Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/01798

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/03287 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Д-д холбогдох, гэрээний үүрэгт нийт 221,688,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц, өмгөөлөгч Б.Э, Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь Д.Д-тэй 2021 оны 08 сарын 01-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 172,292,400 төгрөгийн үнийн дүн бүхий газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн. Хариуцагч нь гэрээний дагуу 24,500,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 147,792,400 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 5.1-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцно гэж тохиролцсон. Иймд хариуцагчаас үлдэгдэл төлбөр 172,292,400 төгрөг, алданги 73,896,200 төгрөг, нийт 221,688,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчтэй аливаа гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлд дурдсан газрын тосны бүтээгдэхүүнийг аваагүй. 2021 оны 08 сарын 01-ний өдрийн уулзалтын үеэр А ХХК-ийн менежер Д.Г нь П ХХК-ийн захирал Н.Б-тай гэрээ байгуулахаар тохиролцсон байдаг. Н.Б захирал шатахуун авсан хүмүүс чинь олдохгүй, утсаа авахгүй байна гэж хэлээд газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулахаар шахсан. Миний бие тухайн бүтээгдэхүүнийг аваагүй учир гэрээ хийхгүй, гарын үсэг зурахгүй гэж хэлсэн. П ХХК-ийн захирал Н.Б-гийн дарамт, шахалтын улмаас 24,500,000 төгрөгийг Н.Б захирлын хувийн данс руу төлсөн. А ХХК-ийн менежер Д.Г гэх хүн энэ асуудлаа шийдэхгүй өнөөдрийг хүрсэн гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Д-гээс үлдэгдэл төлбөр 147,792,400 төгрөг, алданги 73,896,200 төгрөг, нийт 221,688,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид 1,266,393 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,266,393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

4.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтээр Д.Д-гийн гарын үсэгт шинжилгээ хийлгүүлэхээр шинжээч томилж, хэргийг түдгэлзүүлсэн. Шинжлэх баримтууд хуулбар хувь байсан учир Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн шинжилгээ хийхээс татгалзсан. Гэтэл шүүхээс шинжээчийн дүгнэлт гаргахад шаардлага хангахуйц байдлаар гаргуулах ажиллагаа хийгээгүй атлаа 2024 оны 01 сарын 18-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.

4.2. Анхан шатны шүүх А ХХК, Д.Г нарыг хамтран хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн боловч тэдгээрт нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, хамтран хариуцагчийг хэрхэх талаар шийдвэрлээгүй.

4.3. Анхан шатны шүүх маргааны харилцааг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ-нд тогтоосон үнэ байхгүй, үнийг тогтоосон баримт хэрэгт байхгүй.

4.4.  Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус. Энэ төрлийн бараа нь галын аюултай тэсрэх дэлбэрэх бараа тул зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн хооронд хийгдэх учиртай.

4.5.  Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй. Хэрэгт авагдсан зарлагын падаанд худалдагч тал нь З ХХК, худалдан авагч тал нь П ХХК байх ба Д.Д-д хамааралгүй. Д.Д-д дизель түлш нийлүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй.

4.6. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан.

4.7. Н ХХК болон төлөөлөгч миний эрхийг шүүх ноцтой зөрчиж, шүүх хуралдаанд оролцуулалгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шүүх хариуцагчийн гарын үсэгт шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч хариуцагч гарын үсгийн чөлөөт загварыг ирүүлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулснаас хойш буюу 2024 оны 04 сарын 14-ний өдөр хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцсан боловч шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс хамтран хариуцагчаар А ХХК, Д.Г нарыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан боловч тэдгээрийн хаяг тодорхойгүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан тул хамтран хариуцагч нараас татгалзсан. Хариуцагч нь гэрээ байгуулахдаа өөрийнхөө хамаарал бүхий хоёр этгээдийг дагуулан ирж гэрээнд Д.Д гарын үсэг зурсан ба хариу тайлбартаа энэ талаар тодорхой дурдаж, хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрөлтэй этгээдэд нэг удаагийн нийлүүлэлтээр 172,000,000 төгрөгийн үнэ бүхий түлшийг нийлүүлсэн. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасны дагуу хариуцагч 24,500,000 төгрөгийг төлсөн. Мөн шүүх хуралдааны товыг 1 сарын өмнө мэдэгдсэн ч хариуцагч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Д.Д-д холбогдуулан гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 147,792,400 төгрөг, алданги 73,896,200 төгрөг, нийт 221,688,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хариуцагчийн татгалзалд дурдагдсан үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал:

3.1. Хэргийн 8-9-р талд П ХХК болон Д.Д нарын хооронд 2021 оны 08 сарын 01-ний өдөр байгуулагдсан гэх Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ авагдсан.

3.2. Хариуцагч нь ...дээрх гэрээнд гарын үсэг зураагүй, газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй тул үнийг нь төлөх үүрэггүй... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба өөрийн татгалзлаа нотлох зорилгоор гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргасан.

3.3. Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтийг хүлээн авч, 2023 оны 10 сарын 31-ний өдөр Шүүх шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилсон.

3.4. Шүүх шинжилгээний Ерөнхий газар нь ...гэрээ, хавсралт нь хуулбар хувь, мөн Д.Д-гийн гарын үсгийн чөлөөт загвар ирээгүй учир дүгнэлт гаргах боломжгүй, иймд гэрээ, хавсралтыг нь эх хувиар нь, мөн Д.Д-гийн гарын үсгийн чөлөөт загварыг ирүүлнэ үү... гэсэн агуулгатай албан бичгийг 2023 оны 11 сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн.

3.5. Анхан шатны шүүх 2024 оны 01 сарын 18-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

4. Анхан шатны шүүх дээрх байдлаар Шүүх шинжилгээний Ерөнхий газрын албан бичигт дурдагдсан ажиллагааг хийгээгүй буюу гэрээ, хавсралтын хувийг эх хувиар нь гаргаж өгөх-ийг нэхэмжлэгчид, гарын үсгийн чөлөөт загварыг гаргаж өгөх-ийг хариуцагчид тус тус мэдэгдээгүй атлаа ...талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан байна, хариуцагч нь татгалзлаа баримтаар нотлоогүй... гэж дүгнэн, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчжээ.

5. Давж заалдах шатны шүүх нотлох баримттай холбоотой ажиллагаа хийх эрхгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. 

6. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан бусад үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/03287 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 1,266,393 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.НЯМБАЗАР