Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 275

 

 

    2019         04           08                                   2019/ШЦТ/275

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-н Т-д холбогдох эрүүгийн 1810015350624 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, …. оны .. дугаар сарын ..-ний өдөр ……. аймгийн ….. суманд төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт …… аймгийн .. дугаар баг, ….. 2 дугаар хэсгийн …. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй, Б овогт Э-н Т /РД:………../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Э.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Дын биед хүч хэрэглэн, довтолж, түүний  монетон гинж, кулон, Эссэ тамхи, нүдний шил, бэлэн 41.700 төгрөг зэрэг эд зүйлсийг авч нийт 447.700 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн өдөр хохирогч Г.Д-ын биед хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчийн баруун гарын эрхий хурууг хазаж баруун сарвуунд шарх, баруун сарвуу, баруун шуу, тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун, зүүн тохойд зулгаралт, зүүн гарын чигчий хуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

          Ж.М-тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 09-ний орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар сургуулийн хойд талд Э.А-ийн биеийг шилээр биеийг зүсэж чих хүзүү, нуруу, хамарт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

 Эрүүгийн 1810015350624 дугаартай хэргээс:

 

           Хохирогч Г.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр хорооллын байрны хажуугаар явж байтал жижигхэн биетэй эмэгтэй /Т/ “байж бай” гэснээ ирээд хүзүүнд зүүлттэй байсан монетон гинжийг цамцтай хамт татаад гражийн хажуу булан руу чирээд гарнаас хазаж, үснээс зулгааж байгаад гинжийг минь тасалж авсан. Би “туслаарай” гээд орилоход тэрээр зугтсан. Мөн цүнхнээс 41.700 төгрөг, хайрцагтай 3.500 төгрөгөөр авсан задлаагүй “Эссэ” тамхи 1 хайрцаг, 45.000 төгрөгийн үнэтэй холын харааны нүдний шил тус тус алдагдсан. Би нүдний шилээ буцааж авсан. Харин 41.700 төгрөг болон гинж, кулоноо аваагүй. ...Би 2015 онд монетон гинжийг 260.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед би эсэргүүцэл үзүүлэхэд миний үснээс зулгааж доош тонгойлгож баруун гарын эрхий хурууны гадна хэсэгт хазсан. Намайг хана руу шахаж дарах үед зүүн гарын шууны хэсэгт хэд хэдэн газар шалбарч хөхөрсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

 

Гэрч Н.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн үед 19 дүгээр хорооллын Хүрэл хөшөөтэй автобусны буудлын “7-н наран” дэлгүүрээс М 3 шил архи авахаар нь Г ах, М, Н, Т бид нар гудамжинд сууж байгаад хувааж ууцгаасан. Т, М хоёр цаашаа яваад өгсөн. Би Г ах, Н хоёртой наана сууж байхад цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Би бусдын эд зүйл дээрэмдсэн талаар юу ч мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

Гэрч Б.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш Г, А, М, Т бид нар туулын бургасанд архи уусан. 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 19 дүгээр хорооллын хөшөөтэй автобусны буудлын ард архи ууж байхад гэнэт цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Тухайн үед М, Т хоёр байхгүй байсан, харин надтай хамт Г, А нар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №7786 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          Хэсэг газрын үзлэгт: Баруун гарын сарвууны ар хэсэгт 7х8см, баруун шууны урд доод хэсэгт 4х3.8см, зүүн тохойд 8х10см хөх ягаан өнгийн цус хуралттай, хаван хавдартай. Баруун сарвууны ар хэсэгт 0.4х0.2см зах ирмэг тэгш бус, цус гарч хатсан шархтай. Баруун тохойд 1.8х1см, зүүн тохойд 2.5х2см, 2х2.3см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Зүүн гарын чигчий хурууны үзүүр хэсэгт 2.3х1.5см хөх ягаан өнгийн цус хуралттай. Дүгнэлт:

          1. Г.Д-ын биед баруун сарвуунд шарх, баруун гарын сарвуу, баруун шуу, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн тохойд зулгаралт, зүүн гарын чигчий хуруунд цус хуралт гэмтэл
тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 21-р хуудас/,

          “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Монетон гинж 232.200 төгрөг, монетон кулон 129.000 төгрөг, эссэ тамхи 2.800 төгрөг, нүдний шил 42.000 төгрөг, нийт 406.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 26-27-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8-р хуудас/,

Хохирогч Э.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 19 дүгээр хорооллын автобусны буудлаас автобусанд суугаад явж байхдаа Т, М хоёртой тааралдсан. Тухайн үед Т, М хоёр “шартаж үхлээ, шар тайлаад нэг шил архи аваад өг” гээд гуйхаар нь “Долоон наран” дэлгүүрээс 750 граммын савлагаатай “Хараа” билүү “Ерөө” архи 2 шилийг худалдаж авсан. Т, М бид гурав Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар сургуулийн зүүн талд гадаа сууж байгаад нэг шил архиа уусан. Үлдсэн нэг шил архиа 15 дугаар сургуулийн зүүн талын траншей руу орж уусан. М миний баруун талд суучихаад “найздаа баярлалаа, бид хоёр яг үхэх гэж байсан юм” гэснээ “за би гарчихаад ирье” гээд явсан. Тэгтэл М баруун гартаа бидний ууж байсан архийг, зүүн гартаа нилээн их мөнгө атгасан байхаар нь би өмднийхөө халаасанд хийсэн мөнгөө үзтэл алга болсон байсан. Би М-г “хөөш” гээд куртикных нь захаас угзартал тэрээр эргэж харснаа баруун гартаа барьсан шилтэй архиараа миний зүүн нүд рүү цохисон. Би М-г тэврээд дараад унахад Т хагарсан архины шилээр миний нуруу руу нилээн олон удаа зоогоод “ална” гээд дайрсан. Би эргэж хараад “хөөе” гэхэд Т миний хамар руу нөгөө хагархай шилээрээ нэг удаа зоосон. Тэр үед миний толгой манараад М-ийн хажуу тал руу унасан. Би тэр хоёрт “больё, наад мөнгөө аваад зайл” гэхэд М босч ирснээ “муу амьсгаа” гээд миний баруун хавирга, цээж орчим руу нилээн олон удаа өшиглөхөд нь би амьсгалж чадахаа болиод ухаан алдсан. ...Би Т, М хоёрыг хайж байгаад 19 дүгээр хорооллын автобусны буудлаас олоход тэр хоёр надад “ийм болгосонд ёстой уучлаарай, манай эгч мөнгө өгнө гэсэн, тэр мөнгийг чамд өгөөд, шархыг чинь эмчлүүлж өгье” гэж хэлчихээд алга болсон. Тэгээд би өөрөө Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн. Би Т, М хоёрт зодуулсны улмаас миний 2 хавирга хугарч, баруун хөл бэртэж, хамар, нуруу, толгой битүү шархтай, тархи хөдөлж, хоёр нүд хөхөрч хавдсан. ...Миний биед учирсан гэмтэл шархууд бүрэн эдгэрч биеийн байдал гайгүй болсон. Миний биед учирсан гэмтлийг Т учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 114-115-р хуудас/,

 

Гэрч Э.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасгийн эмч над руу залгаад “А-ийн ар гэр мөн үү, А нь манай эмнэлгийн хүлээн авах тасаг дээр ирсэн байна. Биеийн байдал хүнд, ил шарх ихтэй, шарханд халдвар орсон байж болзошгүй байна” гэж хэлсэн. Би 5 минутын дараа тус эмнэлэг дээр ирэхэд А согтуу хувцас нь урагдаж, шавар шавхай болж бохирдсон, нуруу нь тэр аяараа ил шархтай, шарх нь бохирдоод идээлсэн байдалтай байсан. Намайг ирснээс хойш эмнэлгийн хүмүүс шархыг нь цэвэрлэж боолт хийж өгөөд “Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл” гэсэн. ...А-г эмнэлэгт үзүүлэхэд 2 хавирга хугарч, хамар нь хугарсан гэсэн онош гарсан ба эмчилгээ, эм тарианы зардалд нийт 587.315 төгрөг болсон. Энэ зардлыг А-д гэмтэл учруулсан хүнээс нэхэмжилнэ. ...А-с хэн гэмтээсэн талаар асуухад “15 дугаар сургуулийн хойд талд Т, М гэх тэр хавиар архи уудаг эхнэр, нөхөр хоёртой хамт архи уусан. Тэд миний мөнгийг булаагаад зугтаах гэхээр нь М-тэй  ноцолдоход Т архины шил хагарч миний хамар, нуруу руу дүрсэн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна, би -ухаан алдсан байсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

 

Гэрч Н.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би тухайн үед Сааралын 7 дугаар байрны арын траншейнд орж дулаацах гээд ороход А нуруундаа хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. А хэлэхдээ траншейнд Т-тэй хамт архи уухдаа Т-т хутгалуулсан гэж хэлсэн. А ар нуруундаа хутгалуулсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 117-р хуудас/,

 

Гэрч Т.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би он сарыг нь санахгүй байна. Дулааны улиралд Т-тэй хамт 19 дүгээр хорооллын автобусны буудлын орчим явж байхад А гээд хүн ирээд ялаа хочит Б-г асуугаад “би найзтайгаа уулзаж мөнгө өгөх гэсэн юм” гэхээр нь Т “Б-тай уулзаж яадаг юм, мөнгө байгаа бол архи авчих, 3-уулаа хувааж ууя” гээд дэлгүүрээс 1 шил 0.75 граммын савлагаатай “Стандарт” архи авч Сааралын 10 дугаар байрны гадна сүүдрэвчинд суугаад ууж дуусаагүй байхад Т “бид хоёрыг хүлээж бай” гээд цаашаа явсан. Удалгүй ирээд “80.000 төгрөг аваад ирлээ” гэсэн. Архи ууж дуусчихаад Төмөр замын ойролцоо такси барьж очоод нэрийг нь мэдэхгүй зочид буудалд орохдоо гаднаас 0.5 граммын “Стандарт”, 0.75 граммын архи аваад үлдэгдэл мөнгөө ресепшинд  хадгалуулаад орсон. Буудлаас гарахдаа Т ресепшинээс “хадгалуулсан мөнгөө авъя” гэхэд “А-д өгнө” гэж хэлээд өгөөгүй. Гэтэл хэрүүл маргаан хийж байгаад хөөгдөж гараад бид гурав 19 дүгээр хороололд ирээд салцгаасан. Т хэлэхдээ М-н эгчээс мөнгө ирээд бид хоёр булаацалдаад урчихлаа гэж хэлээд скочоор нааж байгаад дэлгүүрээс архи авсан. Тэр архиа траншейнд ууж байхдаа М, А хоёр хоорондоо маргалдсан. А “М-д мөнгөө дээрэмдүүлчихлээ” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 119-р хуудас/,

 

Гэрч К.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би А гэдэг залууг танихгүй. 2018 оны 05 дугаар сарын эхээр байсан өдрийг нь санахгүй байна. Зурган дээрх залуу /А/ намайг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны үйлчилгээний төв дээр байдаг “Хулан заяа” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад энэ залуу /А/ орж ирээд “эгчээ би цалингаа авсан юм, мөнгө хадгалуулъя, дүү нь архи уучихаараа мөнгөө алдчихдаг юм” гээд мөнгөө үлдээгээд гарсан. Дараа нь нэг өдөр манай дэлгүүрт согтуу орж ирээд “мөнгө алдчихсан” гэхээр нь “архи уухаа больчих” гэж хэлж байсан. Үүнээс хойш харагдахаа больсон...гэх мэдүүлэг /хх-ийн 121-р хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №6436 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          Хэсэг газрын үзлэгт: Духны баруун дээд хэсэгт 2х0.2см хүрэн улаан өнгийн тав тогтсон, зах ирмэг тэгш бус шархтай. Зүүн нүдний дээд зовхинд 3х1.5см,  доод зовхинд 3х1.5см захаараа шаргал, хүрэн улаан өнгийн цус хуралттай, нүдний алимны салстын гадна болон дотор хэсэгт улаан өнгийн цус хуралттай. Хамарт 2х1см хэмжээтэй хар хүрэн өнгийн тав тогтсон шархтай, орчны эдээс овойсон хаван хавдартай, 0.5х0.3см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай. Дээд уруулын дунд хэсэгт 1х0.5см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Баруун чихний нүхний амсар дээр 1х0.2см, 0.6х0.4см хүрэн улаан өнгийн тав тогтсон шархтай. Толгойн оройд 0.6х0.2см, 0.3х0.4см хүрэн улаан өнгийн тав тогтсон шархтай. Хүзүүний ар хэсэгт 7.5х0.5см, 5х0.4см, 4.5х0.4см, нурууны дунд дээд хэсэгт 8х0.4см, 8х0.5см, 5х0.5см, 3х2см, 1х1см зах ирмэг тэгш, цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон ангайсан шархтай. Баруун мөрөнд 5х0.5см, 3х0.5см, хүрэн бор өнгийн тав тогтсон шархтай. Нурууны зүүн доод хэсэгт  5х0.5см, хүрэн бор өнгийн шархтай. Нурууны баруун дунд хэсэгт 16х0.5см, 18х0.5см, 20х0.4см, 16х0.5см, 8х0.4см хүрэн бор өнгийн тав тогтсон шархтай, 14см урт 0.5см ангайсан цайвар цагаан шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон 0.5см гүн зах ирмэг тэгш шархтай. Баруун бугалганы урд дунд хэсэгт 5х4см шаргал ногоон өнгийн цус  хуралттай. Дүгнэлт:

          1. Э.А-ийн биед баруун 7-р хавирганы хугарал, баруун 10-р хавирганы  цууралт, дух, зулай, баруун чих, хүзүү, нуруу, баруун мөрөнд шарх, хамарт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, нүдний алимны салст, баруун бугалганд цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл шарх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 59-р хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 40-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 90-р хуудас/,

Шүүгдэгч Э.Т мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10.00 цагийн үед А, Г, М нарын хамт Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо 19 дүгээр хорооллын Нэхмэлийн 17 дугаар байрны хойно явж байхад хажуугаар эмээ /Д/ гарахдаа “жаахан охин байж архи уугаад” гэж загнасан. Би согтуу байсан болохоор хэрүүл хийж байгаад тэр эмээгийн /Д/ хүзүүнд монетон гинж байгааг хараад булааж авахаар татахад тасраад газар унасан. Эмээ /Д/ газар унасан гинжээ аваад өмднийхөө халаасанд хийхээр нь авах гэтэл өгөхгүй байхаар нь түүний баруун гарын эрхий хурууны гадна хэсгээс нь хазсан чинь гинжээ тавьсан. Би эмээг /Д/ “зайл” гээд түлхчихээд явахад тэрээр “чамайг цагдаад хэлнэ” гээд орилоод үлдсэн. ...Би А-г 2016 оноос хойш танидаг болсон. Би талийгаач М-тай хамт 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Нутгийн буян” байрны гадаа явж байгаад А-тай тааралдсан. Би А-г “ганц шил архи аваад өгчих” гэхэд “за тэгье” гээд архины бөөний төв орж 0.75 литрийн “Хандгай” архи нэг шилийг аваад бид гурав хувааж ууж дуусгаад хөшөөтэй автобусны буудал руу очиж Н эгчтэй уулзсан. Тэр үед А ах дахин 0.75 литрийн савлагаатай “Хандгай” архи нэг шилийг аваад Нэхмэлийн 17 дугаар байрны хойд талд байдаг траншейнд А, талийгаач М, Н бид нар хувааж уусан. Тухайн үед би Н эгчтэй маргалдаж байснаа санаж байна. ...М хажуу талаас “чи найз охинтой хамаагүй юу яриад байгаа юм, та хоёр урьд нь унтаж байсан юм уу”  гээд А, М хоёр хоорондоо маргалдаад зодолдсон. Би архины шилээр А-н нуруу руу 2-3 удаа цохисон. Удалгүй байж байгаад М бид хоёр явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 124-126-р хуудас/,

-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Н.Э-н мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 129-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 138-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Гэм буруугийн талаар.

 

           Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд: шүүгдэгч Э.Т, талийгаач Ж.М нар нь согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, тэнэмэл амьдралтай, ба 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 2-р хороо 19-н автобусны буудал орчимд хохирогч Э.А-тай тааралдаж, Хан-Уул дүүргийн 3-р хороо 15-р сургуулийн орчимд траншейны нүхэд согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэсэн байна. Улмаар хохирогч Э.А, Ж.М нар зодолдож байхад шүүгдэгч Э.Т нь хохирогчийн нуруу болон хамар руу шилээр зүсэж, хохирогчийн биед баруун 7-р хавирганы хугарал, баруун 10-р хавирганы цууралт, дух, зулай, баруун чих, хүзүү, нуруу, баруун мөрөнд шарх, хамарт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, нүдний алимны салст, баруун бугалганд цус хуралт, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Э.А-ийн ...М  баруун гартаа бидний ууж байсан архийг, зүүн гартаа нилээн их мөнгө атгасан байхаар нь би өмднийхөө халаасанд хийсэн мөнгөө үзтэл алга болсон байсан. Би М-г “хөөш” гээд куртикных нь захаас угзартал тэрээр эргэж харснаа баруун гартаа барьсан шилтэй архиараа миний зүүн нүд рүү цохисон. Би М-г тэврээд дараад унахад Т хагарсан архины шилээр миний нуруу руу нилээн олон удаа зоогоод “ална” гээд дайрсан. Би эргэж хараад “хөөе” гэхэд Т миний хамар руу нөгөө хагархай шилээрээ нэг удаа зоосон. Тэр үед миний толгой манараад М-ийн  хажуу тал руу унасан. Би тэр хоёрт “больё, наад мөнгөө аваад зайл” гэхэд М босч ирснээ “муу амьсгаа” гээд миний баруун хавирга, цээж орчим руу нилээн олон удаа өшиглөхөд нь би амьсгалж чадахаа болиод ухаан алдсан. ...Би Т, М хоёрыг хайж байгаад 19 дүгээр хорооллын автобусны буудлаас олоход тэр хоёр надад “ийм болгосонд ёстой уучлаарай, манай эгч мөнгө өгнө гэсэн, тэр мөнгийг чамд өгөөд, шархыг чинь эмчлүүлж өгье” гэж хэлчихээд алга болсон. Тэгээд би өөрөө Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн. Би Т, М хоёрт зодуулсны улмаас миний 2 хавирга хугарч, баруун хөл бэртэж, хамар, нуруу, толгой битүү шархтай, тархи хөдөлж, хоёр нүд хөхөрч хавдсан. ...Миний биед учирсан гэмтэл шархууд бүрэн эдгэрч биеийн байдал гайгүй болсон. Миний биед учирсан гэмтлийг Т учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 114-115-р хуудас/,

 

Гэрч Э.О-ын ...А-с хэн гэмтээсэн талаар асуухад “15 дугаар сургуулийн хойд талд Т, М гэх тэр хавиар архи уудаг эхнэр, нөхөр хоёртой хамт архи уусан. Тэд миний мөнгийг булаагаад зугтаах гэхээр нь М-тэй ноцолдоход Т архины шил хагарч миний хамар, нуруу руу дүрсэн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна, би -ухаан алдсан байсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

 

Гэрч Н.Б-ын ...Би тухайн үед Сааралын 7 дугаар байрны арын траншейнд орж дулаацах гээд ороход А нуруундаа хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. А хэлэхдээ траншейнд Т-тэй хамт архи уухдаа Т-т хутгалуулсан гэж хэлсэн. А ар нуруундаа хутгалуулсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 117-р хуудас/,

Гэрч Т.Н-ийн ...Архи ууж дуусчихаад Төмөр замын ойролцоо такси барьж очоод нэрийг нь мэдэхгүй зочид буудалд орохдоо гаднаас 0.5 граммын “Стандарт”, 0.75 граммын “Стандарт” архи аваад үлдэгдэл мөнгөө ресепшинд  хадгалуулаад орсон. ...Хэрүүл маргаан хийж байгаад хөөгдөж гараад бид гурав 19 дүгээр хороололд ирээд салцгаасан. Т хэлэхдээ М-н эгчээс мөнгө ирээд бид хоёр булаацалдаад урчихлаа гэж хэлээд скочоор нааж байгаад дэлгүүрээс архи авсан. Тэр архиа траншейнд ууж байхдаа М, А хоёр хоорондоо маргалдсан. А “М-д мөнгөө дээрэмдүүлчихлээ” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 119-р хуудас/,

 

Гэрч К.Б-ийн...Зурган дээрх залуу /А/ намайг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны үйлчилгээний төв дээр байдаг “Хулан заяа” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад энэ залуу /А/ орж ирээд “эгчээ би  цалингаа авсан юм, мөнгө хадгалуулъя, дүү нь архи уучихаараа мөнгөө алдчихдаг юм” гээд мөнгөө үлдээгээд гарсан. Дараа нь нэг өдөр манай дэлгүүрт согтуу орж ирээд “мөнгө алдчихсан” гэхээр нь “архи уухаа больчих” гэж хэлж байсан. Үүнээс хойш харагдахаа больсон...гэх мэдүүлэг /хх-ийн 121-р хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №6436 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

             1. Э.А-ийн биед баруун 7-р хавирганы хугарал, баруун 10-р хавирганы  цууралт, дух, зулай, баруун чих, хүзүү, нуруу, баруун мөрөнд шарх, хамарт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, нүдний алимны салст, баруун бугалганд цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл шарх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 59-р хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 40-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.         

          Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 17-р байрны орчимд хохирогч Г.Д-ын цамцны захаас татаж, граш руу чирж, баруун гарын эрхий хурууг нь хазаж, үснээс нь зулгааж хүч хэрэглэн хохирогчийн хүзүүндээ зүүж явсан монетон гинж, кулон, цүнхэнд нь байсан Эссэ тамхи, нүдний шил, бэлэн 41.700 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, 447.700 төгрөгийн хохирол учруулсан, 

          Дээрх хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогч Г.Д-ын биед  баруун сарвуунд шарх, баруун гарын сарвуу, баруун шуу, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн тохойд зулгаралт, зүүн гарын чигчий хуруунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч Г.Д-ын ...Би 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр хорооллын байрны хажуугаар явж байтал жижигхэн биетэй эмэгтэй /Т/ “байж бай” гэснээ ирээд хүзүүнд зүүлттэй байсан монетон гинжийг цамцтай хамт татаад гражийн хажуу булан руу чирээд гарнаас хазаж, үснээс зулгааж байгаад гинжийг минь тасалж авсан. Би “туслаарай” гээд орилоход тэрээр зугтсан. Мөн цүнхнээс 41.700 төгрөг, хайрцагтай 3.500 төгрөгөөр авсан задлаагүй Эссэ тамхи 1 хайрцаг, 45.000 төгрөгийн үнэтэй холын харааны нүдний шил тус тус алдагдсан. Би нүдний шилээ буцааж авсан. Харин 41.700 төгрөг болон гинж, кулоноо аваагүй. ...Би 2015 онд монетон гинжийг 260.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед би эсэргүүцэл үзүүлэхэд миний үснээс зулгааж доош тонгойлгож баруун гарын эрхий хурууны гадна хэсэгт хазсан. Намайг хана руу шахаж дарах үед зүүн гарын шууны хэсэгт хэд хэдэн газар шалбарч хөхөрсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

 

Гэрч Н.А-ийн ...“7-н наран” дэлгүүрээс М 3 шил архи авахаар нь Г ах, М, Н, Т бид нар гудамжинд сууж байгаад хувааж ууцгаасан. Т, М хоёр цаашаа яваад өгсөн. Би Г ах, Н хоёртой наана сууж байхад цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Би бусдын эд зүйл дээрэмдсэн талаар юу ч мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

Гэрч Б.Н-ийн ...2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 19 дүгээр хорооллын хөшөөтэй автобусны буудлын ард архи ууж байхад гэнэт цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Тухайн үед М, Т хоёр байхгүй байсан, харин надтай хамт Г, А нар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №7786 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          1.Г.Д-ын биед баруун сарвуунд шарх, баруун гарын сарвуу, баруун шуу, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн тохойд зулгаралт, зүүн гарын чигчий хуруунд цус хуралт гэмтэл
тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 21-р хуудас/,

 

          “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Монетон гинж, монетон кулон, Эссэ тамхи, нүдний шил, нийт 406.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 26-27-р хуудас/,

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр өөрийн хамтрагч Ж.М-ыг хохирогч Э.А-тэй зодолдох үед тэрээр хохирогчийн нуруу болон нүүрэнд  нь шилээр зүсэж, Ж.Мтай үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Э.А-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан, мөн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Г.Д-г өндөр настай биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цамцны захаас нь татаж, чирж, гарын хурууг нь хазаж, үснээс нь зулгаах зэргээр хүч хэрэглэн хохирогчийн хүзүүндээ зүүж явсан монетон гинж, кулон, цүнхэнд нь байсан Эссэ тамхи, нүдний шил, бэлэн 41.700 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, 447.700 төгрөгийн хохирол учруулсан, эд хөрөнгийг нь дээрэмдэх явцдаа өндөр настай хохирогч Г.Д-д хүч хэрэглэн биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

 

 Шүүгдэгч Э.Т нь хохирогч П.Д-ын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг,

 Ж.М-тай бүлэглэж хохирогч Э.А-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг, 

          хохирогч Э.А, Г.Д нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-т заасан “хоёр хүний” эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Т нь Ж.М-тай бүлэглэн хохирогч Э.А-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан ба Ж.М нь 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нас барсан болох нь хавтаст хэргийн 136-р талд авагдсан Улсын бүртгэлийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 477/005095 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч Э.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Э.Т нь тэнэмэл амьдралтай, согтууруулах ундааны зүйл байнга хэтрүүлэн хэрэглэдэг, нийгэмд биеэ авч явах ёс суртахуунгүй байдал энэ гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Д.Г нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

                Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

              Гэмт хэргийн улмаас хохирогч Э.А, Г.Д нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч Э.А нь эмчилгээний зардалд нийт 587.315 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 50-52-р хуудас/ ирүүлсэн, хохирогч Г.Дын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-аас 406.000 төгрөгөөр үнэлсэн ба хохирогч нь нүдний шилээ буцааж авсан /хх-ийн 13-р хуудас/ тул мотетон гинж, кулон, тамхи, бэлэн байсан 41.700 төгрөг, нийт 405.700 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.

              Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Э.Төөс нийт 993.015 төгрөг гаргуулж, хохирогч Э.Аэд 587.315 төгрөг, хохирогч Г.Дд 405.700 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

              Эрүүгийн хариуцлагын талаар.

 

         Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар тогтоох тухай дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гаас “Э.Т нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, хувийн байдлын хувьд хагас өнчин, эцэг нь хүнд өвчтэй зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал гаргав. Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Э.Тт ял оногдуулахдаа архи согтууруулах ундаа хэрэглэх зорилгоор бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч Э.Аийн нуруу болон хамарт шилээр олон удаа зүсэж гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн арга, хохирогч нарт учруулсан хохирлоо төлөөгүй байдал, байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 02 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт тооцон шилжүүлж, 40 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.Тийн биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сар 10 хоногийн хорих ялаар тогтоохоор шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Э.Т-ийн хувьд ял оногдуулахад харгалзан үзвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “хуульд заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” хэмээх саналыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.Т-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ял эдлэх ялд оруулан тооцох журмын дагуу Э.Т-ийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс /хх-ийн 65-р хуудас/ шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 193 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт Э-ы Т-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон, 40 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 02 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, Э.Т-ийн биечлэн эдлэх ялыг 02 жил 03 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-т оногдуулсан 02 жил 03 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ийн цагдан хоригдсон 193 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төөс 993.015 төгрөг гаргуулж, хохирогч С.А-д 587.315 төгрөг, хохирогч Г.Д-д 405.700 төгрөг тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг  дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

   

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР