Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0607

 

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ш.Б /цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г /цахимаар/ нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ш.Б-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрт “Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Санал дэмжих тухай” тогтоол баталж, дээрх тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч Ш.Б-ийг орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь буруу байна” гэжээ. Ховд аймгийн Засаг дарга 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/2127 тоот албан бичгийг Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байдаг бөгөөд энэ албан бичигт Ховд аймгийн Засаг даргын Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн асуудлыг хэлэлцүүлэх санал хүргүүлж байгааг мэдэгдсэн байдаг. Хурлаар хэлэлцэх асуудлын хүрээнд Засаг даргын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан орлогчоор Т.Ж-ыг томилох саналаа хэлсэн бөгөөд тэргүүлэгчдийн саналаар уг саналыг дэмжих тогтоол гарсан. Үүнээс харахад иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Засаг даргын Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн асуудлыг хэлэлцэж санал солилцсон болох нь тогтоогдоно. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны 04 дугаартай тэмдэглэлд Хурлын дарга Г.П-ийн хэлсэн саналд: Ажлаасаа чөлөөлөгдөж байгаа Ш.Б-ийг дараагийн ажилд томилох асуудлыг Засаг дарга, шинээр томилогдож байгаа орлогч дарга нарт үүрэг болгож байна... гэж тусгагдсан байдаг. Тэгэхээр Тэргүүлэгчдийн хуралдаанаар нэхэмжлэгч Ш.Б-ийг чөлөөлөх эсэх талаар хэлэлцэгдээгүй, санал солилцоогүй гэх дүгнэлт үгүйсгэгдэж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаан бүхий захиргааны актын үндэслэл тогтоогдож байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь буруу тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.Б нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгон урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Маргаан бүхий захирамжид ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тусгаагүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй...” гэж  маргасан байна.

Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаал нь улс төрийн албан тушаалд хамаарах бөгөөд энэ албан тушаал нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаал байхаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж тус тус хуульчилжээ.

Тодруулбал, аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаал нь сонгуулийн үр дүнд томилолтын журмаар, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан бөгөөд түүнийг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг аймгийн Засаг даргад хуулиар олгосон, энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн байх шаардлагаар тодорхойлогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/2127 дугаар албан бичгээр “Аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээ дэд бүтэц хариуцсан Засаг даргын орлогчийн асуудал”-ыг хэлэлцэн шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад гаргасан,  аймгийн иргэдийнТөлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар Аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээ дэд бүтэц хариуцсан Засаг даргын орлогчоор Т.Ж-ыг томилох талаар хэлэлцэж 50 дугаар тогтоолоор уг асуудлыг дэмжсэн үйл баримт тогтоогджээ.

Дээрх хуралдаанаар Т.Ж-ыг томилсон албан тушаал нь нэхэмжлэгч Ш.Б-ийн ажиллаж байсан Аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээ дэд бүтэц хариуцсан Засаг даргын орлогчийн албан тушаал байх бөгөөд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд Хурлын дарга Г.П “...ажлыг нь авч байгаа Засаг даргын орлогчийн дараагийн ажлыг нь шийдээрэй...” гэсэн санал илэрхийлсэн нь тэмдэглэгдэн үлдсэн байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ш.Б-ийг Аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээ дэд бүтэц хариуцсан Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөх талаар зөвшилцөөгүй гэж шууд дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл урьд ажиллаж байсан Ш.Бийг чөлөөлөөд өөр этгээд томилж байгаа байгаа болохыг хуралдаанд оролцсон тэргүүлэгчид мэдээгүй, ойлгоогүй, хэлэлцээгүй гэж үзэх нь бодит нөхцөл байдалтай үл тохирох бөгөөд  Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Т.Ж-ыг аймгийн Засаг даргын орлогчоор томилуулахаар ирүүлсэн саналыг дэмжсэн нь өмнөх Засаг даргын орлогчийг чөлөөлөхийг дэмжсэн агуулга хамтдаа байна гэж ойлгогдоно.

Гэтэл анхан шатны шүүх тухайн хурлын тэргүүлэгчдийн “зөвшилцөөгүй” гэх гэрчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2 “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн, Ховд аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ш.Б-ийг “бага хурлын төлөөлөгч Э.Г-т 500.000 төгрөгийн авлига өгсөн” зөрчилд ёс зүйн хариуцлага тооцож аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөхийг Засаг даргад үүрэг болгосон байх тул сонгуулийн үр дүнд томилогддог улс төрийн албан тушаалтаны тухайд ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Ш.Б-ийг ажлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдсон, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “... орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасан хуулийн шаардлага хангагдсанд тооцох нь зүйтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 6 дугаар зүйлийн 6.1.12, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б-ийн “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.Лхагвасүрэн  

ШҮҮГЧ                                                                       О.Номуулин