| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2024/02478/И |
| Дугаар | 210/МА2024/01838 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/01838
| 2024 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 210/МА2024/01838 |
Ч.Г-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/02893 дугаар шийдвэртэй,
Ч.Г-ын нэхэмжлэлтэй, А.Э-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 435,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ч.Г- би А.Э-д Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо-, *** гудамж-, ** тоот-хаягт байрлах, ***-талбайтай, хашаа, үл хөдлөх хөрөнгийг 500,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээгээр худалдсан. А.Э- 210,000,000 төгрөгийг гэрээний хугацаанд төлсөн. Үлдэх 290,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Гэрээний 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж зааснаар хугацаандаа төлөөгүй 290,000,000 төгрөгт ногдох алданги /290,000,000 төгрөг х 100 хоног х 0.5 хувь/ тооцоход 145,000,000 төгрөг болж байна.
Энэхүү төлбөрийг 2023 оны 01 сарын 25-ны өдөр гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор байгуулсан 0054 дугаар Барьцааны гэрээнд заасан Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, \16050\ Энхтайваны өргөн чөлөө гудамж, **а байр, * давхар, * тоот байраар гэрээний үүргийн биелэлтийг хангуулах боломжтой.
Иймд үлдэгдэл төлбөр 290,000,000 төгрөг, алданги 145,000,000 төгрөг, нийт 435,000,000 төгрөгийг А.Э-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би Ч.Г-тай 2023 онд худалдах-худалдан авах гэрээгээр Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо-, Олзвойн 62 тоот, ***-газрыг 500,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс 210,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 290,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин 145,000,000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь төрийн байгууллагын үйл ажиллагаа, байгалийн гамшиг зэргээс болоод төлбөр төлөх боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчтэй тохиролцсон нөхцөлд үндсэн төлбөр 290,000,000 төгрөгийг хуваарь гарган төлөх саналтай байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Э-ээс 362,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г-т олгож, нэхэмжлэлээс 72,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,332,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Э-ээс 1,970,450 гаргуулан нэхэмжлэгч Ч.Г-т олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Талуудын хооронд байгуулсан 2023 оны 01 сарын 25-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр алданги тохиролцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжилснийг шүүх тал хувийг буюу 72,500,00 төгрөгийг үндэслэлгүйгээр чөлөөлж хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна. Хариуцагч А.Э-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нар нь эгч дүүс бөгөөд томоохон төсөл хэрэгжүүлдэг чинээлэг этгээдүүд юм. Тэд гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх дээр л тайлбар гаргаж үүнийгээ нотлоогүй байхад шүүгч үндэслэлгүйгээр хуульд заасан, гэрээнд заасан төлүүлбэл зохих алдангаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн.
Нэхэмжлэгч Ч.Г- би тархины хорт хавдартай охиноо эмчлүүлэхэд маш их зардал гаргаж байгаа, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээр бусдаас маш их хэмжээний хүүтэй мөнгө зээлдэж эмчилгээнд зарцуулж байгаа бөгөөд одоо охин маань эмчилгээнд явах мөнгөгүйгээс биеийн байдал нь муудаж маш хүнд байдалд ороод байна. Шүүх хүнлэг, шударга шийдвэр гаргасангүйд маш их гомдолтой байна.
Хариуцагч гэрээ байгуулахдаа итгүүлэн үнэмшүүлж барьцаанд орон сууц тавьсан. Иймд гэрээний үүргээ биелүүлэх бүрэн боломжтой, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах ёстой байтал шүүхэд нөлөөлж алдангийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн ба шүүхэд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлт гаргахад "нэхэмжлэлийн шаардлагад заагаагүй" гэх байдлаар хүлээж аваагүйд гомдолтой байна. Нэхэмжлэлийн агуулгад заасан байгаа. Хариуцагч одоо "бид танай төлбөрийг ерөөсөө төлөхгүй" гэж сүрдүүж байгаад санаа маш их зовниж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 72,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Мөн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангахаар магадлалд тусгаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч тал хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ч.Г- нь хариуцагч А.Э-ээс худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 290,000,000 төгрөг, түүний алданги 145,000,000 төгрөг, нийт 435,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 290,000,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх алданги 145,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
3. Зохигчийн хооронд 2023 оны 01 сарын 25-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах нэртэй гэрээ байгуулагдаж, худалдагч Ч.Г- нь нэгж талбарын ******* дугаартай, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо-, *** гудамж-, ** тоот-хаягт байх ***-талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан авагч А.Э-д 500,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь төлбөрийн урьдчилгаа 200,000,000 төгрөгийг 2023 оны 01 сарын 25-ны өдөр, үлдэх 300,000,000 төгрөгийг 2023 оны 12 сарын 25-ны өдөр тус тус худалдагчид төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсаныг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.
4. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн, хариуцагч гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэгчийн шаардаж буй 290,000,000 төгрөгийг 2023 оны 12 сарын 25-ны өдрийн дотор төлсөн байх үүргээ гүйцэтгээгүй үйл баримтыг шүүх зөв тогтоосон. Хариуцагч энэ талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн уг шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
5. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлээс 72,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад үндэслээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж дүгнэв.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д ...хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг тал хувиар буюу 72,500,000 төгрөгөөр багасгаж... гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасантай нийцэхгүй юм. Анхан шатны шүүх алдангийг багасгахдаа ямар нөхцөл байдлыг харгалзан үзсэн, алданги багасгах нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсоныг тодорхой тайлбарлаж, хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хариуцагчийг 72,500,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргээс чөлөөлснийг шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэхгүй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тал нь нөгөө талдаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон хоног тутам алданги төлөхөөр тохиролцсон. Иймээс нэхэмжлэгч 2023 оны 12 сарын 26-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 04 сарын 05-ны өдрийг хүртэлх 100 хоногийн алдангийг төлөгдөөгүй 290,000,000 төгрөгөөс тооцон 145,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээнээс хэтрээгүй байна.
Хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээ 2023 онд барилгаа эхлүүлэхээр төлөвлөсөн ч төрийн байгууллагын хүнд суртлын улмаас барилгын зөвшөөрөл гараагүй, тухайн жил үер ус их байсан гэх тайлбарыг гаргасан нь зохигчийн хооронд байгуулсан гэрээний үүрэгт үл хамаарах тул хүндэтгэх шалтгаан гэж үзэхгүй.
Иймд хариуцагч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон гүйцэтгээгүй 290,000,000 төгрөгт тооцогдох алданги 145,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй тул хариуцагч А.Э-ээс нийт 435,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г-т олгох хууль зүйн үндэслэлтэй.
6. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд эрхийн улсын Ү-***** дугаартай, Баянгол дүүргийн *дугаар хороо, * дугаар хороолол /16050/, ЭТӨЧ гудамж, **а байрны * давхрын * тоот хаягт байх *** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээны гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир хариуцагчид холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад нь энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/02893 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Э-ээс 435,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г-т олгосугай гэж өөрчилж,
2 дахь заалтын 1,970,450 гэснийг 2,332,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 520,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Э.ЭНЭБИШ