Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 1487

 

 

 

 

 

 

 

 

 

“Амно” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дамдин-Од, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00248 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Амно” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-д холбогдох

19 055 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чулуунбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Номин

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Ням

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч “Амно” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь хариуцагчтай 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж, хариуцагчийн захиалсан тоо хэмжээгээр эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохирсон. Гэрээний дагуу 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд манайх нийт 12 454 451 төгрөгийн бараа нийлүүлж, 2 тал харилцан тооцоо нийлсэн боловч хариуцагч тал 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500 000 төгрөг төлснөөс өөрөөр ямар ч төлбөр хийгээгүй. Манай компани банкнаас их хэмжээний зээл авч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд маш их мөнгө төлж, хүнд нөхцөлд орсон байгаагаа хариуцагч талд хэлсэн боловч ямар нэг дорвитой арга хэмжээ авахгүй байгаа болно. Иймд бид шүүхэд хандах болсон бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээний нэмэлтээр хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тохирсон ба энэ гэрээнд талуудыг төлөөлж, Г.Сарнай, Ц.Тайвансайхан нар гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болсон тул 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх 90 хоногийн хугацаанд алданги тооцсон байгаа. Мөн хариуцагч төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс манай компани шүүхэд хандахдаа өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож, хөлсөнд нь 996 360 төгрөг төлж хохирсон тул мөн энэ мөнгийг гаргуулна. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 11 954 451 төгрөг, алданги 5 604 488 төгрөг, өмгөөллийн хөлс 996 360 төгрөг, нийт 18 555 299 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК шүүхэд болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь нэхэмжлэгчтэй 2012 оноос хойш худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байна. Жилийн хугацаатай гэрээ байгуулдаг бөгөөд хамгийн сүүлд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 15/01/03 тоот гэрээг байгуулж, нийт 12 454 451 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авсан. Энэ дүнгээс 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500 000 төгрөг төлж, одоо 11 954 451 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Манай компанийн дэлгүүрүүд засварт орсоны улмаас төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй нөхцөл байдал үүссэн бөгөөд бид үлдэгдэл төлбөр болох 11 954 451 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Харин алданги төлөх үндэслэлгүй. Учир нь алданги шаардаж байгаа гэрээний нэмэлт нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр буюу үндсэн гэрээ байгуулагдахаас 3 хоногийн өмнө үйлдэгдсэн огноотой байгаа нь энэ гэрээний нэмэлт гэж үзэх боломжгүй, тэгээд ч талууд нэмэлт гэрээ байгуулах талаар гэрээгээр тохиролцоогүй. Мөн үндсэн гэрээг 2 компанийн захирлууд баталж, гарын үсэг зурж, тамга дарсан байхад нэмэлт гэрээн дээр манай компаниас эрх олгоогүй Ц.Тайвансайхан гарын үсэг зурсан, тамга дарагдаагүй байна. Иймд энэ гэрээг манай компанитай байгуулсан гэж үзэхгүй тул алданги төлөх үндэслэлгүй. Мөн өмгөөлөгчийн хөлсийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эсэх нь тэдний эрх бөгөөд заавал авна гэсэн зохицуулалтгүй тул гарсан зардлыг манайх хариуцах ёсгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан Мөнх Замбала корпораци ХХК-аас 12 950 811 төгрөгийг гаргуулж “Амно” ХХК-д олгож, “Амно” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 604 488 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагаас 222 163 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чулуунбаатар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрээр 12 950 811 төгрөгийг төлөхөөр гарсан бөгөөд үүнд нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахдаа өмгөөллийн хөлс болох 996 360 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хариуцагч талаас өмгөөлөгчийн үйлчилгээ авсны хөлс гэх 996 360 төгрөгийг нэхэмжилсэн ба өмгөөлөгч авах эсэх нь тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд сайн дурын үндсэн дээр сонгон авсан үйлчилгээний төлбөрийг манай тал хариуцан төлөх үүрэггүй гэж үзэж байна. Өмгөөллийн үйлчилгээний үр шим нь үйлчлүүлэгчиддээ хууль зүйн мэдлэг, дадал туршлага олгодог, хууль ёсны эрх ашгийг нь дордуулахгүй байхад чиглэсэн ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх гэрээний төрөл бөгөөд үр шимийг нэхэмжлэгч хүртсэн болохоос бус манай талд үйлчилгээ үзүүлээгүй этгээдийн хөлс нь манай үүрэг биш гэж үзэж байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “Амно” ХХК нь хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-д холбогдуулан 19 055 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 18 555 299 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “11 954 451 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги болон өмгөөлөгчийн хөлс 996 360 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэж маргажээ.

 

            Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр 23-ны өдрийн 15/01/03 тоот “Худалдааны хамтран ажиллах гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу “Амно” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны хооронд нийт 12 454 451 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг “Мөнх замбала корпораци” ХХК-д нийлүүлсэн, хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх 6-8, 11, 12, 45-49, 80/

 

            Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, нэхэмжлэгч нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлөгдөөгүй үлдэгдэл үнэ болох 11 954 451 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн нь зөв байна.

 

            Нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээний нэмэлтийн 4.8-д заасныг үндэслэн хариуцагчаас алдангид 5 604 488 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч уг гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, үндсэн гэрээнд хамаарахгүй гэж тайлбарлаж, хэрэгсэхгүй болгуулахаар маргасан бөгөөд уг гэрээг нэхэмжлэгч талаас менежер Г.Сарнай, хариуцагч талаас ХМА-ны дарга Ц.Тайвансайхан нар байгуулж, гарын үсэг зурсан байна. /хх-9/

            Анхан шатны шүүх Ц.Тайвансайхан нь хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-ийг төлөөлж гэрээ хэлцэл хийх эрхтэйг нотлох баримтгүй, нэмэлт гэрээ нь үндсэн гэрээ байгуулагдахаас 3 хоногийн өмнө үйлдэгдсэн байгаа зэргийг үндэслэн уг нэмэлт гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хүчин төгөлдөр гэрээнд нэмэлт оруулсан гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч нь уг гэрээг үндэслэн алдангий шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 5 604 488 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин шүүх гэрээнд заасан алдангийг хасч шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлаагүйг зөвтгөх нь зүйтэй байна.

 

Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсэгт хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-ийн нэрийг “Мөнх замбала компораци” ХХК гэж буруу бичсэнийг залруулах нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч нь бусдаас хууль зүйн үйлчилгээ авч 996 360 төгрөгийн төлбөр төлсөн явдал нь үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохиролд хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэгч нь иргэний маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх зорилгоор бусдаас эрх зүйн тусалцаа авах, хөлсөө хэрхэн тогтоохоо өөрөө шийдвэрлэх эрхтэй тул үүнийг хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шууд учирсан хохиролд тооцох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 996 360 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00248 дугаар шийдвэрийн удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгт тус тус “компораци” гэснийг “корпораци” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-иас 11 954 451 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Амно” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 600 848 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...222 163...” гэснийг “...206 211...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосныг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                   Д.ДАМДИН-ОД

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН