Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01837

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01837

 

Ж.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/02141 дугаар шийдвэртэй

Ж.М-ийн нэхэмжлэлтэй, А.З, Б.Э- нарт холбогдох

Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн **** дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, * дүгээр байрны ** тоот-орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн өмгөөлөгч О.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ж.М- нь А.Зд Баянзүрх дүүрэг, **** дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, * дүгээр байрны ** тоот-хаягтай 3 өрөө орон сууцыг бодитоор худалдаагүй. Учир нь Ж.М-ийн хүү М.О- А.З бид хоёрт мөнгө хэрэгтэй байна, энэ орон сууцыг А.Зд худалдаж байгаа болоод банкнаас хүү багатай урт хугацаатай мөнгө зээлж аваад төлж дуусгасны дараа орон сууцыг буцааж А.Згаас шилжүүлж авна гэсний дагуу Ж.М- нь А.Зтай 2017 оны 04 сарын 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Иймд уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчинүйд тооцож, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар дээрх орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг А.Зд даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: А.З нь тус байрыг 8 хувийн ипотекийн зээлээр авах хүсэл зоригийг банкинд илэрхийлж байсан. Ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаанд А.З болон түүний ээж Б.Э- нар 18,300,000 төгрөг төлсөн. Ж.М- өөрийн орон сууцаа барьцаанд тавьж хүүдээ зээл авч өгч болох байсан. А.З БНХАУ-аас байнга бараа оруулж ирж худалддаг учраас өөрийн дансыг идэвхтэй байлгах ямар ч шаардлага байхгүй. Дүр үзүүлсэн хэлцлийн хууль зүйн шинж нь бүх үйлдэл бодит биш, хууль бус байхыг шаарддаг. Гэтэл А.З зээлийн гэрээний үүргээ биелүүлж сар болгон төлөлт хийж байна. Ийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: А б- ХХК нь А.Зтай 2017 оны 05 сарын 03-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд энэхүү маргаан бүхий Баянзүрх дүүргийн **** дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, * байрны ** тоот **** талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээ хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл талууд өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.М-ийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүрэг, **** дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, * дүгээр байрны ** тоот-орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг А.Зд даалгах тухай хариуцагч А.З, Б.Э- нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчээс 2017 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх 2017 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний нөхцөлд тохирсон, хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь А.З нь орон сууцыг худалдан авах хүсэл зориг байсан бол өнөөдрийг хүртэл худалдан авсан орон сууцандаа амьдраагүй, харин бусдад түрээслүүлсний үр шимийг Ж.М-ийн хүү М.О- хүлээн авч, захиран зарцуулж байсан. Мөн М.О- болон А.З нарын хооронд бичсэн фэйсбүүкийн зурваст шүүхийн журмаар үзлэг хийсэн бөгөөд уг үзлэгээр М.О- нь А.Зд хандаж зээлээ хаах талаар хэлсэн, зээл хэдэн төгрөгөөр хаагдах талаар А.Згаас асуусан, А.З нь зээл хаах үнийн дүнг мэдэх талаар хариу Бичсэн нь А.Згийн зээлийг төлж орон сууцаа буцаан авахаар ярилцсаныг үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсонгүй гэж худал дүгнэж шийдвэрт тусгасан. Мөн М.О-, А.Згийн зээлийн дансанд мөнгө шилжүүлж байгаа зэрэг үйл баримтаар энэхүү орон сууцыг А.З нь бодитоор худалдан аваагүй нь тогтоогдож байгаа.

Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гэх зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдэж болно. Өөрөөр хэлбэр хэлцлийн үр дүнд ямар нэг эрх, үүрэг, хариуцлагыг хүлээх хүсэл зориггүй байхыг ойлгоно гэж тайлбарласан ба Ж.М-, А.З нар уг орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зориггүй байсан, гагцхүү М.О-, өөрийн эхнэрийн найз А.Зтай хамтран хэн алинд нь мөнгө хэрэгтэй байсан тул хүү багатай зээл авахын тулд маргаан бүхий орон сууцыг А.Зд худалдаж буй мэтээр гэрээ байгуулан, банкнаас зээл авч зээлийн мөнгийг харилцан тэнцүү хуваан авч тус тусын хэрэгцээнд зарцуулсан нь хэрэгт авагдсан харилцах дансны хуулгаар нотлогдсон.

Шүүхээс үзлэгийн тэмдэглэлийг үнэлж хэргийг шийдвэрлээгүй атал гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Учир нь гэрч Б.З- хэдийгээр М.О-той эхнэр нөхрийн харилцаатай байсан ч энэхүү хэргийг шийдвэрлэх явцад М.О- болон Б.З- нар шүүхийн маргаантай байсан, мөн А.З болон Б.З- нар нь найз нөхдийн холбоотой тул гэрч Б.З-ын мэдүүлгийг шууд үнэн зөв гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ гэж бодож нотариат дээр очиж гарын үсэг зурсан гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдааны үед тайлбараа хэлсэн атлаа одоо тайлбараа гаргаагүй, бие муу байсан тул шүүх хуралдаанаас гарч явсан гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тухайн худалдах, худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрч нотариатчаар батлуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн татварыг өөрөө төлсөн бөгөөд үүнтэй холбоотой мөнгийг хүлээн авсан. Иймд Иргэний хууль болон зохих хууль дүрмийн дагуу гэрээг хийж, нотариатчаар баталгаажуулж, гарын үсэг зуруулсан тул тухайн гэрээ хүчин төгөлдөр юм. Нэхэмжлэгч нь тухайн үед үр дагавар болон хуулийг мэдээгүй тул зээлийн гэрээ гэж бодсон хэмээн тайлбарладаг боловч нотариатч үр дагаврын талаар тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан баримт байдаг. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд гуравдагч этгээд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ж.М- нь хариуцагч А.З, Б.Э- нарт холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, уг хэлцлээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн **** дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, * дүгээр байрны ** тоот-хаягт орших орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг А.Зд даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь ...орон сууц худалдах-худалдан авах гэрээг бид тэгш эрхийн үндсэн дээр байгуулсан, гэрээний үнийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А б- ХХК нь хариуцагч талын тайлбарыг дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

4. Ж.М-, А.З нарын хооронд 2017 оны 04 сарын 06-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Ж.М- нь Баянзүрх дүүргийн **** дүгээр хороо, 15-р хороолол /13344/ Энхтайваны өргөн чөлөө гудамж * дүгээр байрны ** тоот-хаягтай, эрхийн Ү-**************дугаартай, 3 өрөө орон сууцыг худалдан авагч А.Згийн өмчлөлд шилжүүлэх, А.З нь орон сууцны үнэ 61,000,000 төгрөгийг Ж.М-эд төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

5. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.2-т Төлбөр төлөх нөхцөл: Урьдчилгаа төлбөрийн 30 хувь буюу 18,300,000 төгрөгийг худалдан авагч талын дансанд байршуулж, үлдэгдэл төлбөрийн 70 хувь буюу 42,700,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцов. Зээлийн шийдвэр гарсан даруйд худалдагч талын Худалдаа хөгжлийн банкны  дансанд шилжүүлнэ гэж тохиролцжээ.

Хариуцагч А.З нь А б- ХХК-тай 2017 оны 05 сарын 03-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ээр 42,700,000 төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд маргаан бүхий орон сууцыг барьцаалан, улмаар нэхэмжлэгч Ж.М-ийн Худалдаа хөгжлийн банк ХК дахь дансанд 2017 оны 05 сарын 01-ний өдөр 1,000,000 болон 300,000 төгрөгийг, мөн 05 сарын 04-ний өдөр 59,700,000 төгрөг, нийт 61,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-6-7/

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчид маргаан бүхий орон сууцыг бодитоор худалдаагүй, зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхойлсон боловч хэрэгт цугларсан баримтаар 2017 оны 04 сарын 06-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн, хэлбэр төдий байгуулсан гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

Ж.М-, А.З нарын хооронд байгуусан гэрээний дагуу хариуцагч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн, мөн нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн эрх зүйн бодит үр дагавар үүссэн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

7. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ...шүүхээс үзлэгийн тэмдэглэлийг үнэлж хэргийг шийдвэрлээгүй атал гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэсэн гомдлыг хангахгүй.

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр М.О-, А.З нарын хоорондоо харилцсан Фэйсбүүк цахим хуудасны мессенжер чатанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр худалдах-худалдан авах гэрээний анхдагч хүсэл зориг нь зээлийн гэрээ байуулах зорилготой байсан нь эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх гэрч Б.З-ын мэдүүлэг хэргийн бусад баримтаар давхар нотлогдсон гэж дүгнэж, гэрчийн мэдүүлгийг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/02141 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Э.ЭНЭБИШ