Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 102/2023/04799/И |
Дугаар | 210/МА2024/01752 |
Огноо | 2024-09-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/01752
Ц.Н-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/03530 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А, М.Б нарт холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч М.Б болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагч М.Б-ын өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие хариуцагч Б.А-тай 2019 оны 11 сарын 18-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ, 2021 оны 02 сарын 04-ний өдөр Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулж, Б.А-ны өмчлөлийн Баянгол дүүрэг, *-р хороо, *-р хороолол, *** байрны ** тоотод байрлах 30.1 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг худалдан авсан. Уг орон сууцны 1 м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр тооцож, нийт 54,180,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Миний бие 2019 оны 11 сарын 18-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг төлж, байрны түлхүүрийг хүлээн авч өнөөдрийг хүртэл амьдарч байна. Үүнээс хойш миний бие үлдэгдэл төлбөр 34,180,000 төгрөгийг хариуцагч Б.А-гийн дансанд хэсэгчлэн төлж, 2021 оны 11 сарын 12-ны өдөр гэрээний үүргээ бүрэн биелүүлж дууссан. Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгнө үү гэж хүсэхэд хариуцагч Б.А түр хүлээж байгаарай би найдвартай гэж хэлдэг байсан боловч өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй. Ингээд 2023 оны 08 сард 8811-3892 дугаараас залгаж би наад байрыг чинь өрөндөө авсан гэж нэг хүн хэлсэн. Би энэ байрыг худалдаж авсан гэхэд гэрчилгээний хуулбарыг явуулсан бөгөөд 2023 оны 03 сард тус орон сууцыг М.Б-т шилжүүлж өгсөн байсан. Миний бие тус орон сууцны үнэ 54,180,000 төгрөгийг төлж худалдан авсан өмчлөгч бөгөөд хариуцагч Б.А нь миний худалдан авсан орон сууцыг дур мэдэн захиран зарцуулж, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй миний эрхийг зөрчиж намайг хохироож байна.
Иймд Баянгол дүүргийн *-р хороо, *-р хороолол, *** байрны ** тоотод байрлах 30.1 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.А хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2019 оны 11 сарын 18-ны өдөр Б.А болон Ц.Н нарын байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ-гээр Б.А нь Баянгол дүүрэг, *-р хороо, *-р хороолол /16095/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, *** байр, ** тоот хаягт байршилтай, 30.1 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид худалдахаар болсон. Гэрээний заалтаар сар болгон тогтмол 1,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр төлбөр хийх, нэг жилийн хугацаанд тухайн байрны үнийн дүнг бүрэн төлж барагдуулахаар талууд тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч гэрээнд заасан үүрэг буюу сар болгон тогтсон төлбөр хийх үүргээ удаа дараа зөрчсөн учир 2021 онд дахин гэрээ байгуулж, өмнөх гэрээтэй адилхан сар болгон 1,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр төлбөр төлөөд 1 жилийн хугацаанд гэрээг дуусгах үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгч дахин гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж эхэлсэн учир гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой гэрээг цуцлах, гэрээний зүйл болох орон сууцаа хариуцагч Б.А буцаах нөхцөл байдалтай холбоотойгоор орон сууцыг өөр хүнд худалдах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, дараа нь М.Б-т шилжүүлсэн. Нэгэнт байрыг бусдад худалдсан тул нэхэмжлэгчээс төлсөн 54,180,000 төгрөгийг буцаан өгнө. Харин маргаан бүхий байрны өмчлөл М.Бт шилжсэн тул Ц.Н д шилжүүлэх боломжгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч М.Б хариу тайлбартаа: Миний бие К ХХК авто ломбардад эдийн засагчаар ажилладаг. Манай компаниас зээл авсан иргэн Б.А ажил дээр ирж надтай уулзахдаа танайх зээлийн төлбөртөө байр худалдан авдаггүй гэж байна чи надаас 60,000,000 төгрөгөөр хямдхан байр худалдан авах уу гэж санал гаргасан. Үүний дагуу миний бие Б.А-тай 2023 оны 03 сарын 15-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, *-р хороо, *-р хороолол, *** байр, ** тоот хаягт байрлах 30.1 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг худалдан авсан. Миний бие орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдэж, 00****** тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсан юм. Орон сууцыг худалдан авах үед Б.А нь манай эгч байранд түр амьдарч байгаа орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгнө гэсэн боловч хүлээлгэж өгөөгүй алга болсон. Худалдан авсан орон сууцанд очиход хүн байхгүй байсан учир хаалган дээр нь бичиг наан үлдээхэд Б.Н гэх хүн утсаар холбогдож энэ байрыг Б.А-гаас худалдаж авсан гэсэн тайлбар хэлэн маргах болсон.
Иймд миний бие Баянгол дүүрэг, *-р хороо, *-р хороолол, *** байр, ** тоот хаягт байрлах 30.1 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянгол дүүрэг, *-р хороо, *-р хороолол /16095/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, *** байр, ** тоот хаягт байршилтай, 30.1 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Н-ыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 428,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н- д олгож, шийдвэрлэжээ.
5. Хариуцагч М.Б болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
5.1. Нэхэмжлэгч Ц.Н нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хууль бус өмчлөх эрхийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх ...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагын хууль бус өмчлөгчийн өмчлөх эрхийг хүчингүй болгуулах хэсэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг өгч чадаагүй.
5.2. Хэргийн 9-10-р талд авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хэргийн 11-26-р талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар Ц.Н нь Б.А-д нийт 52,200,000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн, 1,980,000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцны үнийг бүрэн төлсөн мэтээр үндэслэлгүй дүгнэжээ. Түүнчлэн, Б.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу орон сууцны үнийг бүрэн төлж дуусаагүй байхад Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгч байх боломжгүй юм.
5.3. Хэргийн 84-р талд авагдсан 2023 оны 02 сарын 20-ны өдрийн худалдах, худалдах авах гэрээгээр М.Б нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахдаа орон сууцанд ямар нэгэн үүрэг ногдуулсан эсэхийг шалгаж, ийнхүү үүрэг ногдуулаагүй орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Энэ талаар уг гэрээний 2.2-т тодорхой заасан. Ийнхүү М.Б-ын хувьд ямар нэгэн үүрэг ногдуулаагүй маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасантай нийцэх бөгөөд анхан шатны шүүх М.Б-ыг маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн авахдаа шалгаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Б-ын гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, шүүх нотлох баримтыг бүрэн дүгнэсэн гэж үзэж байна. Ц.Н 54,180,000 төгрөгийн үнэтэй байрны үнэд 54,200,000 төгрөгийг төлсөн. Мөн Ц.Н нь 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд амьдарч байгаа. Анхан шатны шүүхэд Б.А нь төлбөрийг бүрэн хүлээж авснаа хүлээн зөвшөөрч, маргаагүй. Б.А нь М.Б-тай 2023 оны 02 сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны гэрчилгээг шилжүүлж өгсөн. Гэтэл уг гэрээнд 2023 оны 02 сарын 20-ны өдөр Б.А-ны Голомт банкны дансанд 60,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлнэ гэсэн агуулга тусгагдсан байдаг. Гэвч М.Б-аас Б.А-д төлбөр төлсөн баримт байдаггүй. Хариуцагч тал Б.А нь ББСБ-аас зээл авсан бөгөөд орон сууцыг зээлийн төлбөрт авсан гэж тайлбарладаг боловч төлбөрт авсан хөрөнгийг М.Б-ын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн итгэмжлэл, хүсэлт байдаггүй. Иймд хариуцагч талын гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Б.А, М.Б нарт холбогдуулан, Баянгол дүүргийн *-р хороо, *-р хороолол /16095/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, *** байрны ** тоот хаягт байршилтай 30.1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон ...хууль бус өмчлөгчийн өмчлөх эрхийг хүчингүй болгуулах... гэх шаардлагыг ...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж дүгнэснийг буруутгахгүй.
3. Талууд 2019 оны 11 сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Б.А нь дээр дурдсан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, Ц.Н нь орон сууцны үнэд гэрээ байгуулсан өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 11 сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд үлдэх 34,180,000 төгрөг, нийт 54,180,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 5, 81/
Улмаар, талууд 2021 оны 02 сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулж, орон сууцны үнийг төлөх хугацааг 2022 оны 02 сарын 04-ний өдөр хүртэл сунгасан байна. /хх 6/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
5. Нэхэмжлэгч Ц.Н нь гэрээгээр тохирсон нэмэлт хугацаа болох 2022 оны 02 сарын 04-ний өдрөөс өмнө буюу 2021 оны 11 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээний үнийг бүрэн төлж дуусгасан болох нь хэрэгт авагдсан Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтууд, К ХХК-ийн захирал Б.А-ны Иргэн Ц.Н-д гэж хаягласан 2022 оны 08 сарын 24-ний өдрийн 16/01 дугаартай албан тоотоор тус тус тогтоогдсон. /хх 8, 9-26/
Уг албан бичигт ...Ц.Н нь ... нэг өрөө орон сууцыг худалдан авсан бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан болно. Тус орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээг 2022 оны 08 сарын 26-29-ний хооронд Ц.Н-д шилжүүлэн өгнө... гэсэн агуулга тусгагджээ. /хх 8/
6. Дээрх байдлаар талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үнэ болон төлбөр төлөх хугацаа, нэмэлт хугацааг тогтоосон, уг хугацааны дотор худалдан авагч үнийг нь бүрэн төлсөн, худалдагч орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэн өгөх хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хариуцагч Б.А-гийн гаргасан ...нэхэмжлэгч нь нэг жилийн хугацаанд төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн... гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй.
7. Иймд, нэхэмжлэгч Ц.Н нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй.
8. Хариуцагч Б.А нь 2023 оны 02 сарын 20-ны өдөр хариуцагч М.Б-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдаж, өмчлөх эрхийн гэрчилгээг 2023 оны 03 сарын 15-ны өдөр М.Б-ын нэр дээр шилжүүлсэн байх боловч М.Б-ыг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. /хх 81, 84-85, 86/ Учир нь:
8.1. М.Б-аас П.О-гийн дансаар дамжуулан Б.А-д 2022 оны 10 сарын 13-ны өдөр шилжүүлсэн 47,000,000 төгрөг, мөн П.О-гаас 2022 оны 10 сарын 13-ны өдөр Б.А-д шилжүүлсэн 20,000,000 төгрөг, нийт 67,000,000 төгрөгийг дээрх 2023 оны 02 сарын 20-ны өдрийн гэрээний төлбөр гэж үзэх боломжгүй. /хх 128-130/
8.2. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заажээ.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч Ц.Н нь түрүүлж гэрээ хийсэн, мөн маргаан бүхий орон сууцыг түрүүлж эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдсон тул орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авах давуу эрхтэй. /хх 5, 6, 84-85, 87, 88, 89-98, 99-114/
9. Хэргийн 9-26-р талд авагдсан төлбөрийн баримтуудын үнийн дүн нийт 54,200,000 төгрөг байхаас гадна өмнө дурдсанчлан хариуцагч Б.А нь төлбөр тооцоо дууссан талаарх албан тоотыг нэхэмжлэгч Ц.Н-д өгсөн тул хариуцагч М.Б болон түүний өмгөөлөгчийн ...Ц.Н нь Б.А-д 52,200,000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн байдаг. ...Гэтэл орон сууцны үнийг бүрэн төлж дуусаагүй буюу 1,980,000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад анхан шатны шүүхээс ... бүрэн төлж барагдуулсан ... гэж ... үндэслэлгүй дүгнэжээ... гэх гомдлыг хангахгүй. /хх 8, 9-26/
Түүнчлэн, хариуцагч М.Б нь хариу тайлбартаа ...Орон сууцыг худалдан авах үед Б.А нь манай эгч байранд түр амьдарч байгаа ... гэсэн... гэж дурдсанаас үзвэл анхан шатны шүүхийн хийсэн ...М.Б нь маргаан бүхий орон сууцыг ... бусдын эзэмшилд шилжсэн эсэхийг шалгах ... боломжтой байсан... гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх тул энэ талаарх хариуцагч М.Б болон түүний өмгөөлөгчийн гомдлыг мөн хангахгүй.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Б болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/03530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Б болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч М.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 428,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.НЯМБАЗАР