| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2016/0113/И |
| Дугаар | 109 |
| Огноо | 2016-06-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 109
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч суманд 1956 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, ам бүл 6, /эхнэр хүүхдүүдийн хамт/ Ховд аймгийн Үенч сумын Улиаст багт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Дүнхэрийнхэн овогт Чогоровын Батдоржын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл, хүсэлт гаргагч Ч.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Хүсэлт гаргагч Ч.Батдорж нь улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг шаардаж байх ба шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна.
Хүсэлт гаргагч Ч.Батдорж нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн иргэн Чогоров овогтой Батдорж нь 1956 онд төрсөн. 1972 оноос эхлэн Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдэлд 1975 оны 04 дүгээр сарыг дуустал малчин, 1975 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс цэргийн албанд татагдаж 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдөр халагдаж ирээд “Алтайн-Оргил” нэгдэлд малчнаар 1989 оныг дуустал ажилласан. Иймд миний 1972 оноос 1989 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Хүсэлт гаргагч Дүнхэрийнхэн овогт Чогоровын Батдорж нь 1972 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл,1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн.... 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1149 тоот архивын лавлагаа
1972 оноос 1979 оны хөдөлмөрийн хөлсний түүвэр
2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №2856 Монгол улсын Батлан хамгаалаахын төв архивын лавлагаа
1982 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээс мэдүүлэг авсан ба гэрч Хавзаанхан овогт Оргодлийн Хүрэлдээгийн шүүхэд мэдүүлсэн: Ч.Батдорж бид хоёр Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдлийн Улиаст бригадад 1972 оноос хамт ажиллаж байгаад 1975 оны 04 дүгээр сард Ч.Батдорж нь цэргийн албанд татагдаж албаа хааж ирээд тус нэгдэлдээ ажилласан гэх мэдүүлэг,
Гэрч:Бадарчийнхан овогт Очирбатын Батсүхийн шүүхэд мэдүүлсэн:Би Ч.Батдоржтой 1980 оноос 1992 оныг дуустал Үенч сумын Алтайн-Оргил нэгдэлд хамт малчнаар ажиллаж байсан. Бид ажиллаж байх хугацаандаа сард 200-250 төгрөгний цалин авч байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дүнхэрийнхэн овогт Чогоровын Батдоржийг 1972 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1975 оны 04 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдэлд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Ч.Батдоржийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.