| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2023/01278/И |
| Дугаар | 210/МА2024/01787 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2024/01787
Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/01573 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НИ болон НӨ-т холбогдох,
С хорооллын гадна цэвэр усны шугам, бохир усны гол шугамын 33 хувийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, хариуцагч НИ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, НӨ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар "Дэд бүтэц төсөл"-ийн хүрээнд хэрэгжүүлсэн С орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугамын зураг төсөл, барилга угсралтын ажлыг "И" ХХК хийж гүйцэтгэн 2015 оны 11 сарын 02-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Нийт төсөвт өртөг нь анх 529,000,000 төгрөг байсан бөгөөд Ус сувгийн удирдах газрын 2014 оны 06 сарын 11-ний өдрийн 275/14 дугаартай техникийн нөхцөл, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 06 сарын 17-ны өдрийн ЗГ/118-58/2014 тоот зураг төсөл боловсруулах даалгаврын дагуу ИБ ХХК-ийн боловсруулсан ажлын зураг, төсөвт өртөг нийт 790,252,560 төгрөг байхаар магадлал хийгдэж баталгаажсан байдаг. Ажлыг гүйцэтгэж эхлэх явцад бараа материал, ажиллах хүчний үнийн өсөлт зэргээс шалтгаалан тухайн төсөвт өртөг 300,000,000 төгрөгөөр нэмэгдэж, И ХХК-аас манай компанид уг төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 300,000,000 төгрөгийг санхүүжүүлэх саналыг тавьсан. Бид төсөл санхүүжүүлэгч "Дэд бүтэц төсөл" болон И ХХК-ийн удирдлагуудтай харилцан зөвшилцсөний эцэст тухайн дутагдаж байгаа санхүүжилтийг өөрийн компаниас гаргаж санхүүжүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу манай компани 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж С хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөж, бохир усны гол шугамыг бүрэн сольж өргөтгөсөн. Гэтэл Ус сувгийн удирдах газраас 100 хувь өөрийн өмчлөл, хөрөнгө оруулалт мэтээр тайлбарлаж, тухайн хуулийн этгээдийн хөрөнгөд бүртгэлтэй байгаа нь хуульд нийцэхгүй.
Иймд С хорооллын гадна цэвэр усны шугам, бохир усны гол шугамын 33 хувийн хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч НИ хариу тайлбартаа: 2015 оны 03 сарын 06-ны өдрийн гурван талт гэрээний 3.2-т гэрээний үнэ 529,000,000 төгрөг байхаар, мөн гэрээний 8.3-т нэмэлт зардлын асуудал нь зөвхөн гүйцэтгэгч талын хариуцах асуудал байхаар талууд харилцан тохиролцсон. И ХХК-тай нэхэмжлэгчийн байгуулсан гэрээгээр захиалагч болон хөрөнгийн өмчлөгч ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Түүнчлэн дээрх шугам, сүлжээний барилга угсралтын ажил гүйцэтгэхэд "Б" XXK-аас 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх баримт байхгүй. Дээрх хөрөнгийг НИ 2016 оны 09 сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолоор нийслэлийн өмчид бүртгэн авсан. 2015 оны 07 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч НӨ хариу тайлбартаа: НИ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 09 сарын 16-ны өдрийн Хөрөнгө бүртгэн авах тухай 25 дугаар тогтоолоор 529,000,000 төгрөгийн өртөг, Баянгол дүүрэг, **-р хороо С орон сууцны хороолол, цэвэр усны өргөтгөл, бохир усны шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэж, эзэмшигч байгууллагыг Ус сувгийн удирдах газар байхаар заажээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр "НИ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 09 сарын 16-ны өдрийн "Хөрөнгө бүртгэн авах тухай 25 дугаар тогтоол хуульд нийцсэн бөгөөд уг тогтоолын улмаас нэхэмжлэгч "Б" ХХК-ийн "С орон сууцны хорооллын цэвэр, усны шугам сүлжээний тодорхой хэсгийг өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар тус шугамын өмчлөгч нь НИ байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар НӨ, НИ-д холбогдох Баянгол дүүрэг, **-р хороо, С орон сууцны хорооллын цэвэр усны шугамын өргөтгөл, бохир усны шугам сүлжээний 33 хувийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
5.1. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 06 сарын 17-ны өдрийн ЗГ118-58/2014 тоот Зураг төсөл боловсруулах даалгаврын дагуу ИБ ХХК-ийн боловсруулсан ажлын зураг, төсөвт өртөг нийт 790,252,560 төгрөг байхаар гарч, түүнийг 2015 оны Хүсэлт гаргах тухай 01/310 дугаар албан бичгийн дагуу төсөл хэрэгжүүлэгч Барилга, хот байгуулалтын яамны "Дэд бүтэц төслөөс хүлээн зөвшөөрч түүнийг Барилга хөгжлийн төвөөс баталгаажуулж, 2015 оны 08 сарын 13-ны өдрийн 821/2015 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлт-ийг 790,252,560 төгрөг байхаар гаргасан.
5.2. Нэхэмжлэгч Б ХХК болон И ХХК буюу гүйцэтгэгч байгууллага нар С орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугамын 1-р ээлжийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 07 сарын 01-ний өдөр байгуулж, гэрээний зорилтыг 1.1-д тодорхойлон гэрээний үнийг 300,000,000 байхаар тохиролцсон.
5.3. Өөрөөр хэлбэл, Б ХХК-ийн газар дээр хэрэгжиж буй нийт төслийн зардал 790,252,000 төгрөг болсонтой холбоотойгоор гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч компани гаргахаар болсон. Ингэхдээ бэлэн мөнгөөр бус Б ХХК-ийн барьж байгуулсан үл хөдлөх хөрөнгийг И ХХК-д шилжүүлж хөрөнгө оруулахаар, И XXК нь шугамын ажлыг бүрэн хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Улмаар БД ХХК нь БД ХХК-тай тус компани Залуус-2 орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийж орон сууц захиалах нөхцөлтэй харилцан тохиролцож Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г 2015 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан. Нэхэмжлэгч нь уг гэрээгээр захиалсан 300,538,250 төгрөгийн үнэ бүхий Залуус-2 хорооллын 2-р байрны 98, 104, 126 тоот 2 өрөө, 3 ширхэг орон сууц, 11 тоот авто зогсоолыг И ХХК-д шилжүүлсэн болох нь И ХХК-аас БД ХХК-д хаяглан хүргүүлсэн 2016 оны 01 сарын 14-ний өдрийн "Хамтран ажиллах тухай 05 дугаартай албан бичиг, Б ХХК-ийн 2016 оны 01 сарын 20-ны өдрийн Тодорхойлолт гаргах тухай албан бичиг, төлбөрийн баримтуудаар нотлогддог. Түүнчлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь БД ХХК-тай байгуулсан гэрээний дагуу И ХХК-д үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь нотлогддог. Нэхэмжлэгч компаниас БД ХХК-д тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг төлж барагдуулсан байхад дээрх хөрөнгүүдээр С орон сууцны хороолол, цэвэр усны шугамын өргөтгөл, бохир усны шугам сүлжээний ажилд 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.
5.4. Барилга, хот байгуулалтын яамны Дэд бүтэц төслөөс ...790,252,600 төгрөгөөр магадлал хийлгэх агуулга бүхий 2015 оны 08 сарын 10-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 01/310 дугаар албан бичгийг Барилга хөгжлийн төвд хүргүүлж байсан. Дэд бүтэц төслөөс 2016 оны 08 сарын 16-ны өдөр ирүүлсэн 01/223 дугаартай албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч Б ХХК нь С хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугамын сүлжээ зураг төсөл, барилга угсралтын ажилд хөрөнгө оруулсан бөгөөд захиалагч нь Барилга, хот байгуулалтын яам, Дэд бүтэц төслөөс нэхэмжлэгч компанийн оруулсан хөрөнгө оруулалтын талаар мэдэж байсан гэж үзэх боломжтой.
5.5. Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болж байгаа хөрөнгө нь төсвөөс оруулсан хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамаарах бөгөөд 790,252,000 төгрөгийн нийт төсвөөр бүтсэн шугамын 529,000,000 төгрөг буюу төсвөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр төрийн орон нутгийн өмч байх нь зүйтэй. Харин үлдсэн хэсэгт хамаарах хөрөнгө оруулалт буюу 261,252,000 төгрөг буюу 33%-тай тэнцэх өмчлөх эрх нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд хамаарахаар байна.
5.6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан, мөн нэхэмжлэгчийн санхүүжүүлэлтийг бодитоор авсан тухайн төслийн гүйцэтгэгч, гурван талт гэрээний оролцогч, нэхэмжлэгчтэй гэрээ хийж, ажил гүйцэтгэсэн И ХХК-ийr гэрчээр асууж, мэдүүлэг аваагүй, ИБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын мэдүүлэг зөрүүтэй буюу буруу төслийн талаар мэдүүлэг өгсөн байна гэж дурдаж байснаас үзэхэд хэргийн үйл баримт хангалттай тогтоогдоогүй байхад үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч НИ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анх 2015 оны 06 сарын 03-ны өдөр М ХХК, И ХХК, Барилга, хот байгуулалтын яам ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гурван талт гэрээний 3.2-т гэрээний үнийн дүн 529,000,000 төгрөг гэж, 8.3-т талуудын хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж нэмэлт зардал гарсан бол буруутай тал хариуцна гэж заасан. Улсын комисс 2015 оны 11 сарын 02-ны өдөр шугам сүлжээний барилга угсралтын ажлыг хүлээж авсан. Гэтэл ажил 2015 онд ажил дуусчихаад байхад И ХХК, Б ХХК-тай 2015 оны 07 сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан, 4 ширхэг байрны гэрчилгээг нааш цааш нь шилжүүлсэн, бэлэглэсэн байдаг. Тухайн ажилд хөрөнгө оруулснаа нэхэмжлэгч тал бодитой нотолж чадаагүй. Нийслэлийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн 2016 оны 09 сарын 16-ны өдрийн 25-р тогтоолоор НӨ тухайн хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авсан. Иргэний хуульд зааснаар гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан байна. Өмчлөгч, захиалагчийн зүгээс энэ хөрөнгөтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч Б ХХК-тай гэрээ, хэлцлийн харилцаанд ороогүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч НӨ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Талуудын баримталж байгаа гол баримт нь 2015 оны 03 сарын 06-ны өдрийн гурван талт ажил гүйцэтгэх гэрээ. Барилга, хот байгуулалтын яам захиалагч, М ХХК санхүүжүүлэгч, И ХХК гүйцэтгэгчээр оролцсон. Гэрээний 3.2-т үнийг 529,000,000 төгрөг гэж, гэрээний 4.3, 4.7-д гэрээний дүнгээс илүү гарсан аливаа зардалд хариуцлага хүлээхгүй болно гэж тусгасан байдаг. Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой зохицуулалтад гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэх явцад нэмэлт зардал гарах гэнэтийн зүйл тохиолдох үед захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй, мөн туслан гүйцэтгэгч авч байгаа тохиолдолд гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болдог. И ХХК, Б ХХК-ийн байгуулсан гэрээ нь барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байдаг, хөрөнгө оруулалтын гэрээ биш. Уг гэрээний үнэ 300,000,000 төгрөг байдаг. Хөрөнгө оруулсан гэж байгаа бол Барилга, хот байгуулалтын яам, Дэд бүтэц төсөлтэй гурван талт гэрээ байгуулж, санхүүжүүлэгчээр ороод баримтаа хавсаргаж ирүүлсэн бол өмчийн асуудал яригдах байсан. Өмнө нь захиргааны болон иргэний хэргийн шүүхээс нэхэмжлэгчийг хөрөнгө оруулсан гэдгээ нотолж чадахгүй байна гэж дүгнэсэн байхад хөрөнгө оруулсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч НИ, НӨ-т холбогдуулан С хорооллын гадна цэвэр усны шугам, бохир усны гол шугамын 33 хувийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 30-31, 32, 236, 250, 2хх 9-10, 37, 38/
3. Нэхэмжлэгч Б ХХК нь 2015 оны 07 сарын 01-ний өдөр И ХХК-тай байгуулсан С орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны шугамын 1-р ээлжийн зураг төсөл, барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г шаардлагынхаа үндэслэл болгодог бөгөөд уг гэрээний дагуу 261,252,560 төгрөгийн санхүүжилтийг хийсэн учир шугамын 33 хувийг хамтран өмчлөх эрхтэй гэж тайлбарласан. /1хх 8/
4. Гэтэл хэргийн баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Б ХХК-ийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
4.1. НИ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 09 сарын 16-ны өдрийн 25 дугаартай Хөрөнгө бүртгэн авах тухай тогтоолоор С орон сууцны хорооллын цэвэр усны шугамын өртөтгөл, бохир усны шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэн авсан. /1хх 45-55/
4.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр дээрх тогтоолын С орон сууцны хорооллын цэвэр усны шугам, бохир усны шугамд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. /1хх 9-16/
5. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.
Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 110 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...НИ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 09 сарын 16-ны өдрийн Хөрөнгө бүртгэн авах тухай 25 дугаар тогтоол нь хуульд нийцсэн бөгөөд, уг тогтоолын улмаас нэхэмжлэгч Б ХХК-ийн С орон сууцны хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ-ний тодорхой хэсгийг өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй... гэж дүгнэснийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, НИ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 09 сарын 16-ны өдрийн Хөрөнгө бүртгэн авах тухай 25 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа тохиолдолд ...С хорооллын гадна цэвэр усны шугам, бохир усны гол шугамын 33 хувийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай... нэхэмжлэгч Б ХХК-ийн шаардлагыг хангах боломжгүй юм.
6. Түүнчлэн, маргааны зүйл буюу гадна цэвэр усны шугам, бохир усны гол шугам нь Барилга, хот байгуулалтын яам /захиалагч тал/, М /санхүүжүүлэгч тал/, И ХХК /гүйцэтгэгч тал/-ийн хооронд 2015 оны 03 сарын 06-ны өдөр байгуулагдсан 2014/03 дугаартай С орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэгдсэн ажлын үр дүн байх ба нэхэмжлэгч Б ХХК нь тус гэрээний оролцогч биш байна. /2хх 69/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б ХХК нь дээрх гурван талт гэрээний дагуу бий болсон ажлын үр дүнгийн зарим хэсгийг И ХХК-тай байгуулсан С орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны шугамын 1-р ээлжийн зураг төсөл, барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г үндэслэн шаардах эрхгүй юм.
7. Дээрх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/01573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 1,464,213 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР