Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Э.Т

Хохирогч Б.Э

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.Э-д холбогдох эрүүгийн 192.0000.0000.24 тоот хэргийг 2019 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, Замын-Үүд тохижилтын НАҮОНӨ ХХК-нд ажилтай, ам бүл 3, ах, дүү нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р багт оршин суух хаягтай, Х овогт Д.Э,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Э нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өглөө Замын-Үүд сумын 3-р багийн нутаг хог ангилах цэг дээр иргэн Б.Э-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд хот тохижилт НАҮОНӨ ХХК-нд хог ангилах цэгт ажил хийдэг. Энэ ажлыг 2017 оны 09 сараас хойш хийж байгаа. Замын-Үүд төвөөс ачигдсан хог над дээр ирж хог ангилах цэгээр ангилагддаг юм. Өглөө бүр хогийн тэрэгний жолооч нар контор дээр зааварчилгаагаа аваад төвөөс пункертэй хогийг ачин хог ангилах цэг дээр хүргэж ирдэг. Би бас өглөө бүр зааварчилгаа аваад хог ангилах цэг дээр ирж хогуудыг хүлээн авч ангилдаг юм. 2019 оны 02 сарын 18-ны өглөө 07:55 цагт ажилдаа очиж зааварчилгаа аваад хог ангилах цэг рүү явах гэтэл гадаа нэг ч хогийн машин байгаагүй. Э-н машинаар зөөсөн хог л хог ангилах  цэг дээр ирдэг юм. Бусад нь хойшоо хогийн цэг рүү ачигддаг. Тэгээд би урьд нь Э-тай хог ангилах цэг рүү явдаг байсан юм. Яг тэр машинтай хог ангилах цэг рүү явна гэсэн дүрэм байхгүй л дээ. Урьд нь хамт явдаг байж байгаад гэнэт орхиод явсан байхаар нь Э-т гомдсон. Ингээд хог ангилах цэг рүү алхаад очтол Э хог ачаад ирчихсэн намайг хүлээж байсан. Тэгэхээр нь би очоод “яагаад орхиод явчихаж байгаа юм бэ” гэсэн, “ажил бол ажил ш дээ ахын дүү” гэсэн. Би уурлаад Э-г заамдаад авсан ба өөдөөс намайг ч заамдаад авсан. Тэгээд болиод салцгаасан. Энэ хооронд бие биерүүгээ үг хаяж маргаж байсан. Би хогийг өргөж шахах машин руу асгуулсан ба Э хог бүрэн дуусаагүй байхад хог тараагаад машинаа хөдөлгөсөн. Тэгэхээр нь би очоод “яагаад байгаа юм бэ, уурлаад байгаа юм уу” гэсэн. Ингээд ахиад бид 2 барилцаад авсан ба би Э-н нүүрэнд зүүн гараараа 2 удаа цохисон. Тэгээд зууралдаад газар хамтдаа унасан ба би босоод Э-н цээжинд 1 удаа өшиглөсөн. Энэ үед хөдөлмөр хамгаалалын ажилтан А ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үед Э бид хоёр эрүүл саруул байсан. Хажууд А-с өөр хүн байгаагүй. Би уурлаад бас гомдоод Э-г зодсондоо харамсаж байна гэжээ. /хх-ийн 8/

Хохирогч Б.Э-н шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 02 сарын 18-ны өглөө би 07:40 цагт ажлынхаа төв байран дээр ирж зааварчилгаа аваад өөрийн барьдаг хог ачдаг машинаа бариад түлш авахаар шатахуун түгээх станц орсон. Тэндээсээ сумын нэгдсэн эмнэлэг орж хогийг нь ачаад ажлынхаа хог ангилах цэг рүү очсон. Хог ангилах цэг дээр ажилладаг Д.Э ирээгүй байсан. Э миний буулгасан хогийг хүлээн авч цааш нь өөр төхөөрөмжөөр өргөж авдаг. Тэгээд Э-г хүлээгээд байж байтал удаагүй явган хүрээд ирсэн ба мэндийн зөрүүгүй шууд над руу уурлаж орхиж явлаа, аваад явсангүй гээд намайг заамдсан. Би зөрүүлээд заамдаад авсан. Тэгтэл Э зүүн гараараа 2 удаа миний нүүрлүү цохисон. Миний үүдэн нэг шүд унчих шиг болсон ба амнаас юмуу хамраас юмуу цус гараад эхэлсэн. Тэгээд түр салсан ба Э ахиад хэрүүл хийж ирээд намайг куртикнээс татаж газар унагасан. Тэгээд зүүн хөлөөрөө нүүрлүү 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед гаднаас манай байгууллагын хөдөлмөр хамгааллын ажилтан А ирээд бид хоёрыг салгасан. А бид хоёрыг дагуулан контор дээр очсон ба дарга цагаад мэдэгд, чи эмнэлэг яв гээд явуулсан. Намайг хот руу явахад Э эмчилгээндээ хэрэглээрэй гээд надад бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Миний хот явсан зардал 440.000 орчим төгрөг болсон. Цаашид хагалгаад орох шаардлагатай гэж эмч хэлсэн. Нүдний ухархайн яс цөмөрсөн учир хагалгаанд орох юм. 1.900.000 төгрөгийн өртөгтэй байгаа тул энэ мөнгийг гаргуулж авмаар байна гэв.          

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 02 сарын 18-ны өглөө хог ангилах цэг дээр би 9:10 очсон чинь жолооч Э, оператор Э нар хогийн машины хажууд зууралдчихсан хэвтэж байсан. Би шууд гүйж очоод хоёуланг нь босгож салгасан. Хэн хэнээ цохиж зодсоныг  хараагүй. Лав л Э-н хамраас нь цус гарсан байсан. Тэгээд “яагаад зодолдоод байгаа юм бэ” гэсэн чинь Э нь “Э чинь өөдөөс томроод  байна ш дээ” гэсэн. Би тэр хоёрыг шууд машиндаа суулгаад контор дээр авчирч даргатай уулзуулсан. Дарга эмнэлэгт үзүүл гээд гаргасан. Би тэр хоёрыг хоёуланг дагуулж эмнэлэг ороод Э-г үзүүлсэн. Баруун нүд нь хөхөрсөн, үүдэн 1 шүд нь унасан байсан. Э-г Э яаж юугаар хэдэн удаа цохисныг мэдэхгүй, ямартаа ч Э Э-г зодсоныг л мэдэж байна. Тухайн үед Э, Э хоёр согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл саруул байсан гэжээ. /хх-ийн 9/

Гэмт хэргийн талаарх гомдол,  мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

Шинжээчийн 02/0128 дугаартай дүгнэлт: 1.Б.Э-н биед тархи доргилт, доод баруун 1,3, зүүн 1 дүгээр шүдний булгарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний гадна хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Б.Э-н биед учирсан тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Доод баруун 1,3, зүүн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний гадна хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 11-18/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 23-25/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний цахим үнэмлэхний хуулбар, ... дугаартай хил орчимд зорчих эрхийн үнэмлэх, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-35/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 37-38/

Хялбаршуулсан журмаар явуулсан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 44/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Д.Э нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өглөө Замын-Үүд сумын 3-р багийн нутаг хог ангилах цэг дээр иргэн Б.Э-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Э-н “Тэгээд Э-г хүлээгээд байж байтал удаагүй явган хүрээд ирсэн ба мэндийн зөрүүгүй шууд над руу уурлаж орхиж явлаа, аваад явсангүй гээд намайг заамдсан. Би зөрүүлээд заамдаад авсан. Тэгтэл Э зүүн гараараа 2 удаа миний нүүрлүү цохисон. Миний үүдэн нэг шүд унчих шиг болсон ба амнаас юмуу хамраас юмуу цус гараад эхэлсэн. Тэгээд түр салсан ба Э ахиад хэрүүл хийж ирээд намайг куртикнээс татаж газар унагасан. Тэгээд зүүн хөлөөрөө нүүрлүү 2-3 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг, гэрч Б.А-н “2019 оны 02 сарын 18-ны өглөө хог ангилах цэг дээр би 9:10 очсон чинь жолооч Э, оператор Э нар хогийн машины хажууд зууралдчихсан хэвтэж байсан. Би шууд гүйж очоод хоёуланг нь босгож салгасан. Хэн хэнээ цохиж зодсоныг хараагүй. Лав л Э-н хамраас нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг, шинжээчийн 02/0128 дугаартай дүгнэлт /хх-ийн 11-18/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Д.Э-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн зэргийг харгалзан ял оногдуулсан болно.

Шүүгдэгчийн хувьд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй болохоо шүүх хуралдаан дээр шүүгдэгч өөрийн мэдүүлэгтээ илэрхийлсэн тул түүнд оногдуулах торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хохиролын хувьд:

Шүүгдэгч Д.Э нь хохирогчид 500.000 төгрөгийг өгсөн болох нь шүүгдэгч, хохириогч нарын тайлбараар тогтоогдож байна. Талууд үүн дээр маргаагүй. Гэвч цаашид хохирогч Б.Э нь хагалгаанд орох шаардлагатай, хагалгаанд 1.900.000 төгрөгийн зардал гарах тул түүнийгээ нэхэмжилнэ гэх боловч хэрэгт энэ талаар нотолсон баримт авагдаагүй байна. Иймд хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Шүүгдэгч Х овогт Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сард 92.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч Б.Э нь цаашид гарах хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолийг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.Б