Л-тай гаалийн бүрдүүлэлтийн талаар ярьж тохирсон зүйл байхгүй. Тэд өөрсдөө хийгээд явуулна гэж бодсон... Би Хятад улс руу наймааны түнш болох Л руу хлорамин захиж мөнгө шилжүүлэхдээ өмнө авсан нэг удаагийн хоол хүнсний хэрэглэлийнхээ мөнгийг хамт шилжүүлж нийт 30,000 юань 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн юм. Хлорамины үнэ ачааны үнэтэй нийлээд 772,560 төгрөг буюу 2,088 юань үлдсэн мөнгө нь өөр барааны мөнгө байгаа юм... Тусгай зөвшөөрөл авдаг гэдгийг нь мэдээгүй. Л-д бүх бичиг баримт нь байгаа болно гэхээр нь болдог юм байх гэж бодсон юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 154-157 /,
- Иргэний нэхэмжлэгч Ш.А мөрдөн шалгах ажиллагаанд: “2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор химийн болон аюултай бодисын тухай хуулиар хязгаарласан бараа болох кальци гипохлорид нэртэй 40 шуудай химийн хорт бодисыг иргэн Ө.У Монгол Улсын хилээр хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн хэрэгт намайг Дорноговь аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас иргэний нэхэмжлэгчээр томилон оролцуулахаар болсон. ... Улсад учруулсан хохирол одоогоор байхгүй байгаач хэрэв хохирол тогтоогдвол түүнийг нэхэмжлэнэ” гэжээ. /1хх-ийн 115-116/,
- Гэрч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр АЗШН цэг 1 дээр үүрэг гүйцэтгэж байхад программаар хуваарьлагдсаны дагуу ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлд шалгалт хийх болсон. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч эрэгтэй хүн хилээр нэвтрэх баримтыг авч ирсэн ба гараад машиныг шалгахад ахуйн бараа болон 40 шуудай нунтаг цагаан өнгийн бодис байсан. Тэгээд би жолоочоос нь энэ юу бэ? Ямар бүтээгдэхүүн бэ гэхэд энэ бол хлорамин гэсэн. Уг бодис нь Эрүүл мэндийн яамнаас олгодог тусгай зөвшөөрлийн дагуу хилээр оруулж ирэх бараа байна гэхэд энэ бодисны эзэн бичиг баримттайгаа УБ хотод байгаа, бичиг баримтыг нь авч ирээд бүрдүүлэлтээ хийлгээд аваад явж болох уу гэхээр нь болно бичиг баримт иртэл нь тухайн тээврийн хэрэгслийг саатуулах болсон. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч цагаан сар удахгүй болно баяр өнгөрөөгөөд ирээд асуудлаа шийдүүлж болох уу? гээд явсан. Цагаан сарын дараа 03 сарын 05-ны орчимд надтай холбогдоод машинаа авмаар байна гэхэд нь бичиг баримт, барааны эзнээ авч ирсэн үү? гэхэд барааны эзэн ирэх завгүй би өөр дээрээ бүрдүүлэлт хийлгээд авч болох уу гэхээр нь болноо гэсэн. Тэрнээс хойш тухайн жолоочийн эхнэр надтай холбогдох болсон. 3 сарын эхээр холбогдохдоо машин маань хэрэг болоод байна гэхээр нь бараа саатуулах хуудас бичиж өгөөд Гаалийн түр агуулахдаа 40 шуудай бодисыг хийсэн. 03 сарын 20-ны орчим жолоочийн эхнэр надтай утсаар холбогдож тусгай зөвшөөрлийг авч чадахгүй байна гээд ирэхээр нь тухайн үедээ ахлах, дарга нартаа мэдэгдэж харьяаллаар Хилийн мэргэжлийн хяналтын алба руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 25-27/,
- Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд: “... Ө.У-н Замын-Үүд боомтоор оруулж ирсэн ариутгалын бодис нь Гаалийн салбар лабораторийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0002818 дугаартай сорилын дүнгийн хуудсаар Кальци Гипохлорид гэх химийн хорт бодис болох нь тогтоогдсон. Уг бодисыг хувь хүн бүрдүүлэлт хийгээд суудлын тээврийн хэрэгсэлд ачиж Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг ба энэ бодис нь Байгаль орчин ногон хөгжил, аялал жуулчлалын сайд, эрүүл мэнд спортын сайд 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3-р хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 495 дугаарт бүртгэгдсэн Кальци Гипохлорид нэртэй химийн хорт бодис юм. Химийн бодисын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зохих зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюулт бодисыг Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно гэсэн заалт байдаг. Уг химийн хорт бодисыг аж ахуй нэгж байгууллага Байгаль орчин аялал жуучлалын яамнаас тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр Улсын импортлох, экспортлохыг зөвшөөрдөг. Тийм учраас Ө.У-н гаргасан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй учраас цагдаагийн байгууллага руу харьяаллын дагуу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 28-29/,
- Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “... Хлор нь ууршимтгай бодис тул зориулалтын сав, агуулахад хадгалаагүй тохиолдолд амьсгалын замаар хүнд хор нөлөө үзүүлнэ. Уг бодисыг ашиглахдаа стандарт аргачлалын дагуу хэмжээ нормыг нь тааруулахгүй бол мөн хорт нөлөө үзүүлнэ. Өөрөө ууршимтгай бодис тул хүний амьсгалын замыг үрэвсүүлэх, харшил үүсгэх, хордлогод оруулах гэх мэт хорт нөлөө үзүүлнэ. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 121-122/,
- Гэрч Р.Л мөрдөн шалгах ажиллагаанд: “... Миний бие тухайн ... улсын дугаартай автомашиныг 2015 онд анх 1,800,000 төгрөгөөр худалдаж аваад түүнээс хил орчмоор хүн ба ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаад 2016 оны 04 дүгээр сарын үеэс Ө.У гэх хүнд түрээсээр өгсөн юм. Ө.У нь тухайн автомашинаар хилээр орж гардаг байсан. Би түүнд 1 өдрийн 50 юаниар түрээсээр өгсөн байсан юм. Гэтэл Ө.У нь хориотой бараа таваар ачиж хэрэгт холбогдон шалгагдах болсон байна. Би Ө.У-с 2018 оны 12 дугаар сард авто машинаа эргүүлэн авсан одоо манай гэрийн гадаа байгаа. Ө.У бидний дунд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Ө.У-с нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 233-234/,
- Гаалийн салбар лабораторийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны 0002818 дугаар шинжилгээний дүнд:
1. Шинжилгээний дүнгээс үзэхэд тус химийн бодис нь “БТКУС код-2828.10.00-д хамаарах кальцийн гипохлорит байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 14/,
- Химийн бодис эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 62/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 66/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 67/,
- Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 163-164 / болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Б нь БНХАУ-ын Эрээн хотоос 1 бүр нь 25 кг бүхий 40 шуудай кальцийн гипохлорит худалдан авсан, түүний худалдан авсан кальцийн гипохлоритыг шүүгдэгч Ө.У нь ... улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар тээвэрлэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.
Кальцийн гипохлорит нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтанд орсон байх бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.3-т зааснаар Байгаль орчны чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж нь химийн хорт болон аюултай бодисыг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх эрхтэй байна. Мөн Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Зохих зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэврүүлэхийг хориглоно гэж заажээ.
Шүүгдэгч Д.Б, Ө.У нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр 25 кг бүхий 40 шуудай кальцийн гипохлоритыг улсын хилээр нэвтрүүлсэн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Б-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдан авч улсын хилээр нэвтрүүлсэн, шүүгдэгч Ө.У-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэн улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын дээрх гэмт хэрэгт гэм буруутайд болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Ч.Н-н “... Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр АЗШН цэг 1 дээр үүрэг гүйцэтгэж байхад программаар хуваарьлагдсаны дагуу ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлд шалгалт хийх болсон... гараад машиныг шалгахад ахуйн бараа болон 40 шуудай нунтаг цагаан өнгийн бодис байсан. Тэгээд би жолоочоос нь энэ юу бэ? Ямар бүтээгдэхүүн бэ гэхэд энэ бол хлорамин гэсэн. Уг бодис нь Эрүүл мэндийн яамнаас олгодог тусгай зөвшөөрлийн дагуу хилээр оруулж ирэх бараа байна гэхэд энэ бодисны эзэн бичиг баримттайгаа УБ хотод байгаа, бичиг баримтыг нь авч ирээд бүрдүүлэлтээ хийлгээд аваад явж болох уу гэхээр нь болно бичиг баримт иртэл нь тухайн тээврийн хэрэгслийг саатуулах болсон... тусгай зөвшөөрлийг авч чадахгүй байна гээд ирэхээр нь тухайн үедээ ахлах, дарга нартаа мэдэгдэж харьяаллаар Хилийн мэргэжлийн хяналтын алба руу шилжүүлсэн...” гэсэн, гэрч С.М-н “...Ө.У-н Замын-Үүд боомтоор оруулж ирсэн ариутгалын бодис нь Гаалийн салбар лабораторийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0002818 дугаартай сорилын дүнгийн хуудсаар Кальци Гипохлорид гэх химийн хорт бодис болох нь тогтоогдсон. Уг бодисыг хувь хүн бүрдүүлэлт хийгээд суудлын тээврийн хэрэгсэлд ачиж Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг ба энэ бодис нь Байгаль орчин ногон хөгжил, аялал жуулчлалын сайд, эрүүл мэнд спортын сайд 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3-р хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 495 дугаарт бүртгэгдсэн Кальци Гипохлорид нэртэй химийн хорт бодис юм... Уг химийн хорт бодисыг аж ахуй нэгж байгууллага Байгаль орчин аялал жуучлалын яамнаас тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр Улсын импортлох, экспортлохыг зөвшөөрдөг…” гэсэн, гэрч Б.Г-н “... Хлор нь ууршимтгай бодис тул зориулалтын сав, агуулахад хадгалаагүй тохиолдолд амьсгалын замаар хүнд хор нөлөө үзүүлнэ. Уг бодисыг ашиглахдаа стандарт аргачлалын дагуу хэмжээ нормыг нь тааруулахгүй бол мөн хорт нөлөө үзүүлнэ. Өөрөө ууршимтгай бодис тул хүний амьсгалын замыг үрэвсүүлэх, харшил үүсгэх, хордлогод оруулах гэх мэт хорт нөлөө үзүүлнэ...” гэсэн мэдүүлгүүд, химийн бодис эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Гаалийн салбар лабораторийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны 0002818 дугаар шинжилгээний химийн бодис нь “БТКУС код-2828.10.00-д хамаарах кальцийн гипохлорит байна” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нийслэлийн прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У-г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г зүйлчилж ирүүлснийг шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох” гэнэ гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын оролцоог тогтоогоогүй бөгөөд хамтран оролцсон нь нотлогдохгүй байна. Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлгүй. Шүүгдэгч нар нь Эрээн хотоос химийн хортой, аюултай бодисыг худалдаж аваад тээвэрлэсэн нь гэмт хэрэг биш харин зохих тусгай зөвшөөрөл аваагүй улсын хилээр нэвтрүүлж байгаа үйлдэл нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд уг гэмт хэргийг гадаад улсад үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл худалдаж аваад улсын хилээр нэвтрүүлээгүй, тээвэрлэж яваад улсын хилээр нэвтрүүлээгүй Эрээн хотод байлгасан бол гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээргүй юм.
Иймд шүүгдэгч Ө.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тусад нь зүйлчилсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, тэдний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх ба уг тээврийн хэрэгсэл нь иргэн Р.Л-н өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрч Р.Л-н мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 800,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан 25 кг бүхий 40 шуудай кальцийн гипохлоритыг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны итгэмжлэгдсэн лабораторын “ ... ариутгалын бодис, цагаан саарал өнгөтэй, хлорын хурц үнэртэй, нэгэн төрлийн нунтаг бодис, гадны хогт хольцгүй” гэсэн 2541/2542 дугаартай сорилтын дүн гарсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор Замын-Үүд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Т овогт Ө.У-г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Б овогт Д.Б нарт зүйлчилж ирүүлснийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдан авч улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг, шүүгдэгч Ө.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэн улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У, Д.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Шүүгдэгч Ө.У, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх мэргэжлийн хяналтын газрын агуулахад хадгалагдаж байгаа нэг бүр нь 25 кг савлагаатай 40 шуудай кальци гипохлоридийг улсын орлого болгохоор Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 800,000 төгрөгийг шүүгдэгч Д.Б, Ө.У нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.У, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н