| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0265/Э |
| Дугаар | 276 |
| Огноо | 2019-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 276
2019 04 08 2019/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,
шүүгдэгч Б.Л- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Баатарын Л-д холбогдох эрүүгийн 1910007450262 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Л- нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дүгээр байрны гадна хамтран амьдрагч Д.М-тэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910007450262 дугаартай хэргээс:
Хохирогч Д.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 94 дүгээр байрны гадаа автомашин дотор найз залуу Л-г “гэртээ хоносонгүй, байнга гадуур тэнэлээ” гэхэд “би гадагшаа гарахаа чамаар заалгахгүй” гэж уурлаад надтай маргалдаж байгаад миний хамар орчимд аяга шиг хэлбэртэй агаар ионжуулагчаар нэг удаа цохисон. Мөн баруун гарын бугалга орчим руу гараараа 2-3 удаа цохихоор нь би түүний машинаас буусан. Миний хамрын нуруу хөхрөөд, баруун гарын бугалга орчимд хөхөрсөн. Өөр гэмтэл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №3590 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Хэсэг газрын үзлэгт: Духны гол дээд хэсэгт 1.7х0.2см хүрэн ягаан өнгийн өнгөц зулгаралттай, хамрын нуруу овойж хавдсан гол хэсэгт 2.5х2см хөх ногоон өнгийн цус хуралттай, эмзэглэл ихтэй, хамрын амьсгал 2 талд чөлөөтэй, баруун бугалга гадна урд дунд 6х5см хөх ногоон өнгийн цус хуралттай, үений хөдөлгөөн чөлөөтэй. Дүгнэлт:
1. Д.М-гийн биед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зуханд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 16-р хуудас/,
Аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 23-24-р хуудас/,
Шүүгдэгч Б.Л- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Мишээлийн 94 дүгээр байрны 2 тоот гэрээсээ гарч найз Санданшийрэвтэй уулзах гэтэл найз охин М- намайг “гаргахгүй, явуулахгүй” гэж уурлаад “чи охидуудтай уулзах гэж байна, янхандах гэж байна уу” гэж хэл амаар доромжлоод миний гадуур хувцаснаас татаж чангаасан. Би түүний гарыг тавиулах гээд зүүн гараараа М-гийн баруун гарын бугалга руу нь түлхсэн. Гэрээсээ гараад машиндаа суухад тэрээр хойноос дагаж гарч ирээд хойд суудалд сууснаа машины голын хайрцагт байсан аяга хэлбэртэй, дунд зэргийн хэмжээтэй агаар ионжуулагчийг аваад над руу шидсэн. Би хойшоо эргэж хараад сууж байсан болохоор ионжуулагч нь миний цээжний зүүн хэсгийг оносон. Миний уур хүрээд ионжуулагчийг М- рүү зөрүүлээд шидэхэд түүний хамрыг оносон. ...Би машин дотор түүнд хувцсаа өгөхгүй гэж ноцолдоод баруун гарын бугалга орчимд нь 2-3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч М.Х-ын мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/, гэрч Д.С-ийн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 25-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 29-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Л-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.Л- нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 94 дүгээр байрны гадна өөрийн автомашин дотроо хохирогч Д.М-тэй эр, эмийн хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний нүүр рүү ионжуулагч шидэж, баруун гарын бугалга руу 2-3 удаа цохиж биед нь “тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт, баруун бугалганд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Д.М-гийн …Найз залуу Л-г “гэртээ хоносонгүй, байнга гадуур тэнэлээ” гэхэд “би гадагшаа гарахаа чамаар заалгахгүй” гэж уурлаад надтай маргалдаж байгаад миний хамар орчимд аяга шиг хэлбэртэй агаар ионжуулагчаар нэг удаа цохисон. Мөн баруун гарын бугалга орчим руу гараараа 2-3 удаа цохихоор нь би түүний машинаас буусан. Миний хамрын нуруу хөхрөөд, баруун гарын бугалга орчимд хөхөрсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №3590 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.М-гийн биед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зуханд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 16-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэнд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэж бичсэн боловч хэрэгт цугларсан баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдож байх тул зөвтгөх нь зүйтэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь эр, эмийн хардалтын улмаас шүүгдэгч, хохирогч нарын хооронд таарамжгүй харилцаанаас маргаан үүсч, шүүгдэгч Б.Л- нь хохирогч Д.М-гийн бие махбодид халдаж хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-гийн биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг нь тогтоолд дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Л- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Д.М-, шүүгдэгч Б.Л- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Л- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан ба, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь “Тарант” ХХК-нд менежер ажилтай, тогтмол орлоготой болох нь нийгмийн даатгалын шийтгэл төлөлтийн тодорхойлолтоор батлагдаж байх тул улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Л-д торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Л-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Л- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-ын Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Л-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Л- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР