| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 184/2024/02537/И |
| Дугаар | 210/МА2024/01858 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2024/01858
2024 10 07 210/МА2024/01858
Э ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/03284 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэг болон алдангид 69,089,175 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
2021.11.19-ний өдрийн бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээний дагуу 1,093,825,600 төгрөгийн бетон нийлүүлснээс 106,678,000 төгрөгийн үнэ бүхий 3 орон сууцыг 320,034,000 төгрөгөөр, 108,675,000 төгрөгийн үнэ бүхийн орон сууц, 35,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 гараш, 48,589,150 төгрөгийн үнэ бүхий цемент, 535,468,000 төгрөгийг бэлнээр нийт 1,047,766,150 төгрөгийн төлөлт хийсэн.
Хариуцагч байгууллагаас 2023.08.24-ний өдөр ирүүлсэн албан бичээр гэрээний дагуу манай компани үлдэгдэл төлбөрийн үлдэгдэлтэй байгаа ба барилгын байнгын ашиглалтад авах улсын комисс ажиллаж шийдвэр гарсны дараа захиалагчдын үлдэгдэл төлбөрөөс төлж барагдуулах боломжтой байна гэсний дагуу 2023.10.01-ний өдөр хүртэл төлбөр төлбөр төлөх хугацааг хойшлуулсан боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, хэзээ төлөх нь тодорхойгүй байна. Иймд, тус байгууллагаас үлдэгдэл төлбөр 46,059,450 төгрөгийг нэхэмжилж байна.
Тус байгууллагад нэмэлт хугацаа олгосон өдрөөс хойш буюу 2023.10.09-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 515 хоног байна. Гэрээний 5.1-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэснийг үндэслэл болгон алдангийг 23,029,725 төгрөг болгон бууруулж, нийт 69,089,175 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.
Гэрээнд 3 орон сууцыг бартераар өгнө гэсэн. Үлдсэн хэсэгт нь яах талаараа гэрээндээ тохиролцоогүй. Иймд, манайх нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлохдоо мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжтой. Хариуцагч тал машин, байр хэлбэрээр төлнө гэж шаардах боломжгүй. Гэрээндээ зохицуулж өгөөгүй. Манай байгууллагад шүүхийн өмнө болон шүүхийн шатанд бартер санал болгож байсан. Гэвч манайх бартерын зүйлийг цааш нь худалдах боломжгүй ба хэт өндөр үнийн улмаас мөнгө болгох боломжгүй нөхцөл байдалд хүрч байсан. Манайд бартерын саналаа албан ёсоор тавьж байгаагүй. Цемент бол бэлэн мөнгө биш. Нягтлангийн тооцоон дээр бэлэн мөнгө гээд шивсэн байгаа. Манайх 48,589,150 төгрөгийн цемент авсан. Хариуцагчийн барилга баригдаж дуусаад, ашиглалтад орсон байгаа. Алдангийн хувьд манай талаас хэд хэдэн удаа нэмэлт хугацаа олгосон. Энэ хугацаанд хариуцагч талаас ямар нэгэн хариу өгөөгүй. Иймд, алдангийг багасгах боломжгүй. Манайх автомашин борлуулдаг байгууллага биш учраас цаашаагаа борлуулах боломжтой хөрөнгө харж байсан. Мөн санал болгосон хөрөнгө нь хариуцагч компанийн нэр дээр биш учир маш эрсдэлтэй байсан гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
1...Хариуцагчийн зүгээс гэрээнд заасан хэлбэрээр төлбөрийг төлж барагдуулах хүсэлтэй байгаа. Гэрээний 2.5 дугаар зүйл дээр гэрээний дагуу төлбөрийн 50%-ийг бартераар 50%-ийг бэлнээр төлнө гэж харилцан тохиролцсон.
Үүний дагуу гэрээний төлбөрийг бартераар санал болгоход нэхэмжлэгч тал хүлээж авдаггүй. С ХХК-д тодорхой эд хөрөнгө, урьдчилгаа төлөлт байдлаар орж ирэхэд тухайн хэлсэн үнийн дүнг Э ХХК-д санал болгох зорилгоор бартерын гэрээний 2.5.2 дахь хэсэг хэрэгжих боломжтой байдаг. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор С ХХК-иас тодорхой эд хөрөнгийг Э ХХК-д шилжүүлэх зорилгоор тогтмол холбогдож байсан. Машин, байр, мотоцикл, гарааж гэх зэргийг холбогдож санал болгож байсан. Гэвч бодит зах зээлийн үнээс хэт доогуур үнээр хүлээж авахаар шаардах, тухайн эд хөрөнгө дээр тодорхой хариу өгөхгүй байснаар хэсэг хугацааны дараа шаардах гэх мэт нөхцөл байдал үүссэнээс болоод өнөөдрийг хүртэлх хугацаанд үүрэг гүйцэтгэгч буюу С ХХК-ийн зүгээс гэрээнд заасан хэлбэрээр буюу бартерын хэлбэрээр Э ХХК-д төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн.
Иймд, хариуцагч С ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын алдангитай холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2...Гэрээн дээр бичсэн 3 орон сууцыг хүлээлгэж өгсөн. Мөн 3 автомашины зогсоолыг санал болгож байсан. Нэхэмжлэгч компанийн зүгээс нэг зогсоолыг нь авч 2 зогсоолыг нь авахгүй гээд татгалзаж байсан. Барилгын компанид шаардлагатай хэд, хэдэн түүхий эд байгаа. Үүнд арматур, цемент гэх зэрэг байдаг. Нэхэмжлэгч компанийн зүгээс цементийг бэлэн мөнгөний төлөлт гэж тооцоо нийлсэн гэсэн үг. Тамга дарсан байдлаас нь харахад хүлээн зөвшөөрч байдаг. Манай компани 48,589,150 төгрөгийн үнэ бүхий цементийг нэхэмжлэгч компанид өгсөн. Үүнийг бэлэн мөнгөөр төлсөн төлбөр гэж үзэж байгаа.
Хариуцагчийн зүгээс алдангийн хэмжээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний үлдэгдэл 46,059,450 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ гэрээнд заасан хэлбэрээр бартераар төлнө. Хариуцагчийн зүгээс гэрээнд заасан хэлбэрээр төлбөрийг төлөхийг ямагт байнгын үйлдлээр илэрхийлж, бас үүргээ гүйцэтгэж оролцсон.
С ХХК-ийн зүгээс гэрчийн мэдүүлэг болоод үзлэгээр гэрээний үүргийг биелүүлэх гэж буй бартерын эд хөрөнгийг санал болгож хүргүүлсэн. Яг өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг эрсдэлийг хүлээж авахаас татгалзсан бол энэ нь үндэслэлгүй. Яагаад гэвэл гэрээгээр заасан хэлбэрээр хүлээж аваагүй байна гэж үзнэ. Тиймээс талуудын хооронд байгуулсан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ тээвэрлэлтийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор, шударгаар, гүйцэтгэх боломж бололцоог нэхэмжлэгч компанийн зүгээс олгоогүй нөхцөл байдал тогтоогдоод байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 69,089,175 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 503,396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 503,396 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн алданги буюу 23,029,725 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар хангаж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ №52/23 дугаарт гэрээг байгуулж хамтран ажилласан, хавтаст хэргийн 15, 76, 77 дугаар хуудас хуудаст авагдсан бетон зуурмаг нийлүүлэлтийн дэлгэрэнгүй бүртгэл гэх баримтыг нэхэмжлэгчээс хариуцагчид и-мэйл хаягаар хүргүүлсэн болон талуудын байгуулсан гэрээний 2.5 дахь хэсгийн 2-т буюу бартераар төлөх эд хөрөнгөд хугацааг талууд тохиролцоогүй, С ХХК-ийн менежер С.Билгүүн Э ХХК-тай харилцаж бартерын эд хөрөнгө санал болгож байсан үйл баримтын талаар талууд маргадгүй.
Гэвч анхан шатны шүүхээс хэргийн бодит үнэн байдлыг тогтоолгүйгээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигч нарийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэгээр тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэн шийдвэрлэсэн болно.
Хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт, хэргийн нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдолтой гэрч нарийн мэдүүлгээр хэргийн бодит үйл баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хавтаст хэрэгт хавсаргуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хариуцагч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй болно.
Барилгын салбар нь бусад бизнесийн салбараас онцлогтой бөгөөд иргэн, аж ахуй нэгжийн худалдан авах чадвар нь бэлэн мөнгөөр бус өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барилгын компанид арилжих /бартер/ замаар орон сууц худалдан авдаг нийтэд ил баримт болно.
Нөгөөтэйгөөр барилгын компани нь хүлээн авах боломжтой иргэн, аж ахуй нэгжийн эд хөрөнгийг бусад бетон, дотор засал, цахилгаан гэх мэт төсөлд ажил үүргийг гүйцэтгэж буй аж ахуй нэгжид санал болгох замаар төлбөр төлөх тодорхой үүргийг гүйцэтгэдэг.
Энэ дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ №52/23 дугаарт гэрээг байгуулсан бөгөөд шууд хугацааг заах боломжгүй буюу бартерын эд хөрөнгийг санал болгох замаар төлбөрийг төлөх хүсэл зоригийг гэрээнд тусгайлан зохицуулсан. Энэхүү үйл баримт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан агуулга, зорилготой бүрэн нийцнэ.
Мөн барилгын салбарын үндсэн түүхийн эд болох цемент, арматур зэрэг түүхийн эдийг барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд бэлэн мөнгө хэлбэрээр тооцон хүлээн авдаг бөгөөд энэ нь тухайн компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй шууд хамаатай буюу бэлэн мөнгөөр цемент, арматур худалдан авдагтай холбоотой.
Хэргийг хянан шийдвэрлэх явцад тооцоо нийлсэн актын агуулгыг талууд үгүйсгээгүй мөн ил агуулгыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг бөгөөд гагцхүү бэлэн мөнгө биш гэж тайлбарладаг /шүүх хурлын тэмдэглэлийн 12 хуудас/
Гэвч нэхэмжлэгч талууд тооцоо нийлэх замаар дээрх цементийг бэлэн мөнгө гэж хүлээн зөвшөөрсөн үйл баримтыг болон хүлээн авсан бэлэн мөнгө, бартерын эд хөрөнгийн талаар маргадгүй.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 182/ШШ2024/03284 шийдвэрийн үндэслэх хэсэгт компанид 2023.10.05-ны өдөр 04/126 тоот төлбөр барагдуулах тухай албан бичгийг хэсэгт: Нэхэмжлэгчээс хариуцагч компанид хүргүүлж, төлбөр төлөх хугацааг 2023.10.09-ны өдрөөр тогтоожээ. гэж үндэслэсэн байна.
Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан хугацааг хэтрүүлээгүй, нэхэмжлэгч төлбөр шаардаж буй албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн эсэх үйл баримт нотлогдоогүй. Тухайн баримт нь хариуцагч компанид хүргүүлсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд талууд маргадаг.
Иймд, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 182/ШШ2024/03284 шийдвэрийн алдангитай холбоотой хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Талуудын хооронд бартер санал болгож байсныг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрдөг. Гэвч уг бартерыг албан ёсоор буюу бичиг хэргийн стандартын шаардлага хангаж, манай байгууллагад илгээж байгаагүй гэх үндэслэлээр талуудын хооронд маргаан үүссэн. Хэргийн материалд авагдсан чатад хийгдсэн үзлэг, гэрчийн мэдүүлгээр талуудын хооронд санал болгосон харилцаа нь зөвхөн албан ёсны байгууллагуудын харилцаа биш, хувийн харилцаа яригдаж байсан тул байгууллага хоорондын харилцаа гэж дүгнэх боломжгүй гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс С ХХК-руу хэд хэдэн удаа албан тоот явуулж байсан бөгөөд хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад тухайн албан бичгийг хүлээж аваагүй талаар тайлбар гаргаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа уг албан бичгийг үндэслэж, алданги тооцож байгаагаа тайлбарласан. Хариуцагчийн зүгээс уг алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх агуулгаар хариу тайлбар гаргаагүй. Гэвч давж заалдах шатны шүүхэд уг агуулгаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Мөн цементийг бэлэн мөнгө эсхүл бартерын төлбөрт тооцсон нь уг хэрэг маргаанд ач холбогдолгүй гэж үзэж байна. Талуудын хэн аль нь 46,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг хүлээн зөвшөөрдөг. Уг 46,000,000 төгрөгийг ямар хэлбэрээр төлөхийг заасан байгаа боловч юу авахыг нарийвчлан гэрээнд тусгасан зүйл байхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нэрлэн заагаагүй зүйлийг хийсвэрээр нэхэмжлэх боломжгүй учраас нэхэмжлэлийн үнийн дүнгээр мөнгөөр илэрхийлж, нэхэмжлэл гаргахаас өөр арга байгаагүй. Манай байгууллагын зүгээс хариуцагчийн санал болгосон бартерыг хүлээж аваагүй нь үнэн. Гэвч хариуцагчийн санал болгосон бартерыг манай байгууллага хүлээж авах үүрэг байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бөгөөд тухайн бартерыг хүлээж аваагүй нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээний үлдэгдэл төлбөр 46,059,450 төгрөг, алданги 23,029,725 төгрөг, нийт 69,089,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь алданги 23,029,725 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан баримтаар Э ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр С ХХК-тай бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ байгуулж, 2021 орны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацанд бетон зуурмаг нийлүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хэрэгт цугларсан баримтаар Э ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд С ХХК-д нийт 1,093,825,600 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлснээс хариуцагч нь бэлэн мөнгөөр 535,468,000 төгрөг, бараа бүтээгдэхүүнээр 48,589,150 төгрөгийн үнэтэй цемент, мөн 463,709,000 төгрөгийн үнэтэй орон сууц болон автозогсоолыг тус тус нэхэмжлэгчид өгчээ.
Тодруулбал, талууд худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийн 50 хувийг бэлэн мөнгөөр, үлдэх 50 хувийг бараа бүтээгдэхүүнээр төлөхөөр тохирсон ба С ХХК нь гэрээнд заасан 3 орон сууцнаас гадна 1 автозогсоол, 1 орон сууцныг Э ХХК-д хүлээлгэн өгсөн байна.
Зохигчид дээр дурдсан үйл баримтын тухай маргаагүй, гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар нэмж дүгнэлт өгөхгүй.
5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Худалдан авагч С ХХК нь худалдагч Э ХХК-д мөнгөөр 535,468,000 төгрөг, бараа бүтээгдэхүүн хэлбэрээр 512,298,150 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн ба төлбөрийн 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг бараа бүтээгдэхүүнээр төлөх тохиролцооны дагуу тооцвол нийлүүлсэн нийт 1,093,825,600 төгрөгийн бетон зуурмагаас төлөгдөөгүй 46,059,450 төгрөг байгаагаас хариуцагч нь бартераар хэлбэрээр 34,614,650 төгрөг, бэлэн мөнгөөр 11,444,800 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөх ёстой байна.
Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох, эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байна гэж зааснаар гэрээний талууд мөнгөөр үнэлж болох бараа бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцож болно.
Анхан шатны шүүх төлөгдөөгүй үлдсэн 46,059,450 төгрөгийг хариуцагч С ХХК-иас мөнгөөр гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 46,059,450 төгрөгийг мөнгөөр илэрхийлэн хариуцагчаас нэхэмжилж байгааг буруутгахгүй бөгөөд мөнгө нь бүх эд хөрөнгөтэй тэнцүү орлуулгын мэдрэцтэй, солилцооны үнэ цэнэтэй тул зохигчид анхнаасаа бетон зуурмагийн үнийг мөнгөөр илэрхийлсэн учир нэхэмжлэгчийн төлбөр шаардах эрхийг заавал бараа бүтээгдэхүүн ав гэж үүрэгжүүлэх боломжгүй юм.
6. Талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн талаар тохирсон бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх үүрэг үүснэ.
Зохигчид гэрээгээр бараа бүтээгдэхүүн хэлбэрээр авах эд хөрөнгийн талаар тохирсон боловч үлдэх 46,059,450 төгрөгт авах бараа бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээ, үнэ, чанарын талаар тухайлан тохиролцоогүйгээс улбаалан худалдан авагч С ХХК-иас худалдагч Э ХХК-д хэд, хэдэн эд хөрөнгийг санал болгосон ч талууд үнийн талаар тохиролцоонд хүрээгүй байна.
Энэ тохиолдолд гагцхүү худалдан авагч С ХХК-ийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай болно. Тодруулбал, тус компани худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх талаар өөрөөс шалтгаалах арга хэмжээг авч байсан байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зааснаар үүргийн зөрчил тогтоогдохгүй байна.
Нөгөө талаар худалдагч Э ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр худалдан авагч С ХХК-д гэрээний үлдэгдэл төлбөр болох 46,059,450 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлөх хугацаа тогтоосон байх боловч зохигч нар энэ өдрөөс хойш бараа бүтээгдэхүүн хэлбэрээр авах эд хөрөнгийн талаар харилцан санал солилцож байжээ.
Иймд, хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөх хугацааг шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул алданги төлөх үүрэг үүсэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/03284 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч С ХХК-иас 46,059,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,029,725 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ...503,396 гэснийг 388,247 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР