| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/05883/И |
| Дугаар | 210/МА2024/01799 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2024/01799
Т ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/03243 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н ХХК, Б.С нарт холбогдох, гэрээний үүрэгт 39,603,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Талууд 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд БНСУ-аас 30 тонн барилгын хавтан тээвэрлүүлэхээр харилцан тохиролцсон. Дээрх тээвэрлэлтийг гүйцэтгэж, бараа материал Монгол Улсын хилээр орж ирсний дараа талууд тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан. Иймд хариуцагч нараас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 39,603,920 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч Н ХХК-аас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 39,603,920 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, хариуцагч Б.С-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-аас 355,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
3.1. Т ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээс 39,603,920 төгрөгийн алдангийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба манай компани тус компанитай ямар ч гэрээ байгуулаагүй ба харилцан тохиролцоогүй.
3.2. Н ХХК болон төлөөлөгч миний эрхийг шүүх ноцтой зөрчиж, шүүх хуралдаанд оролцуулалгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.
3.3. Шүүхэд тайлбарыг гаргаж өгсөн боловч хэрэгт байхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, буцааж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 2024 оны 06 сарын 26-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон бөгөөд тус шүүх хуралдааныг хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Б.С-ын хүсэлтийн дагуу 2024 оны 08 сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулсан. 2024 оны 06 сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.С өөрөө оролцсон тул шүүх хуралдааны товыг мэдэж байсан. Мөн шүүхээс Г.Б гэх хүнд шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн. Хариуцагч тал тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй тул талуудын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж тайлбарлаж байна. Хариуцагч компани манай компаниар бараа бүтээгдэхүүн тээвэрлүүлснээ хүлээн зөвшөөрч, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хариуцагч компанийн захирал Б.С нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн хариуцагч тал анхан шатны шүүх алдангид 39,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн мэтээр гомдолдоо дурдсан байна. Ямар нэгэн алданги байхгүй бөгөөд бараа материал тээвэрлүүлсэн тээвэрлэлтийн хөлс буюу үндсэн төлбөр юм. Хариуцагч тал шүүхэд тайлбар гаргаж өгсөн боловч хэрэгт байхгүй байна гэж гомдолдоо дурдсан байна. Өөрсдийн буруутай үйлдлээс болж шүүхэд тайлбар болон баримт гаргаж өгөөгүй үйлдэлдээ шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н ХХК, Б.С нарт холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 39,603,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч тал 2024 оны 02 сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.
Иймд, ...талууд БНСУ-аас 30 тонн барилгын хавтан тээвэрлүүлэхээр тохиролцсоны дагуу тээвэрлэлтийг хийсэн, улмаар тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж 39,603,920 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан... гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй тул тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон талуудын үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа зэргийг үнэлж хариуцагч Н ХХК-аас 39,603,920 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, хариуцагч Б.С-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 380 дугаар зүйлийн 380.1-д заасан зохицуулалтад тус тус нийцжээ.
6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах ... журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй гэж, 161 дүгээр зүйлийн 161.4-т ...давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж тус тус зохицуулжээ.
Иймд, хариуцагчийн төлөөлөгчийн ...манай компани тус компанитай ямар ч гэрээ байгуулаагүй ба харилцан тохиролцоогүй... гэх гомдлыг хангахгүй.
6.2. Шүүхийн зүгээс хариуцагч талд 2024 оны 08 сарын 12-ны өдрийн хурлын товыг 2024 оны 06 сарын 26, 07 сарын 01, 08 сарын 08-ны өдрүүдэд тус тус мэдэгджээ.
Хариуцагч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй.
Иймд, хариуцагчийн төлөөлөгчийн ...хариуцагч талын эрхийг ноцтой зөрчиж, шүүх хуралдаанд оролцуулалгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн... гэх гомдлыг хангахгүй.
6.3. ...Шүүхэд тайлбар гаргасан боловч хэрэгт байхгүй... гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол нь баримтаар нотлогдоогүй тул тус гомдлыг мөн хангахгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/03243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 09 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 355,980 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.НЯМБАЗАР