Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Н.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б,

Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Н-д холбогдох эрүүгийн 1920001110066 тоот хэргийг 2019 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Н.Н,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын гэр хорооллын баруун хойд талд согтуугаар Б.Б-тэй маргалдаж улмаар түүний гэдсэн тус газар нь гар болон хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.Н мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...

Б.Б-г би сайн танихгүй. Энэ 2019 оны 2 дугаар сард анх манайд манай дүү Э-н хамт ирээд морь хатгаж байсан. Тэрнээс хойш л мэддэг болсон. Нэг их найзалж нөхөрлөөд байдаггүй. Хамт архи ууж ч үзээгүй байсан. Нөхөд биш. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед намайг гэртээ байхад Б, О, Б гурав Б-н машинтай манайд ирсэн. Тэгээд тэдний авчирсан 2.5 литр 1 ширхэг пивыг Б-н машинд хувааж ууцгаасан. Б бол огт уугаагүй. Ингээд манай гэрт бүгдээрээ орсон ба би идээ ундаа амсуулаад гэрт байсан 0.5 гр-ын 1 шил архи гаргаж задлан хувааж ууцгаасан Б бас уугаагүй. Тэр архийг О, Б бид 3 хувааж уусан. Дараа нь би уядаг мориндоо ажил хийхээр үлдсэн ба Б, О, Б 3 явцгаасан. Би мотоциклио унаад гэр хорооллоос баруун хойшоо 2 морио тарлаад гарсан ба Б-н хашааны гаднаас Б над руу далласан. Би яваад очтол Б морины чинь давхилыг хамт явж харъя гээд миний ард суугаад хамт явсан. Тэгээд морио тарлаад цааш явж байхад каргоны замын зүүн талд Б миний араас шилэн хүзүү рүү 2-3 удаа нудраад та нар юугаа мэддэг юм бэ, та нар морь мэдэхгүй ш дээ, надтай морь ярина гэнээ, чиний морь гайгүй байх шиг байна тээ гэх мэтээр яах гээд байгаа нь мэдэгдэхгүй араас нуруу руу нудраад үгээр идээд байхаар нь би зогсоод мотоциклиос буу гээд буулгасан. Аргаа ядаад л буулгасан. Тэгсэн чинь Б би та нарыг гуйдаггүй гээд миний баруун гуя руу хальт өшиглөөд авахаар нь миний уур хүрээд би баруун гараараа 1 удаа Б-н толгойн зүүн хэсэг руу алгадсан. Тэгсэн Б миний хувцаснаас зуураад авсан ба намайг хөдөлгөхгүй болохоор нь би Б-г мотоциклиос холдуулах санаатай баруун гарын алгаараа Б-н гэдэс орчим руу 1 удаа цохисон. Тэгэхэд Б бөгсөөрөө хойш сууж унасан. Тэгээд морь холдчихсон болохоор би Б-г үлдээгээд шууд хөдлөөд мориныхоо хойноос явсан. Морио тарлачихаад эргээд 5 минут орчмын дараа иртэл Б үлдээсэн газраас нилээн цаана намайг амдаад хүрээд ирсэн. Би яасан бэ гэсэн чинь таны морины хөлсийг үзье гээд ард сундалсан. Манай гэр лүү явж байхдаа Б надаас ах намайг уучлаарай, дүү нь жаахан буруу зан гаргачихлаа гэхээр нь би за зүгээр зүгээр, ах нь хүнд юм санадаггүй юм гэсэн. Тэгээд манай гэрийн гадаа оччихоод намайг 1 шил архи аваад өгчих гэхээр нь би мөнгө алга гэсэн. Гэрт хүргээд өгчих гэхээр нь би мориндоо хоол өгөх ажилтай байна, такси бариад яваач гэсэн. Б өөрийгөө хүргээд өгчих, ганц архи аваад өгчих гээд намайг шалаад гэрийн гадаа байгаад байсан. Энэ үед эхнэр ирчихсэн байсан ба манай эхнэр гэрээс гарч ирээд Б-г загнаж, чи яасан нойтон хамуу шиг юм бэ, яв л даа, хүн ажилтай байхад чинь гэсэн. Ингээд би хүүтэйгээ хамт Б-г мотоцикльдоо сундлаад гэрийнхээ урд байх дэлгүүрийн гадаа очиж зогсоод Б-г буугаарай гэсэн чинь буусан. Буунгуут нь би шууд мотоцикльтойгоо хөдлөөд явчихсан. Намайг дэлгүүрээс архи авч өгөх гэж байна гэж бодоод Б буусан байх. Тэр үед бараг л харанхуй болж байсан. Тэрнээс хойш Б-тэй уулзаагүй. Б-тэй морь тарлаж явж байхдаа л маргаснаас өөрөөр маргаагүй. Би Б-н толгой руу 1 удаа, гэдэс руу 1 удаа гараараа цохисон нь үнэн. Өөр гар хүрч зодоогүй. Б-д гэмтэл учруулсан нь миний буруу, уг нь гэмтээе гэж бодоогүй. Б-д нудруулж, хальт өшиглүүлснээс болоод надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Гэмтэл учраагүй учраас шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Зорилго санаа байхгүй. Үл ойлголцлоос болоод Б-д гар хүрчихлээ. Намайг мотоциклиос унагачих гээд араас цамцнаас татаад боогоод, 2-3 удаа нудраад байхаар нь л зогсож буулгасан. Буулгасны дараа миний бөөр лүү өшиглөхөөр нь би хариу үйлдэл хийсэн нь энэ. Энэ л гай боллоо. Би тэр үед өвдөглөөгүй гэж бодож байна. Гараараа нүүр лүү нь цохисон, бас гараараа аймхай тус газар луу нь 1 удаа цохисноо санаад байгаа юм. Б харин намайг, өвдөглөсөн гээд байгаа… Гараараа ч бай хөлөөрөө ч бай гэмтэл учруулсан нь үнэн. Би Б-н эмчилгээнд 307,000 төгрөг бэлнээр өгсөн. Бид хоорондоо ярьж тохирсон зүйл байгаа. Цаашид эмчилгээний зардал гарвал төлнө...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 63-65 /,

- Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 09 цагийн орчим эгч Н-с гараад мориныхоо хашаанд очсон. Морьдоо тэжээчихээд 10 цаг өнгөрч байхад Б-н морины хашаанд очсон. Б-той моринд нь ажил хийж өгсөн. Ингээд 13 цагийн үед Б-н хамт машинаар нь Н-н гэрт очсон. Замаараа дэлгүүр орж би 2.5 литрын 1 ширхэг пиво авсан байсан. Н-нд очиход О бас ирсэн байсан. Тэгээд Н-н гэрийн гадаа Б-н машин дотор пивоо О, Н бид 3 хувааж уусан. Б машин барьж байгаа гээд пиво уугаагүй. Пивоо ууж дуусгаад Н-н гэрлүү бүгдээрээ орсон. Н 1 шил архи гаргаад бид нарт задлах өгсөн. Б бас уугаагүй бөгөөд Н, О бид гурав архийг хувааж ууж дуусгасан. Тэр үед Н-н гэрт Н-н хөгжлийн бэрхшээлтэй том охин нь, бас 1 настай охин нь байсан. Архи ууж дуусгаад би Б-той хамт машинаар нь Б-х руу явсан. О, Н 2 үлдсэн. Би Б-н морины хашаан дээр ирээд байж байтал Н мотоцикльтойгоо мориндоо ажил хийгээд гэр хорооллоос баруун хойшоо гараад явж байхаар нь би замаас нь даллаж дуудаад морины чинь давхилыг үзье гээд сундалсан. Тэгээд гэр хорооллоос баруун хойшоо гараад давхиж байхдаа бид 2 мотоцикль дээр маргасан. Мориноос болж жаахан ам зөрсөн ба Н намайг ард нь сууж явахад зүүн гараараа нэг удаа миний гэдэс рүү тохойлдсон. Тэр нь нэг их юм мэдэгдээгүй. Тэгсэнээ гэнэт мотоциклио зогсоогоод намайг буу гэсэн. Буусан чинь Н өөрөө мотоциклиосоо буугаад миний зүүн шанаа руу баруун гараараа 1 удаа цохисон, үргэлжлүүлээд миний гэдэс рүү баруун хөлөөрөө 1 удаа өвдөглөсөн. Миний хамар, амнаас цус гарсан ба аймхай өвдөөд гэдэсээ дараад доошоо ойчсон, амьсгаа авч болохгүй, дуугарч чадахгүй байсан. Намайг газар дуугарч чадахгүй хэвтэж байхад Н миний баруун бөөр, ташаа орчим руу 1 удаа өшиглөсөн. Ингэж зодож байхдаа Н ямар нэг зүйл хэлээгүй, би ч эсэргүүцэж чадаагүй. Н намайг орхичихоод мотоцикльтойгоо давхиад явчихсан. Би хэсэг хугацааны дараа гайгүй болоод босоод байж байтал Н морио эргүүлээд ирж явсан ба би даллаад Н ирж намайг авсан. Ингээд Н-н хашаанд очсон ба би явж чадахгүй байна, намайг гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн чинь Н завгүй байна, чадахгүй, өөрөө такси бариад яв гээд байсан. Тэр үед миний гэдэс орчмоор битүү хөндүүр болчихоод, элэг өвдөөд байгаа гэмээр ч юм уу, амьсгаа авч болохгүй хэцүү байсан. Атиралдахаар гайгүй болоод байсан. Тэр үед Н-н эхнэр гэртээ ирчихсэн байсан ба гэрээсээ гарч ирээд чи такси бариад яваач гэж байсан. Тэгээд Н намайг гэрээсээ урд байх дэлгүүрийн гадаа сундалж очоод буу гэхээр нь буусан чинь хаячихаад явчихсан. Цаашаа гудамжаар эгчийнх рүүгээ алхаж явтал таньдаг дүү Э таараад эгчийндээ гуйж хүргүүлсэн. Эгчийндээ ирээд бие өвдөөд гээд хэвтсэн, гайгүй болчих байх гэж бодсон юм. Сүүлдээ их өвдөөд байсан тул эгч эмнэлэг дуудсан. Эмнэлэг дээр ирээд шууд хагалгаанд орсон. Миний ходоод язарсан, сэмж урагдсан байна гэсэн… Н.Н надад 307,000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ нь эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн ор хоногийн мөнгө байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 14/,

- Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Б.Б-н төрсөн эгч нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед гэртээ очоод байж байтал гадаа мотоцикл дуугараад үл таних залуу Б-г сугадаад Б ахын бие нь өвдөөд байна гэнээ гээд ороод ирсэн. Би Б-с юу болсон талаар асуухад хүн зодоод элэг рүү тийрчихсэн гээд яг хэн тэгснийг хэлээгүй. Тэгээд Б нөгөө хүргэж ирсэн залуугаа яв яв, ахыгаа одоо хүргээд өгчихсөн юм чинь гээд явуулсан. Б-г хүргэж ирдэг залуу эрүүл байсан ба тэр залууг би урд нь харж байгаагүй. Тэгээд би Б-н байгаа байдлыг харсан чинь нэг л эвгүй байхаар нь Замын-Үүдийн эмнэлэг рүү залгаж түргэн дуудсан. Түргэн ирэх хооронд Б ёолоод, гэдэс задарлаа гээд байхаар нь хэнд зодуулсан талаар шалгаахад С.Н гээд нэг юм байдаг юм, тэр муу намайг өшиглөчихсөн юм гээд хаана хэзээ өшиглүүлснээ хэлээгүй. Ингээд эмнэлгийн хүмүүс ирээд эмнэлэг рүү авч явсан. Явахаасаа өмнө өвчин намдаах тариа хийсэн. Эмнэлэг дээр ирээд эмч үзээд яаралтай хагалгаанд орно гэсэн. Б уг нь тусдаа амьдардаг боловч эхнэр хүүхэд нь аавынх руугаа хөдөө явчихсан болохоор манайд надтай хамт байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/, 

- Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 08:00 цагт хичээлдээ ганцаараа яваад 01:15 цагт хичээл тараад өөрөө гэртээ ирсэн. Би өдөр нь гэртээ байж байгаад Н.Н гэдэг уяач ахынд хурдны морь унадаг болохоор 17 цагийн үед байх Н ахын гэрт очсон. Н ах өөрөө намайг ирж гэрээс авсан. Н ахын гэрт очоод гэрт нь ороогүй, морины уяан дээр очсон. Уяан дээр Н ахын хүү Д байсан ба Н ах бид 2-т нэг нэг морь унуулсан. Би хээр морийг унасан, Д будан морийг унасан. Тэгээд бид 2 гэр хорооллоос баруун хойшоо морио тарлаад давхисан ба Н ах хажууд мотоцикльтойгоо дагаад явсан. Каргоны замын зүүн тал руу давхиж байхад айлын хашааны тэндээс нэг ах Н ахыг даллаад дуудсан. Н ах тэр хүн рүү мотоциклио эргүүлээд явсан. Д бид 2 цаашаа дахисан. Засмал зам хүрээд эргээд хартал Н ах мотоцикль дээрээ суучихсан хажууд нь тэр танихгүй ах зогсчихсон Н ахыг 1 гараараа заамдчихсан байсан. Тэгээд Д бид 2-ыг засмал замаас буугаад улаан хонхорын бааз руу давхиж байтал Н ах араас ганцаараа давхиад ирсэн. Бид нар морио Улаан хонхороос хойшоо нилээн тарлаад буцсан ба гэр хорооллын наана явж байхад нөгөө танихгүй ах ахиад Н ахыг даллаад дуудсан. Н ах тэр ах дээр очоод сундалж байсан. Д бид 2 түрүүлээд морьтойгоо хашаандаа очсон. Араас Н ах нөгөө танихгүй ахтай хашаанд хүрээд ирсэн. Бид нарыг мориныхоо хөлсийг хусаж байхад нөгөө танихгүй ах Н ахаас архи аваад өгчих, намайг гэрт хүргээд өгчих гээд байсан. Н ах түр байж бай, мориныхоо тэжээлийг өгчихөөд явъя гэж хэлж байсан. Тэр үед Н ахын эхнэр гэртээ ирчихсэн байсан ба гэрээсээ гарч ирээд нөгөө танихгүй ахыг такси бариад гэрлүүгээ яваач гэж хэлж байсан. Тэгээд намайг манай нэг ах ирээд аваад явсан. Нөгөө танихгүй ах Н ахын гэрийн гадаа үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02/0237 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Б-н биед ходоодны гарах хэсгийн их махиа талын серозон давхарга болон сэмжний урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 53/,

- Н.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 69-72/,

- Шүүгдэгч Н.Н-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-79/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Н.Н-г 2019 оны 04 дүгээр сарын 30-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын гэр хорооллын баруун хойд талд согтуугаар Б.Б-тэй маргалдаж улмаар түүний гэдсэн тус газар нь гар болон хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын гэр хорооллын баруун хойд талд согтуугаар Б.Б-тэй маргалдаж улмаар түүний гэдсэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б-н “...Тэгээд гэр хорооллоос баруун хойшоо гараад давхиж байхдаа бид 2 мотоцикль дээр маргасан. Мориноос болж жаахан ам зөрсөн ба Н намайг ард нь сууж явахад зүүн гараараа нэг удаа миний гэдэс рүү тохойлдсон. Тэр нь нэг их юм мэдэгдээгүй. Тэгсэнээ гэнэт мотоциклио зогсоогоод намайг буу гэсэн. Буусан чинь Н өөрөө мотоциклиосоо буугаад миний зүүн шанаа руу баруун гараараа 1 удаа цохисон, үргэлжлүүлээд миний гэдэс рүү баруун хөлөөрөө 1 удаа өвдөглөсөн. Миний хамар, амнаас цус гарсан ба аймхай өвдөөд гэдэсээ дараад доошоо ойчсон, амьсгаа авч болохгүй, дуугарч чадахгүй байсан. Намайг газар дуугарч чадахгүй хэвтэж байхад Н миний баруун бөөр, ташаа орчим руу 1 удаа өшиглөсөн. Ингэж зодож байхдаа Н ямар нэг зүйл хэлээгүй, би ч эсэргүүцэж чадаагүй...” гэсэн, гэрч Б.Н-н“...Түргэн ирэх хооронд Б ёолоод, гэдэс задарлаа гээд байхаар нь хэнд зодуулсан талаар шалгаахад С.Н гээд нэг юм байдаг юм, тэр муу намайг өшиглөчихсөн юм гээд хаана хэзээ өшиглүүлснээ хэлээгүй...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Н-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Н-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хөгжлийн бэрхшээлтэй өвчтэй хүүхэдтэй болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, торгуулийн ял оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар хохирогчид учирсан хохирлыг төлсөн учраас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй зэргийг дурдаж шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Б нь цаашид дахин эмчилгээ хийлгэнэ гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул  уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н.Н-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Н.Н-г арван мянган нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д оногдуулсан арван мянган нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.Б нь нотлох баримтаа бүрдүүлэн уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.Н