Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01815

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 27 210/МА2024/01815

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/02054 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш ХХК-д холбогдох,

60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Дээдсийн өргөө хотхон-ны 2а блок буюу 915 дугаар байрны 11 дүгээр давхар, G тип бүхий 55.95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар Ш ХХК-ийн захирал Д.Б-тай 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 21/03 дугаар Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг Хаан банк дахь 0000 дугаар дансанд шилжүүлсэн. 2021 оны 05 дугаар сард дээр дурдсан орон сууцыг давхар зарж борлуулах гэж байсныг фэйсбүүкээс олж мэдсэн, улмаар  ХХК-ийн борлуулалтын менежерээс тодруулахад өөр иргэнд зарагдсаныг мэдсэн.

Гэрээг цуцалж, гэрээний алдангийн хамт нийт 55,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр Д.Б-тай тохиролцсон боловч уг хугацаанд төлөөгүй учир 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр барагдуулахаар тохиролцсон. Одоог хүртэл төлбөрөө төлөөгүй гэжээ.

 

2. Хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш ХХК-аас 55,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5,000,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 432,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Тус хэргийг шүүн хэлэлцэх шүүх хуралдаан 2024 оны 05 сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр товлогдсон ба шүүх хуралдаанд Ш ХХК-с надад олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг авч ороход, тус итгэмжлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т заасны дагуу хуульд нийцсэн хэлбэрийн шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар итгэмжлэлийг хүлээн аваагүй намайг хэргийн оролцогч бус ажиглагчийн журмаар хуралдааныг хийж шийдвэр гаргасан.

Гэвч Ш ХХК-с надад олгосон итгэмжлэл нь хуульд нийцсэн хэлбэрийн шаардлагыг хангасан ба эрх баригчийн гарын үсэг тамга тэмдэг бүгд байсан. Хариуцагчийн надад олгосон итгэмжлэл нь хуульд нийцсэн байхад хүлээж авалгүй миний шүүх хуралд оролцох тайлбар хүсэлт гаргах, асуулт асуух хариулт хэлэх эрхийг хэрэгжүүлээгүй нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн.

Хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан итгэмжлэлтэй, мөн өөрийн биеэр шүүх хуралдаанд ирсэн байхад итгэмжлэлийг хүлээн авалгүй, хэргийн оролцогчийг эзгүй хэмээн тооцож шүүх хуралдааныг явуулж шийдвэр гаргасанд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сард гаргасан. Үүнээс хойш 2024 оны 05 дугаар сард анхан шатны шүүх хурал болж хэрэг шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд хариуцагчийн бичгээр хариу тайлбар гарах болон бусад эрхээ хэрэгжүүлэх эрхийг шүүх удаа дараа хангалттай хангасан. Тухайн шүүх хурал зарлагдсан өдөр би өөр шүүх хуралд орж, миний хурал давхацсан учраас уг шүүх хуралд оролцохгүй шалтгаанаа бичиж эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээ явуулсан. Итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй учраас тухайн хүнийг ажиглагчаар шүүх хуралд оролцуулан хэргийг шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан 60,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

3. Нэхэмжлэгч Б.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байх ба анхан шатны шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ш ХХК-ийн захирал Д-ийн Б-д нэхэмжлэлийн хувийг гардуулжээ./хх 21/

 

3.1. Нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа Д.Б- нь хариуцагч Ш ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэхийг шүүхээс тодруулаагүй, өөрөөр хэлбэл компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон лавлагааг хэрэгт авах зэрэг ажиллагааг хийгээгүй байна.

 

4. Хариуцагч Ш ХХК-аас 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Д.Д-ыг уг маргаантай хэрэгт компанийг төлөөлүүлэхээр 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгож, компанийн тамга тэмдэг дарагдсан байна./хх 27/

 

4.1. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэх 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ыг оролцуулаагүй байна. Тодруулбал, хариуцагч компаниас олгосон дээрх итгэмжлэлд зурагдсан гарын үсэг тодорхойгүй буюу гарын үсгийн тайллыг дурдаагүй гэж үзэж, уг төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр нь хангалгүй, шүүх хуралдаанд хариуцагчийг ирээгүй хэмээн дүгнэж төлөөлөгчийг нь оролцуулалгүй шүүх хуралдааныг явуулж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчжээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх үүрэгтэй атал хариуцагчийг дээрх үндэслэлээр шүүх хуралдаанд оролцуулах эрхийг нь зөрчиж, талуудад мэтгэлцэх боломж олгоогүй учраас шийдвэрийн үндэслэл болон талуудын маргааны талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

6. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргахдаа хохирол барагдуулж, хуулийн хүрээнд зохих ёсоор шийдвэрлэх тухай шаардлага гаргасан байх ба 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 60,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлсэн байхад уг тодруулсан шаардлагыг хариуцагч талд гардуулах, тайлбар гаргах боломжоор нь хангах ажиллагааг мөн хийж гүйцэтгээгүй байна./хх29/

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/02054 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

  ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ