Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 226/МА2024/00018

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй хариуцагч Д.Н-т холбогдох

 иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Д.Ганзориг, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,  

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Р.О (цахимаар),

Хариуцагч Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 157/ШШ2024/00144 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н-т холбогдох “14,090,000 төгрөг гаргуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч*******ийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Р.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Н  нь 2022 оны 06 дугаар сарын 23-нд өөрийн хувийн хэрэгцээнд зориулан 8,700,000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сар бүр 10 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрвэл 0,5 хувиар гүйцэтгээгүй үүргийн дүнгээс алданги тооцохоор бичгээр гэрээ хийж авсан. ...гэрээний хугацааны хүү 6,090,000 төгрөг, алдангийг зөвхөн үндсэн зээлээс /0.1 хувь болгож/ тооцож үзэхэд 4,254,300 төгрөг болж байна. ...Хариуцагч нь нийт 2,750,000 төгрөг өгсөн байна. Зээл зээлийн хүү, алданги дүн 19,044,300 төгрөг болж байна. Хариуцагчийн өгсөн 2,750,000 төгрөгийг, 0,1 хувиар бодсон алданги /4,254,300/-аас 2,204,300 төгрөгийг хасч тооцоод хариуцагчаас 14,090,000 мянган төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Хариуцагч Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д.Н  нь С -ХХК-аас 2022 оны 06 сарын 23-нд Оюундарь эгчтэй утсаар ярьж 8,900,000 төгийг шууд дансаар авсан. Тухайн үед ямарч гэрээ хийгээгүй 3 хоногийн дараа Р.О  эгч манайхаар хүрээд ир гэж дуудаад гэрээ бичиж гарын үсэг зуруулсан. ...Нэхэмжлэл гаргахаас өмнө 2,750,000 төгрөг төлсөн байгаа. Би нэхэмжлэлийн  шаардлага 14,090,000 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг  төлөхийг зөвшөөрч байна...” гэжээ.

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Н-с 14,090,000 (арван дөрвөн сая ерэн мянга) төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Н  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “Д.Н  миний бие 2022 оны 06 дугаар сарын 23-нд иргэн Р.О-ийн ........... тоот данснаас .......... тоот дансаараа 8,700,000 төгрөг шилжүүлэн авсан. Тухайн өдөр миний бие цахим залилан болох романс хэлбэрийн халдлагад өртөн Доктор Ченлейхас /Глобал секурету Соmpany/ гэсэн хаягтай залилагч надад ............ тоот нэр бүхий дансанд 8,700,000 төгрөг шилжүүлсэн. Шууд намайг блоколсон. Ингээд би хууртсанаа мэдээд тэр өдрөө 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа. ...Иргэн Р.О  өөрийн данснаас мөнгө шилжүүлсний 3 хоногийн дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 26-нд “Сөндийн цагаан уул” ХХК-ийн нэр дээр бичсэн гэрээнд хүчээр уурлан гарын үсэг зуруулсан. Ингээд уг мөнгөний хүү, алданги өссөөр 21,271,500 төгрөгийн өртэй болж Бор-Өндөр иргэний шүүх дээр ирсэн. Энэ байдлаа шүүх хурал дээр хэлэх бодолтой байсан ч тийм боломжийг олгоогүй.  

1. Шүүх хурал дээр ярих бололцоо хангагдаагүй.

2. Иргэн Р.О-ийн хувийн данснаас нь шилжүүлж авсан. Нэхэмжлэгчийн бэлдсэн, хүчээр зуруулсан гэрээг үндэслэн нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

3. 8,700,000 төгрөгийг үндэслэлгүйгээр 14,090,000 төгрөг төлөх шийдвэрийг гаргасан.

4.Шүүх хурал дээр үг хэлэх, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй.

5. Иргэн би цахим гэмт хэргийн хохирогч байхад уг нотолгоо баримтыг огт судлахгүй, асууж лавлалгүйгээр шийдвэр гаргасан зэрэг гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, цахим гэмт хэргийн хохирогч миний тайлбар гомдлыг шүүхэд сонсгож өгнө үү. Энэ шүүхийн шийдвэрт гомдолтой байна” гэжээ.  

           

Нэхэмжлэгч “Сөндийн цагаан уул” ХХК-ийн захирал Р.О  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  Д.Н  нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр надад маш чухал хэрэг гарчихлаа 8,700,000 төгрөг зээлүүлээч гэх хүсэлтийг тавьсан. Би ...гэрээгээ яаж байгуулах вэ? гэхэд Д.Н  маргааш юм уу? нөгөөдөр очоод гэрээгээ хийе гэсэн. ...Д.Н  хүлээн зөвшөөрсөн учраас мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга дээрээ Д.Н  сар бүр 15 хувийн хүүтэй зээл өгөв гэж бичсэн. Д.Н  Улаанбаатар хотоос ирээд гэрээгээ хийсэн. ...Түүнээс би Д.Н  албадаж өгөөгүй, албаар гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Надад итгээд мөнгө гуйсан учраас би итгээд мөнгө өгсөн. Д.Н  манайд ирж ширээний хоёр талд сууж байгаад гэрээгээ хийсэн. Би  Д.Н-ийг орж ирэхэд нь өрөвдөөд 15 хувийн хүүг 10 хувь болгож өгье өөр боломж байхгүй гэж хэлсэн. ...Иймд Д.Н-ийн давж заалдах гомдлыг эсэргүүцэж байна...” гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Н-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

 Нэхэмжлэгч “С ” ХХК нь  хариуцагч Д.Н-т холбогдуулан үндсэн зээл 8,700,000 төгрөг, хүү 3,340,000 төгрөг, алданги 2,050,000 төгрөг, нийт 14,090,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

Хариуцагч Д.Н  нь “Нэхэмжлэл гаргахаас өмнө 2,750,000 төгрөг төлсөн байгаа. Би нэхэмжлэлийн  шаардлага 14,090,000 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг  төлөхийг зөвшөөрч байна” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгч “С ” ХХК, хариуцагч Д.Н  нарын хооронд “2022 оны 06 дугаар сарын 23-нд 8,700,000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сар бүр 10 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрвэл 0,5 хувиар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцохоор бичгээр гэрээ байгуулагдаж “С ” ХХК-ийн захирал Р.О-ийн ............... тоот данснаас 2022 оны 06 дугаар сарын 23-нд хариуцагч Д.Н-ийн ...........тоот данс руу 8,700,000 төгрөг шилжүүлсэн болох нь тэдний хооронд байгуулагдсан 04 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 2 дугаар хуудас/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 7 дугаар хуудас/, “С ” ХХК-ийн захирал Р.О-ийн депозит дасны хуулга /хх-ийн 6 дугаар хуудас/ болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбаруудаар нотлогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний төрөл болох “...барьцаалан зээлдэх журмаар зээл олгох...” гэрээ байгуулагдсан нь хуулийн шаардлагыг хангасан, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байна. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч зээл, түүний хүү, алдангийг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх “...талуудын хооронд харилцан тохиролцож тогтоосон зээлийн хүү хариуцагч талын эдийн засагт илтэд хохиролтой, сөрөг нөхцөл байдлаар хандсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон...” талаар шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

 

Хариуцагч Д.Н  нь “...Тухайн өдөр миний бие цахим залилан болох романс хэлбэрийн халдлагад өртөн ...Баянзүрх дүүргийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа. ...Иргэн Р.О 3 хоногийн дараа гэрээнд хүчээр уурлан гарын үсэг зуруулсан. ...Шүүх хурал дээр үг хэлэх, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан, шүүх хуралдааны явцад үг хэлэх, өмгөөлүүлэх эрхийг нь хязгаарласан гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй бөгөөд хариуцагч зээлийн гэрээний дагуу авсан мөнгөө бусдад залилуулсан гэх үйл баримт гэрээг биелүүлэхэд ямар нэг хамааралгүй, харгалзан үзэх нөхцөл болохгүй тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Д.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хариуцагч Д.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228, 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч Д.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын  шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 157/ШШ2024/00144 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагч Д.Н-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.БОЛОРМАА

 

                        ШҮҮГЧИД                                     Г.УРТНАСАН

                                                                               Д.ГАНЗОРИГ