Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01753

 

 Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/02377 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК, Т-А ХХК-д холбогдох,

Т ХХК-аас 42,000,000 төгрөг, Т-А ХХК-аас 18,241,428 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ш ХХК-аас 82,282,304 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг хариуцагч Т ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагч Т-А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь 2023 оны 08 сарын 08-ны өдөр Т ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Hyundai R******** маркийн **-**У* улсын дугаартай экскаваторын молдок SP121, экскаватор базагч операторуудыг 1 сарын 60,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу техник хэрэгслийг түрээслэгч талд шилжүүлсэн бөгөөд түрээслэгч Т-А ХХК-ийн 2023 оны уурхайн түрээсийн тооцоо нийлсэн актаар 15,741,428 төгрөг, Т ХХК-ийн 2023 оны экскаваторын түрээсийн тооцоо нийлсэн актаар 2023 оны 08 сарын үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөг, 2023 оны 09 сарын үлдэгдэл төлбөр 24,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөгийн өр төлбөртэй байна. Техник хэрэгслийн тээвэрлэлтийн зардалд 2,500,000 төгрөг гаргасан. Иймд хариуцагч Т ХХК-аас 42,000,000 төгрөг, Т-А ХХК-аас 18,241,428 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Т ХХК хариу тайлбартаа: Тус компани нь Т-А ХХК-тай 2023 оны 05 сарын 28-ны өдрөөс 2023 оны 07 сарын 28-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай гэрээ хийн ажиллахад, түрээсийн техник нь 3 кубын шанагатай техникээр эхний 15 хоногийн ээлжинд ажиллахдаа нэг өдрийн 130-аас дээш рейсээр ачилт хийж байсан. Хоёр дахь 15 хоногийн ээлжээс эхлэн өдрийн 80 хүртэл рейсээр ачилт хийж, бүтээл огцом буурсан. Ийнхүү 2 сарын хугацаатай хийх ажлыг 3 сар 16 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэсэн. Манай компани 2023 оны 05 сарын 24-ний өдөр 22,000,000 төгрөг, мөн 2023 оны 06 сарын 30-ны өдөр 22,000,000 төгрөг, 2023 оны 08 сарын 08-ны өдөр Э ХХК-аас манай байгууллагад бартераар орж ирсэн 88,160,000 төгрөгийн үнэ бүхий байрыг өгсөн. Гэрээний дагуу 2 сарын түрээс 88,000,000 төгрөг болсон ба уг байрны төлбөрийн зөрүү 44,160,000 төгрөгийг Ш ХХК-аас авах авлагатай болсон. Түүнчлэн, Т ХХК-тай 2023 оны 08 сарын 08-ны өдрөөс 1 сарын 60,000,000 төгрөгийн үнэтэй экскаватор түрээсийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн боловч ажилласан өдрөөсөө өдрийн бүтээл муу, цаг аргацаасан байдалтай ажлыг удаашруулж байсан тул тухайн техникийг буулгасан. Түрээсийн төлбөрт 20,000,000 төгрөгийг дансаар өгсөн. Т-А ХХК-ийн Ш ХХК-аас авах 44,160,000 төгрөг, нийт 64,160,000 төгрөгийг манай байгууллага бүрэн төлсөн. Мөн нэхэмжлэгч нь техник хэрэгслийг ачиж тээвэрлэсэн зардал 2,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтыг нэхэмжлэлд хавсаргаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Т-А ХХК хариу тайлбартаа: Тус компани нь Ш ХХК-д түрээсийн гэрээний дагуу төлбөрөө бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Т ХХК сөрөг нэхэмжлэлдээ: Тус компани нь Ш ХХК-тай түрээсийн техник нь өндөр хүчин чадалтай ажиллах боломжтой учраас түрээсийн төлбөрийг 1 сард 60,000,000 төгрөг гэж харьцангуй өндөр үнээр тохирч, түрээсэлсэн. Түрээсийн гэрээний хугацаа 2023 оны 12 сарын 31-ний өдөр дуусах байсан боловч тухайн техник нь 2024 оны 08 сарын 12-ны өдрөөс 2024 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл 19 хоногт 8,186.4 тонн, 2024 оны 09 сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 сарын 12-ны өдөр хүртэл 12 хоногт 2,335.05 тонн, нийт 31 хоног ажиллахад дөнгөж 10,521.45 тонн шохойн чулуу ачсан. Манай компани нь М ХХК-тай сард 55,000 м.куб буюу 108,000 тонн шохойн чулуу нийлүүлэх гэрээтэй учраас хүчин чадал сайтай техникийг өндөр үнээр түрээсэлж ажиллуулсан. Гэтэл түрээсэлсэн техник нь 1 хутгалтаар 3 м.куб буюу 6 тонн, 1 цагт 19 тонн бүтээгдэхүүн ачих хүчин чадалтай атал тухайн техник нь 1 цагт ажиллах ажлыг 10 цагт хийж гүйцэтгэсэн. Гэвч уг техникийн хүчин чадлаар багаар бодоход 1 цагт 60 удаа буюу 360 тонн ачилт хийх ёстой. Тэгэхээр 1 өдөр 10 цагаар бодоход 3,600 тонн бүтээгдэхүүн ачих ёстой. Тухайн үед түлшээ 100 хувь авч байсан. Үүнээс үүдэн манай компаниас бусдад түрээсийн төлбөр өгөх, мөн түлшний зардал гээд бусад зардлууд хий гарсан. Уг асуудлыг манай захирал удаа дараа хэлж анхааруулж байсан ч тухайн техникээ бүрэн хэмжээнд ажиллуулахгүй байсан тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан. Түүнчлэн, манай байгууллагын удирдлагыг хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байх хооронд түрээсийн тооцоог нягтлангуудтай бүтээлээр биш цагаар тооцоо нийлснийг захирлын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Ш ХХК нь техникээ хүчин чадлын хэмжээнд ажиллуулаагүй, 1 цагт хийх ажлыг 10 цагт гүйцэтгэсэн хир нь түрээсийн төлбөрөө бүтнээр авах санаа зорилготой, биднийг хохироосон байна. Иймд манай байгууллагын зүгээс тухайн техникийг дагаад бусад түрээсийн техникүүдийн төлбөрт 2 хово 16,000,000 төгрөг 2 ковш 30,000,000 төгрөг, тухайн байгууллагад өгсөн урьдчилгаа 20,000,000 төгрөг, ойролцоогоор шатахууны зардалд нийт 5,878 тонн буюу 16,282,304 төгрөг, нийт 82,282,304 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 3.1-д заасны дагуу түрээсийн төлбөрийг тохирсон. Манай компанийн техник хэрэгслийг 1 цагт ажиллах ажлыг 10 цаг гүйцэтгэсэн гэх боловч энэ тухай баримтыг шүүхэд өгөөгүй. Мөн бидний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр цагт ажиллах хүчин чадлын талаар тохиролцсон зүйл байхгүй бөгөөд манай байгууллагын түрээсэлсэн техник хэрэгсэл нь хэвийн хүчин чадлаар ажилласан. Мөн техник хэрэгслийн ажилласан өдрөөр тооцон Т ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэж, нэхэмжлэл гаргасан. Т ХХК-ийн бусад иргэнтэй байгуулсан техник хэрэгслийн түрээсийн төлбөрийг манай байгууллага хариуцахгүй. Талуудын хоорондын гэрээний оролцогч бус байгууллагаас түрээсийн төлбөр шаардсан нь ойлгомжгүй. Т ХХК нь гэрээнээс татгалзаж байгаа эсэх, хохирол шаардаж байгаа эсэх нь тодорхойгүй. Иймд Т ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 42,000,000 төгрөг, хариуцагч Т-А ХХК-аас 15,741,428 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэлгүй тул Ш ХХК-аас 82,282,304 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,160 төгрөг, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 596,362 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 446,657 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

7. Хариуцагч Т ХХК давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

7.1. Тус компани нь нийт олборлосон гөлтгөний хэмжээг мөн Ш ХХК-ийн операторуудын ажилласан цагийн бүртгэлийг баримтаар гаргаж өгсөн. Түрээсийн гэрээнд зааснаар түрээслүүлэгч компанийн операторууд өдөрт 10 цаг ажиллах ёстой боловч цагийн бүртгэлээс харахад Ш ХХК-ийн операторууд түрээсийн гэрээнд заасан ажиллах ёстой цагтаа хүрч ажиллаагүй. Гэтэл анхан шатны шүүх цагийг бүрэн ажилласан мэтээр дүгнэж, тооцоо нийлсэн актад үндэслэж төлбөрийг бүрэн гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэдийгээр байгууллагын нягтлан тооцоо нийлсэн боловч цагийн бүртгэлийг харахад ажилласан цаг дутуу байгаа тул ажиллаагүй цагийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох ёстой байсан. Т ХХК-аас олборлосон гөлтгөний хэмжээг баримтаар гаргаж өгсөн нь Ш ХХК-аас түрээсэлсэн техникээр дээрх гөлтгөнийг олборлосныг нотолж байгаа ба хэдий хэмжээний ажил гүйцэтгэсэн нь харагдаж байна.

7.2. Ажлын хамрах хүрээ, орон зайн байршлыг түрээслэгч өөрийн хэрэгцээгээр тодорхойлж, шаардлагатай газарт ажил гүйцэтгүүлэх буюу техник хэрэгслийг ашиглахыг тодорхойлсон ба ажлын бүтээмж муу байсан учир өөр уурхай руу шилжүүлсэн боловч сайжирсан зүйл байхгүй, муу хэвээр байсан учир түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалж ажиллуулахаа больсон. Гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө гэрээг цуцалж ажиллуулахаа больсон нь түрээслүүлэгч байгууллагын ажлын бүтээмжтэй холбоотой нь бидний олборлосон гөлтгөний хэмжээнээс тодорхой харагдаж байгаа. Түрээслүүлэгч байгууллагын ажлын бүтээмж муу байгаагаас шалтгаалж бага хэмжээний гөлтгөнө олборлож, үүнээс үүдэн экскаваторын дараа дараагийн техникүүд сул зогсох, бага хэмжээний ажил гүйцэтгэж, бид түрээсийн төлбөр болон бензин түлш зарцуулж алдагдалд орсон учир түрээсийн гэрээний 6.2-т зааснаар гэрээнээс учирсан хохирол төлбөрийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Цагийн бүртгэл гаргаж өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангадаггүй, Ш ХХК-ийг төлөөлж ажиллаж байсан ажилчдын цагийн бүртгэл мөн эсэх нь тодорхойгүй байдаг. Түрээсийн гэрээ дуусгавар болсноос хойш талууд тооцоо нийлсэн, бартерт байр өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

9. Хариуцагч Т-А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т ХХК-ийн давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ. 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Т ХХК-аас 42,000,000 төгрөг, хариуцагч Т-А ХХК-аас 18,241,428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч компаниуд бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Ш ХХК-аас 82,282,304 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд маргажээ.

3.  Нэг. Т ХХК-аас 42,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

3.1.  Талууд 2023 оны 08 сарын 08-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Ш ХХК нь Hyundai R******** маркийн **-**У* улсын дугаартай Экскаваторыг молдок SP121 Экскаваторын базагч болон операторын хамт 2023 оны 08 сарын 09-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд түрээслүүлэх, Т ХХК нь 30 хоногийн 60,000,000 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 7-12/

3.2. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

3.3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, дизель түлшний зарлагын баримт зэргийг үндэслэн түрээслэгч Т ХХК нь түрээсийн зүйлийг 2023 оны 8, 9 сард нийт 31 хоног ашигласан, холбогдох түрээсийн төлбөр 62,000,000 төгрөг болсноос 20,000,000 төгрөгийг төлж, үлдэх 42,000,000 төгрөгийг төлөөгүй үйл баримтыг зөв тогтоосон. /хх 15, 32, 112, 164-172/

3.4.  Иймд, хариуцагч Т ХХК-аас 42,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

3.5.  Талууд 2023 оны 08 сарын 08-ны өдрийн Түрээсийн гэрээ-гээр түрээсийн төлбөрийг 1 цагт хийж гүйцэтгэсэн ажил-аар бус ажилласан хоног-оор тооцохоор тохиролцсон тул хариуцагчийн гаргасан ...түрээсэлсэн техникийн ажлын бүтээмж муу байсан, 1 цагт ажиллах ажлыг 10 цагт хийж гүйцэтгэсэн... гэх татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн цагийн бүртгэл, олборлосон гөлтгөнөтэй холбоотой нэг талын үйлдсэн нотлох баримтууд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй. /хх 106-111, 151, 182/

4.  Хоёр. Т-А ХХК-аас 18,241,428 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

4.1. Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, зохигчдын тайлбараар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдсон. /хх 16, 33-34/

4.2. Дээрх баримт, тайлбараар түрээсийн зүйл болох Экскаваторыг сарын 44,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцож, 2023 оны 5, 6, 7, 8, 9-р саруудад нийт 89 хоног ашигласан, холбогдох түрээсийн төлбөр 141,821,428 төгрөг болсноос 44,000,000 төгрөгийг төлж, 30.4 м.кв талбайтай орон сууцыг 82,080,000 төгрөгт тооцон өгч, үлдэх 15,741,428 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон.

4.3. Иймд, хариуцагч Т-А ХХК-аас 15,741,428 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

4.4.  Анхан шатны шүүхийн дээрх шийдэлд хариуцагч Т-А ХХК гомдол гаргаагүй.

5.   Гурав. Ш ХХК-аас 82,282,304 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын тухайд

5.1. Т ХХК-д холбогдох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотой Түрээсийн гэрээ-ний төлбөрт өгсөн 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш ХХК-аас буцаан гаргуулах үндэслэлгүй.

5.2.  Бусдаас түрээсэлсэн гэх 2 хово, 2 ковшны хийж гүйцэтгэсэн ажлын үр шимийг Т ХХК өөрөө хүртсэн, мөн дизель түлшийг Т ХХК өөрийн үйл ажиллагаандаа зарцуулсан тул бусдад төлсөн түрээсийн төлбөр гэх 46,000,000 төгрөг, шатахууны зардал гэх 16,282,304 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ш ХХК хариуцах үүрэг хүлээхгүй.

5.3. Дээрх түрээсийн төлбөр, шатахууны зардал нь нэхэмжлэгч Ш ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой гарсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, Түрээсийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалсан явдалд нэхэмжлэгч Ш ХХК буруугүй.

Иймд ...түрээслүүлэгчийн ажлын бүтээмж муу байгаагаас шалтгаалж ... бид түрээсийн төлбөр болоод бензин түлш зарцуулж алдагдалд орсон учир ... гэрээнээс учирсан хохирол төлбөрийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан... гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Нэхэмжлэгч болон хариуцагч компаниудын нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн актыг гүйцэтгэх захирлын зүгээс зөвшөөрөхгүй гэх асуудал нь хариуцагч компанийн дотоод асуудал тул нэхэмжлэгч компанид хамааралгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/02377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 779,362 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.НЯМБАЗАР