Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0420/З |
Дугаар | 001/ХТ2023/0086 |
Огноо | 2023-11-22 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2023/0086
“ДХА” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 447 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 546 дугаар магадлалтай,
Хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 429 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/688 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,
2.Хэргийн нөхцөл байдал: НЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд орон сууц үйлчилгээний зориулалтаар 1331 мкв газрыг “ДХА” ХХК-д эзэмшүүлсэн байна. Уг хуулийн этгээд нь дуудлага худалдааны үнэ, 1331 мкв талбайд 292,820,000 төгрөг төлөхөөс 2018 оны 05 дугаар сарын 04-нд 26,353,800 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 61,492,200 төгрөг төлсөн, үлдэгдэл 204,974,000 төгрөг төлөөгүй, одоо маргаан бүхий газар дээр хүүхдийн тоглоомын талбай байрлаж байна.
3.Нэхэмжлэгч “ДХА” ХХК-иас “... газрын дуудлага худалдааны үнэд нийт 87 гаруй сая төгрөг төлсөн, тухайн газар дээр барилга барих төлөвлөгөө гаргаж туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулж, барилгын зураг төсөл боловсруулж, холбогдох байгууллагуудаас архитектур төлөвлөлтийн даалгавар болон техникийн нөхцөл гаргуулан авсан, 2019-2021 онд цар тахалын улмаас газрын төлбөр төлж чадаагүй” гэж,
4.Хариуцагч нийслэлийн Засаг даргаас “... газрын төлбөр төлөгдөөгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, тухайн газрыг нийтийн эдэлбэр газарт авч, хүүхдийн тоглоомын талбай барьсан, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” гэж тус тус маргажээ.
5.Анхан шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:
5.1.Газрын төлбөр төлөх үүрэг нь газрын эзэмшигчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул газрын маргаантай байсан, цар тахал гарсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар тухайн газар эзэмшигчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх хууль зүйн боломжгүй.
5.2.Хэрэгт авагдсан газрын төлбөр тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгчээс 2017-2021 онд газрын төлбөрт 3,036,798 төгрөг төлөхөөс 1,436,840 төгрөгийг төлж, 2019, 2020, 2021 онуудад газрын төлбөрөө төлөөгүй.
5.3.Газраа зориулалтын дагуу ашиглахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн ажиллаж байсан, техникийн нөхцөл батлуулсан байхад хариуцагч нь гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй.
6.Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнд:
6.1.Газар эзэмшигч этгээд нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж, газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй.
6.2.Холбогдох техникийн нөхцөлийг гаргуулах авах үйл ажиллагааг явуулж байсан боловч 2017-2021 онд газрын төлбөрт 3,036,798 төгрөг төлөхөөс 2018 онд 585,640 төгрөг, 2022 онд 851,200 төгрөг нийт 1,436,840 төгрөгийг төлж 1,599,958 төгрөгийн үлдэгдэлтэй буюу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болох нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар тогтоогдсон.
6.3.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 болон 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй ч 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн “маргаан бүхий акт хуульд нийцсэн” хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-аас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:
7.2.Газрын дуудлага худалдааны үнэ 87 гаруй сая төгрөг төлж, тухайн газар дээрээ орон сууц үйлчилгээний зориулалттай барилга барих төлөвлөгөө гаргаж, туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж, зураг төсөл боловсруулж, архитехтур төлөвлөлтийн даалгавар болон техникийн нөхцөлийг гаргуулан авч, цаг хугацаа болон хөрөнгө мөнгө зарцуулсаар ирсэн.
7.3.Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, эрх ашиг нь хөндөгдөх этгээдэд захиргааны актыг мэдэгдээгүй, нөхцөл байдлын талаар тайлбар гаргах боломж олгоогүй.
ХЯНАВАЛ:
8.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
9.Хариуцагч болон нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 үндэслэлээр буюу “газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр маргаж байсан, анхан болон давж заалдах шатны шүүхээс “газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлд хариуцагчийг буруутгаж “газрыг ашиглаж байсан” гэж үзсэн, шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт хариуцагчаас гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийлээ.
10.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2019, 2020, 2021 онуудад газрын төлбөр төлөөгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл бүрдсэн, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.
11.Нэхэмжлэгчээс газрын төлбөр төлөөгүй шалтгаанаа “ковид цар тахалын улмаас хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан” гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, 2020, 2021 онд тодорхой хугацаагаар хөл хорио тогтоосон нь тухайн жилийн турш газрын төлбөр төлөх боломжгүй байсан гэж дүгнэх үндэслэл болохгүй.
12.Нөгөө талаар хууль тогтоогчоос Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д буюу “газраа зориулалтын дагуу ашиглах” зохицуулалтад хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг харгалзаж үзэхээр тусгайлан заасан болохоос “газрын төлбөр төлөх” зохицуулалтад хүндэтгэх үзэх шалтгааныг харгалзан үзэхийг тухайлан зохицуулаагүй байна.
13.Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байна” гэж, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа ... газарт төлбөр ногдуулна” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад, эрх бүхий байгууллагаас газар эзэмшүүлэх шийдвэр хүлээн авсан этгээд нь газрын төлбөр бүрэн төлөх үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлж байж газар эзэмших эрх нь хамгаалагдах зарчимтай.
14.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. ...” гэж заасан, нэхэмжлэгч хуулийн этгээд тухайд, газрыг дуудлага худалдаагаар авсан гэх боловч газрын дуудлага худалдааны төлбөрөө бүрэн төлөөгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн “нэг удаа хашаа барьсан чинь иргэд нь унагаад байсан, газар ашиглах боломжгүй байна гээд иргэдийн эсэргүүцэлтэй холбогдуулаад хандсан албан бичиг байхгүй” гэх[1] тайлбараас үзэхэд маргаан бүхий газар анх олгохдоо маргаантай байсан, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан байхад энэхүү асуудлаа шийдүүлээгүй, тухайн цаг хугацаанд буюу 2017 оноос захиргааны байгууллагад өргөдөл гомдол гаргах журмын дагуу хандаагүй байх тул нэхэмжлэгчийн эрхийг захиргааны байгууллага зөрчсөн гэж дүгнэх, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
15.Нэхэмжлэгчийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө сонсох ажиллагаа хийгээгүй, гарсан шийдвэр хүргүүлээгүй” гэх гомдлын тухайд, газар эзэмшигч этгээд нь газрын төлбөр төлөх үүргээ газар эзэмших шийдвэр гарч, гэрээ байгуулж, гэрчилгээ авсан үеэс мэдэж байсан, өөрөөр хэлбэл, заавал захиргааны байгууллагаас урьдчилан мэдэгдэл авч байж төлбөр төлөх хуулийн зохицуулалт байхгүй, нөгөө талаар энэ хэргийн тухайд, сонсох ажиллагаа хийсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй буюу газрын төлбөр төлөөгүй үйл баримт өөрчлөгдөхгүй, нэхэмжлэгч өөрөө газрын төлбөр төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн байна.
16.Иймээс дээрх үндэслэлүүдээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 447 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 546 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
[1] 2 дахь хавтаст хэргийн 107 дугаар тал