Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/90

 

 

 

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Л.Мөнхцоож

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Хохирогч С.Нагашбай

Шүүгдэгч А.Шалхаар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч А.Шалхаарт холбогдох эрүүгийн 1936000790069 дугаартай, 178/2019/0081/Э/ индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт оршин суух хаягтай, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 11-23 тоотод амьдрах, ПВ87070112 регистрийн дугаартай, Молхы овогт Авлайгийн Шалхаар

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч А.Шалхаар нь 2019 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 15 дугаар гудамжны 13 тоот хашаанд байрлах иргэн С.Нагашбайгийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч С.Нагашбайгийн түрийвчнээс 670.000 төгрөгийг бэлнээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч С.Нагашбайд 670.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч А.Шалхаарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тухайн орой найз Серикбайг хайгаад ортол С.Нагашбай унтаж байсан. С.Нагашбайг татсан чинь сэрэхгүй байсан. Тэгээд хажууд нь байсан түрийвчтэй мөнгөнөөс хэдийг сугалж аваад гарсан. С.Нагашбай бол манай ээжийн ах, манай хоёрынх ойрхон амьдардаг. Тухайн шөнө тэднийд ороход С.Нагашбай ах, мөн 2 хүүхэд унтаж байсан. Би орон байранд нэвтэрч гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Мөнгө авсанаа хүлээж байгаа гэх мэдүүлэг,

Хохирогч С.Нагашбайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн шөнө  унтаж байхад түрийвчтэй мөнгө алга болсон байсан.А.Шалхаар манай хамаатан, манайхаар орж гардаг байсан.Тэр шөнө манайд хүн орж ирснийг мэдээгүй.Миний түрийвчинд 2 сая төгрөг байсан.Банкнаас зээл аваад үлдсэн 2 сая төгрөг байсан.Тухайн орой би пиво уугаад унтчихсан байсан. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн...Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 15-13 тоотод байрлах С.Нагашбайгийн хашаа байв. Уг хашааны зүүн талд хулгай орсон гэх гэр байв.Гэрт шар өнгийн модон ор гэрийн зүүн талд байв. Орны дээд талд цагаан өнгийн төмөр хөлтэй ширээ байв. С.Нагашбай миний мөнгөтэй цүнх орны дээд хэсэгт байсан гэж хэлэв.Хэргийн газрын үзлэгийн явцад ямар нэгэн ул мөр илэрсэнгүй... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-10-р хуудас/

Хохирогч Ботахара овогт Солтаханы Нагашбайгийн /ПЛ62100919 регистрийн дугаартай, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 15-13 тоотод байрлах гэрээсээ 670.000 төгрөгөө алдсан.Тухайн үед манай гэрт манай хүү бид хоёр унтаж байсан. Миний түрийвчинд 2 сая төгрөг байсан. Би тэр мөнгөөрөө мал худалдаж аваад хөдөө гарах гэж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 13-14-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Н.Нурдаулетын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу цэргийн баярын өдөр сургууль дээрээ байж байтал 10 цагийн үед манай аав С.Нагашбай хүрч ирээд “ шөнө гэрээс мөнгө алга болчихсон байна.Шөнө гаднаас хүн орж ирсэн үү” гэхээр нь “би орой 22 цагийн үед унтсан намайг сэрүүн байхад хүн орж ирээгүй, унтсаны дараа орж ирснийг мэдэхгүй” гэсэн.Аав 21 цагийн үед унтсан, нэлээн согтуу байсан... гэх мэдүүлэг / хэргийн 17-р хуудас/

Гэрч Х.Серикбайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 11-23 тоот хашаанд байх гэрт нь А.Шалхаарын хамт 2.5 литрийн 3 пиво хувааж уугаад би 22 цагийн үед гэр лүүгээ явсан, А.Шалхаар гэртээ үлдсэн.Сүүлд А.Шалхаар намайг явсны дараа гэрээсээ гарч яваад айлаас мөнгө хулгайлсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хэргийн 18-р хуудас/

Шүүгдэгч А.Шалхаарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 23 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 15-13 тоот хашаанд байх С.Нагашбайгийн гэрт ороход С.Нагашбай согтуу унтаж байсан.Намайг орж ирснийг мэдэхгүй унтаад байхаар нь С.Нагашбай руу дөхөж очоод толгойных нь хажууд хэтэвч байхаар нь аваад хартал дотор нь 10.000, 20.000–тын дэвсгэртүүд байхаар нь хэдэн ширхэгийг сугалж аваад гарсан.Би тухайн өдөр Х.Серикбайтай гэртээ пиво ууж байгаад Х.Серикбай яваад өгөхөөр нь араас нь гараад түүнийг хайгаад С.Нагашбайгийнд орсон.Хулгайлж авсан мөнгөөрөө цэргийн баяр болж байсан болохоор архи авч уугаад дуусгасан..”. гэх мэдүүлэг / хэргийн 39-40-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд: Шүүгдэгчийг хохирогчийн гэр онгорхой цоожгүй байсан хэн дуртай нь зөвшөөрөлгүйгээр айлд ороод хулгай хийх ёс байхгүй. Гэрийн эзний зөвшөөрлөөр орох ёстой байсан. Шүүгдэгч А.Шалхаар нь сэм нууцаар орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанд: Шүүгдэгчийн гэр хохирогчийн гэр хоорондоо нэг, хоёр хашааны цаана, наана байдаг айлууд. Нэг нэгнээ сайн танина, гэр орноороо орж гардаг. Төрөл сандангийн холбоотой хүмүүс тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлгүй. Тэгээд ч яг хэдэн төгрөг байсан талаар хэрэгт баримт байхгүй.Манай шүүгдэгчийн хувьд мөнгө буюу 670.000 төгрөг хулгайлсанаа  хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөрүүлж гэм буруутайд тооцож өгнө үү гэж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч А.Шалхаар нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 15-13 тоот хашаанд байрлах С.Нагашбайгийн гэрт түүний  хэтэвчнээс 670.000 төгрөг авсан болох нь хохирогч С.Нагашбайгийн  мэдүүлэг, гэрч Х.Серикболын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Ердуалетын мэдүүлэг, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна. Тухайлбал:

Шүүгдэгч А.Шалхаар нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр найз Х.Серикбайгийн хамт гэртээ пиво уусан бөгөөд Х.Серикбайг явсны дараа түүнийг хайж С.Нагашбайгийн гэрт орсон нь гэрч С.Серикбайгийн “... бид хоёр 3 пиво уугаад 22 цагийн үед би гэр лүүгээ явсан.А.Шалхаар гэртээ үлдсэн ... гэх мэдүүлэг, шүүгдэгч А.Шалхаарын “...би Х.Серикбайг хайгаад С.Нагашбайгийнд орсон.С.Нагашбай унтаж байхаар нь юм асуух гээд татахад сэрээгүй...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Нурдуалетын “...тухайн орой манайх хаалгаа түгжилгүй унтсан...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч А.Шалхаар нь С.Нагашбайгийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоор ороогүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

Шүүгдэгч А.Шалхаар С.Нагашбайгийн гэрт хамт архи уусан гэх Х.Серикбайг хайж ороод хүүхдийнхээ хамт унтаж байсан С.Нагашбайг сэрээхээр дуудсан боловч сэрээгүй юу ч мэдэхгүй, согтуу байхаар  толгойных нь хажууд байсан хэтэвчийг үзэж дотор нь мөнгө байсныг хараад авах /хулгайлах/ сэдэлт, санаа зорилго төрж мөнгөнөөс сугалж авч гарсан үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

Иймд шүүгдэгч А.Шалхаарыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Шалхаар нь хохирогч С.Нагашбайгийн түрийвнээс 670.000 төгрөгийг хууль бусаар, нууцаар хулгайлан авсан үйлдэл нь шунахайн сэдэлттэй, санаатай үйлдэл болно.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.Шалхаар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-44/,  хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч С.Нагашбайгийн “... надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...”  гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.Шалхаарын хувийн байдлын талаар гэрч М.Кистаубайгийн өгсөн “...А.Шалхаар нь ажилсаг, даруу төлөв зантай. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, амьдралын түвшний хувьд нэн ядуу өрх ..”  гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/

Гэрч А.Маржангүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А.Шалхаар нь эцэг, эхээс 4-лээ, айлын том хүүхэд.2 дугаар ангиас сургуулиас гарсан, Говь-Алтай аймагт цэргийн алба хаасан.Би гэртээ хүүхдээ хардаг, А.Шалхаар зуны цагт барилга дээр ажилладаг...” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч А.Шалхаарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч А.Шалхаарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”  санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч А.Шалхаар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй, 10 сартайгаас 7 насны 4 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, гэр бүлээ тэжээдэг зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч А.Шалхаарт ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлж барагдуулсан болон хувийн байдлуудыг харгалзсан хэдий ч Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх зарчмыг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар  шийдвэрлэв.

            Шүүгдэгч А.Шалхаар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн угаалгын машин битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 5/45 дугаартай Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц цуцлах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6- 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос шүүгдэгч А.Шалхаарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Молхы овогт Авлайгийн Шалхаарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Молхы овогт Авлайгийн Шалхаарыг 240 / хоёр зуун дөчин / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Шалхаарт тайлбарласугай.

5.Шүүгдэгч А.Шалхаарт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих газарт даалгасугай.

6.Шүүгдэгч А.Шалхаар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн угаалгын машин битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 5/45 дугаартай Прокурорын тогтоолыг цуцалсугай.

 7.Шүүгдэгч А.Шалхаарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.ГАНТӨГС