| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0212/Э |
| Дугаар | 284 |
| Огноо | 2019-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 284
2019 04 10 2019/ШЦТ/284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү,
хохирогч Д.С-, түүний өмгөөлөгч Ц.Туяа /ҮД:0154/,
шүүгдэгч Д.Ч-, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов /ҮД:0299/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Дэлгэрсуурийн Ч-т холбогдох эрүүгийн 1910000870096 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Д.Ч- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан хилл” цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “...” клубд иргэн Д.С-той маргалдаж улмаар нүүрэн тус газар нь архины шилэн хундага шидэж эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, дух, духны хуйхны зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай клубынхэн Зайсанд ..... гэх пабд шинэ жил тэмдэглэсэн. Бид шөнийн 00 цагт тараад би гэр рүүгээ харьж байхад Б--Эрдэнэ, М- хоёр “...” клубд ирчихсэн байна, хүрээд ир” гэж дуудахаар нь очсон. “...” клубд 2 шил виски уусан. Би дижид 60.000 төгрөг өгөөд 3 удаа дуу захиалсан. Тэгээд захиалсан дуугаа сонсоод бүжгийн талбай дээр бүжиглэж байтал хойно хүмүүс хэрэлдэж, зодолдож байсан. Би “манай клубын хүүхдүүд байгаа юм болов уу” гээд очоод хартал М- С-той хэрэлдэж байсан. М- манай клубын хүүхэд тул би хойш нь татаж хорьсон. С-ийг манай найз Б-ий эхнэр гэдгээр нь мэддэг. Харин сайн таньдаггүй. С- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул бидний дунд ширүүн маргаан өрнөж хэрэлдсэн. Би С-ийг “...” клубд ажилладаг гэж мэдээгүй байсан. С- намайг алгадахад нь миний дургүй хүрсэн. Хамгаалагч нар ирээд бид хоёрыг 2 тийш нь болгож салгасан. Гэтэл С- орилоод намайг дахин алгадахыг завдахад хамгаалагч С-ийн гарыг барьж авсан. Би олон хүний дунд согтуу эмэгтэйд алгадуулсандаа уур хүрээд гартаа барьсан хундгыг түүний зогсож байсан зүг рүү шидсэн. Би хүн онох гэж шидээгүй боловч С-ийг оносон байсан. Удалгүй цагдаа нар намайг гавлаад аваад явсан. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. С-оос уучлалт гуйж байна гэв.
Хохирогч Д.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө шинэ жилийн өдрүүд байсан. Манай найзууд ирчихсэн байсан. Ч-ийн найзууд манай ширээний хажуугийн ширээнд сууж байсан. Тухайн баарны вип өрөөнд 7-8 залуу байсан. Тэр залуустай Ч- хамт явж байсан. Тэдгээр хүмүүс муудалцаж зодоон эхлүүлсэн. Би вип өрөөг хариуцсан менежер учраас асуудлыг зохицуулахаар очсон. Хүмүүс зодолдоод стакан хагалж хохирол учруулсан тул би ажлын шаардлагаар очиж “та нар агсам тавьж болохгүй, согтолт ихтэй байгаа бол гар” гэж хэлсэн. Гэтэл М- над руу “чи янхан” гээд дайрхаар нь “зүгээр байгаарай, чи согтуу байна, хамгаалагчид хэлж гаргуулна” гэхэд тэрээр хамгаалагчтай хэрэлдсэн. М- бид хоёр хэрэлдэж байхад Ч- ирээд надтай муудалцсан. Намайг муухай үгээр хараахаар нь алгадсан. Намайг эргээд хартал Ч- гартаа барьж байсан хундагаа над руу шидсэн. Ч-оос эмчилгээнд зарцуулсан 3.595.110 төгрөгөө авсан. Би олон хүмүүстэй харьцдаг. Нүүрэндээ сорвитой болсон тул БНСУ руу явж сорви арилгуулах хагалгаа, эмчилгээний зардал нэхэмжилнэ гэв.
Эрүүгийн 1910000870096 дугаартай хэргээс:
Хохирогч Д.С- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Намайг 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 01 цагийн үед ажилдаа ирэхэд тусгай давхрын 6 ширээнүүд хүнтэй байсан. Нэг ширээнд 5-10 хүн суух боломжтой байдаг юм. Шөнө 01 цаг өнгөрч байхад М- диван дээр гараад бүжиглээд байхаар нь шаардлага тавихад биелүүлэхээр нь би найзуудынхаа ширээн дээр очиж суусан. Шөнө 03 цаг өнгөрч байхад хүмүүс чанга дуугаар маргалдаж эхлэхэд хамгаалагч нар орж ирээд маргааныг намжаасан. М- орилоод байхаар нь би “та нар хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болохоор гарах ёстой” гэсэн шаардлагыг тавихад тэрээр “бид нар танай гэрт байгаа юм уу” гэснээ намайг хараалын үгээр доромжлоод байсан. Тухайн үед дуу чимээ ихтэй байсан болохоор зарим хэлсэн үгийг нь сонсоогүй. М- бид хоёр хэрэлдэж байхад Н- ирээд М-ыг холдуулахад хажуу талаас Ч- орж ирээд М-ыг өмөөрч над руу хэрэлдэхэд хамгаалагч ирээд болиулсан. Би хамгаалагчид болсон зүйлийн талаар хэлчихээд эргэж харахад Ч- над руу вискиний шилэн хундага шидэхэд миний толгой дээр хагарсан. Тэр үед хамгаалагч Ч-ийг барьчихсан байсан. Би гараараа толгойгоо дараад 2-3 минут орчим суухад намайг Мөнхтүвшин, Халиунаа хоёр ариун цэврийн өрөө рүү оруулсаныг санаж байна. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд 103 ирээд боолт хийж байсан. Миний биед учирсан гэмтлийг Ч- вискиний шилэн хундага шидэж учруулсан. Би эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжлэх хүсэлттэй байна. Мөн цаашид эмчлүүлэх зардлаа гаргуулж авмаар байна. Би духандаа 2 оёдол тавиулсан. Миний нүүр хэсэгт зулгарсан. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
Гэрч А.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 12 дугаар 29-ний орой 19 цагаас Зайсанд манай мотоциклийн холбоо шинэ жилийн арга хэмжээгээ тэмдэглээд 00 цагийн үед дууссан. Бид тэндээсээ Зайсан хилл цогцолборын “...” клубын 2 давхрын вип өрөөнд орсон. Миний сэтгэл хөдөлж диван дээр гарч бүжиглэж байхад С- ирээд “буу, хамгаалагч нараар гаргуулна шүү” гэхээр нь би буугаад бүжиглэсэн. Шөнө 04 цагийн үед би текны хажуу талын сандал дээр сууж байхад Б танихгүй хүмүүстэй гэнэт маргалдаж эхэлсэн. Би очиж салгаж байхад хамгаалагч нар нь ирээд бид нарыг холдуулсан. Тэр үед С- дундуур орж ирээд над руу хуруугаа чичлээд “эд нарыг гарга, салбаасан юмнуудыг” гэхээр нь “бид нар байх эрхтэй, чи бид нарыг хэн болчихоод хөөж байгаа юм” гэхэд С- хамгаалагч нарыг дуудсанаа “эд нарыг гарга, эд нараас үймээн болж байна, эндээс явуул” гэхээр нь би “чи юмны учрыг олоогүй байж, бидэн рүү дайраад байна, бид цаад хүмүүстэй чинь юм ярьж байна” гэсэн. Гэтэл Ч- намайг өмөөрөхөд манай найз охин Н- намайг татаад холдуулахад юм хагарах чимээ гарахаар нь хартал Ч-ийг хоёр хамгаалагч барьчихсан, С-ийн толгойноос цус гарчихсан орилоод байсан. Хамгаалагчаар цагдаа дуудуулахад удахгүй цагдаа нар ирж намайг болон надтай хамт явж байсан хүмүүсийг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
Гэрч Б.Е- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед манай клубын шинэ жилийн арга хэмжээ Зайсангийн ...д болсон. Бид 00 цаг болж байхад гараад Зайсан хиллийн “...” диско клубд очиж вип өрөөнд нь суусан. Тухайн клубд бид нар бүжиглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 03 цаг өнгөрч байхад би тамхи татчихаад иртэл хамгаалагч нар намайг дагуулаад арын өрөөний буланд суулгасан. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Б.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 12 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед манай клубын шинэ жилийн арга хэмжээ Зайсангийн ...-д болсон. Уг арга хэмжээ 23 цаг өнгөрч байхад дуусахаар нь гараад Зайсан хилл цогцолборын “...” диско клубд очиж вип өрөөнд нь суусан. 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн үед гадаа дуу шуу болоод байхаар нь гараад хартал маргалдаж байсан. Би дундуур нь орж салгаж байхад баарны хамгаалагч нар ирсэн. Удалгүй цагдаа нар ирээд биднийг аваад явсан. ...Ч-, М- хоёрыг хүмүүстэй маргалдаж зодсон талаар мэдэхгүй байна. Намайг арын өрөө рүү оруулаад 5 минут орчим болгоод үүд рүү гаргахад Ч- гавтай сууж байсан.…гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 12 дугаар сарын 29-ний орой 19 цагт Зайсанд манай мото клубын шинэ жилийн арга хэмжээ болсон. Тэндээсээ гараад 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Зайсан хилл цогцолборын “...” клубын вип өрөөнд нь суугаад үйлчлүүлсэн. Бид нар талбай дээр бүжиглэж, юм ярьж суусан. Тэгтэл диван дээр М- гарахад нэг эмэгтэй /С-/ загнасан. М- диванаас буугаад суусан. Шөнө 02 цаг орчимд танихгүй ах бид нартай хамт явж байсан Б-тай маргалдахад М- очиж салгасан. Гэтэл С- ирээд “та нар эндээс зайл, муусайн юмнууд” гээд элдэв янзаар хэлэхэд Н- зөрүүлээд үг хэлж байх шиг байсан. Тэгээд М-ыг холдуулахад араас нь очиж хэрэлдээд байсан. Ч- М-ыг өмөөрөхөд С- түүнийг загнаад алгадаж өшиглөсөн. Тэр үед хоёр хамгаалагч ирээд хоёр талаас нь сугадаад аваад явсан. Гэтэл С- дахиж ирээд Ч-ийг алгадахад тэрээр ширээн дээрээс архины шилэн хундага аваад шидсэн. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Ч- архины шилэн хундага шидэж С-ийн толгойн хэсэгт нь онож, улмаар цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Гэрч Б.Н- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 29-ний орой 19 цагт Зайсанд ...д цугларч шинэ жилээ тэмдэглэсэн. 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Зайсан хилл цогцолборын “...” клубын вип өрөөнд уух зүйл захиалж бүжиглэсэн. Манай найзууд ирж хажуугийн ширээнд суусан. М- диван дээр гарч бүжиглэхэд С- ирээд “буу наад дээр чинь бүжиглэдэггүй юм” гэхээр нь буусан. Удалгүй хүмүүс маргалдахад С- ирээд “чи энд асуудал үүсгэдэг хэн юм бэ, гар зайл” гэхэд М- “чамд ямар хамаатай юм бэ, би танай гэрт байгаа юм уу, мөнгөө төлөөд үйлчлүүлж байна” гэж хэлсэн. Би М-ыг түлхээд С-д “манай найз залуу руу яагаад орж ирсэн цагаас хойш загнаад байгаа юм бэ, бид нар ямар танай гэрт байгаа биш, буйдан дээр гарсан торгуулийг чинь төлчихье, яагаад хэрүүл өдөөд байгаа юм бэ” гэхэд “би өөрөө мэднэ, чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд цаашаа явсан. Би М- дээр очиход араас С- ирээд “М-аа чи зайлаадах, зайлаач гараач” гэж аймар орилсон. М- “энэ хүүхнийг надаас холдуулаач” гэхэд хамгаалагч ирээд холдуулсан. Гэтэл С- дахин ирээд “би чамайг эндээс заавал гаргана, зайлуулна” гэж хэлсэн. Ч- ирээд С-д “чи намайг хөөдөг хэн бэ” гэхэд “чи эндээс зайл, та нар шиг муусайн юмнууд гар зайл” гэж хэлээд С- Ч-ийг алгадахад Ч- “чи яаж байгаа гичий вэ” гэхэд дахиад алгадахад Ч- өнгөгүй тунгалаг шилэн архины хундага шидэхэд С-ийн дух хэсгийг онож, цус гарсан. С- цус гарч байсан газраа гараараа дарж, хоёр найз нь ариун цэврийн өрөө рүү аваад явсан. Ч-ийг хоёр хамгаалагч гарыг нь мушгиад аваад гарсан. С- нэг гараараа толгойгоо бариад цус урсчихсан байдалтай ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд “та нар надтай ингэж харьцаад сайнаа үзэхгүй” гэж хэлэхэд эрэгтэй хүн ирээд С-ийг аваад гарсан. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Гэрч М.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 29-ний орой 20 цагаас шинэ жилийн арга хэмжээнд оролцоод 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цаг өнгөрч байхад дуусан. Тэндээсээ гараад “Зайсан хилл” цогцолборын “...” клубд 01 цаг болж байхад С-той хамт ажил дээр очоод найзуудаа өөрийн хариуцдаг зааланд суулгаад би ажлаа хийсэн. Намайг дээшээ гарахад текны хажууд С- газар суучихсан гараараа толгойгоо дарчихсан цус гоожиж байхаар нь би дагуулаад өрөө рүү оруулж, цусыг нь арчиж түргэн тусламж дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Гэрч Ш.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө “Зайсан хилл” дотор байрлах “...” клубд хувцасны өлгүүр хэсэг дээр ажиллаж байхад 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн үед хамгаалагч “2 давхрын вип өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүс хоорондоо маргалдаж байна” гэж хэлсэн. Намайг 2 давхарт гарахад хамгаалагч маргааныг таслан зогсоочихсон байсан. С- хашгирч бухимдаад явж байхад манай зөөгч тайвшруулчихаад барьж байсан. С- миний хажууд байсан гурван залуу руу орилоод байхаар нь С-ийг “одоо больчих” гээд түлхэхэд ард нь зогсож байсан Ч- архины шилэн хундага ширээн дээрээс аваад С-ийг цохисон. Би Ч-ийн гарыг нь өчиж доош дарж гавлаад арын хаалган дээр саатуулаад цагдаа нарт хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Т.Е- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 01 цагийн үед “Зайсан хилл” дотор байрлах “...” клубд үйлчлүүлэхээр 2 давхрын вип өрөөнд орж сууцгаасан. 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн үед манай ахлах надад “хүмүүс хоорондоо маргалдаж магадгүй байна” гэж хэлэхээр нь би хоёр хамгаалагчийн хамт хоёр давхарт гарахад маргалдаж байсан. Би тэнд байсан хүмүүст шаардлага тавихад нэг залуу нь “ална шүү чамайг” гэхээр нь би түүнийг буланд шахаад байж байсан. С- ирээд юм яриад байсан. Тухайн үед дотор шуугиан ихтэй байсан тул юу ярьж байсныг нь сонсохгүй байсан. Ч- ширээнээс архины шилэн хундага аваад шидэхэд С- орилоод толгойгоо гараараа барьсан. С-ийг харахад үсэн дундаас нь цус гарч байсан. Тэгээд манай хоёр ажилтан С-ийг аваад ариун цэврийн өрөө орсон. Би хамгаалагч Г-гийн хамт Ч-ийг гавлаад арын өрөө рүү оруулсан. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. ...С- миний урд талд, Ч- миний баруун мөрний ар талд зогсож байсан. Ч- С-ийг архины шилэн хундагаар толгойн тус газар нь нэг удаа цохисон. Архины шилэн хундага нь нилээн том хэмжээтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Гэрч Н.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 29-ний орой 20 цагаас шинэ жилийн арга хэмжээнд оролцоод 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цаг болж байхад дууссан. “Зайсан хилл” цогцолборын “...” клубд шөнө 01 цаг болж байхад ороод 2 давхрын тусгай өрөөнд орж үйлчлүүлсэн. Шөнө 03 цаг өнгөрч байхад хүмүүс маргалдаж эхлэхэд би ариун цэврийн өрөө ороод гараад ирэхэд “манай найзууд явъя” гээд дагуулаад 1 давхар руу буухад Э- байхгүй байхаар нь буцаад дээшээ гарсан. Гэтэл С- текний баруун талд толгойгоо гараараа барьчихсан нүүр нь цус болчихсон байхаар нь Э- бид нар дагуулаад випний нэг өрөөнд оруулсан. Тэндээсээ түргэн тусламж иртэл гараагүй. С-ийн зүүн талын нүдний харалдаа духны хэсэгт хуруу арьс байхгүй, баруун хөмсөгний дээд талд 3см орчим босоо оёдол тавиулсан. Мөн жижиг оёдол их тавьсан. Духнаас хойш хэсэгт үс рүүгээ орсон жижиг оёдолууд тавьсан. С-ийг Ч- шилэн хундагаар гэмтээсэн гэж би сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Гэрч Д.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Над руу ах Ч- залгаад “намайг Хан-Уул дүүргийн Цагдаагаас ирээд аваадах, би эрүүлжүүлэгдсэн байна” гэхээр нь очиж авсан. Тухайн үед юу болсон талаар би мэдэхгүй байна. Сүүлд сонсоход ах Ч-ийг нэг эмэгтэй /С-/ алгадахаар нь гартаа барьсан вискиний шилэн хундага шидсэн гэж сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биедэ хийсэн шүүх эмнэлгийн №818 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгний дээд гадаргууд 5.5х0.3см мэс заслын оёдол бүхий, духны зүүн дээд гадаргууд 1.5х0.3см мэс заслын оёдол бүхий, төв дээд гадаргуу үсний заагаар 1.7х0.2см, 1.5х0.2см, духны өмнөд дээд гадаргууд 0.5х0.2см мэс заслын оёдол бүхий, төв дээд гадаргуу үсний заагаар 1.5х0.4см хүрэн бор өнгийн тав бүхий зүсэгдсэн шархтай, духны хуйханд 1х0.2см хэмжээний олон тооны зүсэгдсэн шархтай. Зүүн нүдний дээд зовхинд бүдэг ягаан өнгийн цус хуралттай, бага зэрэг овойж хавдсан, зүүн мөрний гадна гадаргууд 4х0.1см улаан өнгийн зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. Дүгнэлт:
1. Д.С-ийн биед зүүн хөмсөг, дух, духны хуйхны зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 36-р хуудас/,
Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Зүүн мөрний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн хөмсөг, дух, духны хуйхны зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ...гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,
Хохирлын баримтууд /хх-ийн 74, 90, 93-102-р хуудас/,
Өвчний түүх /хх-ийн 103-171-р хуудас/,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан хилл” цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “...” клубын 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 87-р хуудас/,
Шүүгдэгч Д.Ч- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …2018 оны 12 дүгээр сарын 29-ний орой 19 цагаас Зайсан кастельд манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болоод 00 цагийн үед тарсан. Манай клубын хоёр гишүүн М-, Б хоёр “Зайсан хилл цогцолборын “...” клубд ирчихсэн байна, энд хүрээд ир” гэхээр нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цаг өнгөрч байхад “Зайсан хилл” цогцолборын “...” клубд очоод хоёр давхрын тусгай өрөөнд орж үйлчлүүлсэн. Би дижи дээр дуу захиалж байхад манай ширээний зүгт хүмүүс бужигналдаад хамгаалагч нар нь гүйлдээд байхаар нь очиход манай клубын гишүүн М- руу хажуугийн ширээний залуучууд дайрч давшилж байсан. Тэр дунд нэг согтуу эмэгтэй /С-/ дайрч давшлаад байхаар нь М-ыг салгахад С- хамгаалагч нарт “наадуулаа гарга, зайлуул” гэж хэлснээ над руу дайраад байхаар нь түүнтэй маргалдсан. Гэтэл хамгаалагчаараа хоёр талаас бариулаад намайг алгадаж үсдэж өшиглөсөн. Хамгаалагч нар бид нарыг хоёр тийш нь салгаад хоорондоо 3 метр орчим зайтай байсан. Би уурандаа шилэн хундага шидэхэд С-ийг оносон. Тэгээд хамгаалагч нар намайг барьж авч гавлаад цагдаад хүлээлгэж өгсөн. Би С-д гэмтэл учруулсан учраас өөрийн буруутай үйлдэлд гарсан хохирлын зардлыг төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 183-184-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч С.М-ийн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 188-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 189-р хуудас/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 191-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 192-р хуудас/, бусад /хх-ийн 52-69-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Ч-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан хилл” цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “...” клубд тус баарны менежер Д.С- нь А.М-ыг “баарнаас гарахыг шаардаж” тэдний хооронд маргаан үүссэн байна. Уг маргаанд Д.Ч- нь А.М-ыг өмөөрч оролцсон ба Д.С- нь “эмэгтэй хүнийг бүдүүлэг үгээр доромжиллоо” хэмээн Д.Ч-ийг алгадахад тэрээр архины хундага шидсэний улмаас хохирогч Д.С-ийн биед “зүүн хөмсөг, дух, духны хуйхны зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь:
Хохирогч Д.С-ийн …Шөнө 03 цаг өнгөрч байхад хүмүүс чанга дуугаар маргалдаж эхлэхэд хамгаалагч нар орж ирээд маргааныг намжаасан. М- орилоод байхаар нь би “та нар хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болохоор гарах ёстой” гэсэн шаардлагыг тавихад тэрээр “бид нар танай гэрт байгаа юм уу” гэснээ намайг хараалын үгээр доромжлоод байсан. М- бид хоёр хэрэлдэж байхад Н- ирээд М-ыг холдуулахад хажуу талаас Ч- орж ирээд М-ыг өмөөрч над руу хэрэлдэхэд хамгаалагч ирээд болиулсан. Би хамгаалагчид болсон зүйлийн талаар хэлчихээд эргэж харахад Ч- над руу вискиний шилэн хундага шидэхэд миний толгой дээр хагарсан. ...Миний биед учирсан гэмтлийг Ч- вискиний шилэн хундага шидэж учруулсан. Би духандаа 2 оёдол тавиулсан. Миний нүүр хэсэгт зулгарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
Гэрч А.М-ын …Шөнө 04 цагийн үед би текны хажуу талын сандал дээр сууж байхад Б- танихгүй хүмүүстэй маргалдаж эхэлсэн. Би очоод салгаж байхад хамгаалагч нар ирээд бид нарыг холдуулсан. Тэр үед С- дундуур орж ирээд над руу хуруугаа чичлээд “эд нарыг гарга, салбаасан юмнуудыг” гэхээр нь “бид нар байх эрхтэй, чи бид нарыг хэн болчихоод хөөж байгаа юм” гэхэд С- хамгаалагч нарыг дуудсанаа “эд нарыг гарга, эд нараас үймээн болж байна, эндээс явуул” гэхээр нь би “чи юмны учрыг олоогүй байж, бидэн рүү дайраад байна, бид цаад хүмүүстэй чинь юм ярьж байна” гэсэн. Гэтэл Ч- намайг өмөөрөхөд манай найз охин Н- намайг татаад холдуулах үед юм хагарах чимээ гарахаар нь хартал Ч-ийг хоёр хамгаалагч барьчихсан, С-ийн толгойноос цус гарчихсан орилоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
Гэрч Б.Б-ий ...Буйдан дээр М- гарахад нэг эмэгтэй /С-/ загнаад байсан. Шөнө 02 цаг орчим болж байхад танихгүй ах бид нартай хамт явж байсан Б-тай маргалдахад М- очиж салгасан. Гэтэл С- ирээд “та нар эндээс зайл, муусайн юмнууд” гээд элдэв янзаар хэлэхэд Н- зөрүүлээд үг хэлж байх шиг байсан. Тэгээд М-ыг аваад холдуулахад араас очиж хэрэлдээд байсан. Ч- М-ыг өмөөрөхөд С- түүнийг загнаад алгадаж өшиглөсөн. ...С- Ч-ийг алгадахад тэрээр ширээн дээрээс архины шилэн хундага аваад түүн рүү шидэж С-ийн толгойн хэсэгт нь онож, цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Гэрч Б.Н-гийн ...Хүмүүс маргалдахад С- ирээд “чи энд асуудал үүсгэдэг хэн юм бэ, гар, зайл” гэхэд М- “чамд ямар хамаатай юм бэ, би танай гэрт байгаа юм уу, мөнгөө төлөөд үйлчлүүлж байна” гэж хэлсэн. Би М-ыг түлхээд С-д “манай найз залуу руу яагаад орж ирсэн цагаас хойш загнаад байгаа юм бэ, бид нар ямар танай гэрт байгаа биш, буйдан дээр гарсан торгуулийг чинь төлчихье, яагаад хэрүүл өдөөд байгаа юм бэ” гэхэд “би өөрөө мэднэ, чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд цаашаа явсан. Би М- дээр очиход С- араас ирээд “М-аа чи зайлаадах, зайлаач гараач” гэж орилсон. М- “энэ хүүхнийг надаас холдуулаач” гэхэд хамгаалагч ирээд холдуулсан. Гэтэл С- дахин ирээд “би чамайг эндээс заавал гаргана, зайлуулна” гэж хэлсэн. Ч- ирээд С-д “чи хөөдөг хэн бэ” гэхэд “чи эндээс зайл, та нар шиг муусайн юмнууд гар зайл” гэж хэлээд С- Ч-ийг алгадахад тэрээр “чи яаж байгаа гичий вэ” гэхэд дахиад алгадахад Ч- өнгөгүй тунгалаг шилэн архины хундага шидэхэд С-ийн дух хэсгийг онож цус гарсан. ...С- нэг гараараа толгойгоо бариад цус урсчихсан байдалтай ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд “та нар надтай ингэж харьцаад сайнаа үзэхгүй” гэж хэлэхэд эрэгтэй хүн ирээд С-ийг аваад гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Гэрч М.Э-гийн ...Намайг дээшээ гарахад текны хажууд С- газар суучихсан гараараа толгойгоо дарчихсан цус гоожиж байхаар нь ариун цэврийн өрөө рүү оруулж, цусыг нь арчиж түргэн тусламж дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Гэрч Ш.Г-гийн ...С- миний хажууд байсан гурван залуу руу орилоод байхаар нь С-ийг “одоо больчих” гээд түлхэхэд ард нь зогсож байсан Ч- архины шилэн хундага ширээн дээрээс аваад С-ийг цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Т.Е-ын ...2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн үед манай ахлах надад “хүмүүс хоорондоо маргалдаж магадгүй байна” гэж хэлэхээр нь хоёр давхарт гарахад хүмүүс маргалдаж байсан. Би тэнд байсан хүмүүст шаардлага тавихад нэг залуу нь “ална шүү чамайг” гэхээр нь би түүнийг буланд шахаад байж байсан. С- ирээд юм яриад байсан. Тухайн үед дотор шуугиан ихтэй байсан тул юу ярьж байсныг нь сонсохгүй байсан. Ч- ширээнээс архины шилэн хундага аваад шидэхэд С- орилоод толгойгоо гараараа барьсан. С-ийг харахад үсэн дундаас нь цус гарч байсан. ...С- миний урд талд, Ч- миний баруун мөрний ар талд зогсож байсан. Ч- С-ийг архины шилэн хундагаар толгойнд нь нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Гэрч Н.М-гийн ...Шөнө 03 цаг өнгөрч байхад С- текний баруун талд толгойгоо гараараа барьчихсан нүүр нь цус болчихсон байсан. ...С-ийн зүүн талын нүдний харалдаа духны хэсэгт арьс байхгүй, баруун хөмсөгний дээд талд 3см орчим босоо оёдол тавиулсан. Мөн жижиг оёдол их тавьсан. Духнаас хойш хэсэгт үс рүүгээ орсон жижиг оёдолууд тавьсан. Ч- шилэн хундагаар С-ийг гэмтээсэн гэж би сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Гэрч Д.Д-ийн ... ах Ч- залгаад “намайг Хан-Уул дүүргийн Цагдаагаас ирээд аваадах, би эрүүлжүүлэгдсэн байна” гэхээр нь очиж авсан. Тухайн үед юу болсон талаар би мэдэхгүй байна. Сүүлд сонсоход ах Ч-ийг нэг эмэгтэй /С-/ алгадахаар нь гартаа барьсан вискиний шилэн хундага шидсэн гэж сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №818 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.С-ийн биед зүүн хөмсөг, дух, духны хуйхны зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 36-р хуудас/,
Шинжээч эмч Н.Энхцолмонгийн ...Зүүн мөрний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн хөмсөг, дух, духны хуйхны зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ...гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,
Өвчний түүх /хх-ийн 103-171-р хуудас/,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан хилл” цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “...” клубын 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 87-р хуудас/,
Мөрдөн байцаалтанд Д.Ч- яллагдагчаар өгсөн: …Би дижи дээр очиж дуу захиалж байхад манай ширээний зүгт хүмүүс бужигналдаад хамгаалагч нар нь гүйлдээд байхаар нь очиход манай клубын гишүүн М- руу хажуугийн ширээний залуучууд дайрч давшилж байсан. Тэр дунд нэг согтуу эмэгтэй /С-/ дайрч давшлаад байхаар нь М-ыг салгахад С- хамгаалагч нарт “наадуулаа гарга, зайлуул” гэж хэлснээ над руу дайраад байхаар нь түүнтэй маргалдсан. Гэтэл хамгаалагчаараа хоёр талаас бариулаад намайг алгадаж үсдэж өшиглөсөн. ...Би уурандаа шилэн хундага шидэхэд С-ийг оносон...гэх мэдүүлэг /хх-ийн 183-184-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.Ч-ийн архины шилэн хундага шидсэн үйлдлийн улмаас хохирогч Д.С-ийн биед “зүүн хөмсөг, дух, духны хуйхны зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Ч- нь маргалдагч этгээд рүүгээ чиглүүлэн шилэн хундага шидсэн үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Ч-ийн хохирогч Д.С- руу шилэн хундага шидсэн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Ч- болон түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.С-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь эмчилгээ болон сорви арилгах эмчилгээнд 3.595.110 төгрөг зарцуулсан талаарх баримт хэргийн 47-50-р талд гаргаж өгсөн ба шүүгдэгч Д.Ч- нь хохирогч Д.С-д 3.595.110 төгрөг төлсөн байна.
Хохирогч Д.С- нь БНСУ-д сорви арилгуулах гоо сайханы хагалгаа болон эмчилгээний зардалд 26.880.000 вонн буюу 61.824.000 төгрөг нэхэмжилж БНСУ-ын “Тэ Ён” гоо сайханы эмнэлгийн тодорхойлолт, “Голомт” банкны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн валют арилжааны ханшийн мэдээлэл гэх хуулбар ирүүлжээ. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-т “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ” гэж заасан ба хохирогчоос БНСУ-ын вонны ханшийг нотолсон баримт гэж “Голомт” банкны тодорхойлолт ирүүлсэн боловч тухайн банкны тамга, тэмдэг байхгүй хуулбар тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийхэд шүүхийн шатанд шүүгдэгч Д.Ч- нь хохирогч Д.С-д 3.595.110 төгрөгийн хохирол төлсөн байх ба хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Д.Ч- болон түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нар нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.С- нь Д.Ч-ийг алгадсан хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь “......” ХХК-нд захирал ажилтай, тогтмол орлоготой байх тул улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.Ч-т торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ч-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Д-ийн Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ч-т мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч- нь хохирогч Д.С-д 3.595.110 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Хохирогч Д.С- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Д.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР