Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 289

 

 

 

 

 

 

 

   2019         04          12                                   2019/ШЦТ/289

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Б.Батболор, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр хөтөлж,

иргэдийн төлөөлөгч Ё.Ичинноров,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /ҮД:0747/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Г-ийн Х-д холбогдох эрүүгийн 1810019980529 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 19 дүгээр гудамжны задгай, ... дугаар худгийн  дэргэд О.С-ийг архины мөнгө нэхэж, нүүр маажих гэлээ гэх шалтгааны улмаас түлхэж унагаан О.С-ийн тархинд хүнд гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

            Эрүүгийн 1810019980529 дугаартай хэргээс:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс над руу залгаад “таны дүү О.С ухаангүй байдалтай Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн” гэхээр нь би тоогоогүй. Учир нь талийгаач дүү архи уусан үедээ янз бүрийн байдлаар ярьж мөнгө авдаг байсан болохоор итгээгүй. 2 хоногийн дараа цагдаагаас дахин залгаад “нас барсан” гэж ярихаар нь би Гэмтлийн эмнэлэг дээр очоод мэдсэн. Талийгаач дүү маань оёдлын үйлдвэрт оёдолчиноор ажиллаж байгаад нөхөртэй болж, нэг хүү төрүүлсэн. Нэг жил гаран хамтран амьдраад салсан. Хүүхэд нь одоо 13 настай эцэг дээрээ байгаа байх. Талийгаач нь 2008 оноос архинд ороод 2016 онд архины эмчилгээ хийлгээд 1 жилийн дараа буцаж архинд орж миний үгийг тоохоо больсон. Ажил хийлгэж амьдралыг нь өөд татах гэж зөндөө оролдсон боловч зугатаагаад архи уугаад алга болчихдог болсон. Би талийгаачтай хамгийн сүүлд 8 сар орчмын өмнө уулзаж байсан. Тэр үед талийгаач архи уусан байдалтай ирээд архины мөнгө нэхэхээр нь өгөөгүй явуулж байсан. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин байгаагүй. Би гомдолтой байна. Талийгаачийн 13 настай хүү нь аавтайгаа байгаа тул хүүхдийн тэтгэмж болон оршуулгын зардлыг нэхэмжлэхгүй. Харин хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 32-34, 131-р хуудас/,

            Гэрч Г.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 25 дугаар гудамжны ... дугаар худагт ус түгээгчийн ажлаа хийж байхад 18 цагийн үед уг гудамжны зүүн үзүүр хэсэгт суурьлуулсан автомашины дугуйн дээр согтуу эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж байсан. Удалгүй тэр хоёр дээр бас нэг согтуу эмэгтэй ирээд уулзсан. Нэг мэдсэн чинь хоёр согтуу эмэгтэй газарт дээр доороо ороод ноцолдоод босцгоосон. Нэг эмэгтэй нь босоод цаашаа явах гэтэл нөгөө эмэгтэйн шилэн хүзүү хэсгийн хувцасных нь хойноос татахад тэрээр хойшоо дагз хэсгээрээ газар саваад унасан. Газар унасан эмэгтэйн толгойноос цус гарахаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...Энэ хэрэг 18 цаг 45 минутын үед болсон. ...Тухайн үед намхавтар, ногоон алаг хувцастай эрэгтэй хүн байсан. Тэр хүнийг өмнө нь харж байгаагүй, огт танихгүй. Би тухайн үед худаг дотроос цонхоороо 6-7 метрийн зайнаас хараад сууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 38-40, 132-133-р хуудас/,

Гэрч Э.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8,  дугаар хорооны нутаг дэвсгэрт Эрхэс-114 чиглэлд эргүүлийн офицер ахлах дэслэгч Ш.Б-ы хамт албаны 20-01 УНҮ улсын дугаартай автомашинаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад хэлтсийн жижүүрийн шуурхай албанаас 18 цаг 55 минутанд “Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ... дугаар худгийн хажууд 2 эмэгтэй хүн зодолдоод нэгнийхээ толгойг хагалсан байна” гэх дуудлагын дагуу тухайн хэргийн газарт 19 цаг 05 минутын үед очиход Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 25 дугаар гудамжны зүүн урд үзүүрт С гэх эмэгтэй нь биеэ авч явах чадваргүй, толгойны орой хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Бид 103-т дуудлага өгч яаралтай түргэн тусламжийн эмч М гэх хүнд С-ийг хүлээлгэн өгч, зодоон хийсэн гэх Х-ыг хэлтсийн түр саатуулах байранд авчирч хүлээлгэн өгсөн. Худгийн ус түгээгч эгчээс болсон асуудлын талаар тодруулахад “наадуул чинь энд архи ууж байгаад Х нь С-ийг босоод явах гэтэл цамцны араас нь татаж унагаасан. Тэр үед С-ийн толгойноос цус гарсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 44-р хуудас/,

Гэрч Ш.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч дэд ахлагч Э.Б-ын хамт тус дүүргийн 4, 5, 6, 7, 8,  дугаар хорооны нутаг дэвсгэрт Эрхэс-114 чиглэлд албаны 20-01 УНҮ улсын дугаартай автомашинаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад хэлтсийн жижүүрийн шуурхай албанаас 18 цаг 55 минутанд “Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ... дугаар худгийн хажууд 2 эмэгтэй хүн зодолдоод нэгнийхээ толгойг хагалсан байна” гэх дуудлагын дагуу тухайн хэргийн газарт 19 цаг 05 минутын үед очиход Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 25 дугаар гудамжны зүүн урд үзүүрт С гэх эмэгтэй нь биеэ авч явах чадваргүй, толгойны орой хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Бид 103-т дуудлага өгч яаралтай түргэн тусламжийн эмч М гэх хүнд С-ийг хүлээлгэн өгч, зодоон хийсэн гэх Х-ыг хэлтсийн түр саатуулах байранд авчирч хүлээлгэн өгсөн. Худгийн ус түгээгч эгчээс болсон асуудлын талаар тодруулахад “наад хоёр эмэгтэй чинь энд архи ууж байгаад Х нь С-ийг босоод явах гэтэл цамцны араас нь татаж унагаасан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 45-р хуудас/,

Гэрч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Түргэн тусламжийн газрын Хан-Уул салбарт түргэн тусламжийн их эмчээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад орой 16 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ... дугаар худаг дээр 2 эмэгтэй зодолдоод нэгнийх нь толгойноос цус гараад байна гэсэн дуудлагыг хүлээн авч хэргийн газар дээр очиход өвчтөн согтуу, 35-38 орчим насны эмэгтэй газарт суулгасан толгойн дагз хэсгээс цус гарсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад хохирогч эмэгтэй архинаас болж энэ эмэгтэйтэй маргалдсан гээд хажууд зогсож байсан эмэгтэйг заасан. Тэгээд толгойных нь дагз орчмын шархыг харахад 2-3 см орчим язарсан шархнаас цус гарсан байдалтай байсан тул 1 оёдол тавьж, толгойд даралттай боолт хийж ГССҮТ-д хүлээлгэн өгсөн. Намайг хэргийн газарт очиход газар дээр цус тогтсон болон урссан цус нөж байгаагүй. Хохирогчийн толгойноос гарсан цус хүзүү дагаж урсаад хатсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 46-р хуудас/,

Гэрч Х.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Намайг жижүүр эмчээр ажиллах хугацаанд 2018 оны 08 дугаар сарын 23-ны орой 19 цаг 40 минутанд  ухаангүй, нэр хаяг нь тодорхойгүй, толгойдоо шархтай 30 гаран насны эмэгтэй ирсэн. Хэн хүргэж ирснийг санахгүй байна. Өвчтнийг хүлээн авч үзээд шарханд оёдол тавьж цэгцлэн, амьсгалахуйн суурь тусламжийн өрөөнд эмийн эмчилгээ хийгдэх явцад компьютер томограф, рентген зураг болон бусад шаардлагатай шинжилгээ хийлгэн онош тодруулах эрчимт эмчилгээний тасагт хүргүүлсэн байна. Онош нь тархины хүнд гэмтэл, тархины няцрал, хатуу хальсны дээрх цусан хураа, баруун зулайн няцарсан шарх гэх оноштой байсан. Уг өвчтнийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны орой 19 цаг 40 минутанд хүлээн авч оношлогоо шинжилгээ эмчилгээ хийгээд 23 цаг 08 минутанд эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн өгсөн. Эмчилгээг амьсгалахуйн суурь тусламжийн өрөөнд хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 138-139-р хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай эмнэлэгт анх ирж өвчний түүх нээхдээ О-ийн М гэдэг нэрээр нээгдсэн. Овог, нас тодорхойгүй, 30-40 орчим насны эмэгтэй, биеийн байдал маш хүнд, ухаангүй үхлүүт байдалтай ирсэн. Эрчимт эмчилгээний эмчийн заавраар хийсэн. Мөн MRI шинжилгээ яаралтай хийж, тархины хүнд гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, баруун хальсны дээрх цусан хураа, зүүн тархины эдийн няцрал, хатуу хальсны доорх нимгэн цусан хураа, баруун духны тархины няцрал, цус харвалт, гавлын ясны суурь руу орсон хугарал, хүнд зэргийн комын байдал 3 балл, архины хүнд зэргийн хордлого, олон эрхтний дутмагшил, үхлүүт байдал гэсэн онош тавин, баруун зулай чамархайн ясанд трененаци хийж, хатуу хальсны дээрх цусан бүлэнг авах мэс заслыг 2018 оны 08 дугаар сарын 24-ний 06 цаг 45 минутаас 07 цаг 25 минут хүртэл хийн, өвчтний даралт буусан тул яаралтай мэс заслыг дуусгасан. Цаашид өвчтөн эрчимт эмчилгээний тасагт 2 хоног эмчлэгдэж байгаад 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 40 минутанд нас барсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 136-137-р хуудас/,

 

         Гэрч Б.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай эмнэлэгт 2018 оны 08 дугаар сарын 23-ны шөнө 23 цаг 08 минутанд О-ийн М гэдэг нэрээр 36 настай эмэгтэй хүн ухаангүй, биеийн байдал хүнд ирсэн байна. Би өөрөө хүлээж аваагүй тул ямар байдалтай хэн гэдэг хүн хаанаас авч ирснийг мэдэхгүй байна. Хүлээж авсан эмч нь Б байсан ба хүлээж аваад сэхээний эмчид хүлээлгэн өгсөн байна. Би 2018 оны 08 дугаар сарын 24-ний өглөө ажил эхлээд хүлээн авсан эмчлэгч эмч нь байна. Намайг хүлээж авахад хагалгаанд орчихсон байсан. Хагалгаа 2018 оны 08 дугаар сарын 24-ний 06 цаг 45 минутаас 07 цаг 25 минут хүртэл үргэлжилсэн мэс заслын бичлэгтэй байна. 2 хоног эмчлэгдсэн байна. Онош нь гавал тархины хүнд гэмтэл тархины хүнд зэргийн няцрал, баруун чамархайнаас гавлын суурь яс руу үргэлжилсэн хугаралттай, аалзан бүрхэвчийн доорх цус харвалттай, зүүн зулай орчмын хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа авсан мэс заслын дараах байдал архины хордлого, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байгаад 2018 оны 08 дугаар сарын 25-ны 23 цаг 40 минутанд нас барсан. Эмчилгээ үйлчилгээ үзүүлснээр амь нас аврагдах боломж маш муутай байсан. Хоёр хоногт хийгдсэн эмчилгээ нь үрэвслийн эсрэг антибиотек, тархины хаван хөөх, цус тогтоох, цусны бүлэглэл сайжруулах, гавлын дотоод даралт бууруулах, өвдөлт намдаах, хордлого тайлах, шингэн сэлбэх, тархины цусан хангамж сайжруулах зэрэг бусад шинж тэмдгийн эмчилгээ хийгдсэн. Эмчилгээ хийгдэх явцад ухаан ороогүй. Өвчний түүхэнд яагаад М гэж бичигдсэнийг би мэдэхгүй байна. Хүлээн авах эмч мэдэх байх...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 135-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүх эмнэлгийн №1908 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Цогцост хийсэн шинжилгээгээр баруун чамархай яснаас доош суурийн дунд хонхор хүрсэн шугаман хугарал, зулай, баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа /40мл/ баруун, зүүн чамархайн дэлбэнгийн суурь хэсэг, духны зүүн дэлбэнгийн цусархаг няцрал, дагзны дэлбэнгийн суурь хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, няцрал, уртавтар тархины эдийн гүнд цус харвалт, тархи дарагдал, хуйх, ясны хальсанд цус хуралт, хуйханд шарх, зүүн мөр, цээжний зүүн дээд хэсэг, хоёр өвдөгт цус хуралт, баруун ташаа, бугуй, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой бөгөөд гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

2. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Уг гэмтэл нь хэвтээ болон босоо аль ч байрлалд үүсэх боломжтой.

3. Талийгаач нь эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байсан тул согтууруулах мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй.

4. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.

5. ГССҮТ-ийн №11049 тоот өвчний түүхээс: Талийгаач нь АII бүлгийн цустай байна.

6. Талийгаачийн цогцост хийсэн 2018.08.26-ны өдрийн 02 цаг 40 минутанд хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 3-4 цаг болсон байжээ. /хх-ийн 1-р хавтас 51-56-р хуудас/,

Шинжээч эмч Г.Ханхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Цогцост хийсэн шинжилгээгээр талийгаачийн цогцост гавлын ясны хугарал, цусан хураа няцрал, цус харвалт зэрэг гавал тархины гэмтлүүд тогтоогдсон бөгөөд талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан байсан. Дүгнэлтэнд дурдагдсан толгойноос бусад хэсэгт учирсан цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэрэг учрал болсон гэх дээрх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь татах түлхэх хүчний үйлчлэлээр дагзны хэсгээр савж унахад үүсэх боломжтой ба нэг удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байсан. Тархинд учирсан их хэмжээний цусархаг няцрал, цус харвалт нь мэс засал хийгдсэн ч амьдрах боломж муутай хүнд гэмтэл учраас амь нас аврагдах боломж муутай байсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 59-60-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №5141 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас нь санд О-ийн С-ийн 4 удаа бүртгэгдсэн байна.

3. О-ийн С-ийн гарын хээний дардас санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 62-67-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №825 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Х нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

2. Г.Х нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Г.Х нь юмыг зөвөөр ойлгож үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Г.Х нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож өөрийн үйлдлийг удирдан жолоодож хянах чадвартай байсан байна.

5. Г.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 1-р хавтас 149-150-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 6-7-р хуудас/,

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 8-12-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 73-76-р хуудас/,

Амь хохирогчийн өвчний түүх /хх-ийн 1-р хавтас 112-122-р хуудас/,

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 1-р хавтас 147-148-р хуудас/,

Гэрч Э.Б-, Г.У нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 179-180-р хуудас/,

Шүүгдэгч Г.Х мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед Яармагийн хуучин эцсээс автобусанд сууж харихаар явж байтал ... дугаар худгийн хажууд С нэг эмэгтэй хүнтэй юм яриад зогсож байсан. Би хажуугаар нь өнгөртөл С намайг дуудахаар нь очиход тэрээр “ганц шил архи уух гэсэн юм, мөнгө байна уу” гэхээр нь “байхгүй” гэхэд “чамд мөнгө байхгүй байна гэж юу байдаг юм, чи хаачих гэж байгаа юм” гэхээр нь “гэр рүүгээ харих гэж байна” гэхэд над руу дайрч самардаад цохих гэхээр нь “зүгээр байгаач” гээд түүний цээж рүү түлхтэл хойшоо толгойныхоо ар хэсгээр саваад унасан. Би түүнийг босгох гээд татаад суулгасан чинь толгойноос нь цус гарсан байсан. Тэгээд хамт явж байгаа хүнд нь түшүүлчихээд ойрхон байсан худаг руу очоод ус түгээгч эгчид “түргэн тусламж дуудаад өг” гэхэд цагдаад дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа нар ирээд түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирээд С-ийн толгойнд боолт хийж байхад цагдаа нар намайг машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. ...Би Мөөгий гэдэг хүнийг танихгүй. Талийгаачтай таарахад талийгаач худгийн хажуу талд зогсчихсон, хажууд нь дугуйн дээр Мөөгий гэх эмэгтэй согтуу сууж байсан. Талийгаач тэр эмэгтэйг Мөөгий гэж дуудаад байсан. ...Хохирогч бид хоёр дээр доороо орж ноцолдоогүй. Надад хохирогчийг алах санаа бодол байгаагүй. Тухайн үед хохирогч архины мөнгө нэхэж над руу дайрахаар нь би өөрөөсөө холдуулж түлхсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 86-87, 144, 176, 233, 236-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 41-р хуудас/, гэрч Ш.М-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 42-43-р хуудас/, гэрч Д.М-гийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 47-р хуудас/, гэрч Д.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 48-р хуудас/, гэрч Г.А-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 49-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 91-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 92-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 93-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 95-96, 99-100-р хуудас/, нөхөр Г.Х-ын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 97-р хуудас/, гэрч Ч.М-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 177-178-р хуудас/, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/419 дугаартай “Х.О, Х.О нарыг асрамжийн газар шилжүүлэх тухай”  захирамж /хх-ийн 1-р хавтас 182-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

      

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

           Гэм буруугийн талаар:

 

         Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         Хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзэхэд: Шүүгдэгч Г.Х-, амь хохирогч О.С нар нь танилын харьцаатай ба тэдний хэн аль согтууруулах ундаа хэрэглэдэг бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 25 дугаар гудамжинд байрлах ... дугаар худгийн хажууд тааралдсан байна. Амь хохирогч О.С нь Г.Х-аас архины мөнгө нэхэхэд тэрээр хохирогчийг унагасны улмаас биед нь “гавал тархины битүү гэмтэл”  учирч хохирогч нас барсан болох нь:

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М мөрдөн байцаалтанд өгсөн “2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс залгаад “таны дүү О.С ухаангүй байдалтай Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн” гэхээр нь би тоогоогүй. Учир нь талийгаач дүү архи уусан үедээ янз бүрийн байдлаар ярьж мөнгө авдаг байсан болохоор итгээгүй. 2 хоногийн дараа цагдаагаас дахин залгаад “нас барсан” гэж ярихаар нь би Гэмтлийн эмнэлэг дээр очоод мэдсэн. ...Би гомдолтой байна. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ үү гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 32-34, 131-р хуудас/,

             Гэрч Г.У-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 25 дугаар гудамжны ... дугаар худагт ус түгээгчийн ажлаа хийж байхад 18 цагийн үед уг гудамжны зүүн үзүүр хэсэгт суурилуулсан автомашины дугуйн дээр согтуу эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж байсан. Удалгүй тэр хоёр дээр бас нэг согтуу эмэгтэй ирээд уулзсан. Нэг мэдсэн чинь хоёр согтуу эмэгтэй газарт дээр доороо ороод ноцолдоод босцгоосон. Нэг эмэгтэй нь босоод цаашаа явах гэтэл нөгөө эмэгтэйн шилэн хүзүү хэсгийн хувцасных нь хойноос татахад тэрээр хойшоо дагз хэсгээрээ газар саваад унасан. Газар унасан эмэгтэйн толгойноос цус гарахаар нь би цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 38-40, 132-133-р хуудас/,

 Гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 18 цаг 55 минутанд “Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ... дугаар худгийн хажууд 2 эмэгтэй хүн зодолдоод нэгнийхээ толгойг хагалсан байна” гэх дуудлагын дагуу тухайн хэргийн газарт 19 цаг 05 минутын үед очиход Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 25 дугаар гудамжны зүүн урд үзүүрт С гэх эмэгтэй нь биеэ авч явах чадваргүй, толгойны орой хэсгээс нь цус гарсан байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 44-р хуудас/,

Гэрч Ш.Б-ы мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 18 цаг 55 минутанд “Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ... дугаар худгийн хажууд 2 эмэгтэй хүн зодолдоод нэгнийхээ толгойг хагалсан байна” гэх дуудлагын дагуу тухайн хэргийн газарт 19 цаг 05 минутын үед очиход Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 25 дугаар гудамжны зүүн урд үзүүрт С гэх эмэгтэй нь биеэ авч явах чадваргүй, толгойны орой хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Бид 103-т дуудлага өгч яаралтай түргэн тусламжийн эмч М гэх хүнд С-ийг хүлээлгэн өгч, зодоон хийсэн гэх Х-ыг хэлтсийн түр саатуулах байранд авчирч хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 45-р хуудас/,

Гэрч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны орой 16 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ... дугаар худаг дээр 2 эмэгтэй зодолдоод нэгнийх нь толгойноос цус гараад байна гэсэн дуудлагыг хүлээн авч хэргийн газар дээр очиход өвчтөн согтуу, 35-38 орчим насны эмэгтэй газарт суулгасан толгойн дагз хэсгээс цус гарсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад хохирогч эмэгтэй “архинаас болж энэ эмэгтэйтэй маргалдсан” гээд хажууд зогсож байсан эмэгтэйг заасан. Тэгээд толгойных нь дагз орчмын шархыг харахад 2-3 см орчим язарсан шархнаас цус гарсан байдалтай байсан тул 1 оёдол тавьж, толгойд даралттай боолт хийж ГССҮТ-д хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 46-р хуудас/,

Гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг жижүүр эмчээр ажиллах хугацаанд 2018 оны 08 дугаар сарын 23-ны орой 19 цаг 40 минутанд  ухаангүй, нэр хаяг нь тодорхойгүй, толгойдоо шархтай 30 гаран насны эмэгтэй ирсэн. Өвчтнийг хүлээн авч үзээд шарханд оёдол тавьж цэгцлэн, амьсгалахуйн суурь тусламжийн өрөөнд эмчилгээ хийгдэх явцад компьютер томограф, рентген зураг болон бусад шаардлагатай шинжилгээ хийлгэн онош тодруулаад эрчимт эмчилгээний тасагт хүргүүлсэн байна. Онош нь тархины хүнд гэмтэл, тархины няцрал, хатуу хальсны дээрх цусан хураа, баруун зулайн няцарсан шарх гэх оноштой байсан. Уг өвчтнийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны орой 19 цаг 40 минутанд хүлээн авч оношлогоо шинжилгээ эмчилгээ хийгээд 23 цаг 08 минутанд эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 138-139-р хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай эмнэлэгт анх өвчний түүх нээхдээ О-ийн М гэдэг нэрээр нээгдсэн. Овог, нас тодорхойгүй, 30-40 орчим насны эмэгтэй, биеийн байдал маш хүнд, ухаангүй үхлүүт байдалтай ирсэн байсан. Эрчимт эмчилгээний эмчийн заавраар эмчилгээ хийсэн. Мөн MRI шинжилгээ яаралтай хийж, тархины хүнд гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, баруун хальсны дээрх цусан хураа, зүүн тархины эдийн няцрал, хатуу хальсны доорх нимгэн цусан хураа, баруун духны тархины няцрал, цус харвалт, гавлын ясны суурь руу орсон хугарал, хүнд зэргийн комын байдал 3 балл, архины хүнд зэргийн хордлого, олон эрхтний дутмагшил, үхлүүт байдал гэсэн онош тавин, баруун зулай чамархайн ясанд трененаци хийж, хатуу хальсны дээрх цусан бүлгэм авах гэсэн мэс заслыг 2018 оны 08 дугаар сарын 24-ний 06 цаг 45 минутаас 07 цаг 25 минут хүртэл хийн, өвчтний даралт буусан тул яаралтай мэс заслыг дуусгасан. Цаашид өвчтөн эрчимт эмчилгээний тасагт 2 хоног эмчлэгдэж байгаад 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 40 минутанд нас барсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 136-137-р хуудас/,

 

  Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 24-ний өглөө ажил эхлээд хүлээн авсан эмчлэгч эмч нь байна. Намайг хүлээж авахад хагалгаанд орчихсон байсан. Хагалгаа 2018 оны 08 дугаар сарын 24-ний 06 цаг 45 минутаас 07 цаг 25 минут хүртэл үргэлжилсэн мэс заслын бичлэгтэй байна. 2 хоног эмчлэгдсэн байна. Онош нь гавал тархины хүнд гэмтэл тархины хүнд зэргийн няцрал, баруун чамархайнаас гавлын суурь яс руу үргэлжилсэн хугаралттай, аалзан бүрхэвчийн доорх цус харвалттай, зүүн зулай орчмын хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа авсан мэс заслын дараах байдал архины хордлого, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байгаад 2018 оны 08 дугаар сарын 25-ны 23 цаг 40 минутанд нас барсан. Эмчилгээ үйлчилгээ үзүүлснээр амь нас аврагдах боломж маш муутай байсан. Хоёр хоногт хийгдсэн эмчилгээ нь үрэвслийн эсрэг антибиотек, тархины хаван хөөх, цус тогтоох, цусны бүлэглэл сайжруулах, гавлын дотоод даралт бууруулах, өвдөлт намдаах, хордлого тайлах, шингэн сэлбэх, тархины цусан хангамж сайжруулах зэрэг бусад шинж тэмдгийн эмчийн эмчилгээ хийгдсэн. Эмчилгээ хийгдэх явцад ухаан ороогүй. Өвчний түүхэнд яагаад М гэж бичигдсэнийг би мэдэхгүй байна. Хүлээн авах эмч мэдэх байх...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 135-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүх эмнэлгийн №1908 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Цогцост хийсэн шинжилгээгээр баруун чамархай яснаас доош суурийн дунд хонхор хүрсэн шугаман хугарал, зулай, баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа /40мл/ баруун, зүүн чамархайн дэлбэнгийн суурь хэсэг, духны зүүн дэлбэнгийн цусархаг няцрал, дагзны дэлбэнгийн суурь хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, няцрал, уртавтар тархины эдийн гүнд цус харвалт, тархи дарагдал, хуйх, ясны хальсанд цус хуралт, хуйханд шарх, зүүн мөр, цээжний зүүн дээд хэсэг, хоёр өвдөгт цус хуралт, баруун ташаа, бугуй, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой бөгөөд гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

2. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Уг гэмтэл нь хэвтээ болон босоо аль ч байрлалд үүсэх боломжтой.

3. Талийгаач нь эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байсан тул согтууруулах мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй.

4. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.

5. ГССҮТ-ийн №11049 тоот өвчний түүхээс: Талийгаач нь АII бүлгийн цустай байна.

6. Талийгаачийн цогцост хийсэн 2018.08.26-ны өдрийн 02 цаг 40 минутанд хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 3-4 цаг болсон байжээ. /хх-ийн 1-р хавтас 51-56-р хуудас/,

Шинжээч эмч Г.Ханхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Цогцост хийсэн шинжилгээгээр талийгаачийн цогцост гавлын ясны хугарал, цусан хураа няцрал, цус харвалт зэрэг гавал тархины гэмтлүүд тогтоогдсон бөгөөд талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан байсан. Дүгнэлтэнд дурдагдсан толгойноос бусад хэсэгт учирсан цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэрэг учрал болсон гэх дээрх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь татах түлхэх хүчний үйлчлэлээр дагзны хэсгээр савж унахад үүсэх боломжтой ба нэг удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байсан. Тархинд учирсан их хэмжээний цусархаг няцрал, цус харвалт нь мэс засал хийгдсэн ч амьдрах боломж муутай хүнд гэмтэл учраас амь нас аврагдах боломж муутай байсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 59-60-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 6-7-р хуудас/,

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 8-12-р хуудас/,

Амь хохирогчийн өвчний түүх /хх-ийн 1-р хавтас 112-122-р хуудас/,

          Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 1-р хавтас 147-148-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

     

           Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Г.Х нь амь хохирогч О.С-ийг “архины мөнгө нэхэж, нүүр маажих гэлээ” гэж шалтаглан түлхэж унагаасны улмаас “гавал тархины хүнд” гэмтэл учруулж алсан гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан.

          Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржоос “Гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоож чадаагүй. Хохирогч О.С хамт явсан хүнээ Мөөгий гэж дуудаж байсан. Эмэгтэй хүн байсан” гэж Г.Х мэдүүлдэг. Харин гэрч Г.У амь хохирогч О.С нь эрэгтэй хүнтэй хамт явж байсан гэж мэдүүлдэг. Г.Х-, амь хохирогч О.С-тэй юунаас болж маргалдсан, яагаад түлхэж унагаасныг Мөөгий харж байсан. Иймд Мөөгийг олж гэрчээр байцаах шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

          Гэрч Г.У мөрдөн байцаалтанд удаа дараа мэдүүлэхдээ “...газарт суурилуулсан дугуйн дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн сууж байсан. Гэтэл цаанаас нэг хүүхэн ирээд 3-уул болсон. Нэг харахад 2 эмэгтэй нэг нэгийгээ татаж босгож байгаа харагдсан. Эрэгтэй хүн нь намхавтар нуруутай, ногоон алаг хувцастай байсан. Насыг нь мэдэхгүй. Өмнө нь харж байгаагүй. Тэр хэрэг гарснаас хойш огт хараагүй. Одоо харвал танихгүй. Архичин шинжтэй, гудамжны байрын хүн байсан. Тэр маргаанд оролцоогүй хажууханд нь дугуйн дээр дуугай хараад сууж байгаад нэг мэдэхэд явсан байсан. Тэр эрэгтэй явуулын архичин байх Яармагийн хүн биш. Би 2006 оноос хойш 12 жил Яармагт амьдарч, ажиллаж байна” гэх мэдүүлгийг тогтвортой өгсөн байх ба шүүгдэгч Г.Х “амь хохирогч О.С  эмэгтэй хүнтэй хамт явж байсан. Хохирогч түүнийг Мөөгий гэж дуудаж байсан” гэж зөрүүтэй мэдүүлдэг. Гэрч Г.У-, шүүгдэгч Г.Х нарын мэдүүлгээс үзэхэд “амь хохирогч О.С-тэй хамт явсан хүний хүйсийг эрэгтэй, эмэгтэй гэж эрс зөрүүтэй мэдүүлдэг ба тухайн хүний нас, гадаад шинж, төрх зэрэг онцлог байдлыг тодорхойлж чадаагүй, гэрч Г.У нь одоо тухайн этгээдийг харвал танихгүй гэх нөхцөл байдлаас дүгнэхэд “хэргийг прокурорт буцааж, амь хохирогч О.С-тэй хамт явсан Мөөгий гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авч өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

         Хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд: 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 25 дугаар гудамжинд байрлах ... дугаар худгийн хажууд шүүгдэгч Г.Х нь амь хохирогч О.С-ийг түлхэж унагаасны улмаас биед нь “гавал тархины битүү гэмтэл”  учирч хохирогч нас барсан үйл баримт тогтоогдож байна.

          Шүүгдэгч Г.Х мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт  “...О.С надаас архины мөнгө нэхэж гараараа самардах гээд байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд түлхсэн чинь хойшоогоо саваад уначихсан юм. Тэгээд толгойных нь ар дагз хэсгээс цус гарахаар худгийн эгчийг түргэн тусламж дуудаад өг гэж хэлэхэд цагдаа дуудсан байсан” гэх мэдүүлгийг удаа дараа тогтвортой өгсөн ба шүүгдэгч Г.Х нь амь хохирогч О.С-ийг  түлхсэний улмаас амь хохирогч хүндээр гэмтэж, үхэж болохыг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршгийг хүсэж эсхүл зориуд хүргэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.      

   

           Харин маргалдагч этгээдийг өөрөөсөө холдуулахаар түлхсэн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх ойлголтонд хамаарах бөгөөд зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсч хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

          Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.

            Энэ хэргийн шүүгдэгч Г.Х нь амь хохирогч О.С-ийг түлхэхэд тэрээр унаж гэмтэж болохыг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч үүндээ хайхрамжгүй хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хүний амь насыг болгоомжгүй үйлдлээр хохироосон гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

         Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч Г.Х-ыг амь хохирогч О.С-ийг түлхэж унагаан алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй.

       

         Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ё.И шүүгдэгч Г.Х-ы гэм буруугийн талаар “санаандгүй байдлаар үйлдсэн” гэж хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

         Шүүгдэгч Г.Х-, амь хохирогч О.С нарын хувийн байдлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М-ын “талийгаач дүү маань архи уусан үедээ янз бүрийн байдлаар ярьж мөнгө авдаг байсан болохоор итгээгүй. 2 хоногийн дараа цагдаагаас дахин залгаад “нас барсан” гэж ярихаар нь би Гэмтлийн эмнэлэг дээр очоод мэдсэн. Талийгаач дүү маань оёдлын үйлдвэрт оёдолчноор ажиллаж байгаад нөхөртэй болж, нэг хүү төрүүлсэн. Нэг жил гаран хамтран амьдраад салсан. Хүүхэд нь одоо 13 настай эцэг дээрээ байгаа байх. Талийгаач нь 2008 оноос архинд ороод 2016 онд архины эмчилгээ хийлгээд 1 жилийн дараа буцаж архинд орж миний үгийг тоохоо больсон. Ажил хийлгэж амьдралыг нь өөд татах гэж зөндөө оролдсон боловч зугатаагаад архи уугаад алга болчихдог болсон. Би талийгаачтай хамгийн сүүлд 8 сар орчмын өмнө уулзаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.У “...нас барсан С гэх эмэгтэй ер нь их архи уудаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 133-р хуудас/, гэрч Д.Б-гийн “... манай дүү Х 2017 оны 5 дугаар сард нөхрөө нас барснаас хойш архи их хэмжээгээр уудаг болсон ба хоёр хүүхдээ харахгүй олон хоногоор хаяж алга болдог” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/, гэрч Д.М “...Х нөхөр 2 хүүхдийн хамт амьдарч байгаад өнгөрсөн жил нөхөр нь нас барснаас хойш сэтгэл санаагаар унаад архи уудаг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/, гэрч Д.Ц “Х-ы нөхөр 2017 онд аваарт орж нас барснаас хойш архи уудаг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үзэхэд шүүгдэгч Г.Х-, амь хохирогч О.С нарын хэн аль нь архи согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэдэг зуршилтай байжээ.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.Х-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.С-ийн биед баруун чамархай яснаас доош суурийн дунд хонхор хүрсэн шугаман хугарал, зулай, баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа /40мл/ баруун, зүүн чамархайн дэлбэнгийн суурь хэсэг, духны зүүн дэлбэнгийн цусархаг няцрал, дагзны дэлбэнгийн суурь хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, няцрал, уртавтар тархины эдийн гүнд цус харвалт, тархи дарагдал, хуйх, ясны хальсанд цус хуралт, хуйханд шарх бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтлийн улмаас хохирогч нас барсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Г.Х-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

         Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.

          Шүүгдэгч Г.Х-ы өмгөөлөгч Б. Дашдоржоос “Г.Х тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гаргахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч Г.Х нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа, бага насны 2 хүүхэдтэй  ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

          Шүүгдэгч Г.Х нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна.

          Шүүгдэгч Г.Х нь 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Х.О, 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр төрсөн Х.О нарын бага насны 2 хүүхэдтэйгээ ам бүл 3-уул амьдардаг болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 28 дугаар Хорооны Засаг даргын тодорхойлолтоор батлагдаж байна.

          Шүүгдэгч Г.Х-д ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэхээр дуудсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр өрх толгойлж бага насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

         Шүүгдэгч Г.Х нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хэдий ч гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Г.Х-ыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэх өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

          Шүүгдэгч Г.Х-ыг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хойшлуулшгүйгээр баривчилж /хх-ийн 1-р хавтас 71-р хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба /хх-ийн 1-р хавтас 79-р хуудас/ шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 225 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

         

Шүүгдэгч Г.Х нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

          1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Г-ийн Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

           2. С овогт Г-ийн Х-г бусад болгоомжгүй үйлдлээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Х-ыг 2 жил 6 сарын /хоёр жил зургаан сар/ хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Х-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Х-ы цагдан хоригдсон 225 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.  Шүүгдэгч Г.Х нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР

    ШҮҮГЧИД                                              Б.БАТБОЛОР

                                                                                  С.БАЗАРХАНД