| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2019/0047/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А,
Улсын яллагч Н.А,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн 1920001130065 тоот хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, хамтран амьдрагч болон 1 хүүхдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, У овогт Ц.Б,
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчим Замын-Үүд сум 3-р багт хамтран амьдрагч А.Г-г сандлаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 05 дугаар сарын 04-нд 17 цагийн үед хамтран амьдрагч Г манай дүүгийнхээс уур нүдүүр аваад ирье гээд явсан. Тэгээд ирэхгүй алга болчихсон. Би гэртээ 4 настай охин Ц-ээ хараад үлдсэн. Тэгээд гэрт 100 граммын 1 ширхэг сэржимний архи байхаар нь тэрийг нь уучихсан. Бие бага зэрэг өвдөөд зовиурлаад байхаар нь уучихсан юм. Ингээд байж байтал 20 цагийн үед Г гаднаас согтуу ороод ирсэн. Уур нүдүүр ч авчраагүй согтуу ирэхээр нь миний уур хүрээд хаагуур тэнэж яваад ирж байгаа юм. Яагаад алга болов, хэнтэй архи уучихсан юм гээд уурласан чинь Г өөдөөс мөчөөгөө өгөхгүй хэрэлдээд байсан. Тэгээд бид 2 маргасан ба би Г-н баруун хөл рүү 1 удаа хөшиглөсөн. Тэгтэл Г өөдөөс орилоод охины жижиг хуванцар ягаан өнгийн сандалыг аваад шидсэн. Сандал нь намайг онолгүй зуухан дээр унасан. Зуухан дээр унахдаа сандал 2 хэсэг болоод хагарсан ба би нэг хагарсан хэсгийг бариад Г рүү дайртал Г тонгойгоод биеэ хамаалсан. Тэгэхээр нь толгойн ар хэсэг рүү хэд хэд цохисон. Тэрхэн үед уурандаа л хэд цохиод авсан. Энэ үйл явдал хоромхон зуур болж өнгөрсөн. Энэ үед гаднаас хүргэн Б гэрт ороод ирсэн. Тэгээд бид 2-ыг салгасан. Б цагдаа, эмнэлэг дуудна гэхээр нь би гараад явчихсан. Хажуугаар нь Г зууралдаад дайраад байхаар нь яршиг гээд орхиод явсан. Би Г-г зодож биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Буруу зүйл хийснээ ойлгож байгаа. Хуулийн хариуцлага хүлээхэд гомдолгүй. Дахин ийм буруу үйлдэл хийхгүй. Тухайн үед өөрийгөө яагаад ийм ааш зан гаргаснаа ч ойлгохгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,
- Хохирогч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “ 2019 оны 05 дугаар сарын 04-нд 17 цагийн үед би гэрээсээ Б-н дүү Б-н гэр лүү уур нүдүүр аваад явсан. Б-нд очиход Б ганцаараа 1 шил 0,5 граммын архи гаргаад тавьчихсан ууна гээд сууж байхаар нь тэр архийг нь хувааж уусан. Тэгээд Б-г унтуулчихаад гэртээ 20 цагийн үед иртэл Б гэртээ согтуу байж байсан. Хаана хэнтэй архи уусан юм мэдэхгүй, намайг гэрээс гарахад л зүгээр байсан юм. Ингээд Б уурлаж намайг яваад алга болчихлоо, хаагуур тэнээд байгаа юм, хэнтэй архи уусан юм бэ энэ тэр гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Би бас өөдөөс нь уурлаж чи өөрөө архи уучихаад, юу гээд байгаа юм энэ тэр гээд маргаж хэрэлдсэн. Тэгтэл Б миний баруун хөл рүү хүчтэй өшиглөхөөр нь би уурлаад хүүхдийн жижиг хуванцар ягаан өнгийн сандал аваад шидсэн. сандал Б-г онолгүй зуухан дээр унасан. Багана цохиод уначих шиг болсон. Сандал 2 хэсэг болоод хагарсан. Б буцаагаад тэр сандалын хагархайг бариад миний толгойн ар хэсэг рүү хэд хэд цохисон. Тэр ягаан сандал хуванцар бөгөөд хагархай хэсэг нь их хурц, ирмэгтэй болдог юм билээ, толгой руу цохиж байхад их хатуу байсан. Миний толгойн ар хэсэг хагараад цус гараад эхэлсэн. Тэр үед гэрт Б бид 2 л байсан. Хажууд 4 настай даавууны өвчтэй охин маань байсан. Тэгээд маргаад зодуулж байтал хүргэн Б хажуугаар явж байгаад ороод ирлээ гээд манай гэрт ороод ирсэн ба Б-г салгаад эмнэлэг дуудсан. Б ч гараад алга болсон. Одоо эдгээд дажгүй болж байна. Би нөхөртэйгээ хөдөө мал дээр гарчихсан байгаа. Хөдөө байгаа болохоор эрүүл агаарт хурдан л эдгэж байх шиг байна. Ц.Б-д гаргах гомдол санал байхгүй, энэ хүнд амьдралыг авч яваа юм. Би л үгийг нь даахгүй өөдөөс нь сөргөж байгаад хэрэгт оруулчихлаа. Б урьд нь надад ийм зан ааш гаргаж байгаагүй. Бид 2 учраа олоод одоо хамтдаа амьдарч байна. Хөдөө мал дээр дажгүй л байна. Өвчтэй хүүхдээ ч бодож байна, ирээдүйн амьдралаа ч бодож байна. Б-д санал, гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл ч байхгүй. Нэмж ярих зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,
- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2019 оны 05 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчим гадуур явж байгаад Ц.Б-н гэрийн хажуугаар өнгөрсөн. Тэднийх гэрэлтэй байхаар нь гэрт орсон. Б-н гэрт ороход Г-н толгойн ар хэсгээс цус гарсан байдалтай, Г, Б 2 маргаж муудалцсан бололтой байсан. Тэгэхээр нь би Г-т наад толгойноос чинь цус гараад байна, эмнэлэг дуудаж үзүүлэх хэрэгтэй гээд эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирэхээс өмнө Б гэрээсээ гараад явчихсан. Хаачсаныг мэдэхгүй. Б, Г хоёр хоёулаа бага зэргийн архи уусан бололтой халамцуу байсан. Гэрийнх нь байдал эмх цэгцтэй гайгүй байхаар нь нэг их тоогоогүй. Яасан ийсэн талаараа надад Г, Б 2 юм ярихгүй чимээгүй байгаад байсан. Тэгээд би яаралтай ажилтай байсан болохоор эмнэлэг ирэхээс өмнөхөн тэднийхээс гараад явсан. Намайг Б-нд очиход тэднийд гадны хүн байгаагүй, 4 настай охин байсан. Тэр 2 уг нь ингэж маргаж зодолдлоо л гэж дуулдаж байгаагүй, тэр өдөр яагаад нэгнээсээ цус гартал зодолдсныг мэдэхгүй. Би Г-н толгойноос цус гарсан байх нь Б-г л юмаар цохиж дээ гэж бодоод өнгөрсөн Өөрсдөө надад юм хэлэхгүй байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02/0236 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
- Ц.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36, 44-45/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчим Замын-Үүд сум 3-р багт хамтран амьдрагч А.Г-г сандлаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчим Замын-Үүд сум 3-р багт хамтран амьдрагч А.Г-г сандлаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч А.Г-н “...Тэгтэл Б миний баруун хөл рүү хүчтэй өшиглөхөөр нь би уурлаад хүүхдийн жижиг хуванцар ягаан өнгийн сандал аваад шидсэн. С-г онолгүй зуухан дээр унасан. Багана цохиод уначих шиг болсон. Сандал 2 хэсэг болоод хагарсан. Б буцаагаад тэр сандлын хагархайг бариад миний толгойн ар хэсэг руу хэд хэд цохисон. Тэр ягаан сандал хуванцар бөгөөд хагархай хэсэг нь Их хурц, ирмэгтэй болдог юм билээ, толгой руу цохиж байхад их хатуу байсан. Миний толгойн ар хэсэг хагараад цус гараад эхэлсэн...” гэсэн, гэрч Б.Б-н “...Б-н гэрт ороход Г-н толгойн ар хэсгээс цус гарсан байдалтай, Г, Б 2 маргаж муудалцсан бололтой байсан. Тэгэхээр нь би Г-т наад толгойноос чинь цус гараад байна, эмнэлэг дуудаж үзүүлэх хэрэгтэй гээд эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлгүүд болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02/0236 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б-н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, бага насны өвчтэй хүүхэдтэй болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн хуванцар хуучин эвдэрсэн сандал 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Ц.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У овогт Ц.Б-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн хуванцар хуучин эвдэрхий сандал 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н