| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0251/Э |
| Дугаар | 274 |
| Огноо | 2019-04-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 274
2019 04 08 2019/ШЦТ/274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Х-ий Э-т холбогдох эрүүгийн 1910001200213 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Хасу мегабайт” ХХК-ны Эко спорт цогцолборт тогооч ажилтай, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн .. дугаар хороо .. дугаар хэсгийн .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т овогт Х-ийн Э /РД:............/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Х.Э нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” хүнсний дэлгүүрийн гадна иргэн Г.У-ийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гээгдүүлсэн “Самсунг Жи-6” маркийн гар утсыг олж аван, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 552.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910001200213 дугаартай хэргээс:
Хохирогч Г.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хүнсний дэлгүүр орохдоо өөрийн эзэмшлийн “Жи-6” маркийн гар утсаа гээсэн байсан. Дүү У манай нөхөр рүү залгаад “эгч утсаа авахгүй байна” гэж хэлсэн байсан. Нөхөр надад “чи яагаад утсаа авахгүй байгаа юм бэ, дүү чинь залгаад байна” гэхээр нь гар утсаа хувцасныхаа халаасанд үзтэл миний утас байхгүй байсан. Тэгээд нөхөртэйгээ хамт дэлгүүрээс гарч гар утсаа хайсан боловч олдоогүй. Тухайн дэлгүүр гадна талдаа хяналтын камергүй байсан бөгөөд дотор талын хяналтын камерыг шүүж үзэхэд үл таних 30 гаран насны хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй эмэгтэй /Э/ нөхөр бид хоёрыг дэлгүүр дотор байхад орж ирсэн мөртлөө юм авалгүй буцаж гарч байгаа бичлэг байсан. ...Би гар утас руугаа удаа дараа залгасан боловч эхэндээ дуудаж байснаа сүүлдээ холбогдох боломжгүй болсон. ...Би уг гар утсыг 2018 оны 09 дүгээр сард лизингээр 820.000 төгрөгөөр худалдаж авч байсан тул 820.000 төгрөгөөр үнэлнэ. ...Би гар утсаа хүлээн авсан тул гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,
Гэрч Д.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Манай ээж Э гар утас олсон гэж мэдээгүй. Ямар ч байсан саарал өнгөтэй “Самсунг Жи-6” маркийн гар утас байсан. Ямар учиртай утас, хаанаас авсан эсэхийг ээжээс асуугаагүй. Ээж Э миний нэр дээр бүртгэлтэй ........ дугаарыг ашигладаг бөгөөд олсон утсандаа энэ дугаарыг хийж ашиглаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
“Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг Жи-6” маркийн гар утас 552.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 21-22-р хуудас/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: Д.Д-оос саарал өнгийн гадартай “Самсунг Жи-6” маркийн гар утсыг хураан авч Г.У-д хүлээлгэн өгөв. /хх-ийн 32-33-р хуудас/,
Шүүгдэгч Х.Э мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би 2019 оны 01 дүгээр сард ажлаа тараад замаараа “...” хүнсний дэлгүүрт байх бэлэн мөнгөний машинаар гүйлгээ хийхээр ороод буцаж гарахад дэлгүүрийн үүдэнд газарт саарал өнгийн “Самсунг Жи-6” маркийн гар утас байсан. Би ойр хавьд хүн байна уу гэж хартал байхгүй байсан. Тэгээд хүний халааснаас унаж гэж бодоод аваад цүнхэндээ хийсэн. Гэртээ очоод олсон утсаа гаргаж ирээд үзэж байхад дуудлага ирэхээр нь аваагүй. Дуудлага хийгдэж дууссаны дараа унтраагаад охин Дын нэр дээр бүртгэлтэй ......... дугаарын сим картыг хийгээд асааж үзтэл ямар нэгэн код нэхээгүй ассан. Манай гэрийнхэн “утас авсан юм уу” гэхээр нь “тийм” гэж хэлсэн. Утас олсон гэж огт хэлээгүй. Нэг өдөр намайг цагдаагаас дуудахаар нь гар утсыг буцааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/, “Х” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 42-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Э-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой хохирогч Г.У-ийн гээгдүүлсэн 552.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-6” маркийн гар утсыг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” хүнсний дэлгүүрийн гаднаас олж аван охин Д.Д-ын нэр дээр бүртгэлтэй ........ дугаарыг хийж ашиглаж байсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн:
Хохирогч Г.У-ийн …Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хүнсний дэлгүүр орохдоо өөрийн эзэмшлийн “Жи-6” маркийн гар утсаа гээсэн байсан. ...Нөхөртэйгээ хамт дэлгүүрээс гарч гар утсаа хайсан боловч олдоогүй. Тухайн дэлгүүр гадна талдаа хяналтын камергүй байсан бөгөөд дотор талын хяналтын камерыг шүүж үзэхэд үл таних 30 гаран насны хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй эмэгтэй /Э/ нөхөр бид хоёрыг дэлгүүр дотор байхад орж ирсэн мөртлөө юм авалгүй буцаж гарч байгаа бичлэг байсан. ...Би гар утас руугаа удаа дараа залгасан боловч эхэндээ дуудаж байснаа сүүлдээ холбогдох боломжгүй болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,
Гэрч Д.Д-ын …Манай ээж Э гар утас олсон гэж мэдээгүй. Ямар ч байсан саарал өнгөтэй “Самсунг Жи-6” маркийн гар утас байсан. Ямар учиртай утас, хаанаас авсан эсэхийг ээжээс асуугаагүй. Ээж Э миний нэр дээр бүртгэлтэй ........ дугаарыг ашигладаг бөгөөд олсон утсандаа энэ дугаарыг хийж ашиглаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
“Д” ХХК-ийн “Самсунг Жи-6” маркийн гар утсыг өнөөгийн зах зээлийн дундаж үнэлгээг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар нийт 552.000 /таван зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ХУД2-19-009 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/ болон шүүгдэгч Х.Э-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.Э нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгө буюу гар утсыг өөрийнх биш, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авч ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Э-г гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.У-ийн эд хөрөнгөнд хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг нь тогтоолд дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Г.У, шүүгдэгч Х.Э нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Х.Э нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Х.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан ба, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Х.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Э-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт Х-ийн Э-г гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Э-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР