Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2024/01844

 

 

 

 

 

 

 

 

   2024         09             30                                            210/МА2024/01844                            

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/02000 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “П” ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 39,836,617 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

“Т” ХХК нь хариуцагч “П” ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №22169376, СА21/16/22 тоот эд хөрөнгийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулан хамтран ажилласан.

2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Т” ХХК-ийн К Энхтайван салбарт ашигладаг С/А Неnnу Реnnу 4 Неаd тахианы мах шарагчнаас гал гарч, шатсан бөгөөд компанид 16,332,692 төгрөгийн хохирол үүссэн. Бид гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нөхөн төлбөрийн баримтыг бүрэн хүлээлгэн өгөхөд хариуцагч П ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Т” ХХК-ийн К 32 салбарт ашигладаг Неnnу Реnnу Е60017 тахианы мах шарагчаас гал гарч, шатсан бөгөөд компанид 19,761,420 төгрөгийн хохирол үүссэн. Манай гэрээний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нөхөн төлбөрийн баримтыг бүрэн хүлээлгэн өгөхөд хариуцагч “П” ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Дээрх гал нь даатгалын тохиолдол бөгөөд энэхү тохиолдол үүссэнтэй холбоотойгоор талуудын байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасны дагуу мэргэжлийн байгууллага болох “Топ сэмплайгс” ХХК-иар дүгнэлт гаргуулсан байдаг.

Гэвч хариуцагч “П” ХХК нь дээрх 2 даатгалын тохиолдолд талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.15.а-д заасны дагуу элэгдэл, хорогдол учирсан гэж үзэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна.

...Иймд, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хариуцагч “П” ХХК-иас нийт 39,836,617 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-нд олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

“Т” ХХК-ийн Энхтайван салбарт ашиглаж байсан С/А Неnnу Реnnу 4 Неаd загварын АN1906082 серийн дугаартай даралтат тогоонд акт тогтоох тухай, К 32 салбарт ашиглаж байсан Неnnу Реnnу Е600f загварын АШ003047 серийн дугаартай даралтат тогоонд акт тогтоох тухай “Топ Сэмплайгс” ХХК-ны хийсэн үзлэгийн тухай албан тоотод: “Тухайн тоног төхөөрөмжид үзлэг хийж оношлоход бүтээгдэхүүн шарах хэсэг буюу тос агуулах сав нь гагнаас хэсгээрээ цууралт өгснөөр тос алдаж, халаах хэсгийн гол руу урсан орсноор гал гарч, даралтат тогоо шатсан. Цаашид ашиглахад гал авалцах магадлал өндөр, засварлах боломжгүй тул акт тогтоож байна” гэжээ. Дээрх үйл баримтыг дүгнэж үзвэл шарагч тогоо нь гадны шууд нөлөө байхгүй бөгөөд, эдэлгээний явцад гагнаас хэсгээрээ цууралт өгсөний улмаас төхөөрөмжид гал авалцах ослыг бий болгосон нь тогтоогдож байна. Даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу 5 дугаар зүйлийн 5.2.15а-д ...Хэвийн элэгдэл, хорогдлын улмаас гарсан гэмтэл, хохирол... гэх заалтад хамаарч байх тул тус заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн болно. Даатгуулагчийн өөрийн гаргаж өгсөн Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу галын нөхцөл байдлын анхдагч эх үүсвэр нь төхөөрөмжийн өөрийн элэгдэл хорогдлоос үүдэлтэй нь тогтоогдсон тул энэхүү тохиолдол нь нэхэмжлэгч талаас мэдүүлсэн даатгалын гэрээний 5.1.1 буюу Галын эрсдэл-ийн хүчин зүйлд хамаарахгүй байх нөхцлийг бүрдүүлж байна.

...Мөн дээрх хоёр тохиолдлын хувьд Даатгуулагч төхөөрөмж цуурсан буюу эвдрэл үүссэн байхад гагнаасыг засахгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулсаар байсан нь Даатгалын тухай хуулийн 8.5.1-т заасан даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэнд хамаарч байгаа юм. ...Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч “П” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр 16,332,692 төгрөг, алданги 1,469,942 төгрөг, нийт 17,802,634 төгрөг гаргуулан “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нөхөн төлбөр 19,761,420 төгрөг, алданги 2,272,563 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 357,134 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “П” ХХК-иас тэмдэгтийн хураамж 246,963 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...Хариуцагч “П” ХХК нь шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу нэхэмжлэгч компанийн шатсан гэх 2 тогоог даатгасан эсэхэд маргаагүй, түүний үнэлгээнд маргаагүй гэдгийг тайлбарласан бөгөөд зөвхөн 2 тогоо шатсан нь даатгалын эрсдэл биш гэж маргасан.

Түүнчлэн, нэхэмжлэгч тал нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 тогооны үнийг тогтоохоор үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хариуцагч тал 2 тогоог даатгасан эсэх, үнэлгээнд маргаагүй тул нэхэмжлэгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэртээ даатгалын тохиолдол үүссэн болохыг тогтоож, даатгалын зүйлийг зөв тогтоосон ч шийдвэр гаргахдаа хариуцагчийн зөвшөөрсөн тайлбарыг харгалзан үзэлгүй нийт 39,836,617 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 17,802,634 төгрөгийг хангаж, 22,033,983 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Иймд, талуудын тайлбар, нотлох баримтыг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/02000 тоот шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчаас даатгалын тохиолдол бий болсон талаар маргасан ба даатгалын эрсдэл үүсээгүй, даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөлд хамаарахгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан. Мөн тухайн 2 тогоог засварлах боломжгүй шинэ тогоо авах шаардлагатай гэх нэхэмжлэгчтэй гэрээгээр ажилладаг компанийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар учраас тогоог засварлах боломжгүй талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж 2 удаа шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй, анхнаасаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй гэв.

 

6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. ...“П” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эд хөрөнгийн багц даатгалын гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.8-д “Даатгалын зүйлд учирсан хохирлын шалтгааныг мэргэжлийн эсхүл эрх бүхий байгууллага тогтооно” гэх заалтын мэргэжлийн эсхүл эрх бүхий байгууллага гэдгийг:

Тус даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.13-т “Эрх бүхий байгууллага гэж даатгалын зүйлд хохирол учирсан нөхцөлд хуулийн дагуу тухайн тохиолдлыг шалгах, баримтжуулах, шалтгааныг тогтоох, шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтныг”,

2.27-д “Мэргэжлиин байгууллага гэж даатгалын зүйлд хохирол учирсан нөхцөлд хуулийн дагуу тухайн тохиолдлыг шалгах, баримтжуулах, шалтгааныг тогтоох, дүгнэлт гаргах мэргэжлийн хуулийн этгээд, даатгалын хохирол үнэлгээчин” гэж тус тус тайлбарлажээ.

...Гэтэл “Toп сэмплайгс” ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь гадаад худалдаа бөгөөд гал тогооны тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ, зочид буудал, мэдээлэл технологийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон.

Тухайн чиглэлээр дүгнэлт гаргах эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй компанийг “Т” ХХК-тай “Хүнсний тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх үзлэг болон засвар үйлчилгээний гэрээ”-тэй гэдэг үндэслэлээр мэргэжлийн эсхүл эрх бүхий байгууллага гэж үзнэ гэсэн шүүгчийн дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтад нийцэхгүй байна.

2. ...Гал гарсан дуудлагын дагуу очиж, үзлэг оношилгоо хийсэн гэх “Toп сэмплайгс” ХХК-ийн инженерүүд болох Б.П, Д.Р нар нь тухайн чиглэлээр дүгнэлт гаргах эрхгүй болох нь хариуцагчийн хүсэлтээр хэрэгт нотлох баримтаар авсан тухайн ажилтнуудын мэргэжлийн дипломаар тогтоогдсон.

...Даралтат тогоог засварлах боломжгүй гэх дүгнэлт нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа ямар хууль, ямар дүрэм журам, стандартыг үндэслэж байгаа нь тодорхойгүй бөгөөд гэрчийн мэдүүлэг авах үед энэ талаар тодруулахад тухайн ажилтнууд нь хариулж чадахгүй байсан болно.

Хариуцагчийн зүгээс даралтат тогоонд гарсан гэмтлийг засварлах эсхүл солих уу? гэдгийг хэргийн оролцогч нартай хамааралгүй хөндлөнгийн, дүгнэлт гаргах эрх бүхий байгууллагаар тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүхэд 2 удаа гаргасан боловч тухай бүр үндэслэлгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн билээ.

3. ...Хэрэгт нотлох баримтаар авагдсан Эд хөрөнгийн даатгалын гэрээний хавсралтад даатгагдсан хөрөнгийн ерөнхий мэдээллийг жагсаасан бөгөөд тус жагсаалтын дэлгэрэнгүй файл хэрэгт баримтаар авагдаагүй.

...Даралтат тогооны үнийг даатгалын гэрээнд заасан үнэлгээгээр тооцож олгох ёстой бөгөөд тэр үнийн дүн буюу даатгалын үнэлгээ тодорхойгүй байхад нэхэмжлэгчийн үндсэн хөрөнгийн бүртгэлийн үнийн дүнгээр нөхөн төлбөр олгох ёстой гэсэн дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна.

4. ...Шүүхээс алдангийг тооцохдоо хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн сарын хэдний өдрийг хүртэл хэд хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж алданги тооцож байгаа болох нь тодорхойгүй шийдвэрт энэ талаар дурдаагүй байна.

Бид даатгуулагчаас ирүүлсэн нөхөн төлбөрийн материалыг хүлээж авснаас хойш даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан “Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал и-мэйлээр Даатгуулагч талд мэдэгдэж хугацааг сунгаж болно” гэх зохицуулалтын дагуу даатгуулагчаас нэмэлтээр баримт шаардах, даатгалын зүйлийн талаарх дэлгэрэнгүй жагсаалтыг гаргуулах, нөхөн төлбөрийн асуудлаар биечлэн уулзах зэргээр удаа дараа ажиллагаа хийсэн бөгөөд нөхөн төлбөр шийдвэрлэх хугацааг хэтрүүлээгүй тул алданги төлөх үндэслэлгүй юм.

...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэрэгт авагдсан ямар баримтаар, Хариуцагчийн тайлбар, татгалзал хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдож, үгүйсгэгдэж байгаа талаарх дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зохицуулалтын дагуу хийж үнэлэх ёстой боловч шүүгч хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэлгүй хэт 1 талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2000 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хавтас хэргийн 78-79 дүгээр хуудсанд “Toп сэмплайгс” ХХК-ийн тусгай зөвшөөрөл болон улсын бүртгэлийн гэрчилгээ нотлох баримтаар авагдсан. Хавсралтад даатгагдсан хөрөнгийн жагсаалтад тогоо бүрийн үнийг тогтоолгох зорилгоор үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хариуцагчаас тогооны үнийн дүн болон даатгалын хураамж дээр маргахгүй гэж тайлбарласан тул уг хүсэлтээсээ татгалзсан. Хавтас хэргийн 82 дугаар талд “Toп сэмплайгс” ХХК-иас ирүүлсэн албан бичигт тогоо бүрийн үнийг тодорхойлсон. Тогоог тосгүй халааснаас болж тогоо шатсан талаар хариуцагч болон мэргэжлийн байгууллага тодорхойлсон. Энэ нь талуудын байгуулсан гэрээний 2.10-т заасан бүх төрлийн галын эрсдэлд хамаарна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр болон алдангид 39,836,617 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

 Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцээгүй байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар “Т” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “П” ХХК-тай эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн барилга, барилгын сайжруулалт болон машин тоног төхөөрөмж, бараа материал, компьютер, түүний дагалдах хэрэгсэл, тавилга эд хогшилыг гэрээнд заасан нөхцөлөөр даатгуулахаар тохирчээ.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Зохигч талууд тэдгээрийн хооронд даатгалын гэрээ байгуулагдсан болон даатгуулагч нь даатгалын хураамжийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй боловч даатгалын тохиолдол гарсан эсэх, түүний шалтгаан чухам юунаас улбаатай болох, энэ нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарах эсэх талаар маргажээ.

 

   4. Нэхэмжлэлд дурдсанаар 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Т ХХК-ийн “KFC 32 салбар”-ын henny penny E600f маркийн тахианы мах шарагч шатаж 19,761,420 төгрөгийн хохирол, мөн 2023 оны 04 дүгээр 06-ны өдөр “KFC Энхтайван салбар” /25/-ын C/A henny penny 4 head маркийн тахианы мах шарагч шатаж 16,332,692 төгрөгийн хохирол учирсан гэжээ.

 

   Хариуцагч “П” ХХК нь дээрх хугацаанд гал гарсан үйл баримтын талаар маргаагүй хэдий ч галын шалтгааныг даатгагдсан зүйлийн хэрэглээний байдал буюу элэгдэл хорогдлын улмаас гал гарсан учир нөхөн төлбөрийг олгох үндэсгүй гэж татгалзсан.

 

Талуудын байгуулсан даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д галын эрсдэлийг даатгалын тохиолдол гэж үзэж, мөн 2 дугаар зүйлийн 2.16-д галын эрсдэл гэдэгт гэрээгээр хязгаарлаагүй бүх төрлийн галыг хамааруулахаар, харин 5 дугаар зүйлийн 5.2.15а хэсэгт хэвийн элэгдэл хорогдол, зэврэлт, агаар мандлын бохирдолт, шавж хорхой шимэгчийн үзүүлсэн нөлөөгөөр даатгалын зүйлд хохирол учирвал даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзахаар тус тус тохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид тухайн гэрээгээр байгалийн, ахуйн, хүний болон бусад хүчин зүйлийн улмаас гарсан бүх төрлийн галын эрсдэлийг даатгалын тохиолдолд хамааруулсан боловч нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийн талаар мөн адил зохицуулжээ.

 

   5. “Т” ХХК нь гэрээний энэхүү тохиролцоог үндэслэн дээрх 2 ширхэг тахианы мах шарагч нь галд шатсан гэж даатгалын нөхөн төлбөр нэхэмжилснийг “П” ХХК-ийн зүгээс галын шалтгааныг даатгагдсан зүйлийн элэгдэл хорогдлоос улбаатай гэсэн үндэслэлээр татгалзаж, улмаар галын шалтгааныг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг зөрчсөн байна.

 

Тодруулбал, талуудын байгуулсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.27-д “Мэргэжлийн байгууллага гэж даатгалын зүйлд хохирол учирсан нөхцөлд хуулийн дагуу тухайн тохиолдлыг шалгах, баримтжуулах, шалтгааныг тогтоох, дүгнэлт гаргах мэргэжлийн хуулийн этгээд, даатгалын хохирол үнэлгээчинг” гэж, мөн 7 дугаар зүйлийн 7.8-д “Даатгалын зүйлд учирсан хохирлын шалтгааны мэргэжлийн эсхүл эрх бүхий байгууллага тогтооно. Түүнчлэн даатгагч болон даатгуулагч нар харилцан тохиролцсон буюу шаардлагатай нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлын шалтгааныг тогтоох хамтарсан комисс байгуулж ажиллуулж болно” гэж тус тус заасныг үзвэл зохигчид даатгалын тохиолдлын шалтгааныг мэргэжлийн байгууллага, аль эсхүл харилцан зөвшөөрсөн эрх бүхий гуравдагч этгээдээр тогтоолгохоор тохирчээ.

 

   6. Хэрэгт цугларсан “Топ сэмплайгс” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болон 2023 оны 04 дүгээр 06-ны өдөр тус тус гал гарсан шалтгааныг тогтоохоор үзлэг хийсэн баримтанд “...бүтээгдэхүүн шарах хэсэг буюу тос агуулах сав нь гагнаас хэсгээрээ цууралт өгснөөр тос алдаж, халаах хэсгийн гол руу урсан орсноор гал гарах шалтгаан болсныг тогтоолоо. Цаашид ашиглахад гал авалцах магадлал өндөр, засварлах боломжгүй тул акт тогтоож байна” гэжээ.    

 

Гэвч тухайн байгууллага нь гал гарсан шалтгааныг тогтоох тусгай мэргэжлийн байгууллага биш байхаас гадна “Т” ХХК-д гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлж, засвар үйлчилгээг нь хариуцдаг сонирхлын зөрчилтэй этгээд байх тул зохигчдын харилцан зөвшөөрсөн эрх бүхий гуравдагч этгээд гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх гал гарсан шалтгааныг тодруулаагүй, тус “Топ сэмплайгс” ХХК нь галын шалтгааныг тогтоох мэргэжлийн болон талуудын тохирсон эрх бүхий гуравдагч этгээд биш байхад үүнийг анхаарахгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д хамаарна.

 

Түүнчлэн даатгагдсан зүйлийн даатгалын үнэлгээ, нэхэмжилж буй шатсан зүйлийн үнэ буюу хохирлын хэмжээ тодорхойгүй, шийдвэрийн үндэслэл болгосон 1 дүгээр хавтаст хэргийн 43 дахь талд авагдсан баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул эдгээрийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцээх боломжгүй юм.

 

7. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/02000 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,120 төргөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,964 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

 

 

           ШҮҮГЧИД                                  С.ЭНХБАЯР

 

 

         Б.МАНДАЛБАЯР