Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01816

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 27 210/МА2024/01816

 

 

О.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/03225 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.У-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э ХХК-д холбогдох,

105,598,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

О.У- нь Э ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 8 дугаар гудамжинд баригдах Чандмань Апартмент хотхоны 8 давхарт 50.36 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан. 1 м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр, нийт 90,648,000 төгрөгийг тус компанийн дансанд тушаасан. Гэрээнд заасны дагуу орон сууцыг 2022 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон хэдий ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй.

Тухайн орон сууцыг О.У- захиалахын тулд өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаа зарж, мөнгийг нь орон сууц захиалгын гэрээний төлбөрт бүгдийг нь өгч найзын хамт өнөөг хүртэл байр түрээслэн амьдарч байна. О.У- нь найз Б.Б-, найзын дүү Б.Н нарын хамт Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж, 113 дугаар байр, 32 тоотын 37.6 м.кв талбай бүхий орон сууцыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл түрээсэлсэн. Сарын 900,000 төгрөгөөр түрээсэлж байсан ба О.У- сард 450,000 төгрөгийг төлж байсан. Э ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй 2022 оны 10 сараас 2023 оны 12 сар хүртэл нийт 15 сар өнгөрсөн ба энэ хугацаанд байр түрээслэн түрээсийн төлбөрт 6,750,000 төгрөг төлсөн.

Иймд хариуцагч Э ХХК-аас орон сууц захиалгын гэрээний төлбөр 90,648,000 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 6,750,000 төгрөг, 7,200,000 төгрөг, барьцаа 1,000,000 төгрөг, нийт 105,598,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 98/1005228Г дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Учир нь гэрээний 3.8-д Гэрээг захиалагч дангаар цуцлах эрх эдлэхгүй, 5.3- т Захиалагч өөрийн сайн дурын хүсэлтээр гэрээг цуцалбал, захиалсан байрыг нь авах өөр захиалагч олж ирсэн нөхцөлд мөнгийг нь 10 хувь суутган олгоно гэсний дагуу захиалагч О.У- нь гэрээг дангаар цуцалж, байрны төлбөрийг шаардах эрхгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон зүйлгүй, гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг ирүүлж байгаагүй, талууд энэ талаар тохиролцсон зүйлгүй. Мөн түрээсийн төлбөрийг манай компани төлөх үндэслэлгүй. Учир нь гэрээнд энэ талаар тусгагдаагүй, хэрэгт авагдсан 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1172 дугаартай орон сууц хөлслөх гэрээний хөлслөгч Б.Н нь маргаан бүхий орон сууц захиалгын гэрээний тал биш байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч "Э ХХК-аас 98,848,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.У-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,750,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 791,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас 652,190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.У-т олгож, тус шүүхийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 30087 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т заасныг баримтлан хариуцагч Э ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 97,398,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь нэхэмжлэгч О.У- гэрээнээс татгалзах болсон шалтгаанаа ... өөрийнх нь эрүүл мэндийн байдлаас болж мөнгө хэрэг болсон гэж тайлбарласан ба түүний эрүүл мэндийн байдал, эмчилгээнд мөнгө хэрэг болоход хариуцагч тал буруугүй бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.2-д заасан үндэслэл хамаарахгүй гэж заасны дагуу иргэн Ө.Баясахтай байгуулсан гэх орон сууцны түрээсийн төлбөр 8,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй.

Түүнчлэн, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээний 3.11-д Гэрээр дуусгавар болгож орон сууцыг хүлээж авсны дараа барьцаа төлбөрийг хөлслөгч талд буцааж өгөх үүрэгтэй гэсний дагуу нэхэмжлэгч О.У- буцааж авах ёстой барьцааны 1,000,000 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээний дагуу төлсөн гэх 8,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Гэрээгээр тохирсон үүргээ зөрчсөн болохоор бид нар гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг нэхэмжилсэн. Хариуцагч байгууллагын барилга ашиглалтад ороогүй байгаа учраас бид нар давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч О.У- нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэрээний төлбөрт 105,598,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууц захиалгын гэрээний төлбөр 90,648,000 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 6,750,000 төгрөг, 7,200,000 төгрөг, барьцаа 1,000,000 төгрөг, нийт 105,598,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.

 

1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ гэрээгээр бид ямар нэгэн түрээсийн төлбөрийг хариуцна гэж тохиролцоогүй тул түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. О.У- нь Э ХХК-тай байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-гээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 8 дугаар гудамжинд баригдах Чандмань Апартмент хотхоны 8 давхарт 50,36 м.кв орон сууцыг 1 м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр, нийт 90,648,000 төгрөгөөр худалдаж авахаар талууд тохиролцжээ./хх3-7/

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв.

 

4. Нэхэмжлэгч О.У- нь Э ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 000 тоот дансанд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 90,648,000 төгрөгийг 8г 50.36 м.кв-0000-У гэх утгаар орон сууцны төлбөрийг шилжүүлсэн болох нь төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /хх8/

 

4.1. Харин, хариуцагч Э ХХК нь орон сууц захиалгын гэрээний 1.3-т гүйцэтгэгч нь гэрээний 1.1-т заасан орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэж өгнө гэж заасан байх ба орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байх бөгөөд энэ тухай анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

5. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгчид учирсан гэх уг хохирлын шалтгаант холбоо тогтоогдохгүй байхад Ө.Б-тай байгуулсан түрээсийн гэрээний төлбөрт төлөгдсөн 8,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч Ө.У нь Ө.Б-тай 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ-г 6 сарын хугацаатайгаар байгуулж, 1 сарын 1,200,000 төгрөг барьцаа 1,000,000 төгрөг, нийт 8,200,000 төгрөгийг бэлнээр төлсөн тухай баримтыг шүүхэд ирүүлжээ./хх58-61/

 

5.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба ийнхүү гэрээнээс татгалзсанаас хойш буюу 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг хариуцагч Э ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс учирсан хохиролд тооцох боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр уг орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан гэж үзэх тул түүнээс хойш байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг хариуцагчид хамааруулан хохиролд тооцох боломжгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 

5.2. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 8,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч Э ХХК-аас 90,648,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.У олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/03225 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 227 дугаар зүйлийн 227.3-т гэснийг 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт гэж, 98,848,00 гэснийг 90,648,000 гэж, 6,750,000 гэснийг 14,950,000 гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 652,190 гэснийг 611,190 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ