| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0064/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 65
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч: Я.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Я.Т-д холбогдох 1935001360072 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 11-нд ... төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ... оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Я.Т /РД:/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Я.Т нь Увс аймгийн ... гэх газарт 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Д.Ц-ын зүүн гаранд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Я.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Я.Т нь Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Баг бураа гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө хохирогч Д.Ц-ын зүүн гаранд хутгалсан болох нь хохирогч Д.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 12.00 цагийн үед Т манайд ирээд хоол идээд явсан. Орой 21.00 цагийн үед согтуу байдалтай ирээд манай туслах малчин Б.Д-ийг хамт явья гэхэд нь Д “Би явмааргүй байна” гээд үлдсэн. Шөнө Д бид хоёр гэртээ унтаж байтал 01.00 цагийн үед Т миний гар утас руу залгаад “Ахаа гэрэл тусгаад өгөөч, би танайд очих гээд олохгүй байна” гэж хэлэхээр нь би гар чийдэн асааж гэрэл гаргаж өгөөд Т-ыг гэртээ ирүүлсэн. Гэрт орж гэрээд гэрийн зүүн талаар газраар унтаж байсан манай туслах малчин Д-ийг намайг дагаж явсангүй гээд нэг удаад цохиод авахад нь Д “Чи яаж байгаа юм бэ?” гэсэн өөр юу ч хэлээгүй. Т Д-ийг тамхи ороож өг гэхээр нь би “Чи тамхи татах гэж байгаа бол өөрөө ороогоод тат” гэж хэлэхэд Я.Т надтай маргалдаж намайг хулгайч гэж хэлэхэд би урдаас нь би ямар хулгай хийсэн юм бэ? чи цагдаагийн байгуулагад хандаж намайг шалгуул гэж хэлсэн. Тэгээд би Увс аймгийн Цагдаагийн газар луу утсаар залгаж “манайд нэг согтуу хүн ирээд намайг хулгайч гээд гүжирдээд байна, би өөрийгөө шалгуулмаар байна, Я.Т гэдэг залуу намайг бас согтуугаар гэрт ирээд дарамтлаад байна” гэж хэлэхэд Цагдаагийн байгуулагын жижүүрийн алба хаагч намайг та маргааш өргөдлөө бичээд Увс аймгийн Цагдаагийн байгуулагад авч ирээд шалгуулаарай гэж хэлсэн юм. Тухайн үед би огт архи дарс амсаагүй эрүүл байсан юм. Тэгээд Я.Т нь сууж байгаад босоод манай гэрийн хоолны шүүгээн дээр байсан төмөр тавагтай махан дээр байсан манай гэрийн шар цоохор иштэй хутга аваад миний хэвтэж байсан голын орны урд ирээд намайг хутгална шүү гэж хэлэхэд би урдаас нь “чи намайг хутгалж чадахгүй, Я.Т чи болио” гэж хэлсэн. Тэгээд Я.Т уг хутгийг баруун гартаа бариад савлаад байсан юм. Я.Т над руу май гээд салаагаа гаргахаар нь би урдаас нь бас салаагаа гаргахад намайг бариад авсан. Би урдаас бас барьж авчихаад гартаа хутгатай байхаар нь Я.Т-ыг тавьчихсан юм. Би Я.Т-ыг чи болилдоо гээд хоёр гарынхаа алгыг дэлгээд биеэ хамгаалж байтал Я.Т баруун гартаа бариад савлаж байсан хутгаараа миний зүүн талын гарын алга хатгачихсан юм. Тэгээд би Я.Т-ыг чи яаж байгаа юм бэ? чи болилдоо чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэр үед миний гарын алга хэсгээс цус гарсан юм. Би Я.Т-аас холдоод гарынхаа алганаас гарсан цусыг өөрийнхөө хөлний ороолтоор боогоод гэрээсээ гарсан юм. Тэр үед Д бас гэрээс гараад ирсэн. Д бид хоёр явган алхаад манай урд талд өвөлжөөнд байсан төрсөн ах Д.З-ын гэрт очиж гаднаас нь дуудаж уулзаж учир байдлыг яриад машинтай нь Улаангом явж эмнэлэгт ирж яаралтай тусламжийн тасаг дээр ирж гартаа оёдол тавиулсан юм. Я.Т надад нэг удаа 40.000 төгрөг бэлэн мөнгөөр өгсөн. Би Я.Т-аас өөр мөнгө төгрөг нэхэмжлээгүй, одоо Я.Т-аас хохирлын талаар нэхэмжлэх зүйл байхгүй. Уг хутга миний ахуйн хэрэгцээнд хэрэглэж байсан хутга юм. Би уг хутгыг буцааж авахгүй устгаж болно, би уг хутганы үнийг нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 18-р тал/,
Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Д 2019 оны 04 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө 01 цагийн үед нэлээн согтуу байдалтай ирсэн юм. Би гэрийн зүүн талд хэвтэж байтал Чи намайг дагаж явсангүй гэж хэлээд намайг шууд нэг удаа гараараа гэдэс рүү цохихоор нь би цааш хараад хэвтчихсэн юм. Түүний дараа Ц ахтай чи хулгайч пизда гээд маргалдсан юм. Д.Ц ах би чиний юуг хулгайлсан юм гэж хэлж байсан. Тэгтэл Я.Т намайг тамхи ороож өг гэхэд Ц ах Т-ыг чи ямар дээрэлхүү нөхөр бэ? чи татах гэж байгаа бол өөрөө ороогоод тат чи ямар дарамттай юм бэ? гэж хэлсэн. Я.Т нь чамайг ална гээд хоолны шкаф дээр байсан тавагтай махнаас хутга аваад Ц ахын ор руу очоод чамайг ална гээд дайраад салаагаа гаргасан юм. Ц ах “залуу чи боль” гээд хэлсэн. Я.Т шар цоохор иштэй хутгыг баруун гартаа бариад хойш урагш савлаад байсан, тэр үед Ц ах хоёр гараараа хааж байтал Я.Т нь гартаа барьсан хутгаар Ц ахыг нэг удаа хатгачихсан юм. Тэгээд Ц ах Т-ыг урдаас нь түлхсэн юм. Тэр үед Т уг хутгаа баруун гартаа барьсан хэвээр байсан. Ц ах бид хоёр гэрээс гараад Ц ахын гараас гарсан цусыг боож тогтоогоод Ц ахын төрсөн ах З-ын гэрт очиж З ахын машинаар Улаангом орж нэгдсэн эмнэлэгт ирж оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Гэрч Д.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний шөнө 3 цагийн үед зүүн гараас нь цус гарсан байдалтай явган гүйж ирэхээр нь яасан юм бэ? гэхэд “Я.Т намайг хоолны хутгаар хутгалчихлаа” гэсэн. Цус гараад байна, Улаангом эмнэлэгт очмоор байна гэж хэлэхээр нь би өөрийнхөө машин асаагаад дүү Ц-ыг авч Улаангом орж эмчид үзүүлж оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11-р тал/,
Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13-р тал/,
Шүүгдэгч Я.Т-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн ээж У-ийн гэрт ээждээ туслаад малынхан ажил хийлцэж байгаад 18 цагийн үед хамт өвөлждөг хөрш айл Ц эгчийн гэрт орсон юм. Тэр үед Ц эгч надад 3 аяга монгол нэрмэл архи хийж өгсөнийг би уусан юм. Тэднийд Улаангомоос хүү Б нь ирсэн байсан, би хүүтэй нь жаахан юм яриад сууж байгаад гарсан. Би морьтой мордоод малынхаа бэлчээрээр малаа эргэж тойроод явж үзчихээд манай хамаатны нагац ах болох Д.Ц-ын гэрт 21 цагийн үед очсон, тэднийд Д.Ц ах тэдний туслах малчин Б.Д хоёр байсан. Тэгээд би тэдний туслах малчин Б.Д-ийг “Хамт яваад З ахынд очоод ирье. Би Ц ахыг дагуулаад харанхуй шөнө явалтай биш” гэж хэлэхэд Д “Би З ахын хажууд архи ууж чадах биш. Би эртхэн амарлаа” гэж хэлээд үлдсэн. Би морьтой яваад 23 цагийн үед Д.З ахын гэрт очсон, тэднийд З ах эхнэртэйгээ бага охинтойгоо гурвуулаа байсан. З ах надад хагас шилтэй Болор гэдэг архи гаргаж ирж өгсөн. Би уг хагас шилтэй 0,75 грамын болор гэдэг архийг би уусан, уг архинаас З ах нэг хундага архи уусан. Би тэднийхээс 01 цаг өнгөрч байхад гэрээс нь гараад би гэр лүүгээ явж байтал миний татдаг тамхи дууссан байсан учраас би замдаа Ц-ын гэрээр ороод Д-ийн тамхинаас тамхи татна бас ээж дээрээ яаж согтуу очих бэ? тэднийд хонъё гэсэн бодолтой очсон. Би З ахын гэрээс гархад нэлээн согтсон байсан, Ц ахын гэрт ирэхэд Ц ах гэрийнхээ голын орон дээр унтаж байсан. Д гэрийнхээ зүүн талаар газраар хэвтэж байсан. Би Ц ахын хэвтсэн орны урд талд ирж суусан, тэгээд би Д-ийг унтаж байхад нь сэрээх гээд нэг тамхи ороогоод өг гээд цээж орчим газарт нь нэг удаа нударсан юм. Тэгтэл тэр үед Д.Ц “чи тамхи татах гэж байгаа бол өөрөө ороогоод тат, чи битгий хүн дарамтлаад бай залуу” гэж надад хэлэхээр нь “Би гуйсан болохоос биш хүн дарамтлаагүй, хүнийг ингэж дарамталдаггүй юм, та 2004 онд манайх Зүүнговь сумаас нүүж ирсэн байхад манай ээжийн малаас “энэ хүн малаа сайн таньдаггүй юм таньд тэдний малаас хэдэн мал авч ирж өгнө” гэж хүнд хэлсэн гэсэн, хүнийг тэгж дарамталдаг юм гэж би хэлсэн. Тэр үед Ц ах чи намайг хулгайч гэж хэллээ үнэн мөнийг тодоруулна гэж надад хэлээд аймгийн Цагдаагийн газрын жижүүр лүү ярьсан. Тэгээд би Ц-ыг “би таныг хулгайлсан гэж хэлээгүй таныг тэгж ярьсан байна лээ гэж хэлж байна” гээд Ц ах бид хоёр маргалдаад би Ц ах руу салаа гаргахад Д.Ц миний урдаас бас салаа гаргасан, би Ц ахыг айлгая гэж бодоод тэдний хоолны шүүгээн дээр тавагтай махан дээр байсан шар цоохор иштэй хутга би аваад Ц-н хэвтэж байсан орон дээр очоод “чамайг хутгална шүү” гэж хэлэхэд миний урдаас Д.Ц ах “чи намайг хутгалж чадахгүй” гэж хэлээд босоод ирсэн юм. Тэгээд би баруун гартаа барьсан хутгаараа Ц ахыг айлгах гээд савлаж байтал Ц ахын зүүн гарын алганд хатгагдсан юм. Ц ах чиний хутга чинь миний гар луу орчлоо шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Ц ах Д хоёр гэрээсээ гараад явчихсан. Би гэрт нь тэр хоёр хүнийг ороод ирэх байх гэж бодоод хэсэг хүлээж байгаад орж ирэхгүй болохоор нь мориндоо мордоод гэр лүүгээ явж ээжийнхээ гэрт очиж амарсан юм. Би хохирогч Д.Ц-д хохиролд 40.000 төгрөг өгсөн юм уг мөнгө нь анх машинд бензин хийж ирсэн, гартаа боолтоо хийлгэсэн зардал гэж хэлсэн. Би өөрөө Д.Ц ахаас уучлалт гуйсан.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 294 дугаартай шинжээчийн “Д.Ц-ын биед зүүн гарын алганд зүсэгдсэн шарх, аюулхайд зулгаралт гэмтэл учирсан байна. Зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 28-р тал/-ээр хохирогч Д.Ц-ын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Я.Т нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хутгаар хүний биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж байсан атлаа зориуд хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Я.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Т нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Я.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Я.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Т-ын хувийн байдлын талаар гэрч гэрч Я.Т-ын: “... Я.Т миний хамгийн бага дүү юм. Миний дүү Я.Т багадаа хөдөлгөөн багатай төлөв даруу зантай хүүхэд байсан юм Увс аймгийн Цагдаагийн газарт цагдаагаар ажиллаж байгаад гарсан. 2015 онд эхнэр авсан одоо эхнэртэйгээ хоёулаа амьдардаг. 2013 онд ИЗИС-г төгссөн дээд боловсролтой. Миний төрсөн дүү Я.Т нь төлөв даруухан зантай, үг дүү цөөнтэй , нийтэч тусархаг зантай, ямар нэгэн бодол саналаа шууд илэрхийлдэг нээлттэй чөлөөтэй зантай, архи дарс хааяа нэг уудаг архи уусан үедээ үг хэл гаргаад байдаггүй хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/, гэрч Ж.А-ны: “... Я.Т нь надтай ах дүү нарын хүүхэд юм. Я.Т 2018 оны 11 сарын 01-ний өдөр төрийн албаны шалгалт өгч тэнцсэн байсан учраас бид хоёр нэг өдөр хамт Увс аймгийн Цагдаагийн газарт цагдаагаар томилогдон ажилд орсон юм. Тэгээд удахгүй хүнтэй зодолдсон гэх асуудлаар цагдаагийн газраас халдагдсан юм. Я.Т багадаа хөдөө Зүүнговь суманд амьдардаг байсан учраас би багийн зан аашийг нь сайн мэдэхгүй, одоо бол Я.Т нь төлөв даруухан зантай, үг дүү цөөнтэй, нийтэч тусархаг зантай, залуу юм. Надаас олон дүү болохоор нь би тулж сайн харьцдаггүй юм .” /хх-ийн 25-р тал/ гэх мэдүүлэгүүд,
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1/410 дугаартай албан бичиг, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт,
Иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Автотээврийн төвийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 131 дугаартай албан бичиг,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ,
Увс аймаг дахь Цагдаагийн газрын даргын “Ажилд томилж, цагдаагийн цол олгох тухай” 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/77 дугаартай тушаал,
Увс аймаг дахь Цагдаагийн газрын даргын “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/85 дугаартай тушаал /хх-ийн 60-62, 63, 68, 71, 72-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Хохирогч Д.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн “Надад Я.Т хутгалуулсаны дараа Багбураа гэх газраас Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхээр явахад машинд бензин хийсэн зардал болон Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт гартаа боолтоо хийлгэхэд эм тарианыхаа зардалд хэрэглээрэй гэж 40.000 төгрөг бэлэн өгсөн. Би өөр мөнгө төгрөг нэхэмжлээгүй, одоо Я.Т-аас хохирлын талаар нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэгийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Я.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор цоохор иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Т-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Шүүгдэгч Я.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ