Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 218/МА2024/00012

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 139/ШШ2024/00267 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч *******гийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн даргаар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: ...2023 оны 11 сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн хороо буюу Баянхошууны бууцаа цэвэрлэж янзлан өөрийнхөө малыг харуулдаг дүүгээ буулгахаар болоод иртэл ******* нь надтай огт холбоо барьж ярихгүйгээр хулгайгаар бууж хорооны дээврийг хагалж, 2000 шахам малаа хашиж хороог 1 метр орчим овгор хөртэй болгосон байсан. Мөн цоожтой байсан складыг эвдэж дээврийг онгойлгон тэжээл өвсөө хурааж шилэн цонхнууд, хийтэй обудтайгаа 3 ширхэг мотоциклын дугуй, 4 см-тэй банзнууд их хэмжээгээр алга болсон. Иймд хороог цэвэрлэж дээвэрлэх, алдсан эд зүйлүүддээ 5000000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагч талын хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2023 оны 11 сарын сүүлээр гийн өвөлжөөнд буусан. Хороонд буусны дараа зөвшөөрөл авах гэсэн боловч холбогдож чадаагүй. Тухайн хороонд 3 сар болсон. Анх буухад хөрзөнгөөр бараг дүүрсэн хороо байсан. Тухайн хороо нь манайхыг буухад хорооны дээвэр эвдэрсэн, 1 талын шанаа нь нурсан, дээврийн банзгүй, шифр нь нураад эвдэрсэн байсан. Нэхэмжлэгчийн склад нь бууцнаас 600 м зайтай байдаг бөгөөд складанд очиж үзээгүй, дотор нь юу байсныг мэдэхгүй. Өвс тэжээлээ складад хураагаагүй. Үхсэн малынхаа сэг зэмийг хорооноос нүүх үедээ зайлуулж чадаагүй боловч дараа нь цас хайлсны дараа ойр орчимд нь байсан сэг зэмийг цэвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч *******гийн 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ хороо нь миний гэрчилгээтэй хороо. Би тус хороон дээр засвар хийгээд намар 11 сард бэлэн болгоод орхисон. Хороон дээр чинь буулаа гэж надтай утсаар огт яриагүй, ямар ч хэл чимээ өгөөгүй. Би аймгийн төв дээр байдаг, миний утас сүлжээгүй болсон гэх шалтгаанаар холбогдохгүй байх учиргүй, нь миний утас, гэрийн утасны дугаарыг бүгдийг мэднэ. Би энэ айлыг буусныг сарын дараа мэдсэн. Хорооны шифр дээвэр дээр нь өвс хурааж хэмхлээд 2000 шахуу бага мал хашаад одоо хорооны мухар руу шүдлэн ямаа л орох хэмжээний болгосон. Маш олон мал үхсэн байсан. Тэрийгээ устгасан гэж яриад байгаа боловч хорооноос холдуулаад манай бууцны ойролцоох булгийн жалганд овоолоод орхисон байсан. Би үхсэн малаа булчихсан гэж бодсон. Гэтэл Адаацаг сумын Хашаат багийн Засаг дарга, Адаацаг сумын Засаг дарга нар над руу утсаар ярьсан. Манай хорооны дөнгөж цаана нь урт булаг урсаад хужир дээрээ очдог. Тэр хужрыг маш олон мал амьтан иддэг. Тэгэхэд булгийн дэргэд нь үхсэн хонио овоолоод цаад жалганд нь үхрээ овоолоод орхисон байсан. Тэгээд сумын Засаг дарга, багийн Засаг дарга нар намайг үүнийгээ бул, чи өөрөө айл буулгасан юм чинь янзал гэсэн. Сая 4 хоногийн өмнө очиж үзэхэд бүх малаа жалганд аваачаад овоолчихсон байна лээ. Би намар өөрөө янзалж байсан хороогоо янзлуулмаар байна. Мөн үхсэн малыг нь булуулмаар байна. Хороогоо ухуулъя гэхэд ухдаг хүн нь танай хороог 2 сая төгрөгөөс нааш ухахгүй гэж хэлсэн. Мөн шифр дээвэр аваад засуулахад надаас мөнгө орно. Жалганд аваачаад овоолсон үхсэн малыг булахад нүх ухах, унаанаас авхуулаад маш их юм хэрэгтэй болно. Хороогоо цэвэрлэж хөрзөнг ухахад 2 сая, дээврийг засахад 1 сая, складаа янзлахад 2 сая төгрөг орно, алдагдсан банз, мотоциклын дугуйны үнийг гаргуулна гэв.

    4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*******гийн нэхэмжлэлтэй *******т холбогдох хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч *******аас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг байдлаар хариу тайлбараа гаргаж байгаа. Учир нь 2023 оны 11 сарын сүүлээр Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт Баянхошуу гэх газар *******гийн өвөлжөөнд буусан үйл явдал болсон. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хоорондоо ах дүү, төрөл садангийн холбоотой. Ойр байдаг хүмүүс байгаа. Хороонд буусны дараа зөвшөөрөл авах гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Улмаар цаг үеийн нөхцөл байдлаас болоод тухайн хороонд бууж өвөлжсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад хорооны бууцыг 1 метр хэрээтэй овгор болгосон гэдэг асуудал ярьдаг. Тухайн хороо анх буухад тийм овгор хөртэй байсан гэдэг асуудлыг хариуцагч ярьж байгаа. Үхсэн малын сэг зэмийг холдуулаагүй гэдэг асуудал ярьж байна. Тухайн өвлийн нөхцөл байдал нь цас ихээр орсон байсан учраас холдуулах боломж байгаагүй. Цас хайлсны дараа нь очоод хорооны ойр орчимд байсан сэг зэмийг холдуулсан гэдэг хариу тайлбарыг хариуцагч гаргадаг. Хариуцагчийн татгалзаж байгаа гол үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудал байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлоогүй, нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

5. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *******гийн *******аас 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би хэргийн материалд хороогоо засварлаад 11 сард явсан зураг мөн 4 сард ыг нүүсний дараах зураг баримт, эвдэж хэмхэлсэн болон хорооны бууцны овойсон байдал, мөн хороог цэвэрлэсэн гэснээс хойш үхсэн малаа 100 метрт 2 хэсэг овоолж орхисон зургийг анх хороон дээр байсан үхэр, ямаа зэргийг зүсээр нь авч хавсаргасан болно. Олон үхсэн малын сэг зэмээ ухаж булаагүй ил булаг усны дэргэд хаясан асуудлаас болж булаг худаг бохирдох, улмаар олон айл иддэг хужир шүүний эх рүү орох болно. Манай сум орон нутаг багийн дарга *******ын баг болох Төв аймгийн Булангаа багийн дарга Оюун-Эрдэнэд шаардах бичиг явуулсан болно. Би өөрийн хорооны эзэмших эрхийн бичгээ хавсаргасан. Би шүүхэд өөрийн зүгээс чадах чинээгээр баримт цуглуулж хавсаргасан болно. Одоо би хороогоо ухан цэвэрлэж дээвэрлэхэд хамгийн багаар 4 сая төгрөг орох болно. Мөн склад гражны дээвэр янзлах үхсэн малын сэг зэмийг булахад нэлээд хөрөнгө мөнгө орох учир энэ байдлыг харж үзэж Төв аймгийн Бүрэн сумын малчин Гончиг овогтой аас хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг хэрэгт ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч тал 4-5 хэсэг зүйл нэхэмжилдэг боловч шаардлагаа нотлоогүй. Тухайлбал ямар хэмжээний бууц үүсчихсэн байгаа нь тодорхойгүй. Мөн дугуй алга болсон, складны дээвэр эвдэрсэн асуудалд буруутай эсэх нь тогтоогдоогүй. Дээрх нөхцөл байдлуудаас үүдэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нотлох баримтаа гаргаж өгөх, өмгөөлөгч авах зэрэг эрх үүргийг шүүхээс тайлбарлаж өгсөн боловч нэхэмжлэгч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцсон. 2023 оны 11 сарын сүүлээр нэхэмжлэгчийн хороонд буусан үйл явдалтай бид маргахгүй. Малын сэг зэмийг холдуулсан, хорооны эвдрэл гэмтлийг засаж янзалсан байгаа. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2.  Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т холбогдуулан хороо бууцны засварын зардал, алдсан эд зүйлийн үнэ 5,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.  Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан үзээд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтгүй, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4.  Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

4.1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 22 өдрийн шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчийн эзгүйгээр үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасны дагуу тус хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцохоор сонгогдсон бөгөөд иргэдийн төлөөлөгч д эдлэх эрх, хүлээх үүрэг тайлбарлаагүй, хэргийн материал танилцуулаагүй байна.

4.3. Сонгогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд иргэдийн төлөөлөгчийн дэд жагсаалтын дараагийн дугаарт эрэмбэлэгдсэн иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах ажиллагааг шүүхээс хийж гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт Хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна. гэж заасан. Энэ хэргийн тухайд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон нь эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас Улаанбаатар хот явж байгаа тул товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх хүсэлтээ шүүхэд урьдчилан ирүүлсэн байхад анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийг солих арга хэмжээ авахгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй гэж дүгнэн түүнийг эзгүйгээр шийдвэрлэсэн нь буруу юм.

5. Давж заалдах шатны шүүхэд уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, түүний үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 139/ШШ2024/00267 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******гийн төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

  

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ

 

Г.БАЯРДАВАА