Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 366

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, Д.Ж гийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: 

Д.Ж нь 2006 онд Сэрүүлэг дээд сургуулийн “Бизнесийн удирдлага”, 2012 онд Хүмүүнлэгийн их сургуулийг англи хэлний орчуулагч, 2015 онд Удирдлагын академийг “Төрийн захиргааны удирдлага” мэргэжлээр тус тус төгссөн. 

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төрөөс үзүүлж буй хөнгөлөлт, чөлөөлөлт, санхүүгийн дэмжлэгийн мэргэжилтний албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс тус дүүргийн 17, 19 дүгээр хороонд Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж, хөдөлмөр эрхлэлтийн салбарт зохих ажил, мэргэжлийн туршлага хуримтлуулсан. 2013 онд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд мөн оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. 

Ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн яам болон бусад байгууллагаас зохион байгуулсан шаталсан, сертификатжуулсан сургалтнуудад хамрагдах өөрийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлж ажилласан.    

Ч.М нь Баянгол дүүргийн Хөдөлмөрийн, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаал /түр орлон гүйцэтгэгч/-ыг хүлээж авснаас хойшхи хугацаанд хэлтсийн нэг ч мэргэжилтэнтэй уулзаж ажил, байдалтай биечлэн танилцаагүй, бүтэц, орон тоонд орсон өөрчлөлтийн талаар урьдчилан мэдэгдэлгүйгээр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тушаал гарган төрийн жинхэнэ албан хаагчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн. 

Энэхүү тушаал нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан гэж үзэж, Төрийн албаны зөвлөлийн даргад 2016 оны 10 дугаар сарын 26-нд гомдлоо гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөл 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1180 тоот албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад асуулга тавьсан боловч хариу ирүүлээгүй учир тус зөвлөл 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 1331 тоотоор шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсний дагуу шүүхэд нэхэмжлэлийг гаргаж байна. 

Нэхэмжлэлийн үндэслэл нь: 1. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг удирдлага болгон холбогдох мэдээлэл өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг үндэслэн болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хуулийн хугацааны өмнө мэдэгдэл өгөөгүй байна. 

3. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу төрийн алба хаагчийн сонгон шалгаруулалт хийж, түүний нийгмийн баталгааг хангах талаар хуульд заасан арга хэмжээ аваагүй байна. 

Уг тушаал нь Захиргааны  ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасны дагуу захиргааны актад тавигдах шаардлага, 40.4-т заасны дагуу бодит нөхцөл байдлыг огт заагаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу ажил хүлээлцсэн өдрүүдийг ажилласан өдөрт оруулж тооцоогүй зэрэг зөрчилтэй байна. 

Х овогтой Д н Ж нь 2013 оны 04 дүгээр сард Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төрөөс үзүүлж буй хөнгөлөлт, чөлөөлөлт, санхүүгийн дэмжлэг хариуцсан мэргэжилтнээр ажилд орж, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 17, 19 дүгээр хороонд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан. 2013 онд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцэн 2013 онд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. 

Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал  гаргаж байгаагүй. Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн шуурхай зөвлөгөөн дотоод журмын дагуу долоо хоног бүрийн Лхагва гарагт болдог байсан. 

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Лхагва гарагт манай хэлтсийн нийт ажилтан тогтсон ёсоор цугларсан. Тэр шуурхай дээр хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.М хэлтсийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон, бүх ажилтнаас шалгалт авч, шалгарсан албан хаагчид цаашид албан тушаалаа үргэлжлүүлэн хаших боломжтой талаар товч хэлсэн. Миний хувьд шалгалтыг амжилттай өгч, ажлын байрандаа үлдэх боломжтой юм байна гэсэн итгэл төрж, шалгалтад бэлтгэж эхэлсэн.

Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажилтнуудаар Хөдөлмөрийн хэлтэст байсан ширээ, сандал, шүүгээг хураалган, Халамж, үйлчилгээний хэлтсийн байр руу зөөх ажил хийлгэсэн. Тэр өдрийнхөө орой 19 цагийн орчим манай хэлтсийн ажилтнуудыг хурлын зааланд цуглуулж, албаны дарга З.Д “Ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” тушаал уншиж танилцуулан, урьдчилан бэлтгэсэн хүснэгтэд хүн бүрээр гарын үсэг зуруулан гардуулан өгсөн. Тэр хуралд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.М оролцоогүй. Үүнээс өмнө ямар нэгэн шалгалт аваагүй, биечлэн уулзаагүй.

Иймд, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, зохих бичилтийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:  Д.Ж гийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацаанд оногдох ээлжийн амралтын олговрыг хариуцагчаас гаргуулах тухай,

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын Д.Ж г ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг олгох тухай 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 дугаар тушаалын 2-т Д.Ж гийн эрхэлж байсан албан тушаалын ... холбогдох тооцоог хийж дуусгахыг үйл ажиллагааны нягтлан бодогч М.Н д зөвшөөрсүгэй.” гэсэн боловч, түүний 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацаанд оногдох ээлжийн амралтыг тооцож, олговрыг олгоогүй байна. 

Д.Ж Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд төрөөс үзүүлж буй хөнгөлөлт чөлөөлт, санхүүгийн дэмжлэгийн мэргэжилтэн”-ээр анх ажилласан байдаг. Д.Ж ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 3 удаа ээлжийн амралтыг эдэлсэн байна. 

Иймд Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 19-д заасныг үндэс болгон Д.Ж гийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацаанд оногдох ээлжийн амралтын олговрыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д н Ж нь Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр анх ажилд орсон бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд 3 жил, 5 сар, 15 хоног ажилласан байдаг. Баянгол дүүргийн хөдөлмөрийн хэлтэс нь дотоод журмын дагуу 7 хоног бүрийн  Лхагва гарагт хурал хийдэг ба 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Лхагва гарагт тогтсон ёсоор тус хэлтсийн нийт ажилтнууд бүгд цугласан байдаг. Уг  шуурхай зөвлөгөөн дээр тус хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэгч Ч.М нийт ажилтнууддаа “Бүтэц орон тоонд өөрчлөлт орж байгаа учраас халагдаж, солигдох асуудал гарна. Сонгон шалгаруулалт явуулах бөгөөд үүнд тэнцсэн хүмүүс цаашид үргэлжлүүлэн ажиллах бололцоотой” гэсэн товч агуулгатай зүйл мэдэгдсэн. Нэгэнт бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж байгаа учраас 29, 30-ны өдрүүдэд ажилчид өөрсдийн ажиллаж байгаа эд хогшил, ширээ сандал, компьютерыг  няравт хүлээлгэж өг гэсэн байдаг. Үүний дагуу хүмүүс ажилласан байдаг. Хороо хариуцсан ажилтнуудад машин явуулаад 29-ний өдөр бүх комьпютерийг хурааж авсан байдаг. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ажил тарсан хойно 19 цагийн орчимд нийт ажилтнуудыг зааланд цуглахыг мэдэгдээд тухайн үеийн халамжийн дарга н.Д ажилтан болгонд гарсан тушаалыг уншиж танилцуулж, гарын үсэг зуруулсан байдаг. Энэ нь ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэмж олгох тухай байдаг. Өөрөөр хэлбэл 28-ны өдөр анх мэдэгдээд, 30-ны өдөр халсан байдаг. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбарт Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний даргын үүргийг түр гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дүгээр тушаалаар хэлтсийн албан хаагчдыг шинэ бүтэц орон тооны дагуу томилж, чөлөөлсөн гэж тайлбарласан байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан тушаалд Д.Ж г халсан, чөлөөлсөн талаар огт дурдаагүй байдаг ба бүтэц орон тоонд өөрчлөлт орсон тухай байдаг.  

Бид бүтэц орон тоонд өөрчлөлт орсон талаар огт хөндөөгүй. Зөвхөн Д.Ж г үндэслэлгүй халсан тухай асуудлыг тавьж байгаа юм. 

Сүүлд хэрэгт авагдсан баримт буюу тушаал танилцуулсан тэмдэглэлээс Д.Ж г халсан, чөлөөлсөн талаар байхгүй юм. Харин 2016 оны 09 дүгээр сарын 29-ний А01 гэсэн тушаал нь зөвхөн тухайн хэлтсийн бүтцийг шинэчлэн баталсан тухай юм. Хоёрдугаар заалтаараа ажлын байрны тодорхойлолтыг шинээр батлахыг даалгасан байдаг. 

Хэлтсийн дарга нь өөрийнхөө бүтэц орон тоог батлах эрхгүй юм. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын тушаал батлагдсан байхад албан тушаалаа хэтрүүлсэн байх магадлалтай юм.  

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б63 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэлийг тодорхой тайлбарлая. 

1-рт. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Тэгэхээр энэ заалттай холбогдуулаад авч үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан байдаг. Энэ заалттай холбогдуулаад Улсын Дээд Шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан 45 хоногийн өмнө мэдэгдэх заалтыг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн гэрээ, Үр дүнгийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлахдаа ажил олгогч нь хугацааны өмнө бичгэн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна гэж байдаг нь огт хэрэгжээгүй юм.

2-рт. Тухайн захиргаа төрийн албанаас чөлөөлөгдсөн ажилтнуудын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн акт гаргасан. Тийм учраас 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан байдаг. 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан байдаг. 27 дугаар зүйлийн  27.1.2-т “Оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”  гэж заасан байдаг. 26 дугаар зүйлийн  26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг тус тус хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа. 

3-рт. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-Даргалагч: “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасан байдаг. Мөн 27.2.1-д “Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасан байдаг. Захиргааны байгууллага, захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй гэсэн эдгээр заалтууд зөрчигдсөн гэж үзэж байна. 

Баянгол дүүргийн Халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлийн  27.2.3-д заасныг зөрчсөн гэж үзэж байгаа. 

Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай  Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 15-д зааснаар хуулийн 27.2.3-т Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч тухайн албан хаагчийн албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалан үлдсэн, өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан, эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэж тайлбарласан байдаг. 

Ийм учраас Хөдөлмөрийн хэлтэс байх үеийн Баянгол дүүргийн хороо хариуцсан ажилтны сүүлд гарсан ажлын байрны тодорхойлолтыг харахад өөрчлөлт ороогүй байдаг. Ажлын байрны тодорхойлолтын үндсэн чиг үүргийн 13 заалтын 8 нь Хөдөлмөрийн хэлтэст, 5 нь Хөдөлмөрийн халамжид хамаардаг. Ийм учраас нэхэмжлэгчийг ажилд нь үлдээх боломж байсан. Хэрэв тийм биш бол 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг огт хэрэгжүүлэлгүй халсан байдаг. 

Үр дүнгийн гэрээгээр тухайн албан хаагч маш сайн гэж үнэлэгдсэн байдаг. Гэтэл үүнийг харгалзаж үзээгүй байдаг. Мөн халсан тушаал дээрээ 06 дугаар сарын 30-ны өдөр үндэслэл болсон болохоор Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслээд, шууд халж 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно гэж заасан байдаг. Тиймээс хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэнгүй гэж үзэж байгаа. 

Тухайлбал Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчим баримтлах ёстой. Тэгэхээр Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст тус дүүргийн нутаг дэвсгэр дээр байгаа бүх аж ахуй нэгж байгууллагын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой төрийн үйл ажиллагааг хангаж ажиллах юм. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 2.2, 4.2.5 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Тэр талаар огт дурдаагүй атлаа тушаал уншаад 30-ны өдөр халдаг тийм зарчим хаана ч байхгүй юм. Ажил хүлээлцэх хугацааг заавал оруулах ёстой атал энэ нь зөрчигдсөн. 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.3, 4.2.5, 4.2.6 дахь заалтуудад тусгасан зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байгаа. Тушаал уншаад шууд халсан тохиолдлыг 40 жил төрийн байгууллагад ажиллахдаа харж байгаагүй. 

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын тушаалын бичвэр нь илт хууль бус, илт алдаатай байдаг. Тухайлбал 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хууль 2015 онд батлагдсан. Судлах тодорхой хугацаа олгосон. Шинэ бүтэц орон тоо батлагдсаны дараа Баянгол дүүргийн шинэ Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийг судалж мөрдөх талаар бүх дарга нарт өгсөн төлөвлөгөө гаргасан байдаг. Гэтэл энэ нь хэрэгжсэнгүй гэж үзэж байгаа. Түүнд захиргааны актыг гаргахдаа зорилгыг нь заавал тодорхойлсон байхыг энэ хуульд заасан байгаа юм. Гэтэл энэ зорилго нь байхгүй хуучин маягаар  буюу хуулийн заалт, тушаалын заалтыг дурдаад гаргасан байдаг. 

Тушаалын 1 дэх заалтад Д.Ж г чөлөөлсөн байдаг. Гэтэл үүнд Д овогтой Ж г 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байдаг. Гэтэл энэ хүн 3 жил 6 сар 15 хоног ажилласан байдаг. Гэтэл албан тушаалыг огт дурдаагүй. Энэ хүн залуу хүн гэдэг утгаараа цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд сүүлд нь албан тушаалыг нь харахад ажилд авахгүй байх магадлалтай. Ийм зүйл практикт байдаг. Гэтэл үүнийг харсангүй. 

Д овогтой гэсэн байдаг. Бид ургийн овог хэрэглээд 7 жил болж байгаа. Энэ нь хуулиар тогтоосон хэрэгжиж байгаа зүйл юм. Гэтэл Д нь эцгийн нэр бөгөөд Х овогтой хүн юм. Үүнийг хэрэгжүүлээгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Мөн Д овогтой Ж г 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгосугай гэсэн байдаг. Гэтэл хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож гэж бичих ёстой атал ингэж цаазаар авах гэж байгаа юм шиг ийм сонин агуулгатай бичиж болохгүй юм.  

Тушаалын 2 дахь заалтын тухайд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож холбогдох тооцоо хийж дуусгахыг үйл ажиллагааны нягтлан бодогчид даалгасан байдаг. Гэтэл холбогдох тооцоо гэдэг нь энэ хүнтэй ээлжийн амралтын тооцоо хийх, өглөг авлага юу байгаа эсэх, санхүүгийн баримт бичигтэй холбоотой бүх асуудлаа дуусга гэсэн санаа юм. Тийм ч учраас хуулиар тодорхой хугацаа заасан байдаг. 

Энэ хүн ажиллаж байх хугацаандаа 3 удаа ээлжийн амралт эдэлсэн байдаг. Тэгэхээр ямар ч аж ахуй нэгж, төрийн байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн ээлжийн амралт олгох журмыг хэрэгжүүлдэг ба үүний дагуу ээлжийн амралтыг ажлын жилээр олгодог. Энэ тухай Улсын Дээд Шүүхийн тайлбарт болон Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын Хөдөлмөрийн хуулийг үндэслэж гаргасан 2000 оны 166 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад байдаг. Тийм учраас ажлаас халагдаж, чөлөөлөгдөж байгаа хүнд заавал ажлын жилээр хөөж олгодог. Тийм учраас энэ хүнд 5 сар 15 хоногийн ээлжийн амралтыг олгоогүй. 

Мөн тооцоо хийнэ гэсэн атлаа 09 дүгээр сард бүтэн ажиллуулсан атлаа бүтэн ажилласан унааны зардал, хоолны мөнгийг олгоогүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаас харагдана. 

Тушаалын гуравдугаар заалтад ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 5 өдрийн дараа ажил хүлээлцэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл 2016 оны 10 дугаар сарын 05-ны дотор ажил хүлээлцэхийг ажлын комисст даалгасан байдаг. Гэтэл аль хэдийн хөдөлмөрийн харилцаа тасарсан байхад хэзээ ажил хүлээлцэх вэ?  Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтад ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж тодорхой заасан байдаг. 

Улсын Дээд Шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн тайлбарын 19 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтад ажлаас халагдсан өдөр гэдгийг ажил олгогчийн шийдвэр, тушаал, захирамжид заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд оногдох ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож түүнд ажил хүлээлцэх зориулалтаар тогтоосон хоногийг нэмж сүүлчийн өдрийг тогтооно гэж тодорхой тайлбарласан байдаг нь хэрэгжээгүй байгаа юм. 

Өмнөх хурлуудад Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх эсэх асуудал яригдсан. Тэгэхээр Улсын Дээд Шүүхийн тайлбар байдаг. Түүнд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх тухай 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Шүүхийн тухай хуулийг үндэслэж гарсан зөвлөмжид Захиргааны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох тайлбаруудыг үндэслэх ёстой талаар тодорхой заасан байдаг. 

Тушаалын 4 дэхь заалтаар тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ажил хүлээлцэх комиссийн даргад үүрэг болгосон байдаг. Гэтэл дарга гэсэн атлаа хэн болох нь тодорхойгүй, эзэн биегүй байдаг. Хэрэв комисст гэсэн бол тодорхой тооны хүмүүс байх ёстой гэж ойлгосон. Тийм учраас комисс байсан гэдэгт эргэлзэж байгаа. Учир нь 30-ны өдрийн орой тушаалыг нь уншаад шууд халсан байдаг. 

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалтад захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг захиргааны актад заавал бичих тухай дурдсан байдаг. Гэтэл тийм зүйл байдаггүй. Тийм учраас Төрийн албаны тухай хуульд заасан эрх үүргийн дагуу 30 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлд хандаж өргөдөл гаргасан. Төрийн албаны зөвлөл энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандсан боловч хариу ирээгүй учраас шүүхэд хандах тухай албан тоот ирүүлсний дагуу хандсан. Ийм учраас тус шийдвэрийг илт хууль бус гэж үзэж байгаа юм. 

Нэхэмжлэгч нь ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 17, 19 дүгээр хороог хариуцан ажиллаж байсан. Шинэ орон тоогоор 2 хүн тавигдсан байсан. Хавтаст хэрэгт 2 хүний материал ирсэн байсан. Түүнд 17 гараад 19 нь байхгүй байсан. Гэтэл өмнөх хурал хойшлогдоод Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны ажилтнаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/159 дүгээр тушаалаар Бавууд овогтой Ш ийг 10 дугаар сарын 01-ний өдрөөс хороо хариуцсан ажилтнаар ажиллуулсугай гэсэн тушаал хавсрагдсан байсан. Гэтэл Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга тодорхойлолтод Б.Ш гэсэн хүн байдаггүй. Тийм учраас өөрөө гарын үсэг зураад тамга дараад бланк дээр хэвлэсэн байдаг. Тус тодорхойлолтод Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд хөдөлмөр хариуцсан ажилтнаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Д.Д гэсэн хүн ажиллаж байсан гэсэн байдаг. Тэгэхээр Засаг дарга өөрийгөө ингэж тодорхойлохгүй байх. Тийм учраас Д.Ж г яагаад үлдээгээгүй вэ гэдэг асуудал байгаа юм. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ж нь Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

“Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон зохион байгуулсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дугаартай тушаалын хавсралтаар орон тооны дээд хязгаарыг 70 гэж баталж өгснөөр 30 ажлын байрны орон тоо цөөрсөн.

Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/01 дугаар тушаалаар хэлтсийн албан хаагчдыг шинэ бүтэц, орон тооны дагуу томилж, чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн Д.Ж ийг ажлаас чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон болно.

Д.Ж нь Баянгол дүүргийн 17, 19 дүгээр хорооны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилуулж өгөхийг даалгахыг нэхэмжилжээ. Шинэ бүтцээр 1 хороонд 1 мэргэжилтэн томилогдсон бөгөөд эдгээр нь халамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг давхар үзүүлэх болсон тул мөн хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтний орон тоо байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдэд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний А/11 тоот хэлтсийн шинэ бүтэц, орон тооны тушаалыг танилцуулан, бүтцийн өөрчлөлт болон орон тоо хасагдсан талаар мэдэгдэн сонсгол хийсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 5 зүйлд хандуулж байна. Эхнээс нь тайлбарлая. Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан байдгийг товчхон хэлье. Төрийн албаны тухай хуульд энэ хуулиар зохицуулаагүй хуулийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан байдаг. 

Тэгэхээр дээрх үйл явдлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтаар тодорхой зохицуулсан байна. Түүнд төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөгдөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан гээд тодорхой заасан байдаг. Тэнд 3 сонголт байгаа. Цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажилд шилжүүлэх, 6 сар хүртэлх хугацаагаар давтан сургах, эсхүл 3 сарын тэтгэмж олгож, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор заасан тодорхой зохицуулалт байдаг. Ийм тодорхой зохицуулалт байхад Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах шаардлагагүй юм. 

Сонсох ажиллагаа хийгээгүй гэдэгт тайлбар хэлье. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх, 28.1-д дараах тохиолдолд сонсох ажиллагаа  хийхгүй байж болно, 28.1.5-д “захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол”, 84 дүгээр зүйлд “захиргааны шийдвэр гүйцэтгэх байгууллага” гэж тодорхойлсон ба 84.1.2-т “Дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг анхан шатны захиргааны байгууллага гүйцэтгэнэ” гэж байдаг.

 Сонсох ажиллагаа явуулахгүй гэдэг нь ямар учиртай гэхээр  Монгол Улсын Засгийн газраас дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс Халамжийн хэлтсийг нийлүүлээд, 100 орон тоо байсныг 70 болгож багасгасан байгаа. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаал гарч Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн орон тоог багасгасан байдаг. Үүнтэй холбогдуулан тодорхой хэмжээний хүмүүсийг ажлаас халах үүрэг даалгавар олгогдсон. Тэгэхээр сонсох ажиллагаа хийх шаардлагагүй юм. 

4 дүгээрт тушаалын бичвэр утга агуулгын талаар ярьж байна. Монгол хэлний хэл зүйг яаж ойлгох нь хувь хүний асуудал юм. Нэхэмжлэгч талаас хүлээлгэж өгөх асуудалд хэлбэрийн төдий алдаа ярих шиг боллоо. 

Захиргааны актад бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж байна. Үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан байгаа. Тэгвэл 40.5.2 дахь заалтад хаяглагдсан этгээд захиргааны актын үндэслэл тодорхой, ойлгомжтой байгаа, эсхүл бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг мэдэж байсан бол гэж байгаа. Тэгэхээр бодит нөхцөл байдлын талаар 2-3 сарын өмнө мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотой Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний тушаал батлагдсантай холбогдуулан энэ хүнийг ажлаас халсан байгаа. Ээлжийн амралттай холбоотой зүйл ярих шиг болсон. Тэгэхээр энэ хүн 2016 оны ээлжийн амралтыг бүтэн эдэлсэн байгаа нь цалингийн цэсээс тодорхой харагдаж байгаа. 

Сонгон шалгаруулалт явуулаагүй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөрчсөн байна гэдэг. Гэтэл энэ заалтыг хэрэгжүүлсэн байгаа. Өнөөдөр Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтэс нийлснээрээ анхан шатанд явагддаг ажлыг Хөдөлмөр, халамжийн ерөнхий газар шилжүүлэн авсан байгаа. Хороон дээр ажиллаж байсан хүмүүсээс сонгон шалгаруулж байсан халамжийн мэргэжилтэнг авсан байгаа. Учир нь бодит амьдрал дээр халамжийн үйлчилгээ хороонд түлхүү явагддаг. Харин хөдөлмөрийн үйлчилгээ хороон дээр бараг явагддаггүй. Ихэнх хэсгийг Хөдөлмөр, халамжийн үйчилгээний хэлтэс хариуцаад явж байгаа. Хуучин Хөдөлмөрийн хэлтэст 1 мэргэжилтэн 2 хороо хариуцдаг байхад Халамжийн хэлтэст нэг мэргэжилтэн нэг хороо хариуцдаг байсан. Өнөөдөр нэг хороонд нэг мэргэжилтэн ажиллах гол шалтгаан нь халамжийн үйл ажиллагаа юм. Тийм учраас 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын дагуу шалгаруулж авсан. Шалгаруулж авна гэдэг нь заавал сонгон шалгаруулалт зохион байгуулна гэсэн үг биш юм. Үүнийг эрх бүхий албан тушаалтны эрх олгогдсон заалт гэж үзэж байгаа. Тэгэхээр хэлтсийн даргын эрх хэмжээний хүрээнд халамжид ажиллаж байсан хүмүүсийг авч үлдээд, хөдөлмөр хэлтэст ажиллаж байсан хүмүүсийг цомхтголд оруулсан байдаг. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Д.Ж гээс өөрийг ажлаас чөлөөлсөн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хариуцагчаас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, зохих бичилтийг хийхийг хариуцагчид даалгуулахаар Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээр шүүхээс захиргааны хэрэг үүсгэжээ /хх 29-30/. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Д.Ж гийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацаанд оногдох ээлжийн амралтын олговрыг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна /хх 84/. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтын талаар:

-Нэхэмжлэгч Д.Ж нь төрийн үйлчилгээний албан хаагч буюу ТҮ-6-1 зэрэглэлтэйгээр Баянгол дүүргийн хөдөлмөрийн хэлтэст Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд төрөөс үзүүлж буй хөнгөлөлт чөлөөлөлт, санхүүгийн дэмжлэгийн мэргэжилтнээр анх 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр томилогджээ /хх 14/. Үүний дараа нэхэмжлэгч 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөжээ /хх 26/.

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар /хх 52-55/ Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан тухайн байгууллагын ажилтнуудыг ажлаас чөлөөлж, ажилд томилжээ.   

Уг бүтцийн өөрчлөлтийг үндэслэн Баянгол дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Ж г төрийн жинхэнэ албан хаагч буюу ТЗ-4-2 зэрэглэлтэйгээр, Баянгол дүүргийн 17, 19 дүгээр хорооны Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон байна /хх 15/. 

-Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоог Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар тушаалаар баталж, нийт 30 орон тоотойгоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан хороо хариуцсан мэргэжилтэн 11 орон тоотойгоор батлагджээ /хх 131-132/. 

 -Харин Баянгол дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын  2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар /хх 126-127/ Баянгол дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоог 69 байхаар, хороо хариуцсан мэргэжилтэн 32 байхаар баталжээ.

-Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/653 дугаар захирамж /хх 125/-аар Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан дүүргүүдийн Засаг дарга нарын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу шинээр нийлүүлэн өөрчлөгдсөн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар баталсан байна /хх  41-42/.

 Улмаар Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаал /хх 56/-аар  уг байгууллагын нийт орон тоог 70 байхаар тогтоосон бөгөөд үүнд Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний орон тоо 37 байхаар баталжээ.

-Баянгол дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Баянгол дүүргийн  Хөдөлмөрийн хэлтэс Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болж нэгдэн өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 16.30-15.00 цаг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ажилтан, албан хаагч нарын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон өөрчлөгдөж, нийтдээ 70 орон тоотой болсон талаар сонсох ажиллагаа явуулж /хх 59/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалыг танилцуулж, тэмдэглэл /хх 59, 60/ үйлдсэн байна. 

Дээр дурдсанаар төрийн байгууллагууд нийлэх хэлбэрээр өөрчлөгдөн зохион байгуулагдсан шийдвэрүүд гарч, бүтэц, зохион байгуулалт нь өөрчлөгдсөнийг үндэслэн нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо хасагдсан гэж үзэн маргаан бүхий акт буюу Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 дугаар тушаал /хх 16/-аар нэхэмжлэгч Д.Ж г 17, 19 дүгээр хороонд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ. 

Дүгнэхэд Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс шинэ бүтцийн дагуу Баянгол дүүргийн  Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэстэй нийлэн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэс болон өөрчлөгдсний улмаас нэхэмжлэгчийн эрхэлж байсан хороо хариуцсан хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд нийгмийн халамжийн чиг үүрэг нэмэгдсэн ч түүний эрхэлж байсан хороо хариуцсан хөдөлмөрийн асуудлыг хариуцах чиг үүрэг нь агуулгын хувьд бүхэлдээ өөрчлөгдөөгүй буюу хэвээр хадгалагдаж байна. Тодруулбал, Баянгол дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтэн 11, нийгмийн халамжийн хэлтсийн мэргэжилтэн 32 буюу 2 байгууллагын хороо хариуцсан мэргэжилтний тоо нийлээд 43 байсан, шинэ бүтцээр хороо хариуцсан мэргэжилтний тоо 37 болж 6 орон тоогоор цөөрсөн, харин хороо хариуцсан нэхэмжлэгчийн албан тушаалын орон тооны тоо нь цөөрснөөс уг орон тоо байгууллагын бүтцээс алга болж хасагдаагүй гэдэг нь ажлын байрын тодорхойлолтууд /хх 61-62, 63-67, 77-82/, дээр дурдсан бүтцийн өөрчлөлтийн тушаалууд, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх 137-149/ зэргийг харьцуулан дүгнэхэд тогтоогдож байна. 

-Хороо хариуцсан албан тушаалын цөөрсөн орон тоонд ажиллах мэргэжилтнүүдийг үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан шалгаруулж аваагүй гэдэг нь нэхэмжлэгчийн “...Тэр шуурхай дээр хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.М хэлтсийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон, бүх ажилтнаас шалгалт авч, шалгарсан албан хаагчид цаашид албан тушаалаа үргэлжлүүлэн хаших боломжтой тапаар товч хэлсэн. Миний хувьд шалгалтыг амжилттай өгч, ажлын байрандаа үлдэх боломжтой юм байна гэсэн итгэл төрж, шалгалтад бэлтгэж эхэлсэн. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ... орой 19,00 цагийн орчим ... “Ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” тушаал уншиж танилцуулан, урьдчилан бэлтгэсэн хүснэгтэд хүн бүрээр гарын үсэг зуруулан гардуулан өгсөн. Үүнээс өмнө ямар нэгэн шалгалт аваагүй, биечлэн уулзаагүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт хийж, түүний нийгмийн баталгааг хангах талаар хуульд заасан арга хэмжээ аваагүй...” гэсэн тайлбар /хх 5-6, 148/, хариуцагч талын шүүх хуралдаан дээр гаргасан “...хороон дээр ажиллаж байсан хүмүүсээс сонгон шалгаруулж халамжийн мэргэжилтэнг авсан байгаа. Учир нь бодит байдал дээр халамжийн үйлчилгээ түлхүү явагддаг. Харин хөдөлмөрийн үйлчилгээ хороон дээр бараг явагддаггүй....” гэсэн  тайлбар /хх 148, 149/-аас тогтоогдож байна. 

-Нэхэмжлэгч Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 76 хоногийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ /хх 90/. 

-Нэхэмжлэгч Д.Ж нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1331 дүгээр албан бичиг /хх 18/-ээр шүүхэд хандахыг зөвлөжээ. 

Үүний дараа нэхэмжлэгчээс тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

Талуудын маргаж буй үйл баримтын талаар:

Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан нэхэмжлэгч талын тайлбаруудыг дүгнэхэд нэхэмжлэгч талаас дараах үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бус гэж маргажээ: “орон тоо хасагдаагүй цөөрсөн байхад ажлаас чөлөөлөх тушаал гарахаас өмнө шалгаруулалт авна гэж мэдэгдсэн атлаа ийм шалгаруулалт авалгүйгээр шууд ажлаас чөлөөлөх тушаал гаргасан, ажил олгогч үр дүнгийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлахдаа хуульд заасан хугацаанд бичгэн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулаагүй, шийдвэрт хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалаагүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй,  ажил хүлээлцэх хугацааг актад тусгаагүй, эрхэлж байсан албан тушаалыг огт дурдаагүй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж бичээгүй,  ээлжийн амралтын тооцоо хийх, өглөг авлага юу байгаа эсэх, санхүүгийн баримт бичигтэй холбоотой бүх асуудлыг оруулаагүй, актад заасан тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, ажил хүлээлцэх комисс байгаа эсэх тодорхойгүй, актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг актад бичээгүй, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацаанд оногдох ээлжийн амралтыг тооцож, олговрыг олгоогүй” гэжээ. 

Харин хариуцагч талын тайлбаруудаас дүгнэхэд хариуцагч талаас дараахь үндэслэлээр маргаан бүхий актыг хуульд нийцсэн гэж маргажээ: “шинэ бүтэц, орон тооны дагуу актыг гаргасан, сонгон шалгаруулалт явуулсан, хуучин хөдөлмөрийн хэлтэст 1 мэргэжилтэн 2 хороо хариуцдаг байхад халамжийн хэлтэст нэг мэргэжилтэн нэг хороо хариуцдаг байсан, хэлтсийн даргын эрх хэмжээний хүрээнд халамжид ажиллаж байсан хүмүүсийг авч үлдээд, хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан хүмүүсийг цомхтголд оруулсан байдаг, хороон дээр ажиллаж байсан хүмүүсээс сонгон шалгаруулж байсан халамжийн мэргэжилтэнг авсан байгаа. Учир нь бодит амьдрал дээр халамжийн үйлчилгээ хороонд түлхүү явагддаг. Харин хөдөлмөрийн үйлчилгээ хороон дээр бараг явагддаггүй, Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн орон хасагдсан, шинэ бүтцээр 1 хороонд 1 мэргэжилтэн томилогдсон, шинэ бүтцийн дагуу халамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг давхар үзүүлэхээр болсон, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтний орон тоо байхгүй, бодит нөхцөл байдлын талаар 2-3 сарын өмнө мэдэгдсэн, шинэ бүтэц, орон тооны тушаалыг танилцуулан, бүтцийн өөрчлөлт болон орон тоо хасагдсан талаар мэдэгдэн сонсгол хийсэн, тушаалын бичвэр агуулгын монгол хэлний хэл зүйг яаж ойлгох нь хувь хүний асуудал, нэхэмжлэгч 2016 оны ээлжийн амралтыг бүтэн эдэлсэн байгаа нь цалингийн цэсээс тодорхой байгаа.” гэжээ. 

Шийдвэрийн хууль зүйн үндэслэл, түүнийг талуудын нотлох баримтаар тогтоогдсон үйл баримттай холбон дүгнэсэн талаар:

Нэхэмжлэгчээс төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотойгоор тэр дундаа төрийн албан хаагчийн баталгааг хариуцагч захиргааны байгууллага зөрчиж, зохион байгуулалтын өөрчлөгдсөн бүтэц, орон тоонд нийцүүлэн шалгаруулалтын үндсэн дээр албан тушаалд үргэжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлэхгүйгээр ажлаас чөлөөлсөн үйлдлийг хууль бус гэж үзэн, ажлаас хууль бусаар халагдсан гэж маргасан. Түүнчлэн хариуцагчийн энэхүү хууль бус үйлдлээс шалтгаалж нэхэмжлэгч төрийн албан хаагчийн цалин хөлс авах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх хэсгийг төлдөг баталгааг эдлэх боломжгүй болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж нэхэмжлэгч үзжээ. 

Төрийн албаны тухай хуулийн зорилтыг тодорхойлсон 1 дүгээр зүйл, Төрийн албан хаагчийн батлагааг зохицуулсан 27 дугаар зүйл зэргээс үзэхэд төрийн захиргааны /төрийн жинхэнэ/ албан хаагчийн баталгаа, нэмэлт баталгаа буюу төрийн захиргааны албан хаагчид төрийн албыг хэрэгжсүүлсний төлөө олгогдож байгаа боломж, нөхцөлүүдийг заасан. Энэ нь төрийн захиргааны албан хаагчид олгогдож байгаа эрх юм.  

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас төрийн захиргааны байгууллагын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн  шийдвэр гаргаж, үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль болон илүү нарийвчилсан харилцааг зохицуулсан бусад хуульд заасан зарчим, эрх, үүргийг заасан хэм хэмжээг баримтална. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэлт баталгаагаар хангагдана: 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч ... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;” гэжээ. 

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага ..., өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ..., эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;” гэжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “орон тоо цөөрүүлэх”, 27.2.4-д заасан “орон тоо хасагдсан” гэдгийг Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д “...“орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино...”, 15.1.2-т “... “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно.” гэж тайлбарласан зарчмаар ойлгох нь зүйтэй. Тодруулбал, Төрийн албан тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “Энэ хэсэгт заасан “...орон тоо цөөрсөн...”, мөн зүйлийн 27.2.4-т заасан “...орон тоо хасагдсан ...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно.” гэж заажээ. 

Маргааны үйл баримтаас эрх бүхий байгууллагын шийдвэрээр  хариуцагч байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн, нэхэмжлэгчийн эрхэлж байсан хороо хариуцсан хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд нийгмийн халамжийн чиг үүрэг нэмэгдсэн ч түүний эрхэлж байсан хороо хариуцсан хөдөлмөрийн асуудлыг хариуцах чиг үүрэг нь агуулгын хувьд бүхэлдээ өөрчлөгдөөгүй буюу хэвээр хадгалагдан үлдсэн гэдэг нь тогтоогдсон. Тодруулбал, нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тооны тоо нь цөөрсөн,  харин  уг орон тоо нь байгууллагын бүтцээс үгүй болж бүр мөсөн алга болж хасагдаагүй гэдэг нь тогтоогдсон.

Маргаан бүхий тохиолдлын хувьд Төрийн албаны тухай 27.2.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн албан тушаалын орон тоо 6-аар цөөрсөн байгаа бодит нөхцөлд байдал байгаа учир энэ хуулийн заалтын дагуу хариуцагчаас уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авахаар байжээ. 

Гэтэл маргаан бүхий үйл баримтаар хариуцагчаас ийм шалгаруулалт хийх талаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөөс өмнө мэдэгдсэн боловч шалгаруулалтыг бодит байдалд явуулаагүй гэдэг нь тогтоогдсон. Үүнээс үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. 

Түүнчлэн Төрийн албан тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д , Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлэхээр заажээ. Иймээс хариуцагч талаас шалгаруулалт явуулсан гэдгийг “...сонгон шалгаруулалт явуулсан, хуучин хөдөлмөрийн хэлтэст 1 мэргэжилтэн 2 хороо хариуцдаг байхад халамжийн хэлтэст нэг мэргэжилтэн нэг хороо хариуцдаг байсан, хэлтсийн даргын эрх хэмжээний хүрээнд халамжид ажиллаж байсан хүмүүсийг авч үлдээд, хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан хүмүүсийг цомхтголд оруулсан байдаг, хороон дээр ажиллаж байсан хүмүүсээс сонгон шалгаруулж байсан халамжийн мэргэжилтэнг авсан байгаа. Учир нь бодит амьдрал дээр халамжийн үйлчилгээ хороонд түлхүү явагддаг. Харин хөдөлмөрийн үйлчилгээ хороон дээр бараг явагддаггүй,...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Ийнхүү нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тооны тоо цөөрснөөс уг орон тоо нь байгууллагын бүтцээс бүрэн мөсөн хасагдаагүй байтал уг орон тоог хасагдсан үндэслэлээр буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй үндэслэлээр актыг гаргасан гэж үзэхээр байна. 

Хариуцагчийн энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчимд нийцээгүй байна. 

Дээрхээс дүгнэхэд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцээгүй бөгөөд мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим, 4.2.6-д заасан төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг төр хангах төрийн албанд баримтлах зарчмыг зөрчсөн хууль бус үйлдэл байна.

Дүгнэхэд, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий акт нь хууль бус бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, ... авах, 27.1.2-т заасан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах, 27.2.3-д заасан шалгаруулалтын үндсэн дээр албан тушаалдаа үргэжлэн ажиллах, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” зэрэг төрийн захиргааны албан хаагч Д.Ж гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий актын улмаас зөрчигдөж, нэхэмжлэгч хууль бусаар ажлаас халагдсан гэдэг нь тогтоогдож байна. 

Үүний учир төрийн захиргааны албан хаагч Д.Ж гийн төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр авах, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах, албан тушаалдаа үргэжлэн ажиллах, төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдахгүй байх эрх, хууль ёсны сонирхлыг шүүхээс сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр /маргаан бүхий акт гарснаас энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдөр/ хүртэл буюу ажлын 153 өдрийн хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор тооцон ажилгүй байсан цалин хөлсийг олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 3,764,259 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, түүнчлэн тухайн олговрыг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн төсвөөс гаргуулах нь зүйтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгчийн сүүлийн 3 сард авч байсан 1 сарын үндсэн цалин нь  516,663 төгрөг бөгөөд аливаа төрлийн нэмэгдэлгүй, нэмэгдэл хөлс аваагүй гэдэг нь цалингийн тодорхойлолт /хх 68/-оор тогтоогдож байна.  

Түүнчлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалд заасан үндсэн цалин, нэмэгдлийг тодорхойлох, ажилтны ажилласан сүүлийн 3 сарын дунджаар тодорхойлохоор заажээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний тооцооллын задаргаа:

516,663 төгрөг буюу бүтэн ажилласан сүүлийн 3 сарын 1 сарын дундаж цалин : 21 өдөр буюу сүүлийн бүтэн ажилласан 3 сарын ажлын өдрийн дундаж тоо (4 сард 22 өдөр, 5 сард 20 өдөр, 6 сард 21 өдөр) = 24,603 төгрөг (сүүлийн бүтэн ажилласан 3 сарын 1 өдрийн дундаж цалин). 

24,603 төгрөг х 153 өдөр (ажлаас чөлөөлсөн 2016 оны 09 дугаар сарын 30-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх ажлын өдрийн тоо) = 3,764,259  төгрөг ажилгүй байсан хугацааны цалин. 

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2-т заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулсантай холбоотойгоор Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн төсөвт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр нэхэмжлэх, мөн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж төсөвт учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй. 

Хэдийгээр нэхэмжлэгч нь 2016 онд ээлжийн амралтаа эдэлсэн ч гэсэн ажлаас халагдсан нөхцөлд түүний амралтыг тооцож олгох журмын дагуу маргаан бүхий акт гаргахдаа ээлжийн амралтыг тооцоогүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 79 дүгээр зүйл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 2, 4, 15-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацаанд оногдох ээлжийн амралтыг тооцож олгохыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.2.1, 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 46 дугаар зүйлийн 46.2, 79 дүгээр зүйл, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ж гийн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, зохих бичилтийг хийлгэх тухай, Д.Ж гйн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацаанд оногдох ээлжийн амралтын олговрыг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай. 

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 46 дугаар зүйлийн 46.2, 79 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ж г Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 3,764,259 төгрөгийг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, нэхэмжлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацаанд оногдох ээлжийн амралтыг тооцож олгохыг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                                А.САРАНГЭРЭЛ