| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2023/02672/И |
| Дугаар | 210/МА2024/01849 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2024/01849
| 2024 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 210/МА2024/01849 |
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/02474 дугаар шийдвэртэй,
С.Н-ын нэхэмжлэлтэй, Д.Х-т холбогдох,
11,998,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие фейсбүүк хаягаар Солонгос улсаас машин ачуулж өгнө гэсэн зарын дагуу 2022 оны 05 сарын 19-ний өдөр Д.Х- гэх хүнтэй чатаар холбогдож, 2006 онд үйлдвэрлэсэн ***** маркийн ачааны автомашиныг 3,600,000 воноор худалдан авахаар тохиролцсон. Ингээд Д.Х-ын Хаан банкны данс руу 8,928,000 төгрөгийг шилжүүлсэн. Д.Х- нь 2022 оны 05 сарын 28-ны өдөр машин ачигдсан гэж надруу чат бичсэн ч машин огт ирээгүй. Иймд Д.Х-т шилжүүлсэн 8,928,000 төгрөг, уг машиныг худалдан авахын тулд жилийн 8 хувийн хүүтэйгээр бусдаас мөнгө зээлж авсан бөгөөд 10 сарын хүүд төлсөн 3,000,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг нийт 11,998,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Д.Х- нь С.Н-ын захиалан худалдан авсан БНСУ-д 2006 онд үйлдвэрлэсэн, ***** дугаартай **** маркийн автомашиныг 2022 оны 05 сарын 22-ны өдөр карго явуулдаг "***** ****"-ны эзэн Х.Б-, түүний ажилтан Б.Б- нарт өгч Монгол Улсруу ачуулж контайнерийн дугаар зэрэг мэдээллийг С.Н-ын фейсбүүк чатаар явуулсан. Худалдан авагч нь контайнерийн дугаараар нь тээвэр зуучын газраас хаана буух мэдээллийг авах боломжтой байсан, "***** ****" нь худалдан авагч руу залгаж тээврийн зардал, гаалийн татвараа төлж машинаа хүлээн авахыг хэлдэг. Гэтэл ачааны автомашин нэхэмжлэгчид ирээгүй ба Монголд буусан нь бүрэн нотлогдоогүй. Хариуцагчийн зүгээс автомашиныг каргонд өгсөн ч тэр хүмүүс С.Н-т хүлээлгэж өгөөгүй, дундаас нь завшсан байх магадлалтай ба автомашиныг 2022 оны 08 сарын 29-ний өдөр гаалийн мэдүүлэг бүрдүүлэхэд Ц.Д гэдэг хүний нэрээр бүртгэгдэж орж ирсэн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Х-аас 8,998,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н-т олгож, нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,922 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Д.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 158,921 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н-т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх энэхүү маргаан бүхий иргэний хэрэгт бодитой бүрэн дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагчаас иргэн С.Н-ын захиалан худалдан авсан БНСУ-д 2006 онд үйлдвэрлэсан, арлын **** дугаартай *** маркийн автомашиныг 2022 оны 05 сарын 22-ны өдөр Монгол Улс руу ачилт, карго явуулдаг "**** ****"-ны эзэн Х.Х-т өгч ачилтанд орсон контайнерийн дугаар зэрэг мэдээллийг нэхэмжлэгч С.Н- руу фейсбүүк чатаар явуулсан байна
Тэгтэл "***** ****"-ны эзэн Х.Х, түүний ажилтан Ц.Д нар нь тус автомашиныг С.Н-т өгөлгүйгээр өөрсдөө дур мэдэн Ц.Д-гийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж аван бусдад худалдан борлуулсан болох нь Гаалийн ерөнхий газар. Авто тээврийн үндэсний тевоес ирсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогддог. Энэхүү бичгийн нотлох баримтуудад анхан шатны шүүхээс ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэж үзэж байна.
4.2. Анхан шатны шүүхээс 2024 оны 05 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар гэрчээр Ц.Д-г оролцуулан тайлбар мэдүүлэг авсан ба шүүх хуралдаан 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 14.30 цагт товлогдсон. Тус хуралдаанаар гэрч Ц.Д-гийн мэдүүлэг бүхий тэмдэглэл бичгээр гарч албажаагүй төдийгүй хэрэгт хавсаргагдаагүй, мөн оролцогч нараар гарын үсэг зуруулаагүй гэх шалтгаанаар шүүх хурал хойшилсон. Тус хурлын товыг албан ёсоор хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсан төлөөлөгч С.Т надад мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцож харилцан мэтгэлцэх бололцоог олголгүй анхан шатны шүүх хуралдааны маргааш нь буюу 2024 оны 06 сарын 05-ны өдөр хариуцагчийг оролцуулалгүй явуулж хуулийг ноцтой зөрчсөн.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж нотлох баримтыг болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Би Д.Х-тай автомашин авахаар хэд хэдэн удаа ярьсан. Д.Х- нь "***** ****"-ны захиралд мөнгө өгөх ёстой юм шиг байсан. Үүнээс болоод "***** ****"-ны захирал нь Д.Х- надад автомашины мөнгийг өгөөгүй учраас би чамд автомашин өгөхгүй гэдэг. Над руу "***** ****"-оос контейнер дугаар, автомашинаа ав гэж ярьж байгаагүй. Д.Х- Солонгост байхдаа уучлаарай, би автомашины чинь мөнгийг эргүүлээд чамд өгье гэж хэлсэн ч өгөөгүй. Мөн фейсбүүкээсээ намайг блок хийсэн бөгөөд яагаад гомдол гаргаад байдгийг нь би сайн ойлгодоггүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.Н- нь хариуцагч Д.Х-т холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдан авахаар шилжүүлсэн мөнгө, зардалд 11,998,200 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн захиалсан *****автомашиныг тээвэр зуучийн ***** ****-д хүлээлгэн өгч энэ талаар С.Н-т мэдэгдсэн учраас тэрээр каргоноос лавлаж зардлаа төлж автомашинаа хүлээн авах боломжтой байсан, дундаас нь өөр хүмүүс завшсан гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.
Харин шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталж хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
4. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Д.Х- нь 2006 онд үйлдвэрлэгдсэн ****маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч С.Н-т 3,600,000 воноор худалдах, С.Н- үнийг төлөхөөр хэлэлцэн тохиролцож, Д.Х- тээврийн хэрэгслийг Монгол улсад хүлээлгэн өгөхөөр тохиролцсоноор талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. Улмаар худалдан авагч С.Н- тээврийн хэрэгслийн үнэд 8,928,000 төгрөгийг худалдагч Д.Х-т төлсөн нь тогтоогдсон ба зохигч энэ талаар маргаагүй байна.
Харин худалдагч Д.Х- эд хөрөнгийг худалдан авагч С.Н-ын өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, цаашид уг үүрэг биелэгдэх боломжгүй нь зохигчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн лавлагаа, Автотээврийн үндэсний төвийн *** дугаартай албан бичиг, гэрч Ц.Д-ийн мэдүүлгээр тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалсан тээврийн хэрэгслийг 2022 оны 05 сарын 22-ны өдөр тээвэр зуучийн "***** ****"-оор дамжуулан Монгол Улс руу ачуулж, тээвэрлэлтийн болон эд хөрөнгийн тухай мэдээллийг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар энэ талаархи тайлбар, татгалзлаа нотлоогүй, гэрээний зүйл болсон **** маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч хүлээн аваагүй байна.
Иймд хариуцагч Д.Х-ыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө -ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
5. Хариуцагч Д.Х- худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний зүйл өөр этгээдийн өмчлөлд шилжсэн байх тул нэхэмжлэгч С.Н- Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй.
Энэ тохиолдолд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч нь тээврийн хэрэгслийн үнэд тооцон хүлээн авсан 8,928,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан нь үндэслэлтэй.
Маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийг тээвэр зуучийн компани нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, завшсаны улмаас гэрээний үүрэг биелэгдээгүй гэж хариуцагч нь нэхэмжлэлээс татгалзсан ба энэ агуулгаар давж заалдах гомдол гаргажээ. Гэрч Ц.Д-гийн мэдүүлгээс үзвэл хариуцагч нь ***** компанид тээвэрлэлтийн хөлсөө төлөөгүй тул тээвэр зуучийн компани уг тээврийн хэрэгслийг тээвэрлэлтийн хөлс, зардал, татварт суутан авсан талаар мэдүүлжээ. Хариуцагч болон ***** нарын хооронд үүссэн энэхүү асуудал нь зохигчийн хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний харилцаанд ач холбогдолгүй буюу нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээс хариуцагчийг чөлөөлөхгүй юм.
Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, анхан шатны шүүх хариуцагчаас дээрх мөнгөн хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
6. Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, ийнхүү татгалзсанаар гэрээний гүйцэтгэл болох 8,928,000 төгрөгийг хариуцагаас буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шаардах эрхэд хамаарч байхад анхан шатны шүүх мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэг зөрчигдсөнтэй холбоотой гэрээнээс татгалзах эрхийг зохицуулсан заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай болжээ. Иймд нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 8,928,000 төгрөгөө хариуцагчаас буцаан гаргуулахаар мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж оруулна.
7. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны үр дагаврыг гаргуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч Д.Х- нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон учир түүнийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах үндэслэл болж нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зардалд хамаарна. Нэхэмжлэгч мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар уг зардлаа хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв.
8. Нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй учир энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүй.
9. Анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож, гэрч мэдүүлэгтээ гарын үсэг зураагүй үндэслэлээр гэрчийн мэдүүлгийг албажуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааныг 2024 оны 06 сарын 05-ны өдрийн 14:30 цагт товложээ. Тухайн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон учир товыг шүүх хуралдааны танхимаас хүлээн авсан гэж үзнэ. Иймд шүүх хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх гомдлыг хүлээн авахгүй.
10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт 225 дугаар зүйлийн 225.1 гэснийг хасаж 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмсэн хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/02474 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...225 дугаар зүйлийн 225.1... гэснийг 243 дугаар зүйлийн 234.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,921 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЭНЭБИШ