Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 101/2024/03289/И |
Дугаар | 210/МА2024/01859 |
Огноо | 2024-10-07 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2024/01859
2024 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 210/МА2024/01859 |
,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/03290 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,,,,,,,,,-д холбогдох,
11,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
,,,,,,,,,,,,-тай 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу зөөврийн компьютер, процессор, дэлгэц зэрэг 16,800,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг нийлүүлсэн.
,,,,,,,,,,,, нь гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөрийг удаа дараа амаар болон бичгээр шаардсан боловч биелүүлээгүй. Мөн гэрээнд алдангийн талаар заасан.
Иймд барааны үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөг, нийт 11,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Гэрээнд заасан бараа бүтээгдэхүүнийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай талаас ,,,,,,,,,,, хүлээн авсан ба түүнд итгэмжлэл олгоогүй байсан. Энэ хүн хувьдаа компьютерүүдийг ашиглаж байгаа юу гэдгийг бид мэдэхгүй. Мөн тухайн компьютерууд нь чанарын шаардлагад нийцэхгүй, доголдолтой байсан. Үндсэн төлбөр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлөх боломжтой гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,-иас 11,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,-иас 202,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ХХК-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
2024 оны 06 дугаар сарын 26-ний өдөр товлосон шүүх хуралдаанд өмгөөлүүлэх, хууль эрх зүйн туслалцаа авах хүсэлт гаргаж, шүүгчээс 14 хоногийн хугацааг хүссэн боловч 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааныг зарласан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 29, 30-ны өдөр амралтын өдөр, 29-ний өдөр нь сонгуулийн өдөр байснаас болж өмгөөлөгчөөс хууль туслалцаа авах эрхээ хэрэгжүүлж чадаагүй.
Мөн тус өдөр хөрөнгийн үнэлгээ тогтоолгох, гэрээнд заасан нэр төрөл болон хүлээж авсан бараа материалын нэр төрөл зөрж байх тул шинжээч томилуулж тус бараа материалыг гэрээнд заасан бараа материал мөн болохыг тогтоолгох, гэрээнд гарын үсэг зурсан Ө.Ганбат болон ,,,,,,,,,,, нарыг гэрчээр асуух хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл 116.3, 37 дугаар зүйл 37.1, 37.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргаж нотлох баримт цуглуулахыг хүссэн боловч шүүхээс үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлээгүй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Шийдвэр үндэслэлтэй гарсан. Хариуцагч нь худалдан авсан барааны үнийг төлөх ёстой. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,-д холбогдуулан 11,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан гэрээгээр ,,,,,,,,,,,, ХХК нь зөөврийн болон суурин компьютер, дэлгэц зэргийг хүлээлгэн өгөхөөр, ,,,,,,,,,,,, нь 16,800,000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Үүний дагуу тухайн өдрөө нэхэмжлэгч нь гэрээнд заасан барааг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 6,800,000 төгрөг төлсөн.
Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.
3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэл бүхий дүгнэсэн байна.
Зохигчийн байгуулсан гэрээний 6.1.1-д худалдан авагч нь урьдчилгаа 6,800,000 төгрөг төлөх ба барааг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг төлнө, 11.4-д гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5%-тай тэнцэх хэмжээгээр алданги тооцно гэж тус тус заасан.
Энд заасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн.
3.2. Тухайн гэрээнд хариуцагчийг төлөөлж гүйцэтгэх захирал нь гарын үсэг зурж баталгаажуулсан, үүний дагуу гэрээний зүйлийг ,,,,,,,,,,,,-ийн хяналтын инженер ,,,,,,,,,,, хүлээн авсан.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт зааснаар худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Харин хариуцагч нь барааг хүлээн авахдаа энэ зүйлд зааснаар татгалзаагүй учир түүнийг гэрээнд заасан тоо, хэмжээгээр барааг хүлээн авсан гэж тооцно.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээнд заасан барааг хүлээн авсан атлаа харилцан тохиролцсон хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөлгүй үүргийн зөрчил үүсгэсэн.
3.3. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөг, нийт 11,750,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэж байна.
4. Дараах үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй.
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гардуулж, 05 дугаар сарын 28-ны өдрийн хэлэлцүүлэх захирамжаар шүүх хуралдааныг 06 дугаар сарын 26-ны өдөр товлон зарласан.
Харин 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч талын гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийг шүүхээс хангаж, тухайн шүүх хуралдааныг хойшлуулсан.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааныг урьдчилан товлосон болон хойшлуулсан хугацаанд хариуцагч нь өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан, шүүхээс уг эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй тул холбогдох гомдлыг хангахгүй.
4.2. 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шинжээч томилуулах, гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2024/17745 дугаар захирамжаар хангахгүй орхисныг буруутгах үндэслэлгүй.
Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүсэлтээ урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдоогүй. Энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхив.
5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/03290 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Т.БАДРАХ