Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 184/2023/05073/И |
Дугаар | 210/МА2024/01797 |
Огноо | 2024-09-23 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2024/01797
Т ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 19-ний өдрийн 184/ШШ2024/03775 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц ХХК, Д.М, С.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 509,438,474 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болон ирээдүйд орох орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц ХХК, Д.М нарын давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Р.А, хариуцагч Ц ХХК-ийн төлөөлөгч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус банк нь Ц ХХК, Д.М, С.Б нартай 2021 оны 06 сарын 18-ны өдөр 21/114 тоот зээлийн гэрээг байгуулж, 480,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийг зээлдэгчийн *********** тоот дансанд олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2021 оны 06 сарын 18-ны өдөр 21/114 тоот барьцааны гэрээг байгуулж, Д.М-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, *-р хороо, Х-ийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, **** байрны *** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн 2021 оны 06 сарын 18-ны өдөр 21/114 тоот батлан даалтын гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан. Зээлдэгч нь 21/114 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөр төлөх үүрэгтэй боловч 2021 оны 11 сарын 20-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай зээлдэгчид мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Мөн зээлийн гэрээний 2.1.6.1-д заасны дагуу зээлдэгч нь 21/114 тоот зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 66,305,049 төгрөг, зээлийн хүү 8,947,976 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 67,723 төгрөг, нийт 75,320,750 төгрөгийг төлсөн бөгөөд тус зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрлээ.
Иймд нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалж, Ц ХХК, Д.М, С.Б нараас үндсэн зээл 413,694,950 төгрөг, хүү 90,777,489 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,966,034 төгрөг, нийт 509,438,474 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгө мөн ирээдүйд орох орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч Ц ХХК хариу тайлбартаа: Тус компани нь 2021 оны 06 сарын 22-ны өдөр Т-ны салбараас 480,000,000 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй, мал мах бэлтгэн БНХАУ-д экспорт хийх зорилготой зээл авсан. 2021 оны 06 сарын 28-ны өдрөөс БНХАУ хилээ хаасан. Төрийн банканд удаа дараа давагдашгүй хүчин зүйлтэй тулгарлаа, эргэн төлөлтийг 1 жилээр хойшлуулж өгөх хүсэлт тавьсан боловч нааштай шийд өгөөгүй. Бизнесийг дэмжинэ гэсэн сурталчилгаа нь хэрэгжээгүй. Холбогдох яам, Монгол банканд удаа дараа хандсан боловч Т шийднэ гэсэн хариуг өгч байсан. Барьцаа болох орон сууцанд сургуулийн насны 2 хүүхэд, 0 насны 1 хүүхэд, нийт 5 ам бүл амьдарч байгаа болохоор эхнэр хүүхдүүд барьцаа болгохыг зөвшөөрөөгүй байгаа. Мөн тус банк гэрээнд өөрчлөлт оруулан 22%-ийн хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Гуравдагч этгээд Зээлийн батлан даалтын сан тайлбартаа: Тус сан нь Т-ны харилцагч Ц ХХК-ийн 480,000,000 төгрөгийн ажлын байрыг дэмжих зээлийн 49.8 хувьд 2021 онд батлан даалт гаргаж, батлан даалтын гурван талт гэрээ байгуулсан. Зээлийн батлан даалтын сан вексель бичиж, Монголбанк уг векселийг Сангийн яамны нэрийн өмнөөс худалдан авах нөхцөлтэй ерөнхий гэрээ байгуулагдсан. Дээрх нөхцөл бүрдээгүй, вексель бичих эсэх нь ганц Зээлийн батлан даалтын сангаас хамаарахгүй тул батлан даалтын үүргийг гүйцэтгэх боломжгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц ХХК, С.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 509,438,474 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.М-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Т ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 509,438,474 төгрөг гаргуулах гэх шаардлагыг, ирээдүйд олох байсан орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц ХХК, С.Б нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Д.М-ын өмчлөлийн Хан-Уул, *-р хороо, Х-ийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, **** байр, *** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц ХХК, С.Б нараас 2,705,142 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.М-оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэгч Т ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,775,342 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Ц ХХК, Д.М нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
5.1. 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 21/114 тоот Зээлийн гэрээ, 21/114 тоот Батлан даалтын гурван талт гэрээ, 21/114 тоот Авлага барагдуулах гурван талт гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй.
5.2. Т ХК үндэслэлгүйгээр их хэмжээний хүү бодож эхэлсэн ба үүнийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Т-ны 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 21/114 тоот Зээлийн гэрээ-ний 2.1.6.1 дэх заалт нь хэт нэг талыг барьсан, шударга ёсны зарчимд нийцэхгүй, хуулиас давсан, хэт өндөр хүү тооцох заалт нь үндэслэлгүй, бидний эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
5.3. 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 21/114 тоот Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус тул түүнийг дагаж хийгдсэн 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 21/114 тоот Батлан даалтын гурван талт гэрээ, 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 21/114 тоот Авлага барагдуулах гурван талт гэрээ нь тус тус хүчин төгөлдөр бус юм.
5.4. Ц ХХК малын мах бэлтгэл, боловсруулах, экспортод гаргах үйл ажиллагааг явуулдаг үндэсний компани. Бид үндсэн үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс тус банкнаас зээл хүссэн. Т-ны тавьсан шаардлагыг, мөн зээлийн батлан даалтын сангийн шаардлагыг тус тус хангаж чадсан. Т өөрийн эрх ашиг шингэсэн гэрээг шууд тулгаж, танилцах боломж олгоогүй ба бид гэрээний зарим нэг заалтыг өөрчлөх талаар хэлэхэд гэрээ хийвэл хий аль эсвэл зээл олгохоос татгалзлаа гэж хэлсэн. Бид хийх ажлаа төлөвлөж, зарим ажлаа хийж эхэлсэн байсан тул гарын үсэг зурж гэрээг байгуулсан. Бид үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байсан ба зээлээ графикийн дагуу төлж байсан. Гэтэл 2019 оны сүүлээс эхлэн цар тахал гарсан ба хил гааль хаагдаж эхэлсэн. Бид их хэмжээний мах боловсруулж БНХАУ руу гаргах гэж байсан ба маш их хэмжээний хохиролд орж хүнд байдалд орсон.
5.5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласан, шүүх хуралд оролцуулалгүй, тайлбарыг сонсолгүй эзгүйд шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Шүүх хэрэгт авагдсан баримтаар бус хэрэгт хамааралгүй, банкны талд шийдвэрлэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр. Гэрээнд зээлийн төлбөрийг 90 хоногийн дотор төлөх ёстой байтал Ц ХХК нь 117 хоногийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, жилийн 20,4 хувиар тооцохоор харилцан тохиролцсон. Батлан даалтын гурван талт гэрээний 2.1-д батлан даалтын авлагыг барагдуулсан тохиолдолд банк зээлдэгч нараас шаардаж, төлүүлэхээр заасан. Зээлдэгчээс зээл авах хүсэлт, холбогдох материалуудыг бүрдүүлж өгч зээлийн хороо болон хөндлөнгийн байгууллагын гаргасан эрсдэлийн дүгнэлтийг үндэслэж банк зээл олгосон. Мөн зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрэлтийг зээл олгосноос 2 жилийн өмнөх буюу 2019 онд гарсан Ковид-19 цар тахалтай хамааралтай гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч Ц ХХК, Д.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Ц ХХК, Д.М, С.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 509,438,474 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болон ирээдүйд орох орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц ХХК, Д.М нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-4, 100, 111/
Хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зээлийн батлан даалтын сан нь нэхэмжлэгч талын байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. /2хх 125/
3. Хариуцагч Д.М-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 509,438,474 төгрөг гаргуулах болон ирээдүйд орох орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Т ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч Т ХК гомдол гаргаагүй.
4. Талууд 2021 оны 06 сарын 18-ны өдөр 21/114 тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Т ХК нь 480,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй /сарын 0.25 хувь/-гээр 36 сарын хугацаатай зээлдүүлэх, Ц ХХК, С.Б нар уг зээлийг гэрээнд заасан хугацаанд тохирсон хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн төлбөрийг 90 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, жилийн 20.4 хувийн хүү /сарын 1.7 хувь/ тооцох нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /1хх 34-37/
Мөн өдөр талууд 21/114 тоот Барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Д.М-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн *-р хороо, Х-ийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, ****-р байрны *** тоот хаягт байршилтай 102 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1хх 48-49, 50-51, 54/
5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
6. Зээлдүүлэгч Т ХК нь 2021 оны 06 сарын 21-ний өдөр 480,000,000 төгрөгийг Ц ХХК-ийн эзэмшлийн тус банк дахь ********* тоот данс руу шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн бол зээлдэгч Ц ХХК, С.Б нар 2022 оны 03 сарын 20-ны өдрөөс эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Мемориалын баримт, Хүү тооцооллын хүснэгт, Зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг баримтуудаар нотлогдсон. /1хх 13, 14-16, 32/
Түүнчлэн, дээрх баримтуудаар зээлдэгч Ц ХХК, С.Б нар үндсэн зээлд 66,305,050 төгрөг, зээлийн хүүнд 44,041,787 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,963,913 төгрөг, нийт 115,310,750 төгрөгийг төлж, нэхэмжлэл гаргах үеийн буюу 2023 оны 09 сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 413,694,950 төгрөг, зээлийн хүү 90,777,489 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,966,035 төгрөг, нийт 509,438,474 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болох нь тогтоогдсон, хариуцагч тал уг тооцооллыг няцаасан тооцооллыг шүүхэд гаргаж өгөөгүй. /1хх 13/
7. Хариуцагч талын татгалзалд дурдагдсан ...ковид-19 цар тахлын улмаас хэвийн үйл ажиллагаа доголдож хохирол хүлээсэн, зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг банканд тавьсан боловч хариу өгөөгүй, барьцааны зүйл болох орон сууцанд бага насны 3 хүүхдийн хамт ам бүл 5-лаа амьдардаг... гэх нөхцөл байдал нь зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүргээс, барьцаалуулагчийг барьцааны гэрээний үүргээс тус тус чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагч Ц ХХК, С.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 509,438,474 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Д.М-ын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасан зохицуулалтад тус тус нийцжээ.
8. Хариуцагч Ц ХХК, Д.М нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
8.1. Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ тэдгээрийн хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гурван талт гэрээ, Авлага барагдуулах гурван талт гэрээ хүчин төгөлдөр эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх тул эдгээр гэрээг ...хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн аваагүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. /3хх 11-12, 81/
Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч Ц ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг ...бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй..., ...гуравдагч этгээдэд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй... гэсэн үндэслэлээр тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. /3хх 17-18, 82-83/
8.2. Өмнө дурдсанчлан, талууд 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 21/114 тоот Зээлийн гэрээ-ний 2.1.6.1 дэх заалтаар зээлдэгч гэрээний төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн бол зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, цаашид тухайн зээл олгогдох үеийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийн хүү болох сарын 1.7 хувь, жилийн 20.4 хувиар хүүг тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон байх тул ...банк үндэслэлгүйгээр хэт өндөр хүү тооцож шаардсан... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
8.3. Зээлдэгч нь Т ХК-ийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, зээлдэгчийн анкет бөглөж, хүсэлт гаргаж, хүсэл зоригоо илэрхийлэн Зээлийн гэрээ-г байгуулсан байх тул ...банк өөрийн эрх ашиг шингэсэн гэрээг шууд тулгаж, танилцах боломж олгоогүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. /1хх 17-20, 30, 31/
8.4. Хариуцагч Ц ХХК-ийн захирал Д.М нь сумын ойн баярт оролцохоор хөдөө орон нутаг явсан гэх үндэслэл нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй, мөн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 19-ний өдрийн шүүх хуралд хариуцагчийн өмгөөлөгч Г.Б оролцсон байх тул ...шүүх хуралд оролцуулаагүй, эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг 2 тусдаа заалтаар шийдвэрлэсэн нь найруулгын хувьд ойлгомжгүй болсон байх тул шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн өөрчлөн найруулах нь зүйтэй.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч Ц ХХК, Д.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 19-ний өдрийн 184/ШШ2024/03775 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц ХХК, С.Б нараас 509,438,474 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож,
нэхэмжлэлээс үлдэх ирээдүйд орох орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон хариуцагч Д.М-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 3, 4, 5 гэсэн дугаарлалтыг 2, 3, 4 гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК, Д.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 2,705,143 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.НЯМБАЗАР