Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 283

 

 

 

 

 

     

 

 

      

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Н.Ж-г, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №0752/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ж-д холбогдох эрүүгийн 1908009410265 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Ж-г нь 2019 оны 02 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, ...тоотод хамтран амьдрагч Э.С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Н.Ж-г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, ........... тоотод хамтран амьдрагч Э.С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг,

Нэг. Гэм буруутайд тооцох тухай:

1. Иргэн Э.С-г 2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “... хамтран амьдрагч Н.Ж-г гэгчид зодуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, /хх2-р тал/,

2. Иргэн Э.С-г Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан “...сүүлийн нэг сар хамт амьдарсан. 2019 оны 02 сарын 12-ны шөнө согтуу ирээд хэрүүл хийж, хардаж, муу муухай үгээр доромжлон /боож унагаж, үстэж аваад, нүүр, толгой, нүд рүү, ам руу, цохиж, нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж, нүдний дор сэтэлж, 3 см оёдол тавиулсан/, урьд талын хоёр нүдний нэг нь хөдөлсөн, нэг нь сэтэрсэн. би толгой эргээд унасан. Энэ үед нуруу, бөөр, давсаг, сав руу цохиж байсан...” гэх өргөдөл гомдол. /хх3-р тал/,

3. Хохирогч Э.С-ийн: “...2019 оны 03 сарын 11-ний шөнө Ж-г согтуу өөрийнхөө машиныг хүнээр бариулаад ирсэн. Тэгээд согтуудаа намайг хуучин нөхөртэй минь хардаж байгаад гараараа зүүн нүд орчимд 3 удаа цохиж, авсан. нэмж нуруунд гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх6-7-р тал/,

4. Гэрч Н.М-ын: “...2019 оны 02 сарын 11-ний өдөр гэртээ байж байтал оройн 23 цагийн үед Ж-г “Баянбүрд”-д байна, ирээд миний машиныг бариад хүргээд өгөөч гэхээр нь би яваад очтол Ж-г согтуу байдалтай байхаар нь машиныг нь бариад Сонгинохайрхан дүүргийн ............. тоотод хамтран амьдрагч С-ийн гэрт хүргэж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх10-р тал/,

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2269/-ний дүгнэлт 2019 оны 02 сарын 13-ны өдөр:

            Э.С-ийн биед зүүн нүдний зовхинд шарх, зүүн хацарт хаван, цус хуралт, үүдэн 1 шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно. /хх12-р тал/

            6. Шүүгдэгч Н.Ж-гын “... 2019 оны 02 сарын 11-ний өдөр найзтайгаа тааралдаж гадуур архи уучихаад орой согтуу орж ирээд С-ийн надтай танилцахаас өмнө явдалтай байсан гэж хүн амьтнаас дуулсан талаараа яриад түүнээс болж хоорондоо маргалдсан, тэр үед би уур хүрээд гараар зүүн нүдэнд нэг удаа цохисон ...” гэх яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх20-21-р тал/

7.Шүүгдэгч Н.Ж-гын 2019.02.28-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хандан гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэрлүүлэх хүсэлт,  хохирогч Э.С-ийн эвлэрсэн, хохирол төлбөргүй гэх агуулгатай хүсэлт /хх38-39-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

            Дээр дурдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасанд үндэслэл, журмын дагуу авагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хохирогч Э.С нь шүүгдэгч Н.Ж-г нар нь хамтран амьдрагч буюу гэр бүхий гэр бүлийн хамаарал бүхий хамтын амьдрал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан. Шүүгдэгч Н.Ж-г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ......... тоотод хамтран амьдрагч Э.С-г хардалт, маргааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлтээр тус тус хангалттай тогтоогдож байна. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-г гэм буруу гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл зөв, тус зүйл ангиар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүхээс шүүгдэгч Н.Ж-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хэсэгт үндэслэн дурдсан нотлох баримтууд болон хохирогч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх7-р тал/, хохирогчтой эвлэрсэн, цаашид ийм асуудал гаргахгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, торгуулийн ялыг төлөх боломжтой гэсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нөхцөл байдлыг үнэлэн, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг харгалзан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгч Н.Ж-гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н. Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Ж-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ж-гт оногдуулсан 600.000 /зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх боломжтойгоор  тогтоосугай.

4. Шүүгдэгч Н.Ж-г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ж-г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Ж-гт авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР