Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 301

 

 

 

 

 

 

 

     2019         04           17                                  2019/ШЦТ/301                           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,

хохирогч С.Б-,

шүүгдэгч Ж.О-, түүний өмгөөлөгч Ц.Амар /ҮД:..63/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-ийн О-т холбогдох эрүүгийн 1910004150171 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ж.О- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” хотхоны .. дугаар байрны .. тоотод 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Б-тай маргалдаж түүний биед “нуруунд хатгагдаж зүссэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б- бид хоёр багийн найзууд бөгөөд 12 жилийн турш уулзаагүй байж байгаад би 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б-ыг гэртээ дуудсан. Б- бид хоёр манай гэрт 2 хоног архи уусан. 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэртээ согтуугаар хиам зүсэж байсан. Гэтэл Б- сандал дээр сууж байгаад унах гэхээр нь түүнийг түшихдээ хутга барьж байсан гараараа тэвэрч авснаас ийм хэрэг гарсанд харамсаж байна гэв.

Хохирогч С.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...О- бид хоёр 10 гаруй жил уулзаагүй байсан. Гэтэл О- 2019 оны 02 дугаар сарын 03-ны орой над руу залгахаар нь гэрт нь очсон. Бид хоёр уулзаад 1 шил архи хувааж уусан ба О-ийн гэрт бид хоёр 2 хоног архи уусан. 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр О- намайг “яв” гэж хэлсэн. Тухайн өдөр бид хоёр маргалдаагүй бөгөөд дахин жижиг шилтэй “Хараа” архи хувааж уусан. Би их согтсон байсан ба ширээний хажууд сууж байгаад босох гэж байсан юм. Харин О- миний хажууд ширээн дээр хиам зүсэж байсан бөгөөд намайг сандалнаас унах гэж байхад О- тосож авах гэж байгаад барьж байсан хутгаараа миний нурууг зүссэн. Түүнээс биш О- хажуугаар зөрөхдөө намайг хутгалаагүй. Би мөрдөн байцаагчид санаандгүй ийм зүйл болсон гэж хэлж байсан гэв.

 

Эрүүгийн 1910004150171 дугаартай хэргээс:

 

Хохирогч С.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо .. дугаар байрны .. тоотод найз О- над руу залгаад “манай гэрт хүрээд ир, хоёулаа уулзаагүй удсан болохоор ярих зүйл их байна” гэсэн. Би 20 цагийн үед О-ийн гэрт нь очиход тэрээр ганцаараа байсан. Тэгээд намайг ирлээ гээд 0.75 литрийн савлагаатай “Хараа” архи аваад хувааж ууж байхдаа бид хоёр Монгол Улсын түүхийн талаар ярилцсан. Бид хоёр санал зөрөлдөж маргалдаж эхэлсэн. О- миний хажуугаар зөрөхдөө үзүүртэй зүйлээр хатгах шиг болохоор нь гараараа тэмтрээд үзсэн чинь цус гарсан байсан. О- сандраад түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэн тусламж болон цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

Гэрч Б.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 05-ны 21:45 цагийн үед Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст томилогдсон хуваарийн дагуу Арцат-111 чиглэл дээр машинтай эргүүлийн офицер ахлах дэслэгч Б.С-ын хамт үүрэг гүйцэтгэж байхад “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... хотхоны ../1-.. тоотод цээжиндээ хутгалуулсан хүн цус алдаад байна” гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад С.Б- гэх залуу хутгалуулсан гээд .. тоотын үүдэнд зогсож байсан. Хэргийн газрыг хамгаалалтанд аваад хутгалуулсан гэх С.Б-аас болсон явдлын талаар асуухад “гадаа тамхи татах гэж гараад 3-4 залуучуудад хутгалуулсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн №2091 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Хэсэг газрын үзлэгт: Нурууны зүүн талд далны дунд шугамаар 10-11-р хавирганы түвшинд нуруу руу гүн хавж хатгагдсан шархтай.

1. С.Б-ын биед нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 44-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Бактериологийн №1179 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн урт-30см, ажлын хэсэг-20см, иш-10см цагаан төмөр мэт иштэй хутга дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн урт-30см, ажлын хэсэг-20см, иш-10см цагаан төмөр мэт иштэй хутга дээр бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. /хх-ийн 45-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №1566 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн ягаан эрээн өнгийн дэвсгэр даавууны дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. Ягаан эрээн өнгийн дэвсгэр даавуун дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 48-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №1567 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ийн арчдас гэх гялгар уутанд хийсэн 00-ийн цаасны хэсэг дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. ХГҮ-ийн арчдас гэх гялгар уутанд хийсэн 00-ийн цаасны хэсэг дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 52-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 16-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн ..-р хуудас/,

Шүүгдэгч Ж.О- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 05-ны өглөө Б- бид хоёр дэлгүүрээс 0.5 литрийн “Хараа” архи 1 шил, “Нийслэл” пиво 2 шил, хиам болон бусад идэж уух зүйл аваад гэртээ ороод бид хоёр архиа хувааж уусан. Би оройны 19 цагийн үед Б-ыг “гэр лүүгээ яв” гээд унааны 5000 төгрөг өгөөд явуулсан. Гэтэл удалгүй хаалга тогшоод Б- гаднаас 200 граммын “Хараа” архи 1 шил, 3 ширхэг тамхи барьсан орж ирэхээр нь “яагаад яваагүй юм бэ” гэхэд “найз нь маргааш явъя” гэхээр нь “тэг тэг” гээд бууз жигнээд хөргөгчнөөс 2 шилтэй пиво гаргаж ирээд ширээн дээр тавьсан. ...Б- согтоод сандалнаас унах гээд байхаар нь эхлээд түшсэн. Тэгтэл Б- сууж байсан сандалнаасаа босоод урагшаа унах гээд байхаар нь би тэвэрч авахдаа гартаа барьсан хутгаараа нуруу руу нь хатгасан байсан. Б- “яаж байна” гээд нуруугаа тэмтэртэл гар нь цус болсон. Би гартаа барьсан хутгаа хартал үзүүр хэсэг нь цус болсон байхаар нь Б-ын цамцыг сөхөхөд нуруунаас нь цус гарч байсан. Би сандраад ариун цэврийн өрөөнөөс алчуур авчраад шархан дээр нь дарж байгаад “эмнэлэг, цагдаа дуудъя” гэхэд Б- “яахын бэ, би гаднаас танайд орж ирэхдээ гадаа хутгалуулсан гэж хэлье” гэхээр нь “яахын бэ, үнэнээ хэлье” гээд гэрийнхээ утсаар 103-т дуудлага өгсөн. ...Б- эмнэлэгт хэвтэж байхдаа надаас ор хоногийн мөнгө гэж 330.000 төгрөг авсан, мөн бэлнээр 500.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.А-ийн мэдүүлэг /хх-ийн ..-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 77-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 79-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 80-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 81-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.О-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Ж.О-, хохирогч С.Б- нар нь багийн найз нөхдийн харилцаатай бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” хотхоны .. дугаар байрны .. тоот Ж.О-ийн гэрт хохирогч С.Б- ирж 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 05-ны оройг хүртэл хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Шүүгдэгч Ж.О- нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны орой согтуурсан үедээ хохирогч С.Б-ыг шалтгаангүйгээр нуруу тус газар нь хутгаар хатгаж биед нь “нуруунд хатгагдаж зүссэн шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Үүнд:

 

Хохирогч С.Б-ын “...О- бид хоёр багийн найзууд уулзаагүй 12 жил болсон байсан. Ж.О- 2019 оны 02 дугаар сарын 03-ны орой над руу залгаж “манай гэрт хүрээд ир” гэхээр нь очсон. Бид хоёр Ж.О-ийн гэрт 2 хоног архи уусан. 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр О- намайг “яв” гэж хэлсэн. Тухайн өдөр бид хоёр маргалдаагүй бөгөөд дахин жижиг шилтэй “Хараа” архи хувааж уусан. Би их согтсон байсан ба ширээний хажууд сууж байгаад босох гэж байсан юм. Харин Ж.О- миний хажууд ширээн дээр хиам зүсэж байсан бөгөөд намайг сандалнаас унах гэж байхад тосож авахдаа  барьж байсан хутгаараа миний нурууг зүссэн. Түүнээс биш Ж.О- хажуугаар зөрөхдөө намайг хутгалаагүй. Би мөрдөн байцаагчид санаандгүй ийм зүйл болсон гэж хэлж байсан. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

 

Гэрч Б.Б-ын ...Арцат-111 чиглэл дээр машинтай эргүүлийн офицер ахлах дэслэгч Б.С-ын хамт үүрэг гүйцэтгэж байхад “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... хотхоны ../1-.. тоотод цээжиндээ хутгалуулсан хүн цус алдаад байна” гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад С.Б- гэх залуу хутгалуулсан гээд .. тоотын үүдэнд зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн №2091 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. С.Б-ын биед нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 44-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Ж.О- яллагдагчаар өгсөн: ...Б- согтоод сандалнаас унах гээд байхаар нь эхлээд түшсэн. Тэгтэл Б- сууж байсан сандалнаасаа босоод урагшаа унах гээд байхаар нь би тэврэхдээ гартаа барьсан хутгаараа нуруу руу нь хатгасан байсан. Б- “яаж байна” гээд нуруугаа тэмтэртэл гар нь цус болсон. Би гартаа барьсан хутгаа хартал үзүүр хэсэг нь цус болсон байхаар нь Б-ын цамцыг сөхтөл нуруунаас нь цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амараас гэм буруугийн хувьд болгоомжгүй үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно” гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах талаар тусгаагүй. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч Ж.О- нь хор уршгийг хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Болгоомжгүй гэмт хэрэг гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдснийг ойлгоно.

Шүүгдэгч Ж.О-ийн хувьд согтуурсан үедээ барьж байсан хутгаараа хохирогч С.Б-ын нуруу руу хатгасан үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Ж.О-ийг цагаатгаж өгнө үү” гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Хохирогч С.Б-ын биед учирсан “нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ж.О-ийн түүний нуруу хэсэгт хутгаар хатгасны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалгаант холбоо тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Ж.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч С.Б- нь “эмчилгээ болон эм тарианы зардалд нийт 830.000 төгрөг авсан тул гомдолгүй” /хх-ийн 83-р хуудас/ гэсэн хүсэлт мөрдөн байцаалтанд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амараас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Ж.О-ийн эхнэр нь өвчтэй хөдөлмөрийн чадвараа алдсан тул асрах шаардлагатай тул ажил эрхлэх боломжгүй байдаг хувийн байдлыг нь харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогч С.Б-ын Ж.О-т гомдолгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн санал, шүүгдэгчийн эхнэр Б.А- нь хөдөлмөрийн чадвараа алдсан, шүүгдэгч нь өвчтэй эхнэрээ асардаг зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ж.О-т торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.О-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32 см урттай, үзүүр хэсэг нь 6 см урттай нэг ширхэг хутга, арчдас даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

 

Шүүгдэгч Ж.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ж-ийн О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.О-т мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О- нь хохирогч С.Б-т 830.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Ж.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32 см урттай, үзүүр хэсэг нь 6 см урттай нэг ширхэг хутга, арчдас даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР