Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 302

 

 

 

 

 

 

 

    2019         04           17                                   2019/ШЦТ/302

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр хөтөлж,

иргэдийн төлөөлөгч М.Нарантуяа,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох

шүүгдэгч Ж.Д-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД:0497/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-ы Д-ид холбогдох эрүүгийн 1810029190110 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ж.Д- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Туулын задгайд байх өөрийн гэрийн гадна иргэн Н.Э-ыг эхнэртэйгээ хардаж нуруу, дал, эгэм зэрэг газар нь хутгалж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ж.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Эрүүгийн 1810029190110 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны орой ажлаа тараад Е-тэй хамт Д-ийн хашаанд машинаа засуулахаар очсон. Гадаа хүйтэн байсан болохоор машиныг  дараа засахаар болсон. Бид гурав удаан уулзаагүй болохоор “жаахан сууцгаая” гээд би нэг шил 0.5 литрийн савлагаатай “Улаанбаатар” архи, 2.5 литрийн савлагаатай “Нийслэл” пиво аваад Д-, түүний эхнэр бид гурав гэрт нь уусан. Харин Е- “найз охиноо авчирна” гэж яваад орой 22 цаг өнгөрч байхад ирээд дэлгүүрээс дахин 2 ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво аваад хуваагаад уусан. Бид нар Д-ийн гэрт хонохоор болоод эхнэр нь ор засаад Е-г найз охинтой нь хамт унтуулсан. Эхнэр нь Д-ийг “гэртээ оруулж ирнэ” гэж гараад орж ирэхдээ надад “Д- босохгүй байна, чи өргөөд оруулаад өгөөч” гэхээр нь би хамт гараад машин дээр очтол тэр сэрэхгүй нилээн байж байгаад сэрсэн. Д- сэрэнгүүтээ надад “чи манай эхнэртэй унтлаа” гээд хардаад миний нүүрэнд цохисон. Бид хоёр хоорондоо ноцолдож байгаад салтал тэрээр эгчийнхээ гэр рүү гүйгээд орчихсон. Би эхнэртэй нь хамт гэрт нь ороод үүд хэсэгт зогсож байтал гаднаас Д- орж ирээд миний нуруунд хоёр удаа цохих шиг болсон. Тэгтэл миний нуруунд хатгасан байсан. Би хутгыг нь булааж авах гээд ноцолдож байх хооронд дахиад миний цээж, дал хэсэгт нэг нэг удаа хутгалсан. Д- намайг эхнэртэйгээ хардаад уурлаад хутгалсан. ...Би нийт 1.294.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 17-р хуудас/,

 

Гэрч Ч.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 13-ны орой 18 цаг өнгөрч байхад Д-, Э-, Е- нар ирээд архи уусан. Д- надтай хамт машин дотор  юм ярьж сууж байгаад унтаад байхаар нь би “гадаа хүйтэн байна, гэртээ ороод унт” гэхэд “үгүй” гэсэн. Би гэрт ороод Э-ыг сэрээгээд “Д- гэрт орохгүй машин дотор унтаад байна, сэрээгээд оруулаад өг” гэхэд Э- машин дээр очоод Д-ийг сэрээхэд Д- “та 2 яагаад хамт явж байгаа юм бэ, Э- чи миний эхнэрийг оролдсон байна” гээд орилоод Э-тай зууралдаад зодолдсон. Би салгаж дийлэхгүй байж байхад хажуу талын гэрт байсан Ш- эгч гарч ирээд салгасан. Би Ш- эгчийн гэрт уйлаад байсан хүүхдээ аваад гэртээ ороход Э-ын цээжнээс цус гарчихсан, Д- хутга бариад зогсож байсан. Би Э-ын цээжийг даавуугаар дараад түргэн тусламж ирэхийг хүлээж байгаад өгч явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23, 25-р хуудас/,

 

Гэрч Ж.Ш- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны орой 21 цаг өнгөрч байхад ажил тараад гэртээ ирэхэд манай дүүгийн гэрт найзууд нь ирчихсэн байсан. Намайг унтаж байхад хүмүүс зодолдоод байхаар нь гараад хартал дүү Д- найзтайгаа зодолдож байсан. Би очоод тэр хоёрыг салгаад “яагаад зодолдоод байгаа юм бэ” гээд зогсож байх хооронд Д- гэр рүүгээ ороод хутга аваад гарч ирсэн. Би хутгыг салгаж авах гээд чадахгүй байж байхад найзтайгаа зууралдаад байж байхдаа түүний цээж хэсэг рүү хутгалаад цус гараад эхлэхээр гэрт нь оруулаад хэвтүүлээд түргэн тусламж болон цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

 

Гэрч Б.Е- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 13-ны орой Д-ийн хашаанд Э-, Д- бид гурав миний машиныг задлах гэж байхад манай найз охин А- над руу залгаад “ажил тарчихсан” гэхээр нь “очоод авъя” гээд машинаа засахаа болиод найз охиноо очиж авсан. ...Д-, түүний эхнэр, Э- гурав хамт архи уусан. Манай найз охин бид хоёр өглөө ажилтай болохоор уугаагүй. Тэндээ найз охинтойгоо газар ор засуулаад унтсан. Нэг сэрсэн чинь Д-, Э- хоёр хоорондоо ноцолдож байсан. Тэр хоёрыг Д-ийн эхнэр, эгч хоёр салгасан. Э- дээгүүрээ нүцгэн бие нь цус болсон байдалтай байсан. Э-ыг Д- хутгалсан талаар тэд нарын ярианаас мэдсэн. Д- Э-ыг “чи муу миний эхнэрийг оролдсон” гээд орилоод уурлаад байсан. Харин Э- сайн дуугарч чадахгүй байсан. Э- газарт  унаад өгөхөөр нь хартал түүний цээж хэсгээс нь цус гойжоод байхаар нь эмнэлэг болон цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

 

Гэрч У.Ө- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 9, 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хариуцан Эрхэс-112 чиглэлийн автомашинтай эргүүлд үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрийн үүрээр 04 цаг өнгөрч байхад “согтуу хүмүүс зодолдоод, нэгнийгээ юмаар дүрсэн юм шиг байна” гэх дуудлагын дагуу Туулын задгай гэх хаяганд очсон. Намайг очих үед хашаандаа хоёр гэртэй, баруун талын гэр дотор нь Э- гэх залуу нуруу хэсэгтээ хутгалуулсан, нуруу цээж нь цус болсон байдалтай орон дээр сууж байсан. Д- гэх залуу нилээн согтуу “би найзыгаа хутгалчихсан байна” гээд гар нь цус болсон байсан. ...Гэрийн үүд хэсгийн шал цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байсан. Удалгүй 103 ирээд Э-ыг аваад явсан. Би хэргийн газрын үзлэгийн баг иртэл хэргийн газрыг хамгаалалтанд авч байгаад мөрдөгч дэслэгч Б.М-гийн удирдсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

 

Гэрч Б.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би найз залуу Е-гийн хамт Д-ийн гэрт ирэхэд Д-, түүний эхнэр, Э- гурав согтсон байсан. ...Бид хоёр унтаж байхад сэртэл үүд хэсэгт Д-, Э- хоёр хоорондоо барьцалдсан, хоёулаа цусанд хутгалдсан байдалтай байсан. Д- Э-ыг “чи миний эхнэрийг оролддог хэн бэ” гээд орилоод хараагаад байсан. Харин Э- юм ярихгүй чимээгүй байсан. Б- Э-ын цээжийг даавуугаар дараад цусыг нь арчаад байх шиг байсан. Намайг сэрэхээс өмнө Д- Э-ыг хутгалчихсан юм шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн №235 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Үзлэгт: Баруун эгэмний дор босоо байрлалтай, 4 см урттай, 3 оёдолтой орчны эддээ захаасаа арилж буй шаргал өнгийн цус хуралт бүхий, баруун далан дээр 2 см урттай 2 оёдолтой хөндлөн нурууны голд ташуу байрлалтай, 2 оёдолтой, зүүн далны дор хөндлөн байрлалтай 2 оёдолтой шархнуудтай. Цээжний зүүн хөндийд гуурстай. Баруун шууны дунд доод талд босоо байрлалтай зураасан хэлбэрийн 1 см урттай, баруун бугалганы дээд урд ташуу зураасан 2 см зулгаралттай.

1. Н.Э-ын биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, шуу, бугалганы цус  хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 44-р хуудас/,

Шинжээч эмч Ж.Ганцэнгэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Э-ын баруун эгэмний дор босоо байрлалтай 4 см урттай 1 шарх, баруун далан дээр 2 см урттай 1 шарх, зүүн далны дор хөндлөн байрлалтай 1 шарх, баруун шууны дунд доод талд босоо байрлалтай 1 см урттай 1 шарх, нийт 5 шархтай байсан. Дээрх гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн 5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун эгэм, баруун дал, нурууны гол хэсэг, зүүн даланд учирсан гэмтлүүд нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, шуу, бугалганы хэсэгт зулгаралт, цус хуралт байсан. Гэмтлүүд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 48-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалисткийн №122 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна.

2. Фудболк болон хөнжил нь үмхийрч муудсан тул шүүх биологийн шинжилгээ хийх боломжгүй байна. /хх-ийн 50-р хуудас/,

 

Өвчний түүх /хх-ийн 55-66-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-40-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 42-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Д- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажлаа тараад Е-гийн машиныг засахаар тохирсон байсан тул Э-, Е- хоёр манайд ирчихсэн машин засах гэж байсан. Э- “больцгооё” гээд дараа нь засахаар болсон. Би Э-аас 10.000 төгрөг зээлээд бид гурав гэрээс гараад машиндаа газ хийгээд буцаж ирэх замаараа дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай “Улаанбаатар” архи, 2.5 литрийн савлагаатай “Боргио” пиво аваад гэртээ ирсэн. Е-г найз охин нь дуудаад яваад өгөхөөр нь Э- бид хоёр авсан пиво, архиа хувааж ууж дуусаад байж байтал орой 23 цагийн үед Е-, найз охинтойгоо хамт манайд ирсэн. Э-, Е- хоёр дэлгүүр ороод нэг шил архи, 2.5 литрийн савлагаатай том пиво авчирсан. Би архинаас нь 3 татаад тасарчихсан. Ухаан ортол хашаандаа Е-н машинд ганцаараа унтаж байсан. Намайг эхнэр сэрээгээд “Э- намайг оролдоод байна” гэхээр нь машинаас буугаад Э-ыг гэрийн гадаа байхад нь түүний нүүр рүү 2-3 удаа цохиод буцаад тасарчихсан. Дахин ухаан ортол гэр дотор гартаа хар өнгийн бариултай манай эгчийн гэрт байдаг хутгыг барьчихсан, гар цус болсон байсан. Э-ын цээж нуруунаас нь цус гарчихсан байдалтай үүд хэсэгт зогсож байсан. Би гэрээс гарч хутгаа үүдэнд хаясан. ...Ухаан ортол би эгчийнхээ гэрт орчихсон гаднаас цагдаа ирээд намайг аваад явсан. ...Би Э-ын нуруу хэсэгт нь 2 удаа хутгалж байснаа санаж байна. Өөр хаана нь хутгалснаа мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 73-74, 77-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч М.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/, гэрч Ц.Ө-ын мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 81-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 82-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 83-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Д-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

          Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Ж.Д-, хохирогч Н.Э- нар нь урьд хамт ажилладаг байсан, найз нөхдийн харилцаатай бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 13-ны орой Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Туулын задгайд байх Ж.Д-ийн хашаанд Б.Е-н автомашиныг засахаар хохирогч Н.Э-, Б.Е- нар очсон бөгөөд шүүгдэгч Ж.Д-  хохирогч Н.Э- нар нь хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Шүүгдэгч Ж.Д- нь 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө үүрээр согтуурсан үедээ хохирогч Н.Э-ыг “эхнэртэйгээ хардан” зодолдож улмаар эгч Ж.Ш-ийн гэрээс ахуйн хэрэглээний хутга авчирч гэрийн үүдэнд зогсож байсан хохирогч Н.Э-ыг хутгалж, биед нь “цээжний хөндийн нэвтэрсэн шарх, шуу, бугалганы цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Үүнд:

            Хохирогч Н.Э-ын ...Д-ийн эхнэр ор засаад Е-г найз охинтой нь хамт унтуулсан. Тэгээд эхнэр нь Д-ийг “оруулж ирнэ” гэж гараад буцаж орж ирэхдээ надад “Д- босохгүй байна, чи өргөөд оруулаад өгөөч” гэхээр нь би хамт гараад машин дээр очтол огт сэрэхгүй байж байгаад сэрэнгүүтээ надад “чи манай эхнэртэй унтлаа” гээд хардаад миний нүүрэнд цохисон. Бид хоёр хоорондоо ноцолдож байгаад салтал Д- эгчийнхээ гэр рүү гүйгээд орчихсон. Би эхнэртэй нь хамт гэрт нь ороод үүд хэсэгт зогсож байтал гаднаас Д- орж ирээд миний нуруунд хоёр удаа цохих шиг болсон. Тэгтэл миний нуруунд хатгасан байсан. Би хутгыг нь булааж авах гээд ноцолдож байх хооронд дахиад миний цээж, дал хэсэгт нэг нэг удаа хутгалсан. Д- намайг эхнэртэйээ хардаад уурлаад хутгалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 17-р хуудас/,

 

Гэрч Ч.Б-гийн ...Би гэрт ороод Э-ыг сэрээгээд “Д- гэрт орохгүй машин дотор унтаад байна, сэрээгээд оруулаад өг” гэхэд Э- машин дээр очоод Д-ийг сэрээхэд “та 2 яагаад хамт явж байгаа юм бэ, Э- чи миний эхнэрийг оролдсон байна” гээд орилоод Э-тай зууралдаад зодолдсон. ...Э-ын цээжнээс цус гарчихсан, Д- хутга бариад зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23, 25-р хуудас/,

 

Гэрч Ж.Ш-ийн ...Би очоод тэр хоёрыг салгаад “яагаад зодолдоод байгаа юм бэ” гээд зогсож байх хооронд Д- гэр рүүгээ ороод хутга аваад гарч ирсэн. Би хутгыг салгаж авах гээд чадахгүй байж байхад найзтайгаа зууралдаж байхдаа түүний цээж хэсэг рүү хутгалаад цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

 

Гэрч Б.Е-гийн ...Нэг сэрсэн чинь Д-, Э- хоёр хоорондоо ноцолдож байсан. Д-ийн эхнэр, эгч хоёр нь тэр хоёрыг салгасан. Э- дээгүүрээ нүцгэн бие нь цус болсон байдалтай байсан. Э-ыг Д- хутгалсан талаар тэд нарын ярианаас мэдсэн. Д- Э-ыг “чи муу миний эхнэрийг оролдсон” гээд орилоод уурлаад байсан ба Э- болохоор сайн дуугарч чадахгүй байсан. Э- газарт  унаад өгөхөөр нь хартал түүний цээж хэсгээс нь цус гойжоод байхаар нь эмнэлэг болон цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

 

Гэрч У.Ө-ийн ...Тухайн өдрийн үүрээр 04 цаг өнгөрч байхад “согтуу хүмүүс зодолдоод, нэгнийгээ юмаар дүрсэн юм шиг байна” гэх дуудлагын дагуу Туулын задгай гэх хаяганд очсон. Намайг очих үед хашаандаа хоёр гэртэй, баруун талын гэр дотор нь Э- гэх залуу нуруу хэсэгтээ хутгалуулсан, нуруу цээж нь цус болсон байдалтай орон дээр сууж байсан. Д- гэх залуу нилээн согтуу “би найзыгаа хутгалчихсан байна” гээд гар нь цус болсон байсан. ...Гэрийн үүд хэсгийн шал цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

 

Гэрч Б.А-гийн ...Бид хоёр унтаж байгаад сэртэл үүд хэсэгт Д-, Э- хоёр хоорондоо барьцалдсан, хоёулаа цусанд хутгалдсан байдалтай байсан. Д- Э-ыг “чи миний эхнэрийг оролддог хэн бэ” гээд орилоод хараагаад байсан. Харин Э- юм ярихгүй чимээгүй байсан. Б- Э-ын цээжийг даавуугаар дараад цусыг нь арчаад байх шиг байсан. Намайг сэрэхээс өмнө Д- Э-ыг хутгалчихсан юм шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн №235 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Н.Э-ын биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, шуу, бугалганы цус  хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 44-р хуудас/,

Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн ...Э-ын баруун эгэмний дор босоо байрлалтай 4 см урттай 1 шарх, баруун далан дээр 2 см урттай 1 шарх, зүүн далны дор хөндлөн байрлалтай 1 шарх, баруун шууны дунд доод талд босоо байрлалтай 1 см урттай 1 шарх, нийт 5 шархтай байсан. Дээрх гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн 5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун эгэм, баруун дал, нурууны гол хэсэг, зүүн даланд учирсан гэмтлүүд нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, шуу, бугалганы хэсэгт зулгаралт, цус хуралт байсан. Гэмтлүүд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 48-р хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Ж.Д- яллагдагчаар өгсөн: ...Би ухаан ортол хашаандаа Е-н машинд ганцаараа унтаж байсан ба намайг эхнэр сэрээгээд “Э- намайг оролдоод байна” гэхээр нь машинаас буугаад Э-ыг гэрийн гадаа байхад нь түүний нүүр рүү 2-3 удаа цохиод буцаад тасарчихсан. Дахин ухаан ортол гэр дотор гартаа хар өнгийн бариултай манай эгчийн гэрт байдаг хутгыг барьчихсан, гар цус болсон байсан. Э-ын цээж нуруунаас нь цус гарчихсан байдалтай үүд хэсэгт зогсож байсан. ...Би Э-ын нуруу хэсэгт нь 2 удаа хутгалж байснаа санаж байна. Өөр хаана нь хутгалснаа мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 73-74, 77-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

          Эрүүгийн хуульд зааснаар “зэвсэг” гэдэг нь аливаа биетийг устгах, гэмтээж болохуйц зориулалттай, үйлдвэрийн болон гар хийцийн аргаар хийсэн эд зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Д- нь хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулахдаа зэвсэг буюу нийт урт нь 24.5 см, ажлын хэсэг нь 12.5 см урттай хар өнгийн иштэй хутгыг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн байна.

 

         Иймд прокуророос шүүдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Ж.Д-ийг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэг гэм буруугийн талаар гаргасан саналдаа “шүүгдэгч Ж.Д-д эхнэр нь “Н.Э- оролдоод байна” гэж хэлсэнд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдсан байна. Гэхдээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэдэгт маргахгүй” гэсэн санал гаргаж мэтгэлцсэн.

 

        Шүүгдэгч Ж.Д- нь гэм буруугийн талаар маргаагүй.

 

        “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидна” гэдэг нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг ойлгоно.

        Шүүгдэгч Ж.Д-ийн хувьд согтуурсан үедээ хохирогч Н.Э-ыг “эхнэртэйгээ хардаж” хутгалсан үйлдлийг хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автсан, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэж үзэхгүй юм. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь тухайн гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.

         Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “эмчилгээний зардалд 1.294.000 төгрөг нэхэмжилнэ” гэжээ.

          Шүүгдэгч Ж.Д- нь шүүхийн шатанд хохирогч Н.Э-т 1.300.000 төлсөн ба хохирогч нь шүүхийн шатанд “эмчилгээний болон бусад зардалд 1.300.000 төгрөг авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 101-р хуудас/ гаргасан тул шүүгдэгч Ж.Д-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Хохирогч Н.Э- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 08 жилийн хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс Ж.Д- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

          Шүүхээс шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос “шүүгдэгч Ж.Д-д хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт нь 24.5 см, ажлын хэсэг нь 12.5 см урттай, хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

 

Шүүгдэгч Ж.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт Ж-ы Д-ийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.Д-ийг 03 жил 06 сарын /гурван жил зургаан сар/ хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ид оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д- нь хохирогч Н.Э-т 1.300.000 төгрөг төлсөн ба хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ж.Д- нь цагдан хоригдсон, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт нь 24.5 см, ажлын хэсэг нь 12.5 см урттай, хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Д-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР

    ШҮҮГЧИД                                              Д.АЛТАНЖИГҮҮР

                                                                                  С.БАЗАРХАНД