| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2016/0099/И |
| Дугаар | 114 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 114
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст суманд 1956 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, ам бүл 3, /эхнэр хүүхдийн хамт/ Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт оршин суух, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Хүрд овогт Гүнзэнгийн Торгуудын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл, хүсэлт гаргагч Г.Торгууд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Хүсэлт гаргагч Г.Торгууд нь улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг шаардаж байх ба шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна.
Хүсэлт гаргагч Г.Торгууд нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1956 онд төрсөн. 1972 онд 8-р ангиа төгсөөд хөдөө илгээлтээр гарч Мөст сумын “Туяа” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1974 оноос цэргийн албанд татагдаж 1977 онд халагдаж ирээд 1978 оноос 1992 оныг дуустал “Туяа” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд миний “Туяа” нэгдэлд 1972 оноос 1974 он хүртэл, 1978 оноос 1993 он хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Гэрч Онхороо овогт Сэрээтэрийн Баасандорж нь шүүх хуралдаанд мэдүүлсэн: Би 7-р ангиасаа сайн мэдэх болсон. Мал маллаж байгаад цэрэгт яваад ирэхэд малчин л байсан. Би 1988 оноос 1993 онд ЗДТГ-ын няраваар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
Гэрч:Туваан овогт Баярын Норовын шүүх хуралдаанд мэдүүлсэн: Мөст сумын Баянхайрхан багт насаараа ажиллаж байгаа. 1987 оноос хойш би бригадын даргаар ажиллаж байсан. Би нэгдэлд 1987 оноос 1991 он хүртэл няравар, 1991 оноос 1993 он
хүртэл агентаар тус тус ажиллаж байсан. Г.Торгууд нь тэргүүний, сайн малчин байсан. Сайн малчдын зөвлөлгөөнд оролцдог байсан. Тэр үед малчид сард 100-150 төгрөгний цалинтай байсан нярав цалин өгдөг байсан гэх мэдүүлэг
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Хүсэлт гаргагч Хүрд овогт Гүнзэнгийн Торгуудыг 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1977 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн.... 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1093 тоот архивын лавлагаа
1972 оноос 1974 оны хөдөлмөрийн хөлсний түүвэр,
1978 оноос 1993 оны хөдөлмөрийн хөлсний түүвэр
1981 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ховд аймгийн Мөст сумын “Туяа” нэгдлээс олгогдсон хөдөлмөрийн дэвтэр,
1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Ховд аймгийн Мөст сумын “Туяа” нэгдлээс олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хүрд овогт Гүнзэнгийн Торгуудыг 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1977 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Г.Торгуудын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.