| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0261/Э |
| Дугаар | 276 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 276
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Э.Энхбат,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-д холбогдох эрүүгийн 1908000000287 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, А.А-/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.А нь Сонгинохайрхан дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан бууз” нэртэй зоогийн газрын гадна 2019 оны 02 сарын 19-ний өдөр 11 цагийн үед иргэн П.А-г өөрийн нөхөртэй гэр бүлийн харилцаанаас гадуур харилцаа үүсгэлээ гэх эр эмийн хардалтын улмаас марган зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
Шүүгдэгч А.А нь Сонгинохайрхан дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан бууз” нэртэй зоогийн газрын гадна 2019 оны 02 сарын 19-ний өдөр 11 цагийн үед иргэн П.А-г өөрийн нөхөртэй гэр бүлийн харилцаанаас гадуур харилцаа үүсгэлээ гэх эр эмийн хардалтын улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг,
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Хохирогч П.А-гийн “...2019 оны 02 сарын 19-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Драгоны хойно байрлах гэрээсээ гараад “Хаан бууз”-ны хажуу талын туслах замаар явж байхад цагаан өнгийн автомашинтай зүс таньдаг эмэгтэй ирж зогсоод “машинд суучих” гэхээр нь суухад, П.А гэх эмэгтэй хойд хаалгаар орж ирж суугаад нэг цаас гаргаж ирээд “чи миний нөхөртэй энэ утсаар ярьдаг байсан биздээ” гээд над руу дайраад зүүн гараараа үснээс зулгаагаад баруун гараараа миний толгой болон хамар руу 4-5 удаа цохисон. Би манараад буух гээд тортой зүйл рүү гараа явуулахад дахин 2-3 удаа цохисон. Намайг учир зүггүй баахан зодсон ба би арай ядан машинаас гарсан...Зодуулсанаасаа хойш толгой эргээд нүд бүрэлзээд миний бие муу байна...Нийт 500.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг. /хх22-24-р тал/,
2. Шүүх эмнэлгийн шижилгээний №2579 дугаар дүгнэлт “...П.А-гийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." /хх14-р тал/,
3. Шүүгдэгч А.А-гийн яллагдагчаар өгсөн “...П.А- машинд суусан. Би машинаас буугаад арын суудал дээр П.А-гийн баруун талд хамт суугаад П.А-д хандаж чи ер нь яах гээд байгаа юм бэ өчнөөн жил айл гэр үймүүллээ, чи Б-аас салж, хагцаж чадахгүй юм бол аваад суучих гэж хэлээд зүүн гарын алганы ар талаараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохиход миний бөгжтэй гар хамрыг нь онох шиг болсон. Би баруун гараараа толгой руу нь нэг удаа цохисон гэх мэдүүлэг. /хх33-35-р тал/,
4. Шүүгдэгч А.А нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх46-р тал/ гэсэн баримтууд хэрэгт авагджээ.
Дээр дурдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасанд үндэслэл, журмын дагуу авагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Тодруулбал, шүүгдэгч А.А нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогч П.А-г нөхөртэйгөө хардсаны улмаас өөрийн унаж явсан машиндаа дуудан суулгаж, маргаан үүсгэн үснээс нь зулгаан, нүүр, толгойн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөн шүүгдэгч өөрөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцжээ.
Иймд шүүгдэгч А.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч А.Аг гэм буруугийн талаар үнэлт, дүгнэлт өгсөн дээр дурдсан нотлох баримтууд болон хохирогч П.А-гийн зүгээс хохиролд нэхэмжилсэн 500,000 /таван зуун мянган/ төгрөгний хохирол төлбөр төлсөн, хохирогч П.А- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт /хх52-р тал/ зэргийг үнэлэн шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дэх тус тус заасныг баримтлан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалтайгаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч А.Агийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Аг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ад оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4. Шүүгдэгч А.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Ад авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.МӨНХБААТАР