Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 153

 

Г.Энхжинд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн,

шүүгдэгч Г.Энхжин,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 76 дугаар магадлалтай, 201506000333 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Р.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1955 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Босоо овогт Гүнсэнгийн Энхжин нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Энхжинг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Г.Энхжинг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 06 сар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар замын зардал 200,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхжинд оногдуулсан 1 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Б.Лхагвасүрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Р.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хохирогч Р.Пүрэвсүрэнд автомашины хохирлыг нөхөн төлөхдөө хохирогч болон түүний эхнэрийн эрх зүйн боловсролгүй, бичиг үсэггүйг далимдуулж нэхэмжлэх зүйлгүй гэж бичүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.9 дэх заалтад заасан гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх зөрчсөн. Өмгөөлөгчийн хөлс болон замын зардал зэрэг нь баримтаар нотлогдож байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хохирогчийн эрх зүйн байдлыг хамгаалж нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Г.Энхжин нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмыг зөрчиж, бусдын биед гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдолд үндэслэл бүхий дүгнэлт хийж, гомдлыг хүлээн аваагүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Энхжин нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн үед Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Элсэн тасархай” гэх газарт өөрийн эзэмшлийн LX-470 загварын 01 05 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн, мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, замын зорчих хэсгийн хажууд зогсож байсан Фронтер загварын 64 38 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Р.Пүрэвсүрэнгийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Г.Энхжингийн гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна гэж дүгнэв.

Хэдийгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4 дэх заалтад өмгөөлөгчид төлсөн зардлыг байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамааруулсан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.1, 100.1.2 дахь заалтад уг зардлын хэмжээг тусгайлан зохицуулаагүй байна. Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөллийн үйлчилгээний хөлсний талаар заасан байх тул шүүхээс хохирогчийн өмгөөлөгчийн замын зардал 200,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэснийг хуулийг буруу хэрэглээгүй гэж үзнэ.

Иймд хохирогч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 76 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Р.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТ-ЭРДЭНЭ