Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 226/МА2023/00017

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Э нэхэмжлэлтэй,

хариуцагч Н.З холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Г.Уртнасан, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хаалттайгаар,  

Нэхэмжлэгч Н.Э,

Хариуцагч Н.З,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б  нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2024/00392 дугаар шийдвэртэй Н.Э нэхэмжлэлтэй, хариуцагч Н.З холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Н.З гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх бид хоёр гэр бүл болж байхад 4,000 толгой малтай байсан. Тэгээд ээж, эгч, дүүгийнхээ нэр дээр малаа тоолуулж байсан. Тэгээд анх 2019 онд   нэг настай малыг бид хоёр 4 жил бойжуулж өсгөж байсан. Тэрийг өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хүн мал маллахад намайг оролцоогүй байсан гэж байна. Миний оролцоо энэ хүнд маш их байсан. Малдаа яваад ирэхэд нь хэн ч галыг нь түлээд хоолыг нь хийгээд байхгүй. Би тухайн үед хамт амьдраад мал маллахад  оролцож байсан...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мал зуд болсноос болж хорогдсон талаар баримт аваад ир гэж удаа дараа тайлбар хэлж байсан. Гэтэл тэр талаар баримт огт авчирч өгөөгүй. Иймд мал зуданд үрэгдсэн гэх үндэслэл байхгүй байна. Хариуцагч, нэхэмжлэгч нарын анхан шатны шүүхэд өгсөн тайлбараар анх энэ хоёрыг нийлэхэд 4,000 толгой малтай байсан талаар ярьдаг. Гэтэл Н.З ээж, эгчдээ малыг тоолуулж өгсөн. Тэд нарын мал байдаг гэсэн. Тэгээд 100 саяын бой хийгээд намайг байхад ээж нь авсан талаар ярьдаг. Энэ нь бид хоёрыг хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө юм аа гэж хэлдэг. Энэ нь тодорхойгүй байна гэж шүүхэд хүсэлт гаргасан боловч нотлогдох боломжгүй байсан. Өөрт байгаа бүх үнэ бүхий эд зүйлийг алга болгоод 2022 онд 203 тооны мал үлдсэн байгаа. Энэ малын тооноос өөрт оногдох хэсгийг гаргаагүй гэж байна, ойлгоогүй юм шиг байна. Энэ тооллогын үнэлгээгээр 49 сая төгрөгийн үнэлгээ байгаа. Энийг хоёр хүүхэд эхнэрийг оруулаад 4 хүнд хуваахаар нэг хүнд 11,500,000 төгрөг болоод 3 хүний мөнгө 34,500,000 төгрөг болж байгаа. Машины хувьд үнэлгээг шинжээчээр гаргуулсан байгаа. Энэ тал дээр танайх гомдол гаргаагүй. Н.Э хувьд гомдолтой байсан. Гомдол гаргах гэхээр хоёр жаахан хүүхдүүд нь өвдөөд, орон байр байхгүй түрээсийн байранд байдаг байсан. Тэгээд төрөх гэж байхдаа 2 настай хүүхдээ дагуулаад явдаг байсан. Энэ хүн хагалгаанд ороод үс нь унаад байж байгаа. Тэгээд өөрөө хүүхдээ харах боломжгүй болоод хөдөө аав ээжээрээ харуулдаг. Өдөр өнжүүлэх их үнэтэй байдаг. Тэгээд 2 хүүхдийг тусдаа амьдрах хугацаанд энэ хүн өөрөө бүх зүйлийг хариуцаж байсан. Энэ хүнд хэлэхээр та нарын асуудал хамаагүй гэдэг. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн байна. Нөгөө талаас машины үнэлгээ буруу гэж үзэж байгаа бол дахин шинжээч томилуулах хангалттай боломжит хугацаа байсан. Энэ талаар гомдол гаргаагүй. Мөн зуд, гамшиг болсон талаар баримт ирүүлээгүй байгаа. Энэ бол гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө байгаа. Бага насны хүүхэдтэй, төрөхөд хүртэл хамт байгаагүй. Н.Э  явсны дараа Болортуяа гэдэг хүнтэй хамт амьдарсан байсан. Одоог хүртэл ямар нэгэн төлбөр өгдөггүй. Н.З гаргасан гомдол бол хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хууль зөрчөөгүй. Гаргаж байгаа хууль зүйн үндэслэл нь дээд шүүхийн тайлбарын хоёр, гурав дахь хэсгээр, мөн гэрлэснээс хойш бий болсон хөрөнгийг дундын хөрөнгө гэнэ гэж тайлбарласан. Энэ тайлбараар нотлогдсон байна. Хууль зөрчсөн гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Хариуцагч Н.З шүүхэд гаргасан тайлбартаа: “...2022 онд анх шүүхэд гомдол гаргасан. Шүүх хурал 2024 оны 8 сард болоод 2022 оны малын “А” дансны үнэлгээгээр шийдсэн байсан. Тэгээд 2023 оноос 2024 оныг шилжих өвөл зуд гамшиг болсон. Голын урд талын зарим айл хотондоо малгүй болсон байгаа. Гэтэл өнөөдөр байхгүй малыг 2022 оны малын “А” дансаар нь үнэлгээ гаргасан. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө энэ малыг зарж борлуулж хэрэглээгүй, зуданд үхсэн байгаа.  Өнөөдрийн байгаа малын “А” дансаар үнэлгээг гаргуулах юм бол татгалзах зүйл байхгүй. 2 хүүхдийн тэтгэлэг дээр хүлээн зөвшөөрч байна. 04-92 улсын дугаартай “Prius-20” маркийн машиныг 2023 онд эвдэрсэн машин авна гэсэн хүнд 2 саяд зарж борлуулсан байгаа. Би 2019 онд 5-6 жил унасан машиныг хүнээс авч байсан. Би өөрөө 4 жил унаж эдэлсэн. Нэлээн унаж эдлээд эвдрэл гарсан, мотор, хроп их муу байсан. Тэгтэл өнөөдөр 7 сая гаран төгрөгийн үнэлгээ гаргасан байна. Би энийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөр шинэ машин аваад зарж борлуулсан бол хүлээн зөвшөөрнө...” гэжээ.

 

 Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан  в, н нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин З.А, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү З.С нарыг эх Н.Э асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин З.А , 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү З.С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.З  тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.1-т заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох 04-99 улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 7,343,973 төгрөг, малын үнэ 46,000,000 төгрөг нийт 53,343,973 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, гурван гишүүнд ногдох хэсэг 40,007,979 төгрөгийг хариуцагч Н.Занданпүрэвээс гаргуулан нэхэмжлэгч Н.Э , охин З.А , хүү З.С  нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нядалсан малын үнэ 100,000,000 төгрөгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Н.Э  нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох Suzuki маркийн машинаас ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас, хариуцагч Н.З  нь хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.З  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Миний бие Н.Э  2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болж хамт амьдарч байгаад 2020 оны 01 сараас Н.Э нь "хөдөө амьдарч чадахгүй" гэдэг шалтгаанаар Улаанбаатар хот явж тэр цагаас тус тусдаа амьдрах болсон. Бид дундаасаа 3.А , Э.С  гэдэг хоёр хүүхэдтэй. Би бага наснаасаа сургуульд суугаагүй, их дээд боловсрол эзэмшээгүй тул Н.Энхсайхантай танилцаж нийлэхдээ хөдөөний, хөдөө амьдардаг хүн байсан. Н.Э нь миний энэхүү байдлыг анхнаасаа мэдэж надтай ханилсан боловч хөдөө очоод надтай нийлж, хөдөөний амьдралд дасаж зохицож чадаагүйн улмаас надаас салах шалтгаан болсон гэж үздэг. Ингээд Н.Э намайг орхиж явсны дараа би Б.Б гэдэг эмэгтэйтэй хөдөө гэртээ хамт амьдарч бид дундаасаа хүүхэдтэй болсон. Н.Энхсайхан бид хоёрын дундаас төрсөн хүүхдүүддээ би хуулийн дагуу тогтоосон тэтгэлгийг төлнө, цаашид ч эцэг хүний хувьд харж хандаж явах болно.

Харин шүүхээс надаас гаргуулахаар шийдвэрлэсэн 40.007.979 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь би 2018 онд Н.Э  анх суухад би өөрийн гэсэн А дансандаа малтай байсан. Энэ миний хуваарьт хөрөнгө байсан. Энэхүү малын дараа жил нь төл нь нэмэгдэж 2019 оны жилийн эцсийн тооллогоор 477 толгой малтай болсон. Энэхүү хөрөнгөөс бид хамт амьдраад амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж гэр авах, зээл авч төлөх зэргээр хамтдаа зарцуулсан. Н.Э  нь надаас 2020 оны 01 дүгээр сард салаад яваад өгсөн. 2020 оны жилийн эцсээр тоолуулсан мал 96 толгой малтай болсон ба үүнийг мөн би ганцаараа хөдөө өсгөсөн. 2021 оны жилийн эцсээр 146 толгой мал тоолуулсан. Энэ малыг ч өсөж үржихэд Н.Э  байгаагүй. Харин надтай сүүлд хамт амьдарсан Б.Б  гэдэг эмэгтэй надтай хөдөө хамт амьдардаг байсан. Ингээд сүүлийн жилүүдэд Улс орон даяар хатуу өвлүүд болж жил дараалан мал маань үхэж үрэгдсээр байгаад одоо бараг үгүй болоод байгаа. ...Харин анхан шатны шүүхээс байгалийн гамшигт мал хорогдсоныг нотлоогүй гэсэн байсан. Миний 2023 оны А дансны бичигний ар хэсэгт байх хүснэгтэд багаас тооллого хийгээд "зүй бусаар хорогдсон" гэсэн тэмдэглэлээр баталгаажуулж өгсөн байгаа. Би бодохдоо анх Н.Э  гэрлэлтээ батлуулахаас өмнө надад байсан малууд миний хуваарьт хөрөнгө гэж үзэж байгаа бөгөөд хэрвээ Н.Э  нь надтай 1 жил гаруй хамт амьдрахдаа тухайн малуудыг өсгөлцөж, хувь нэмрээ оруулсан гэж буй бол миний өөрт байсан малыг хасаад өссөн мал нь гэр бүлийн дундын хөрөнгө болох байх гэж үзэж байгаа.

Монголд зөндөө олон жил явчихсан, хуучин машин хүнээс авч байсан. Тэгээд уг машиныг дандаа хөдөө гадаа унаж байсан болохоор машины мотор хроп нь эвдэрч ажиллахаа болиход нь 2.000.000 төгрөгөөр зарсан. Гэтэл хэрэгт уг машиныг эвдрэл гэмтэлгүй бүтэн үнэлгээгээр хуваасан байгаа. 2.000.000 төгрөгийн орлого нь гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө гэж үзэж байгаа юм. ...Иймд шүүхийн шийдвэрийг хянаж, гэр бүлийн гишүүдийн дундын өмч хуваасан асуудлыг дахин шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.З  гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

 Нэхэмжлэгч Н.Э “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н.З “...2022 онд анх шүүхэд гомдол гаргасан. Шүүх хурал 2024 оны 8 сард болоод 2022 оны малын “А” дансны үнэлгээгээр шийдсэн байсан. Тэгээд 2023 оноос 2024 оныг шилжих өвөл зуд гамшиг болсон. Гэтэл өнөөдөр байхгүй малыг 2022 оны малын “А” дансаар нь үнэлгээ гаргасан. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө энэ малыг зарж борлуулж хэрэглээгүй зуданд үхсэн байгаа.  Өнөөдрийн байгаа малын “А” дансаар үнэлгээг гаргуулах юм бол татгалзах зүйл байхгүй. Би 2019 онд 5-6 жил унасан машиныг хүнээс авч ...нэлээн унаж эдлээд мотор, хроп их муу байсан... 7 сая гаран төгрөгийн үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх Н.Э  асрамжид үлдээж, эцэг Н.З  тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.1-т заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох 04-99 улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 7,343,973 төгрөг, малын үнэ 46,000,000 төгрөг нийт 53,343,973 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж гурван гишүүнд ногдох хэсэг болох 40,007,979 төгрөгийг хариуцагч Н.З  гаргуулан нэхэмжлэгч Н.Э , охин З.А , хүү З.С  нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нядалсан малын үнэ 100,000,000 төгрөгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Н.Э нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох Suzuki маркийн машинаас ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас, хариуцагч Н.З  нь хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлсэн боловч эвлэрээгүй, гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, тэдгээрийн гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон зэрэг шалтгааныг харгалзан гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн асрамж, тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр эцэг Н.З  нь гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн, түүнчлэн эд хөрөнгийн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэн, гэр бүлийн гишүүдэд тэнцүү хэмжээгээр хуваарилж олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хариуцагч Н.З  “...2018 онд Н.Э  анх суухад би А дансандаа малтай байсан. Энэ нь миний хуваарьт хөрөнгө байсан ...бид хамт амьдраад амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж гэр авах, зээл авч төлөх зэргээр хамтдаа зарцуулсан. Н.Энхсайхан нь надаас 2020 оны 01 дүгээр сард салаад яваад өгсөн ...сүүлийн жилүүдэд Улс орон даяар хатуу өвлүүд болж жил дараалан мал маань үхэж үрэгдсээр байгаад одоо бараг үгүй болоод байгаа.

Мөн хуучин машин хүнээс авч ...хөдөө гадаа унаж байсан болохоор машины мотор, хроп нь эвдэрч ажиллахаа болиход нь 2.000.000 төгрөгөөр зарсан. Гэтэл хэрэгт уг машиныг эвдрэл гэмтэлгүй бүтэн үнэлгээгээр хуваасан байгаа. 2.000.000 төгрөгийн орлого нь гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө гэж үзэж байна...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.  

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-д “Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ” гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч Н.Э шүүх хуралдаан дээр “...2018 оны 10 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл хамт амьдарч байгаад ...гэрээсээ явсан болохоор 2021 оны мал тооллогоор нэхэмжилж байгаа. Намайг байхад ийм мал тоолуулсан байсан...” гэж тайлбар өгсөн ба анхан шатны шүүх 2021 оны мал тооллогын дүнг үндэслэн 146 толгой малыг дундын хөрөнгө гэж дүгнэж шийдвэрлэжээ.

Хариуцагч нь энэ мал дотор миний хуваарьт хөрөнгө байсан, 2023 онд мал зүй бусаар хорогдсон гэх тайлбарыг өгч байгаа боловч хэрэгт хавсаргасан нотлох баримтуудаар хариуцагч хуваарьт хөрөнгөтэй байсан эсэх нь тогтоогдоогүй, хариуцагч нь энэ талаар шүүхэд нотолж чадаагүй байна. Түүнчлэн 2023 оны мал тооллогын баримтад дурдагдсан мэдээлэл нь дангаараа мал зүй бусаар хорогдсон гэх нөхцөл байдлыг тогтооход хангалтгүй байгаа бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Н.З  нь 04-99 улсын дугаартай прусс-20 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл өмчилж байгаад 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэн М.З худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаартай албан бичиг /хх-ийн 60/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 187/ зэргээр нотлогдож байна. Харин уг тээврийн хэрэгслийг шүүхээс шинжээч томилуулан үнэлгээг тогтоолгосон ба талууд шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцсэн хүсэлт гаргаагүй, уг тээврийн хэрэгсэл эвдрэл, доголдолтой байсан талаар нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.З  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч Н.З  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 357 990 төгрөгийг төлсөн байна. Гэр бүлийн маргаантай холбогдуулан нэхэмжлэл гаргасан үед улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөхөөр хуульд тусгасан бөгөөд тухайн нэхэмжлэлтэй холбогдуулан дундын эд хөрөнгөө хуваарилуулахаар маргаж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж нэмж төлөх үндэслэлгүй байгаа тул илүү төлсөн 287 790 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Н.З  олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2024/00392 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.З гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 990 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.З  илүү төлсөн 287 790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.БОЛОРМАА

 

                        ШҮҮГЧИД                                     Г.УРТНАСАН

                                                                               Д.ГАНЗОРИГ