Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01827

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01827

 

А- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/01801 дугаар шийдвэртэй,

А- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.А-т холбогдох,

14,698,061 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.А- нь

манай компанид С- менежерээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн буруутай үйл ажиллагаагаар компанид их хэмжээний авлага үүсгэсэн. Уг асуудлаа хүлээн зөвшөөрч, үүссэн өр төлбөр болох 9,798,707.80 төгрөгийг төлөхөөр 2023 оны 04 сарын 18-ны өдөр ******************** тоот өр, төлбөр барагдуулах гэрээ байгуулж, 2023 оны 07 сарын 25-ны өдрийн хугацаанд хуваарь гарган төлөхөөр тохиролцсон. Тус гэрээний 3.1-т хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон төлөх талаар дурдсан. Хугацаа хэтэрсэн 181 хоног тутамд ногдох алдангийн хэмжээ 8,867,830 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь 4,899,354 төгрөг, нийт 14,698,061 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжилж буй 9,798,70.80 төгрөгийн зайрмаг нь нэхэмжлэгч компанийн буруутай, зохион байгуулалтгүй, борлуулалтын менежер миний ажиллах нөхцөлийг бүрэн хангаж ажиллаагүйгээс хайлсан зайрмагны үнэ юм. Худалдан авагч нь агуулахгүй байж А- ХХК-ийн зарласан урамшуулалд хамрагдах гэж их хэмжээгээр зайрмаг захиалсан. Тус барааг хүргэж очиход агуулах байхгүй гэх шалтгаанаар буцаасан. А- ХХК захиалсан барааг нэгэнт борлуулсан бараа гэж үзээд буцааж авахгүй байснаас энэ их хэмжээний зайрмаг хайлсан. Би зайрмагийг хувьдаа ашиглаж, шамшигдуулсан зүйл байхгүй. Гэтэл ажлаас гарах үед ********** тоот гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажилтны хүлээх эд хөрөнгийн хариуцлага нь миний буруугаас болж нэхэмжлэгчид учирсан хохирол байх ёстой. Гэтэл ажил олгогчийн өөрийн ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллаагүй буруугаас үүдэн учирсан их хэмжээний хохирлыг ажилтнаар хариуцуулах нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд тус нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466 дугаар зүйлийн 466.5, 466 дугаар зүйлийн 466.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.А-аас 14,698,061 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А- ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 265,069 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 265,069 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж- би гарын үсээ зурсан боловч замын хөдөлгөөнд саад учирсны улмаас шүүхийн товлосон цагт очих боломжгүй болсон. Мөн тус шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг цахимаар явуулсан боловч шүүх хүсэлтийг хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь хуульд заасан өмгөөлөгчтэй оролцох, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын гаргаж огсон нотлох баримтын үндсэн нь дээр тэгш эрхийн эрхийн хүрээнд мэтгэлзэх зарчим хангагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талд 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 11 цагт шүүх хуралдаан болох талаар мэдэгдсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн шүүх хуралдааны товтой танилцаж гарын үсэг зурсан. Гэтэл хариуцагч тал нь давж заалдах гомдолдоо зам тээврийн осол гарсан нь шүүх хуралдаанд ирээгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарладаг боловч үүнийг хариуцагч нь урьдчилан төлөвлөх боломжтой байсан буюу хариуцагчийн хариуцлагагүй үйлдлээс болж шүүх хуралдаанд ирээгүйг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн хариуцагч талын гаргасан гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч Б.А-т холбогдуулан өр төлбөр 9,798,707 төгрөг, алданги 4,899,354 төгрөг, нийт 14,698,061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн бөгөөд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

4. А- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 05 сарын 24-ний өдрийн Б/518 дугаартай Дадлагажигч ажилтнаар ажиллуулах тухай тушаалаар Б.А-ыг мөн өдрөөс эхлэн дадлагажигч ажилтнаар, 2021 оны 08 сарын 10-ны өдрийн Б/680 дугаартай Үндсэн ажилтнаар томилох тухай тушаалаар мөн өдрөөс эхлэн Борлуулалтын албанд С- менежерийн албан тушаалд тус тус томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсчээ. /хх 35-42/ Мөн өдөр талууд Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх нөхцөлийг тохиролцсон байна. /хх 32-34/

Талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа дуусгавар болгохоор харилцан тохиролцож, улмаар А- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн Б/031 дугаар тушаалаар Б.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх 25/

 

5. Хариуцагч Б.А- нь нэхэмжлэгч А- ХХК-д ажиллаж байх хугацаандаа байгууллагад 9,798,707 төгрөгийн алдагдал үүсгэж, уг хохирлоо төлөхийг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр талууд 2023 оны 04 сарын 18-ны өдөр Өр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.А- нь 9,798,707 төгрөгийн өр төлбөрийг 2023 оны 07 сарын 25-ны өдрийн дотор төлж дуусгах, хугацаандаа төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги тооцохоор гэрээнд тусгасан байна. /хх.6-7/

Хариуцагч нь нэхэмжлэгч компанид С- менежерээр ажиллаж байх хугацаандаа ажил үүрэгтэйгээ холбогдуулан өөрийн хариуцсан эд зүйлийг устгаж үгүй болгосон, ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь түүний ажил олгогчид 2023 оны 03 сарын 07-ны өдөр, мөн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан дээрх гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Өглөгийн товчоо тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Ажилтны ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ, хохирол учирсан байдлын талаар нэхэмжлэгч ажилтнаас бичгээр тайлбар авч, тухайн нөхцөл байдлыг шалгасан санхүүгийн тооцооллыг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэхээр байна.

Мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт Ажилтны учруулсан хохирлын хэмжээг ажил олгогчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирлоор тодорхойлох бөгөөд олох байсан орлогыг үүнд оруулан тооцохгүй. Бодит хохирлыг ажил олгогчийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, бодит гарсан хохирлын хэмжээгээр тооцно гэж заасан. Иймээс ажилтан буюу хариуцагч Б.А- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу нэхэмжлэгч А- ХХК-д учруулсан эд хөрөнгийн хохирол болох 9,798,707 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Харин нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо бодит гарсан хохирлын хэмжээгээр бус алданги нэмж шаардсаныг үндэслэн анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээг үндэслэн хариуцагчаас 4,899,354 төгрөгийн алдангийг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт зааснаар ажилтны учруулсан хохирлыг бодит хохирлоор тооцох зохицуулалттай нийцэхгүй юм.

 

6. Иймд дээрх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.А-аас 9,798,707 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,899,354 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжид холбогдох өөрчлөлтийг оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/01801 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-аас 9,798,707 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,899,354 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 265,069 гэснийг 171,729 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ